Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, кибер халдлага улам бүр хил дамнасан, нарийн зохион байгуулалттай болж, гэмт хэргийн ул мөр, цахим нотлох баримтыг гадаад улсын нутаг дэвсгэрт байрлах сервер, мэдээллийн системээс гаргуулан авах шаардлага өсөн нэмэгдэж байна. Энэ нь манай улсын кибер гэмт хэрэг, халдлага, зөрчилтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагааг олон улсын хэмжээнд өргөжүүлэх, шуурхай байдлыг хангах шаардлагыг бий болгож байна.

Мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан үйлдсэн гэмт хэрэгтэй тэмцэх, цахим нотлох баримтыг хадгалах, цуглуулах, солилцох, мөрдөн шалгах, олон улсын эрх зүйн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Европын Холбооны Зөвлөл 2001 онд “Кибер гэмт хэргийн тухай Будапештийн конвенц”, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей 2024 онд “Кибер гэмт хэргийн эсрэг конвенц”-ыг тус тус баталсан.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2026 оны А/138 дугаар тушаалаар хууль сахиулах, тусгай чиг үүргийн байгууллагууд, кибер халдлага зөрчилтэй тэмцэх төвүүдийн төлөөллүүдийг оролцуулан Монгол Улс дээрх конвенцуудад нэгдэн орох асуудлыг судалж, дүгнэлт, зөвлөмж боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийн нэгдүгээр хуралдаанаар хоёр конвенцын зорилго, хамрах хүрээ, зохицуулалтын талаар санал солилцон, цаашид хийх судалгаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дүгнэлт, зөвлөмжийн талаар хэлэлцлээ.
Монгол Улс дээрх конвенцод нэгдсэн орсон тохиолдолд хил дамнасан кибер гэмт хэрэг, халдлага, зөрчилтэй тэмцэх олон улсын эрх зүйн механизмыг ашиглан гадаад улстай цахим нотлох баримт солилцох, гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд харилцан эрх зүйн туслалцаа авах боломж өргөжих бөгөөд олон Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашгийг цахим орчинд хамгаалахад чухал ач холбогдолтой юм.











