Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Б.Билэгдэмбэрэл: Иргэд мэдээллийн аюулгүй байдлаа хангах мэдлэгтэй байх шаардлагатай

2022.03.30

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэлтэй ярилцлаа. – Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдлын асуудал эмзэг сэдэв байдаг. Тэгвэл өнгөрсөн намрын чуулганаар сүүлийн 10 гаруй жил баталж чадахгүй байсан Кибер аюулгүй байдлын анхны хууль батлагдлаа. Энэ хуулийн онцлох заалтын талаар дэлгэрэнгүй мэдээллээр ярилцлага эхэлье. – Мэдээллийн аюулгүй байдлын хуулийн гол онцлог нь онц чухал дэд бүтэцтэй 17 чиглэлийн байгууллагыг зааж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл тухайн 17 салбарын байгууллагын мэдээллийн систем нь доголдоход нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэхүйц байгууллагууд байгаа гэсэн үг. Эдгээр байгууллага нь 2 жил тутамд аюулгүй байдлын хараат бус хөндлөнгийн аудит хийлгэж, үйл ажиллагаагаа сайжруулж байх зохицуулалтыг хуульд тусгасанаараа онцлог гэж хэлж болно. Үүний зэрэгцээ, төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангахад тагнуулын байгууллага, иргэд, аж ахуй нэгж, байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангахад Цахим хөгжил, харилцаа холбооны яам, зэвсэгт хүчинтэй холбоотой асуудалд зэвсэг хүчин гэх зэргээр чиг үүргийнхээ дагуу холбогдох байгууллагууд дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг хуульд тусгасан. Энэ хууль 2022 оны 05 дугаар сарын 01-с эхэлж хэрэгжинэ. Иймд бид хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлын хүрээнд хуульд заасан кибер аюулгүй байдлын үндэсний стратеги, аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, цахим халдлага, зөрчлийн үед хариу үзүүлэх төлөвлөгөө, харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит, мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх журмын төслийг холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж батлуулахаар ажиллаж байна. – Өнгөрсөн хугацаанд мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр Цахим хөгжил, харилцаа холбооны яам ямар ажлууд хийж гүйцэтгэсэн бэ? -Бид олон улсын цахилгаан холбооны байгууллагатай хамтран Цахим халдлага, зөрчилтэй тэмцэх төв байгуулах бэлэн байдлын судалгааг хийж байгаа бөгөөд эцсийн тайлан энэ оны 4 дүгээр сарын сүүлээр гарна. Мөн АНУ-ын Карнеги Меллоны сургуулийн Программ хангамжийн институттай хамтран Кибер аюулгүй байдлын боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх зорилгоор “Компьютерын аюулгүй байдал, халдлагад хариу үзүүлэх баг(CSIRT) байгуулах нь” сэдэвт сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Сургалтад төрийн болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хувийн хэвшлийн нийт 20 байгууллагын 37 албан хаагч хамрагдсан. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай мэдээллийн аюулгүй байдлыг хангах мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх багш нарыг сургах, ур чадварыг сайжруулах талаар төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ оны 4 дүгээр сард дээрх шийдвэр эцэслэн батлагдаж, 10 дугаар сараас сургалтын ажил эхэлнэ. -“e-Mongolia” системийн албан ёсны фейсбүүк хуудас хакердуулсан тохиолдол гарлаа. Иргэдийн хувьд мэдээлэл алдлаа хэмээн цахим орчинд шуугиад амжсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ? -Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академи хийж буй ажлаа олон нийтэд түгээх, иргэдтэй шуурхай харилцаж, санал, гомдлыг нь сонсох үүднээс фейсбүүкийг олон нийттэй харилцах суваг болгон ашигладаг. Иргэд бие биетэйгээ фейсбүүкээр харилцдагтай адил гэсэн үг. Энэхүү нийгмийн сүлжээний пэйжийг хөтөлдөг админуудын нэг нь нууц үгээ алдсаны улмаас дээрх асуудал үүссэн гэж харж байна. Тухайн үед бусад админуудад нь мэдэгдэл ирснээр шуурхай арга хэмжээ авч 10-20 минутын дотор META компаниас тус пэйжийн үйл ажиллагааг блоколж, зогсоосон. МЕТА компанийн үйлчилгээ үзүүлэх дүрмийн дагуу пэйжний нэр солих асуудлыг манай баг шуурхай ажилласны үр дүн богино хугацаанд бүрэн сэргээж чадлаа. Одоо бид халдлага хаанаас, ямар зорилгоор гарсныг META компанитай хамтран илрүүлэхээр ажиллаж байна. Мөн “e-Mongolia” фейсбүүк хуудасны админуудтай хариуцлага тооцох арга хэмжээ авч байна. Гэхдээ иргэдийн хувьд буруу ойлголт байх шиг байна. “e-Mongolia” системин фейсбүүк хуудас хакердуулсан болохоос систем хакердуулаагүй. “e-Mongolia” систем бол тусдаа ойлголт. Тус систем нь Монгол Улсад байршдаг. Мэдээлэл хариуцагч нь төрийн байгууллагууд байдаг ба төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан нэгдсэн нэг цонхоор иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлдэг төрийн үйлчилгээний нэгдсэн систем юм. Иргэд фейсбүүкийг ашиглан хоорондоо харилцдагтай адил “e-Mongolia”-ийн фейсбүүк хуудас бол иргэдтэй харилцах, мэдээлэл өгөх суваг байсан болохоос биш төрийн үйлчилгээ үзүүлдэг систем биш. – Иргэдийн хувьд мэдээллийн аюулгүй байдлыг зөвхөн төр хамгаалах ёстой мэт хандлага гаргадаг. Гэтэл төр засаг, хууль эрх зүйн орчноос гадна тухайн иргэн өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг өөрөө хамгаалах, энэ чиглэлд мэдлэг, мэдээлэлтэй болох ёстой байх. Энэ тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ? -Мэдээллийн аюулгүй байдлын хувьд хувь хүнээс 80 хувь, техник технологоос 20 хувь нь шалтгаалдаг гэсэн судалгаа бий. Тиймээс иргэд нэн тэргүүнд нууц үгээ бусдаас нууцалдаг байх шаардлагатай. Наад зах нь дэлгүүрт ороод картныхаа нууц үгийг хамаагүй хэлдэггүй байх хэрэгтэй. Тухайн картны пин код алдагдвал дансны мөнгө нь алдагдах эрсдэл үүснэ гэсэн үг. Мөн нийгмийн сүлжээнд харилцахдаа нууц үгээ хүчирхэгжүүлэх, таахад амархан нууц үг ашиглахаас сэргийлэх зэргээр аюулгүй байдлаа хангах наад захын мэдлэгтэй байх хэрэгтэй. Мэдээллийн аюулгүй байдлыг хангана гэдэг бол техник технологоор хамгаална гэхээс илүүтэй иргэдийн дадал зуршил, мэдлэг ойлголттой шууд холбоотой. -“e-Mongolia” системийн аюулгүй байдлыг хангах тал дээр MNCERT ТББ-тай хамтарч ажилладаг хэмээн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга zarig.mn сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн удаатай. Гэтэл MNCERT ТББ нь танай яамтай хамтарч ажилладаггүй гэх тайлбарыг хийсэн байсан. Энэ талаар тодруулахгүй юу? -“e-Mongolia” систем бол нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиараа төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем. Хэрвээ төрийн байгууллага цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлж байгаа бол “e-Mongolia” системтэй холбогдож, нэг цонхоор буюу нэгдсэн байдлаар гаргах зорилготой. Төрийн мэдээллийн системүүдэд хуулиараа тагнуулын байгууллагын бүтцэд байх кибер халдлага зөрчилтэй тэмцэх үндэсний төв нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Харин хариуцагч байгууллагын хувьд эрсдэлээс сэргийлэх бодлого, дүрэм, журамтай байх, мэдээллийн аюулгүй байдлын шалгалт хийх, эмзэг байдлыг илрүүлэх арга хэмжээ авч байх нь тухайн байгууллагын хувьд мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлээ бууруулах гол нөхцөл байдаг. Халдлагаас 100 хувь хамгаална гэсэн ойлголт байхгүй. Ямар ч тохиолдолд эрсдэл бий. Харин эрсдэл учирч хэвийн үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд аль болох хурдан сэргээх боломжит нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тэр ч утгааараа нийтэд хэрэглэж буй системүүд дээр мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг гэрээгээр гүйцэтгүүлэх, илэрсэн цоорхойгоо нөхөх, улмаар учирч болзошгүй эрсдэлээ бууруулах арга хэмжээ авдаг. MNCERT хэмээх ТББ нь гишүүн байгууллагууддаа цахим аюулгүй байдлын талаарх сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх, халдлага гарсан тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх, аюулгүй байдлын талаарх мэдээ, мэдээллийг түгээх зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Тус байгууллага нь мэргэжлийн болоод үйл ажилллагааны чиглэлийн дагуу холбогдох дүрэм, журмын төсөлд санал, тайлбар өгөх хэлбэрээр манай яамтай хамтарч ажилладаг. Өөрөөр хэлбэл, MNCERT ТББ нь өөрсдөө сайн дураараа нийгмийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад төрийн бодлого зөв байгаасай гэдэг үүднээс бидэнд зөвлөгөө, дэмжлэг, туслалцааг үзүүлдэг. Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийн zarig.mn сайтад өгсөн ярилцлага бол 2021 оны 11 дүгээр сард өгсөн ярилцлага байсан. Тухайн үед харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь MNCERT ТББ-ын хоёр гишүүнтэй гэрээгээр хамтарч ажилладаг байсан. Харин 2021 оны 12 дугаар сарын 16-нд Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаар тус байгууллагын хоёр гишүүнтэй байгуулсан гэрээ дуусгавар болсон. 2022 онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь татан буугдаж, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болсноор ямар нэгэн байгууллагатай гэрээлж ажиллаагүй байна. Кибер аюулгүй байдлын хууль ирэх 05 сарын 01-ээс хэрэгжиж эхлэнэ. Тус хуулинд халдлагаас хамгаалах төвийн асуудлууд орсон. Бидний хувьд халдлагаас хамгаалах төвийн судалгааг хийж байна.

Other news

Бүгд Найрамдах Казахстан Улсын “Үндэсний мэдээллийн технологи” ХК-тай Мэдээлэл харилцаа, холбооны технологийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Цахим хөгжил, харилцааны холбооны сайд Н.Учралын урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн тэргүүн дэд сайд Тулеушин Каныш тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2024 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 02-ны хооронд ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн тэргүүн дэд сайд Тулеушин Канышийг өнөөдөр /2024.04.30/ хүлээн авч уулзан, хоёр орны цахим засаглал, мэдээллийн технологи, сансрын технологи зэрэг салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтын дараа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон Казахстаны Үндэсний мэдээллийн технологийн хувьцаат компани хооронд “Харилцаа холбооны технологийн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав. Санамж бичгийн хүрээнд: • Төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх; • Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр дэвшилтэд технологийн туршлага солилцох, сургалтын хөтөлбөр болон чадавхыг бэхжүүлэх санаачилгыг дэмжих; • Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын хөгжлийн бодлого, хэрэгжилтийг хангах; • Мэдээллийн дэд бүтцийн үйл ажиллагааг оновчлох, зохион байгуулах юм. Айлчлалын үеэр хоёр орны хооронд цахим салбарын туршлага солилцох, хамтын ажиллагааны хамтарсан төлөвлөгөө хэрэгжүүлж ажиллах асуудлаар санал солилцох өргөтгөсөн уулзалт, хувийн хэвшлийн байгууллагууд хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагааг идэвхжүүлэх “B2B” уулзалт, төрийн үйлчилгээний “Хур”, “Дан” систем болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдтэй танилцах зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.

Дундговь аймгийн төрийн албан хаагчид, иргэдэд ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, холбогдох хууль, зөвлөмжийн талаар танилцуулав

“Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн хэрэгжилтийг хангах ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт өнөөдөр (2023.10.06) ажиллаж байна. Өнөөдрийн Танилцуулга мэдээлэл, сургалтын үйл ажиллагааг тус аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээж, ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуулийг танилцууллаа. Үргэлжлүүлэн ТЦҮЗГ-ын Нийслэл хариуцсан дарга Г.Өнөрцэцэг “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн талаар мэдээлэл өгсөн бол Дундговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Хулан тус аймгийн “Цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ”-ний талаар мэдээллээ. Дундговь аймгийн тухайд 15 сум, 68 багийн 47 мянга гаруй хүн амтай бөгөөд аймгийн хэмжээнд бүх сумд 100 хувь шилэн кабелийн сүлжээнд холбогдсон онцлогтой. Цахим шилжилтийн хүрээнд Shilen.gov.mn цахим платформын үнэлгээ 47,3 хувиас 88,88 хувь болж өсчээ. Мөн аймгийн хэмжээнд нийт 33300 иргэнийг тоон гарын үсэгтэй болгохоор зорьж буйгаас одоогоор 18800 буюу 57 хувь нь тоон гарын үсэгтэй болсон байна. Түүнчлэн И-Монгол академи” УТҮГ-тай хамтран орон нутгийн 9 байгууллагын 64 үйлчилгээг цахимжуулан операторын системд нэгтгэжээ.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Бүгд Найрамдах Киргиз Улстай инновацын эко системийг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Артыкбаевыг өнөөдөр (2024.08.13) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайд А.Артыкбаевыг урилга хүлээн авч, хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж, манай хоёр улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд харилцан айлчлалууд зохион байгуулж, хамтын ажиллагаа илүү өргөн хөгжиж байна гэж харж байна. Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнээс бүрдсэн парламенттай болж, 3 намын хамтарсан Засгийн газрыг байгуулан ажиллаж байна. Манай яамны хувьд инновац болон түүний эко системийг хөгжүүлэх чиг үүрэг нэмэгдэж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон өргөжсөн. Үүнтэй холбогдуулан бидний зүгээс та бүгдтэй Кибер аюулгүй байдлын чиглэлээр туршлага солилцох, инновацын эко системийг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын цахимжилтын сайн туршлага болох и-баримт, и-монгол платформуудын сайн туршлагыг та бүгдтэй хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Артыкбаев: Цаг гарган хүлээн авч, уулзаж байгаад баярлаж буйгаа илэрхийлээд УИХ-ын сонгуульд амжилттай оролцож, сонгогдсонд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэв. Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдын яамны зүгээс соёл, эдийн засаг, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна. Байгуулагдаад 1 жилийн хугацаанд бид төрийн өндөр дээд хэмжээний 3 айлчлалыг харилцан зохион байгууллаа. Айлчлалуудын хүрээнд худалдаа, эдийн засгийн асуудлууд хэд хэдэн хэлэлцээрүүд хийсэн. Ирэх 10 дугаар сард Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Бишкек хотноо зохион байгуулагдана. Таныг тус комиссын хуралдаанд оролцож, БНКИУ-ын Цахим хөгжлийн сайдтай өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд яриа, хэлэлцээ хийх боломжийн талаар анхаарч ажиллахыг хүсье хэмээсэн юм. ЦХИХХЯ Бүгд Найрамдах Киргиз Улстай кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлыг хангах талаар туршлага судлах, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах чиглэлээр хамтран ажиллана.