Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Цахим хөгжлийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд 174 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

2022.11.22

Улсын Их Хурлаас долоо хоног бүрийн мягмар гараг бүр “Хуулийн мэдээлэл” арга хэмжээг зохион байгуулж, шинээр батлагдсан болон хэрэгжиж эхэлсэн хуулиудын үзэл баримтлал, ач холбогдол, үр нөлөө, хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгдөг. Өнөөдөр /2022.11.22/ УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтийг танилцууллаа.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд нийт 17 дүрэм, журам, аргачлал батлуулахаас өнөөдрийн байдлаар 13 баримт бичиг батлагдаж, 3 баримт бичиг боловсруулалтын шатанд, 1 журам судалгааны шатанд явж байна. Батлагдсан журмын дагуу дараах ажлууд хийгдэж байна. Үүнд 59 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийг opendata.gov.mn-д байрлуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 54 байгууллагын 455 нээлттэй өгөгдлийг байршуулаад байна.
Иргэний мэдээлэл хайх, мэдээлэл хүлээн авах эрхийг хангах зорилгоор мэдээлэл хариуцагч төрийн байгууллагуудын байнга ил тод байх нь зүйтэй гэж 68 төрлийн мэдээллийг ил тод, нээлттэй байлгахаар зохицууллаа.
 
 
Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд заасан Мэдээлэл хариуцагч хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахад үнэлгээ хийх аргачлал, журмын төсөл болон Дууны, бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавих шаардлага, зааварчилгааг боловсруулж, байгууллагын цахим хуудсаар дамжуулан олон нийтээс санал авч байна.
Цахим гарын үсгийн тухай хуулийн хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн байгууллагаас 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 171 хорооны бүртгэлийн нэгжээр дамжуулан нийт 313,384 иргэнд, тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудаас нийт 82,242 хуулийн этгээдэд, “Үндэсний дата төв” УТҮГ-аас 14,288 төрийн албан хаагчид тоон гарын үсгийн гэрчилгээ олгосон байна.
Эдгээр хуулиуд хэрэгжиж эхэлснээр төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхгүй, иргэд төрөөс үйлчилгээ авахын тулд шат дамжлагагүй нэг цэгээс авдаг болох ёстой. Гэсэн хэдий ч төрийн байгууллагууд иргэдээс цаас нэхсээр байгаа нь цахим баримт цаасан баримтын нэгэн адил үйлчлэхтэй холбоотой зарим нэг эрх зүйн зохицуулалт дутуу байгаатай холбоотой. Тиймээс 174 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэж ЦХХХ-ны сайд Н.Учрал хэллээ.

Бусад мэдээ

“DRONECON 2026” ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛНЭ

Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд дрон технологи хурдтай хөгжиж, харилцаа холбоо, эрүүл мэнд, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, логистик, аюулгүй байдал зэрэг бүх салбарт шинэ боломжуудыг бий болгож, бүтээмжийг нэмэгдүүлж байна. Иймээс технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын Улсын аварга шалгаруулах хоёр дахь тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 21 аймгийн 8-40 насны 659 тамирчин 5 ангилалд хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. “DRONECON 2026” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, хамтран зохион байгуулагчаар бусад салбарын яам, байгууллагууд оролцож байна. Энэ жилийн тэмцээнд Дрон кодчилол, Хиймэл оюун ухааны ангилал нэмэгдсэн нь залуучуудын бүтээлч сэтгэлгээ, инновац, цахим ур чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой. Үүний зэрэгцээ ирээдүйн инженер, технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд бодит хувь нэмэр оруулж буйгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, “DRONECON 2026” нь зөвхөн хурд, ур чадварын өрсөлдөөн бус инженерчлэл, роботик, инновацын хөгжлийг дэмжсэн үндэсний хэмжээний технологийн томоохон арга хэмжээ болж байна. Дашрамд дуулгахад, манай улс тавдугаар сарын 30, 31-нд Нисгэгчгүй нисэх хэрэгслийн жолоодлогын Зүүн Азийн бүсийн тэмцээнийг анх удаа зохион байгуулах бөгөөд энэ үеэр DRONE, AIR SHOW зэрэг арга хэмжээ болох юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мастер төлөвлөгөөг Юнескотой хамтран боловсруулна

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мастер төлөвлөгөөг Юнескотой хамтран боловсруулна 2022.10.06 ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Юнескогийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан тэргүүтэй төлөөлөгчидтэй хамтарч ажиллах уулзалт зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн мастер төлөвлөгөөг хамтран боловсруулах, цахим боловсрол, үндэсний тоон бичиг үсгийн ур чадварыг дээшлүүлэх, Юнескогийн “Open Science”, “Open Education Resources”, багш нарын цахим ур чадварыг дээшлүүлж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилготой “ICT Competency for Teachers” хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо. ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ уулзалтын үеэр хэлсэн үгэндээ: Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутагтай, тэнд амьдарч буй малчин өрхүүд мэдээллийн хүртээмжийн хувьд харилцан адилгүй байдаг. Монголын эдийн засгийн чуулганы үеэр хэлэлцсэн асуудлуудын нэг болох Монгол Улсын Ерөнхий сайд өөрөө манлайлан цахим боловсрол, үндэсний тоон бичиг үсгийн ур чадварыг сайжруулах аян өрнүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа талаар дурдаад, Юнескогийн хиймэл оюун ухааны ёс зүйн хэм хэмжээ боловсруулах ажлыг манлайлан ажиллаж байгаад баяртай буйгаа илэрхийлсэн юм. Юнескогийн зүгээс Ноён Шахбаз Хан: Юнескогийн Дэлхийн өвд бүртгэлтэй Монгол Улсын хэд хэдэн газруудад интернэтийн холболтыг хийж, иргэдэд цахимаар таниулах, өвийг нь хадгалах, цаашлаад аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх боломжтой байгааг дурдаад, үндэсний тоон бичиг үсгийн ур чадварыг дээшлүүлэх аяны хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар эргэн судалж, хариу мэдэгдэхээр тохиролцлоо.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн

ҮЙЛ ЯВДАЛ Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн 2021.04.02 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1962-1966 онд Тээвэр, холбооны сайдаар ажиллаж байсан Бат-Очирын Гомбосүрэнгийн тухай нийтэлж байна. Б.Гомбосүрэн нь 1932 онд Архангай аймгийн Тариат сумын нутагт төрж, 1942-1952 онд бүрэн дунд сургууль, 1952-1957 онд ЗХУ-ын Москва хот дахь Төмөр замын инженерийн дээд сургуульд суралцаж, зам харилцааны инженер-эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1957-1959 онд Улаанбаатар төмөр замын газарт тоо бүртгэгч, ахлах инженер, төлөвлөгөөний хэлтсийн орлогчоор, 1959-1962 онд Улсын барилга- эдийн засгийн комиссын орлогч бөгөөд ерөнхий захиалагчийн газрын даргын албыг хашиж байгаад, 1962 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогдон, 1966 он хүртэл ажилласан байна. Түүний ажилласан хугацаанд 1963 оны эхнээс Төмөр замын техникумын холбооны салбарт хамгийн олон сурагчид суралцаж, утсан харилцааны оройн хоёр анги хичээллэж байв. Тээвэр, холбооны яамны харьяанд Холбооны удирдах газрыг байгуулсан ба тус газрын шуудангийн албанд улс хоорондын шуудан солилцох тасаг, аймаг хотуудад шуудангийн 10 гаруй салбарыг шинээр байгуулж, БНМАУ- БНАВУ-ын цахилгаан шуудангийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж, 1964 онд Австри улсын Вена хотноо болсон Дэлхийн шуудан холбоо /ДШХ/-ны 15 дугаар Их хурлаас БНМАУ-ыг ДШХ-ны гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулжээ. Б.Гомбосүрэн сайдын ажиллах хугацаанд улс орныг хөгжүүлэх “Гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажил ид өрнөж байжээ. МАХН-ын 15 дугаар Их хурлын тайлан илтгэлд Ю.Цэдэнбал “Ойрын жилд бүх төрлийн холбоог улам хөгжүүлэх, ялангуяа аймгийн төвийг бүх хөдөө аж ахуйн нэгдэлтэй телефон буюу радио харилцаатай болгох, хөдөөгийн иргэдийг радиожуулах зорилтыг шийдвэрлэх явдал чухал байна” гэж Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх гуравдугаар таван жилийн хугацаанд харилцаа холбооны талаар тавих зорилтыг тодорхойлсон байна. Морин өртөөнөөс өөр харилцаа холбооны хэрэгсэлгүй байсан Монгол орон ардын хувьсгал ялан мандсанаас хойших 40 жилийн дотор техник хэрэгслээр тоноглогдсон шуудан, телефон, телеграф, радио холбооны салбарууд бүхий орчин үеийн холбоотой болсон байлаа. Улаанбаатараас аймгийн хооронд 1964 оны 10 дугаар сарын 8-аас эхлэн АН-24 онгоцоор үйлчилж эхэлсэн нь алслагдсан аймгуудад шуудан, хэвлэлийг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж, 150 орчим сум, сангийн аж ахуйд онгоцоор шуудан хүргэдэг болжээ. Түүхэн энэ үед монголын шууданчид шуудангийн үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ шинэ техник, технологи нэвтрүүлэх, ашиглалтын дүрэм, журмыг боловсруулж мөрдөх, олон улсын шуудангийн байгууллагуудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоо тогтоох, өргөтгөх зорилт тавин ажиллаж байжээ. Тээвэр, холбооны сайдын 1962 оны 3дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар шуудангийн сав, шуудайны тооцоог сайжруулах, богц нэг бүрийг дугаартай болгох, богц солилцох бүртгэлийн маягтыг баталж, сар бүрийн эцэст тооцоог нийлэн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх талаар журамласан байна. Аймгийн шуудан тасгийн эрхлэгчдийн 15 хоногийн семинарыг 1962 оны 8 дугаар сарын 15-аас хийж, хот, хөдөөгийн шуудангийн ажилтнуудаас мэргэжлийн зэргийн шалгалтыг анх удаа авч ТХ-ны сайдын 1962 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 447 дугаар тушаалаар мэргэжлийн зэрэг олгосон байна. ТХ-ны сайдын 1963 оны 18 дугаар тушаалаар шуудан хүргэгчийн цүнхний загварыг анх удаа баталж, 100 ширхгийг хийлгэж, шуудан хүргэлтэд заавал цүнхтэй гаргах журам тогтоожээ. Улс орны болон томоохон суурин газрын хэмжээнд шуудангийн салбарын тоо нэмэгдэж олшрох тусам салбаруудыг дугаарлах, түүгээр нэрлэж занших нь чухал бөгөөд ТХ-ны сайдын 1963 оны 2 дугаар сарын 22-ны 145 дугаар тушаалаар УБ хотын холбооны салбаруудыг газар зүйн байршил, байрлах албан газар, байгууллагаар нь нэрлэж байсныг болиулан, салбаруудыг дугаарлан, түүгээр нэрлэж заншихаар болжээ. Б.Гомбосүрэн нь 1967-1993 он хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсаас ЗХУ, Югослав улсын элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч, худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Гадаад худалдааны яамны Төрөл бүрийн барааны импорт нэгдлийн ба тээврийн хэлтсийн дарга, Гаалийн ерөнхий газарт хуулийн зөвлөх зэрэг албыг гүйцэтгэж байлаа. Тэрээр тээвэр, холбоо, худалдааны байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй хөдөлмөрлөн Онц холбоочин тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байжээ. Түүнчлэн МАХН, МХЗЭ-ийн Төв хорооны болон Улаанбаатар төмөр замын нам, эвлэл, үйлдвэрчний байгууллагын бүгд хурлын гишүүн, Ардын Их хурлын Депутатаар сонгогдон ажиллаж байсан нь түүний ажилч, хичээнгүй нэгэн байсныг илтгэж буй билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь Share on facebook Share on twitter Бусад мэдээ