Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим засаглалын багц хуулиуд ба тэдгээрийн онцлох зохицуулалтууд

2022.05.01

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулиуд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний статистикийн хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач нартай хамтран дээр дурдсан 4 хуульд батлуулахаар заасан журмуудын боловсруулалт дээр хамтран ажиллаж, Засгийн газраар батлуулах журмын төслүүдийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхэд бэлэн болоод байна. Хуулиудын онцлох зохицуулалтыг товч дурдвал, НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ Энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино. Тус хуулиар байгууллагын нууц гэх нэрийн дор иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд өгдөггүй байсан мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл, барилга байгууламжийн улсын комиссын дүгнэлт, худалдан авах ажиллагааны мэдээлэл, төрийн байгууллагын ажлын байрны сул орон тооны мэдээлэл зэрэг 5 төрлийн 68 мэдээллийг нээлттэй болголоо. Түүнчлэн тус хуулиар цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байхаар тогтоож, нотлох баримтын хэмжээнд үнэлэх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ. Мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлнэ. ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ Энэ хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж, мэдээлэл хариуцагч болох төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд нь хувь хүний мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа тухайн мэдээллийг хэрхэн, юунд ашиглах гэж байгаа зорилгыг мэдээллийн эзэнд мэдэгдэж, зөвшөөрөл авна. Түүнчлэн мэдээллийн эзэн болон хүний хувийн мэдээллийг хариуцаж, хамгаалж байгаа этгээд хоорондын харилцааг зохицуулж, мэдээллийн эзний эрхийг баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг тогтоож, мэдээлэл хариуцагчийн хүлээх үүргийг тодруулж өгсөн. Мөн хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээг улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор ашиглах, улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэнийг таних, баталгаажуулах, хэрэг маргааныг хянан, шийдвэрлэх, УИХ-ын гишүүд цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад тохиолдолд хориглоно. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулахад тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэгт дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглоно. Хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахтай холбоотой аливаа гомдол байвал Хүний эрхийн Үндэсний Комисс, эсхүл Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдол гаргах боломжтой байна. ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА Цахим гарын үсгийн тухай хуулийн зорилго нь цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, түүнд тавигдах эрх зүйн болон техникийн шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино. Тус хуулиар: Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй 5 жилийн хугацаатай Улсын бүртгэлийн байгууллагаас олгох ба тус байгууллагын нийслэл, дүүрэг, орон нутгийн бүх салбар, нэгж дээр биечлэн очиж авах боломжтой. Харин гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тоон гарын үсгийн гэрчилгээг авах боломжийг бүрдүүлнэ. Тоон гарын үсгийн гэрчилгээг гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа авч ашиглах боломжтой. Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна. Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлсэнээр цахим орчинд өөрийгөө таньж, баталгаажуулах, гэрээ хэлцэлийг цахим хэлбэрээр байгуулах, “e-Mongolia” системд нэвтэрч, төрийн 650 гаруй үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байна. КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ Энэхүү хууль нь кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ. Тус хуулиар үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөл ажиллах бөгөөд тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллана. Мөн төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг үндэсний төв, харин иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг нийтийн төв тус тус хангаж ажиллана. Харин зэвсэгт хүчний кибер командлал тайван цагт батлан хамгаалах салбарын хэмжээнд кибер аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хуульд тусгажээ.

Бусад мэдээ

Монгол Улс Бүгд Найрамдах Узбекистан Улстай Цахим засаглал, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллана

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Мэдээллийн технологи, харилцаа холбооны хөгжлийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч сайд Олег Андреевич Пекось тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны цахим засаглал, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Бүгд Найрамдах Узбекистан Улсын Мэдээллийн технологи, харилцаа холбооны хөгжлийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч сайд Олег Андреевич Пекось: Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлого, үйл ажиллагаа богино хугацаанд бодит үр дүнд хүрч байгааг өндрөөр үнэлж, цаашид хоёр орны мэдээллийн технологийн гарааны бизнесийг дэмжих, цахим эдийн засгийг хөгжүүлэхэд туршлага солилцон хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Уулзалтаар талууд ярилцсан агуулгын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Хүннү хот дахь чөлөөт бүсийг түшиглэн мэдээллийн технологи, инновацын төв бүхий “Цахиурын хөндий”-г байгуулахаар зорьж байна

Шинэ Зуунмод хот дахь чөлөөт бүсийн Хүннү ухаалаг шинэ хотын бүтээн байгуулалтыг тулгуурлан “Цахиурын хөндий” болон дата төв байгуулах талаарх харилцан мэдээлэл солилцох уулзалт боллоо. Уулзалтанд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны (ЦХИХХ)-ны дэд сайд Г.Баярхүү, “Үндэсний дата төв” УТҮГ-ын захирал Б.Дагвасүмбэрэл, Хүннү хотын Захирагч М.Батбаяр , “Шинэ зуун мод хот болон Эдийн засгийн чөлөөлт бүсийн хөгжлийг дэмжих төсөл”-ийн Хөрөнгө оруулалтын бодлого хариуцсан зөвлөх Ишида Масаюки, “Хүннү хотын хөгжлийн корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гүнболд нар оролцлоо. Хүннү хот дахь чөлөөт бүсийг түшиглэн мэдээллийн технологи, инновацын төв бүхий “Цахиурын хөндий” болон  Дата төв байгуулахад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс  бодлогын болон арга зүйн зөвлөмжийн хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны (ЦХИХХ)-ны дэд сайд Г.Баярхүү тодорхой саналуудыг гарган хэлэлцлээ. Цаашид эдийн засгийн үндэслэл, хэрэгжилтийн боломж, дэд бүтцийн шаардлага, санхүүгийн тооцоог тодорхойлсон ТЭЗҮ боловсруулж, улмаар олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахуйц төсөл боловсруулах, Эрчим хүчний хэмнэлттэй, хиймэл оюун (АI)-д суурилсан, их өгөгдөл (Вig data) боловсруулах боломжтой олон улсын стандартад нийцсэн ногоон Дата төв (Green data center)-ийг хэрхэн бий болгох талаарх бодит үр дүнд хүрэх ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо.

Ц.Баатархүү: Гадаадад буй монголчууд цахимаар саналаа өгөх боломжийг судлаж байна

Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ бүрэн эдэлж чадахгүй хэвээр байна. Тэд 2000 оноос эхлэн УИХ-ын сонгуульд саналаа өгөх, оролцоогоо хангах хүсэлтээ гаргах болсны дагуу 2005 онд УИХ энэ асуудлыг анхааралдаа авч, 2012 оноос гадаад улс дахь монголчуудын санал өгөх эрх хуулиар нээгдсэн.  Энэ дагуу хилийн чанад дахь монголчууд тухайн орныхоо дипломат төлөөлөгчийн газар биечлэн очиж бүртгүүлэн, саналаа өгдөг болсон. Энэ нь иргэдэд хүндрэлтэй хэвээр байсан тул оролцоо хангалтгүй, сонгуулийн ирц муу байх шалтгаан болов.  Иймд Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр 80 гаруй улсад ажиллаж, амьдарч буй 200,000 гаруй монгол иргэдийн оролцоог хангах үүднээс анх удаа иргэдээ цахимаар бүртгэсэн боловч саналаа биечлэн очиж өгдөг асуудал хэвээр үлдсэн юм. Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуулийн цахим бүртгэлд хилийн чанад дахь 13,095 иргэн хамрагдсанаас ердөө 50 хувь буюу 6000 гаруй нь саналаа өгчээ. Энэ нь 2020 онтой харьцуулахад, цахим бүртгэл амжилттай явагдсан ч биечлэн очдог байдал сонгуулийн оролцоо, идэвхийг бууруулав. 2020 оны тухайд гадаад дахь 4600 монгол иргэн саналаа өгөхөөр бүртгүүлж, 3200 нь саналаа өгч байжээ.  Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа сонгуулийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх хүрээнд олон улсын туршлагыг судалж, Сонгуулийн тухай хуульд цахимаар санал өгөх эрхийг баталгаажуулах, технологийн хүртээмж, цахим дэд бүтцийн бэлэн байдлыг хангаж байна.  Тухайлбал, ЦХИХХЯ-ны төлөөлөл 2024 онд сонгуулийн санал өгөх цахим системийг нэвтрүүлсэн анхны улс болох Эстонид туршлага судалсан. Эстони улс 2005 онд дэлхийд анх удаа үндэсний сонгуульдаа интернэтээр санал өгөх системийг нэвтрүүлж, 2023 онд иргэдийнх нь саналын 51% нь цахимаар ирсэн нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт болсон. Тус улс i-Voting системийг ашигладаг.  Тэгвэл энэ удаа Филиппин улсын сонгуулийн явцыг ажиглаж, туршлага судлах гэж байна.  Филлипинчүүд 2025 оныхоо сонгуулийг тавдугаар сарын 12-нд цахимаар явуулна. Филиппиний Сонгуулийн Хороо 77 улс дахь 1.2 сая иргэнийхээ сонгуульд оролцох эрхийг хангаж, дөрөвдүгээр сарын 13-наас цахим санал хураалтыг эхлүүлжээ. Энэ хүрээнд урьдчилсан бүртгэлийг 100 хувь онлайнаар хийсэн байна. Саналын нууцлалыг хангахын тулд end-to-end шифрлэлт, блокчэйн технологид суурилсан өгөгдлийн хамгаалалтыг ашиглаж байгаа аж.  2023 оны байдлаар 10 гаруй улс гадаадад байгаа иргэдийнхээ саналыг цахимаар авах ажлыг ямар нэгэн хэлбэрээр туршсан эсвэл албан ёсоор хэрэглэж байна.