Монгол Улсын Засгийн газрын 108 дугаар тогтоолоор батлагдсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна.
Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй хэлбэрт шилжүүлэх зорилготой тус хөдөлгөөнийг Сонгинохайрхан дүүрэгт сургалт, нөлөөллийн арга хэмжээгээр албан ёсоор эхлүүллээ.
Арга хэмжээний эхний өдөр өсвөрийн “Хурдан” клубийн гишүүд болон Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 200 гаруй сурагчийг хамруулсан сургалт зохион байгуулав. Энэ үеэр хүүхэд багачуудад цахим орчинд сурч хөгжих, ур чадвараа дээшлүүлэх, сөрөг агуулгаас өөрийгөө хамгаалах болон цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг, дадал олголоо. Түүнчлэн цахим манлайллыг төлөвшүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэд өсвөрийн “Хурдан” клубийг байгуулж, 160 сурагчийг “Цахим элч”-ээр бэлтгээд байна.


Бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалтуудыг тус дүүргийн Өнөр, Толгойт, Баянхошуу зэрэг бүсэд зохион байгуулж, нийт 5,000 гаруй иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Тухайлбал, Толгойт бүсийн өнөөдрийн (2026.05.27) сургалтад 130 гаруй иргэн хамрагдсан бөгөөд маргааш цэргийн албан хаагчдад зориулсан тусгайлсан арга хэмжээ зохион байгуулагдах юм.




Аяны хүрээнд цахим ур чадварын сургалтыг дараах агуулгаар зохион байгуулж байна. Үүнд:
- цахим банкны үйлчилгээ болон цахим худалдан авалтын хэрэглээ,
- хиймэл оюуны эерэг болон сөрөг нөлөө,
- мэдээллийн хүртээмж ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим оролцоо,
- цахим орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хувийн мэдээллээ хамгаалах,
- цахим залилан, кибер гэмт хэргээс сэргийлэх,
- төрийн цахим үйлчилгээг ашиглах чадвар олгох.
- Мөн сургалт, арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дохионы хэлмэрч ажиллуулах, брайл үсгийн төхөөрөмж, брайл сан ашиглах боломжийг бүрдүүлж байна.










