Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022.04.25

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан юм.

Түүнчлэн хуулийн төсөлд,

– Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоох;

– Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

– Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлөх;

– Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх;

– Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт тусгагдсан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Идэрбат, Н.Ганибал, Ж.Чинбүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад мэдээлэл, технологийн чиглэлээр ажилладаг компаниудыг оруулсан шалтгааныг тодруулсан.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар алслагдсан сум, багуудын үүрэг холбооны сүлжээнд холбох, дахин дамжуулах станц барихыг хориглосон нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх бодлогод харшлах эсэх талаар асуув.

Төрийн өмчит компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс 37 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийн энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана. “Монголын цахилгаан холбоо” ХК​, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ​-ын хувьцааг олон нийтэд худалдахаар төсөлд орсон гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариултдаа онцлов.

Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн захирал Ч.Золбаяр хэлэхдээ, “УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор  Монгол Улс харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, зах зээлийг либералчлах, цахилгаан холбооны үндсэн сүлжээг тоон технологид шилжүүлэх зэргээр салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд сүлжээний ашиглалт эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгах бүтцийн өөрчлөлтийн чиглэлийг баталсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд 1640 ажилтантайгаар 373 обьект, 20 мянга орчим километр шилэн кабелыг хариуцан ажилладаг. 2016 оноос хойш үндсэн сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд үнэ тариф 7.4 дахин буурч, интернет буюу дата сүлжээний хурдыг 15.5 дахин нэмэгдүүлж чадсан.  Тиймээс төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хийхэд стратегийн ач холбогдолтой “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийг хувьчлах нь тохиромжгүй” гэв.

Мөн энэ онд Засгийн газрын тусгай сан болох Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар 26 цэгт үүрэн холбооны сүлжээ татах ажлыг хийнэ. Харин 9 цэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны сүлжээ татахаар 03 дугаар сарын 01-ний өдөр тендер зарлаж, таван газрын ажил эхлээд явж байна. Үлдсэн дөрвөн цэгийн хувьд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлээд байсан боловч 04 дүгээр сарын 15-ны дотор гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар хасагдсан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ хариултдаа дурдлаа.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах ангиллаас 152 сая 508 мянга 200 төгрөгийг хасаж, Үндэсний дата төв УТҮГ-ын урсгал зардалд уг 152 сая 508 мянга 200 төгрөгийг нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн.

Байнгын хорооны дарга Н.Учрал төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Төсвийн тодотголын төсөлд саналаа тусгахдаа салбарын нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийг сануулав.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Other news

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 2 дахь өдрөө ажиллаж байна

Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны удирдлагууд болон яамны дэргэдэх салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалтыг өнөөдөр (2024.09.19) зохион байгуулж байна.

Дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд Европын улсуудаас туршлага судална

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од энэ сарын 3-ны өдөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните болон Европын Комиссын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр “Мэдээллийн тасралтгүй урсгал, өгөгдлийн асар том давлагааг гэтлэх гол суурь нь хүчин чадал сайтай дата төв юм. Тэр дундаа ногоон хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс эрчим хүчний үр ашигтай, нөөцийн хэмнэлттэй “Грийн дата” төвтэй болох эрмэлзлэл бий. Энэ чиглэлээр улс орнуудын туршлагаас хуваалцах, ТЭЗҮ боловсруулахад хамтран ажиллах хүсэлтэй байна. Монгол Улсын программ хангамж хөгжүүлэгч болон мэдээллийн технологийн бизнес эрхлэгчдийг Европын Холбооны орнуудын зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, мэдээллийн технологийн аутсорсинг хийх боломжийг эрэлхийлж байна. Үүний зэрэгцээ, манай улс үндэсний хиймэл дагуул хөөргөх асуудлаар Францын “Талес Алена Спейс” компанитай хамтарч, зээлийн хэлэлцээрийг УИХ-ын Байнгын хороо болон Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. УИХ-аас зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсны дараа хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээ хийгдэнэ” гэж дурдлаа. Мөн ирэх жилээс цахим хөгжлийг дэмжих багц хуулиудыг шинэчлэн боловсруулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд төрд буй боловсруулсан мэдээллийг хувийн хэвшилд хэрхэн ашиглуулах, өгөгдөл, мэдээллийг эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах талаар Европын Холбооны улсуудын бодлого, зохицуулалттай холбоотой сайн туршлагыг судалж, техникийн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлэв. Европын Комиссын Ази, Номхон далайн бүс нутаг болон Ойрх Дорнодыг хариуцсан Олон улсын түншлэлийн газрын захирал Петерис Устубс “Европын холбооноос хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Team Europe” хөтөлбөрийг  хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд дижитал эдийн засгийн чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж ирсэн. Хөтөлбөрийн хүрээнд техникийн туслалцаа, хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд бодлогын дэмжлэг, бодит шийдлийн дэмжлэгийг үзүүлдэг. Мөн Кибер аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгуулах, хүний нөөцийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлдэг. Үүний зэрэгцээ, Төв Азид дунд орбитын хиймэл дагуулын хамтын ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төсөл Төв Азиас эхлээд Монголд хэрэгжих боломжтой. Харин Франц Улстай хамтран Үндэсний хиймэл дагуул хөөргөх танай төсөлтэй хэрхэн уялдуулах эсэхийг судалж, нэгдсэн шийдэлд хүрч болно. Старлинкээс ялгаатай нь интернет холболтын станц нь үүрэн холбооны байгууллагуудаар дамжин иргэдэд хүрэх юм. Энэ нь мэдээллийн урсгалыг дотооддоо хянаж, илүү найдвартай байдлыг бий болгож чадна” хэмээн онцоллоо.

Орхон аймаг цахим шилжилтийн бэлэн байдлын ерөнхий үнэлгээгээр улсдаа тэргүүлж, 1-т эрэмбэлэгдсэн

Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий “Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөг (2024.04.25) Орхон аймагт боллоо. Үндэсний хэмжээнд бүсчилсэн байдлаар зохион байгуулж буй тус арга хэмжээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа, салбар байгууллагууд, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ, гишүүн 16 байгууллагын хамтарсан мэргэжлийн баг мэдээллийн технологийн чиглэлээр олон талт цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цахим хөгжлийн өдөрлөгийн хүрээнд: Аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зориулсан ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээлэл ЦХХХЯ-ны харьяа болон салбар байгууллагуудын төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, мэдээлэл Иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалт Бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд зориулсан Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн 16 байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаа, зөвлөгөө, мэдээлэл Төрийн албан хаагчдад зориулсан төрийн цахим үйлчилгээ, цахим ур чадварын сургалт, хичээлүүд нэгэн зэрэг зохион байгуулагдлаа. Орхон аймаг 106 мянга гаруй хүн амтай. Бүх сумд шилэн кабельд холбогдсон. Эдийн засгийн тэргүүлэх салбар аж үйлдвэр. 22 багийн 3 нь 4G сүлжээнд, 19 баг 3G сүлжээнд холбогдсон. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д 74 үйлчилгээг холбосон. Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгээр өнөөдрийн байдлаар 41 мянга гаруй иргэнд төрийн үйлчилгээг хаанаас ч ойр хүргэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 9.025 иргэн буюу 37.7% нь тоон гарын үсэгтэй болсон байна. “Цахимд хэвшье” арга хэмжээг 21 аймагт зохион байгуулснаар цахим шилжилтэд тулгамдаж буй нийтлэг асуудалд шийдэл, санал болгох, Цахим аймаг бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн үндэсний компанийн хөгжүүлж байгаа программ хангамж бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах нөхцөл бүрдэх юм.