Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress)-д программ хангамж үйлдвэрлэгчдийг оролцохыг урьж байна

2022.01.23

Дэлхийн цахилгаан холбооны салбарын хамгийн том олон улсын экспо “Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress) 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд Испанийн Вант Улсын, Барселона хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тус экспод бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан таниулах, бизнесийн түншлэлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор “IBM”, “META”, “MICROSOFT”, “HP”, “HUAWEI”, “GALAXY” зэрэг дэлхийн томоохон технологийн салбарын 1800 гаруй компаниуд жил бүр оролцдог.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын санаачилгаар уг арга хэмжээнд Монгол Улсаас нэгдсэн зохион байгуулалттайгаар анх удаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд хамтран оролцохоор төлөвлөж байна.
Иймд тус арга хэмжээнд оролцох сонирхолтой аж ахуй нэгж, байгууллагууд, үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниуд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс (fr@mddc.gov.mn, 260636)-тэй холбогдоно уу.

Other news

Стартап компаниудыг олон улсад гаргахад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Нгуен Дуан Танийг энэ сарын 08-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой өнгөрсөн онд тохиож, хоёр орны хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдолтой болсон гэдгийг онцолж, цаашид харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Тодруулбал, Монгол Улс төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэд гар утас болон суурин компьютер ашиглан төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан. Энэ хүрээнд НҮБ-ын хоёр жил тутамд гаргадаг “Цахим засаглалын индекс” -ээр Монгол Улс 28 байраар урагшилж, 193 орноос 46 дугаарт эрэмбэлэгдэв. Үүнд, “И-Монгол академи”-ийн гүйцэтгэсэн үүрэг их бий гэдгийг онцлов. Иймд Вьетнам Улсын төрийн үйлчилгээг иргэдэд нь хүртээмжтэй хүргэх чиглэлд хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэв. БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань: Сүүлийн жилүүдэд Вьетнам улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд дэлхийн томоохон IT компаниуд тус улсыг сонирхох болсон гэдгийг дуулгав. Энэ хүрээнд NVIDIA компанитай хамтын ажиллагааны хэлэлцээрийг өнгөрсөн 12 дугаар сард байгуулсан. Хэлэлцээрийн хүрээнд “Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх судалгааны төв” болон “Хиймэл оюун ухааны өгөгдлийн төв” байгуулахаар төлөвлөсөн. Мөн хагас дамжуулагчийн чипийн үйлдвэрлэл эрхлэгчид мөн тус улсад үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа гэдгийг онцлов. Мэдээллийн технологийн салбар Вьетнамын эдийн засагт онцгой байр суурийг эзэлж байгаа бөгөөд цаашид энэ салбарт Монгол Улстай хамтран ажиллах орон зайг эрэлхийлж байгаагаа онцлов Уулзалтын төгсгөлд, Ц.Баатархүү сайд 2025 онд Монгол Улс дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн их өгөгдлийг эргэлтэд оруулж, хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд Вьетнам Улстай харилцан туршлага судлах, хоёр улсын стартап компаниудыг харилцан бойжуулах чиглэлд хамтарсан хөтөлбөр эхлүүлэх, шинэ гарч буй технологийг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломж талаар дурдав. Монгол Улсын хувьд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар ДНБ-ний 3.2 хувийг эзэлдэг бөгөөд мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн дэмжих тухай хуулийн хүрээнд Виртуал бүсэд бүртгүүлсэн IT компаниудад татварын болон татварын бус 8 дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Вьетнам улсын хувьд мэдээллийн технологийн компаниудыг эхний 4 жилийн хугацаанд ААНОАТ-с чөлөөлж, дараагийн 9 жилийн хугацаанд 50 хувиас эхлэн шат дараатай бууруулан сүүлийн хоёр жилд 10 хувь хүртэл буруулах зарчмаар төрөөс дэмждэг аж. Тус улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь ДНБ-нийхээ 1/3 хувь буюу борлуулалтын орлого нь 150 тэрбум ам.долларт хүрч, эдийн засгийн бусад салбаруудтай харьцуулахад өсөлт нь 2 дахин өндөр байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал кибер аюулгүй байдлын цэргийн командлалд ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлалд яг одоо ажиллаж байна. Монгол Улсын Их хурлаар 2021 онд батлагдаж 2022 оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Кибер аюулгүй байдлын тухай хууль, 2022-2023 оны заагт Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан Кибер аюулгүй байдлын Үндэсний стратеги зэрэг бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийж гүйцэтгэх шаардлагатай ажил, арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэж, цаашид яам, агентлаг, командлалын түвшинд хамтран ажиллах боломжуудыг судлах, зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Кибер аюулгүй байдлын цэргийн командлалд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцаж байна.

Монгол Улсын “Кибер аюулгүй байдлын үндэсний стратеги” батлагдлаа

Кибер орчинд төр, иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах энэхүү стратеги нь дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд: -Кибер аюулгүй байдлыг хангах зохицуулалтын орчинг сайжруулан нэгдсэн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх -Онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлыг хамгаалах -Кибер аюулгүй байдлын уян хатан байдлыг сайжруулж, халдлагад хариу үйлдэл үзүүлэх чадамжийг бүрдүүлэх -Бүх нийтийн кибер аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлж, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх -Гадаад болон дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг хэрэгжүүлснээр Монгол Улсын кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, халдлагад хариу үйлдэл үзүүлэх, таслан зогсоох, кибер гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо бэхжиж, кибер аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагаа өргөжин, кибер орчинд төр, иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532522757001