Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Олон улсын компьютерийн гэрчилгээ олгох ICDL шалгалтад оролцохыг урьж байна

2021.06.04

“Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 2020-2024, “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого 2017-2025” зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тавьсан зорилтын хүрээнд хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох мэргэжлийн чиглэлээр хүний нөөц бэлтгэх, бүх нийтийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтран тодорхой ажлуудыг хийж байна. Эдгээр ажлуудын нэг нь олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэд суурилсан мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг үнэлэх олон улсын шалгалтыг эх орондоо зохион байгуулах ажил юм. Тодруулбал, Харилцаа холбоо, мэдээллийн технологи газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Япон улсын Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын төв /JITEC/ зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд Азийн орнуудад зохион байгуулдаг Мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/-ыг Монгол улсад зохион байгуулах эрхийг анх 2006 онд авч байсан. Түүнээс хойш өнөөг хүртэлх 15 жилийн хугацаанд 30 удаагийн шалгалтыг зохион байгуулжээ. Уг шалгалтад нийт 2577 шалгуулагч хамрагдсанаас 258 шалгуулагч амжилттай дүн үзүүлж Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг гардан аваад байна. Энэхүү шалгалт нь мэдээллийн технологийн ур чадварын стандартад үндэслэн мэргэжилтнүүдийн эзэмшвэл зохих мэдлэг, чадварын түвшнийг нэгдсэн загварт оруулан тодорхойлж, ур чадварын үнэлгээг бий болгох, улмаар тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой бөгөөд 4 түвшний 12 төрөлтэй байдаг. Шалгалтыг тогтсон хуваарийн дагуу жилд хоёр удаа зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн шалгалтыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улсын онцгой комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан заавар зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, нэг танхимд 10-аас илүүгүй шалгуулагч хамруулан зохион байгууллаа. Мөн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр олон улсын томоохон шалгалтын нэг болох ТОПСИТ шалгалтыг БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институцтай хамтран зохион байгуулав. Энэхүү шалгалтын систем нь мэдээллийн технологийн чиглэлээр сурч байгаа оюутан, энэ салбарт ажиллаж байгаа албан хаагчид болон программ хангамж хөгжүүлэгчдийн ажлын талбарт шаардлагатай программ хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн сан, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн бизнес, технологийн харилцан холболт, төслийн удирдлага зэрэг чиглэлүүдийн мэдлэг, практик ур чадварыг үнэлэх зорилготой гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт юм. Тэгвэл ТИШ болон ТОПСИТ шалгалтуудад хамрагдаж амжаагүй шалгуулагчдадаа зориулан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр олон улсын 3 дахь шалгалт болох Олон улсын компьютерын гэрчилгээ олгох /ICDL/ шалгалтыг Мэдээллийн технологийн үндэсний парк дээр зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг үе шаттайгаар ханган ажиллаж байна. Тус шалгалт нь олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэд суурилсан, хэрэглэгчдийн компьютерын хэрэглээний ур чадвар, мэдлэг, практикийг үнэлдэг шалгалт бөгөөд мэргэжил хамаарахгүйгээр оффисын ажилтан, албан хаагчид бүгд оролцох боломжтой юм. Иймд энэхүү Олон улсын компьютерын гэрчилгээ олгох /ICDL/ шалгалтад төрийн байгууллагын ажилтнууд болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Бусад мэдээ

DEMOSC: Алслагдсан хороо, сумдын 8200 иргэний цахим ур чадварыг сайжруулж, Дарханд цахим сургалтын төвийг нээлээ

Техник технологийн хөгжил дэвшил нь өнөөдөр та бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж, нийгэм эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэж байна. Гэсэн хэдий ч иргэдийн цахим ур чадвар, дижитал тоног төхөөрөмжийн хэрэглээний ялгаатай байдал нь дижитал хуваагдал буюу “цахим хүртээмжийн тэгш бус байдал”-ыг бий болгож байна. Монгол Улсын өрхийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн тоног төхөөрөмжийн байдал, харилцаа холбооны технологийн үйлчилгээний хэрэглээ”-ний 2021 онд хийсэн түүвэр судалгаагаар иргэдийн цахим ур чадвар 43.8 хувьтай байгаа нь манай улс иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад ихээхэн анхаарах шаардлагатай байгааг харуулжээ. Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх” (DEMOSC) төслийг өнгөрсөн 1 жилийн хугацаанд хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд ХУРДАН явуулын нэгж болон цахим сургалтын төвүүдээр дамжуулан 5,000 гаруй иргэнд E-Mongolia платформын үйлчилгээний хүртээмж, үр ашгийг хүргэж, 3,200 гаруй иргэн, төрийн албан хаагчийн цахим ур чадварыг дээшлүүлжээ.  Түүнчлэн, орон нутгийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр Дархан-Уул аймагт ХУРДАН явуулын нэгж болон Цахим сургалтын төвийг туршилтын байдлаар хэрэгжүүлсэн нь орон нутгийн оролцоог хангахын зэрэгцээ бусад аймгуудад хэрэгжүүлж болохуйц сайн жишгийг тогтоосон юм.  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баатархүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсыг дэлхийтэй холбох гарц нь дижитал шилжилт юм. Тиймээс Монгол Улс дижитал гүрэн болох Төв Ази, Ази тивийг Европтой холбосон дижитал холбоосыг бий болгох, Торгоны замыг бий болгох зорилготой УИХ, Засгийн газар ажиллаж байна.  Дижитал шилжилтийг хийхэд бидний өмнө гурван том бэрхшээл бий. Төр хувийн хэвшлийн оролцоотойгоор дижитал дэд бүцтийг бий болгох шаардлага байна. Өнөөдөр Монгол Улс 52,000 км шилэн кабельтай, хөдөлгөөнт холбооны сүлжээг нэмэгдүүлэх шаардлага орон нутагт маш их бий. Энэ асуудлыг шийдвэрлэхэд НҮБ болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага бий. Тиймээс 2025-2026 онд Монгол Улс БНХАУ-тай хамтын ажиллагааны хүрээнд бүх сумдын интернэтийн багтаамжийг 10 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Суманд амьдардаг иргэд цахим хуваагдалд өртөхгүйгээр нийслэл хотод амьдарч байгаа мэт мэдээллийг авдаг байх боломжийг бид бүрдүүлэхээр ажиллаж байна. Бид 2025-2026 онд 139 багт сүлжээ оруулах ажлыг эхлүүлсэн. Хоёрдугаарт, иргэдийн цахим ур чадварыг тэнцвэртэй бий болгох нь тулгамдсан асуудал болж байна. Үүнийг дагаад, хүний нөөц бэлдэх асуудал байна. Нийслэл хотод байгаа иргэд нь мэдээллийг түрүүлж авч, орон нутагт байгаа иргэд нь үүнээс хоцордог өргөн уудам нутагтай Монгол Улсын хувьд энэ нөхцөл байдлыг арилгах, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд DEMOSC төслийн үр нөлөө чухал юм. DEMOSC хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн гэр хорооллоос авхуулаад алслагдсан сумдын иргэдийг чадавхжуулж, тэдний цахим мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ шаардлагатай үйлчилгээнд хамрагдах бодит боломжоор хангаж, сайн жишгийг тогтоож чадсан” хэмээн онцлов.  НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиэрдэн “Энэхүү хамтарсан хөтөлбөр нь цахим хүртээмж зөвхөн чадамжийн асуудал биш, нийгэм, эдийн засгийн хувьд асар чухал хэрэгцээ, шаардлага гэдгийг дахин харууллаа. Бид нягт хамтын ажиллагааны үр дүнд бүх нийтийг хамарсан, хүртээмжтэй цахим хөгжлийг дэмжих сайн загварыг бий болгож чадлаа” гэв.  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Хүртээмжтэй цахим шилжилт нь нийгмийн эрх тэгш байдлыг хангах хүчтэй хөшүүрэг болж чадна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн оролцоо, жендэрийн мэдрэмжтэй арга барилд түшиглэн хүн бүрд хүртээмжтэй цахим шилжилтийн үндэс суурийг амжилттай тавьж чадлаа” хэмээн онцоллоо.  НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “Монгол Улсын цахим хөгжил дэвшлийн ирээдүй бол хүүхэд, залуучууд. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бид сургуульд түшиглэсэн цахим ур чадварын санаачилгуудыг хэрэгжүүлж, орон нутгийн иргэдийн тэсвэр, чадавхыг нэмэгдүүлэн, хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй цахим орчинд өсөж, торних боломжийг бий болгож байна” гэв.  DEMOSC-ын ирээдүй: Цахим үндэстэнг хамтдаа бүтээе” сэдвийн хүрээнд зохион байгуулсан төслийн хаалтын үйл ажиллагааны үеэр хэрэгжилтийн үр дүн, ололт амжилт болон гол сургамжуудыг танилцууллаа. Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтын модуль боловсруулж, гар утасны үйлчилгээний стандарт үйл ажиллагааны журам, хяналтын системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлснээр институтын чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан.  Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн сургуулиудыг цахим ур чадвар, дижитал бичиг үсгийн төв болгон хөгжүүлсэн. Мөн сурагч, эцэг эхчүүдэд төрийн цахим үйлчилгээг аюулгүй, үр дүнтэй ашиглахад дэмжлэг үзүүлэх 70 гаруй сургагч багшийг бэлтгэн, Олон нийтийн цахим мэдээллийн ажилтнуудын сүлжээ (ОНЦМАС)-г байгуулсан.  Үүний үр дүнд 10,000 гаруй иргэний дижитал бичиг үсгийн суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлснээс гадна хяналтын системийг ашиглан сургуулиудын интернэт холболтын найдвартай байдлыг сайжруулжээ. Оролцогч талууд цаашдаа хөтөлбөрийн үр дүн, цар хүрээг улам тэлж, сайн туршлагуудыг орон даяар түгээн дэлгэрүүлэхийн төлөө нөөц бололцоог дайчлан, хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсын “Цахим үндэстэн” болох зорилтот хөтөлбөрийг тууштай дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсад анх удаа нуурын гүнд далайн шилэн кабелийг амжилттай суурилууллаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлэл, харилцаа холбооны шинэ дэвшилтэт технологийг дэмжих, технологийн оновчтой шийдлийг нэвтрүүлэх, алслагдсан бүс нутгийг мэдээллийн технологиор хангах зорилгоор Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллагатай хамтран “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлээд байна. Төслийн хүрээнд FM радио өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр гамшгийн үеийн дохиог хүлээн авах, дамжуулах станцыг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, Хатгал тосгонд суурилуулан дохио хүлээн авах төхөөрөмжийг төсөл хэрэгжсэн бүс нутгийн 650 гаруй өрхөд хүлээлгэн өглөө. Төслийн ерөнхий санхүүжүүлэгчээр Япон Улсын “KDDI сан”, бүтээгдэхүүн нийлүүлэгчээр Япон Улсын “Өү Си Си” компани, гүйцэтгэгчээр Онцгой байдлын ерөнхий газар, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ тус тус ажилласан бөгөөд энэхүү төслөөр хийгдсэн онцлох ажил нь Монгол Улсад анх удаа шилэн кабелийг далайгаар буюу усан доогуур амжилттай суурилуулсан явдал юм. Далайн шилэн кабелийг Хөвсгөл нуурын аялал жуулчлал, байгалийн цогцолборт газрын Хүзүүвчийн шил, Жанхайн даваа орчимд нуурын хөвөө дагуу суурилуулан, аялал жуулчлалын бүс нутагт өндөр хурдны интернэт, IPTV, суурин утасны үйлчилгээг нэвтрүүллээ. FМ радиогийн үндсэн сигналыг дамжуулах сүлжээг байгуулахдаа хосолмол буюу цахилгааны болон интернэтийн урсгалыг нэгэн зэрэг дамжуулах шилэн кабелийг ашигласан нь эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй алслагдсан бүс нутаг дахь байгууламж, цамхаг, сайт, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг цахилгааны болон интернетийн дэд бүтцэд нэгэн зэрэг холбох, системийн ашиглалт, засвар үйлчилгээг зайнаас явуулах, улмаар гамшгийн болон онцгой байдлын үед сүлжээг шуурхай сэргээхэд чухал ач холбогдолтой юм.

Дэлхийн шуудан холбооны ерөнхий захирлаар Япон улсын иргэн Масахико Метоки сонгогдлоо

ҮЙЛ ЯВДАЛ Дэлхийн шуудан холбооны ерөнхий захирлаар Япон улсын иргэн Масахико Метоки сонгогдлоо 2021.08.31 Бүгд Найрамдах Кот-Диуар Улсын Абижан хотноо 2021 оны 8 дугаар сарын 09-өөс 27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн шуудангийн холбоо (ДШХ)-ны ээлжит Бүрэн эрхт төлөөлөгчдийн 27 дахь Их хурал амжилттай болж өндөрлөлөө. Их хурлын үеэр дараагийн 4 жилд Дэлхийн шуудангийн холбооны ерөнхий захирлаар Япон улсын Масахико Метоки гишүүн орнуудын 102 саналаар, дэд захирлаар Словени Улсын Маржан Освалд гишүүн орнуудын 86 саналаар тус тус сонгогдов. Ноён Метоки сонгогдсоныхоо дараа “Би ДШХ-ны бүх гишүүн орнуудын дуу хоолой бүрийг анхааралтай сонсож ажиллах болно гэдгээ дахин амлаж байна” гэж хэлэв. Ноён Освалд сонгогдсоныхоо дараа “Хариуцлага, ил тод байдал, бизнесийн ёс зүйн төлөө тэмцэнэ” гэж амласан. Уг Их хурлын үеэр ДШХ-ны Захиргааны зөвлөл болон Шуудангийн ашиглалтын зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгох санал хураалт явагдаж, дараах орнууд ирэх 4 жилд ажиллах юм. Захиргааны зөвлөлд сонгогдсон 41 улсууд: Америкийн бүс: Аргентин, Чили, Канад, Куба, Уругвай, АНУ, Перу, Парагвай; Зүүн Европ ба Хойд Ази: Беларус, Босни ба Герцеговина, Гүрж, Казахстан, ОХУ; Баруун Европ: Бельги, Франц, Герман, Испани, Швейцарь, Их Британи; Өмнөд Ази ба Далайн орнууд: Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Иордан, Малайз, Оман, Катар, Саудын Араб, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират; Африк: Алжир, Камерун, Египет, Гана, Кени, Мадагаскар, Мали, Нигери, Танзани, Тунис, Замби. Шуудангийн ашиглалтын зөвлөлд сонгогдсон 48 улсууд: Америкийн бүс: Аргентин, Барбадос, Бразил, Канад, Чили, Колумби, Уругвай, АНУ; Зүүн Европ ба Хойд Ази: Болгар, Гүрж, Казахстан, Польш, Румын, ОХУ; Баруун Европ: Австри, Бельги, Герман, Франц, Итали, Нидерланд, Норвеги, Испани, Швед, Швейцарь, Турк, Их Британи; Өмнөд Ази, Далайн орнууд: Австрали, БНХАУ, Энэтхэг, Индонез, Япон, БНСУ, Малайз, Саудын Араб, Сингапур, Арабын Нэгдсэн Эмират, Вьетнам; Африк: Алжир, Буркина Фасо, Камерун, Египет, Кени, Мадагаскар, Марокко, Нигери, Сенегал, Танзани, Тунис. Share on facebook Share on twitter Бусад мэдээ