Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2021.10.27

УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.10.27/ хамтран хуралдаж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учрал ахлан ажилласан бөгөөд Ажлын хэсгийн ахлагч танилцуулга хийсэн юм. Ажлын хэсгийн гишүүд Тагнуулын Ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний Дата төвийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан байна.

Ажлын хэсэг хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай нийцүүлэх, хуулийн төслийн уялдааг хангах, нэр томьёо, хэл найруулга, агуулга, бүтцийн шинжтэй зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн ажлын хэсгийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, олонхын саналаар дэмжигдсэн дараах саналуудыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байна гэлээ. Үүнд:

  1. Хуулийн төслийн нэр томьёог Нийтийн мэдээлийн тухай хуулийн төсөлтэй нийцүүлсэн бөгөөд хөрөнгийн мэдээллийг хүний эмзэг мэдээллээс хасаж хүний хувийн мэдээлэлд хамааруулахаар;
  2. Иргэний хуулийн 16.3, 16.4-т бүрэн бус чадамжтай иргэнд хувийн мэдээллээ ашиглах шаардлагатай тодорхой төрлийн эрхүүдийг нээж өгөх. Тухайлбал, хоршооны гишүүн байх, банк, зээлийн байгууллагатай харилцах;
  3. Төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад “нээлттэй өгөгдөл” бий болгох асуудлыг нэмж тусгах;
  4. Сэтгүүл зүйн зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзний зөвшөөрлийг авахгүй байх талаар;
  5. Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихдаа зөвлөмж, шаардлага хүргүүлэх;
  6. Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болгох талаар;
  7. Монгол Улсын Их Хурлын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, санал хураалт явуулахад хүний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг ашиглах зэрэг саналуудыг танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүд хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан хууль санаачлагчаас болон бусад оролцогчоос асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд өөрийн гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагчид хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр цуглуулах, боловсруулах, ашиглах асуудлыг Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн үйлчлэлд тусгахгүй байхаар оруулсан нь хэр зүйд нийцэж байгааг тодруулж байлаа.

Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, иргэн хүн ургийн бичиг хөтлөхийн тулд гэр бүлийн гишүүд, үр хүүхдийнхээ тухай мэдээллийг цуглуулж болох бөгөөд энэ харилцааг хуулиар зохицуулах шаардлагагүй гэж үзсэн гэсэн хариултыг өгсөн юм. Түүнчлэн хэлэлцүүлгийн явцад хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл гэдэгт ямар мэдээллийг хамруулах, генетикийн болоод биометрик мэдээлэл, эрүүл мэндийн мэдээллийн нууцлалын талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн.

Хуулийн төсөлд хүний эмзэг мэдээлэл гэдэгт  хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, хөрөнгө, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, цахим гарын үсэг, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн чиг хандлага, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг багтаасан бөгөөд хувь хүний нууцад хамаарна хэмээн тусгасан байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гүйцэтгэх ажлын явцын мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгааг дурдаад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, олон нийтийн газарт байршуулсан камерын бичлэг дэх мэдээллийг хэрхэн ашиглах, хүний хувийн нууцыг яаж хамгаалах талаар ажлын хэсгээс асууж тодруулж байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдлээ. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс нэг ч хүн багтаагүй болохыг тэрбээр дурдаад хуулийн төслүүдтэй танилцан, судлах хугацаа хэрэгтэй байгаа учир завсарлага авч байгаагаа мэдэгдсэн юм.

Дараа нь Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Н.Учрал, Ажлын хэсэг хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай нийцүүлэх, хуулийн төслийн уялдааг хангах, нэр томьёо, хэл найруулга, агуулга, бүтцийн шинжтэй зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн гээд ажлын хэсгийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, олонхын саналаар дэмжигдсэн Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Хүн, хуулийн этгээд цахим гарын үсгийн гэрчилгээ эзэмшсэний үндсэн дээр цахим гарын үсэг ашиглах бөгөөд энэ харилцаа нь нийтийн түлхүүрийн дэд бүтцээр дамжин хэрэгжих тул “Нийтийн түлхүүрийн дэд бүтэц” гэсэн нэр томьёонд цахим гарын үсгийн нууцлал, аюулгуй байдлыг хангах асуудлыг нэмж тусгахаар, мэдээллийн системд нэвтрэх үед тухайн хүн мөн эсэхийг таньж баталгаажуулах, өөр хүн нэвтрэхээс сэргийлсэн зохицуулалтыг төсөлд нэмж тусгах, тоон гарын үсэг зурахад ашиглах мэдээллийн систем нь цагийн бүртгэлийн системтэй заавал холбогдсон байх, харин бусад хэлбэрийн цахим гарын үсэг зурахад ашиглах систем нь цагийн бүртгэлийн системд холбогдох асуудал нээлттэй байх зохицуулалтыг төсөлд нэмж тусгах, мен цагийн бүртгэлийг хэрхэн хөтлөх асуудлыг тодорхой болгох саналуудыг танилцуулсан.

УИХ-ын гишүүд цахим гарын үсгийг одоо хэчнээн хүн хэрэглэж байгаа, цахим гарын үсгийг хаанаас олгодог талаар тодруулж байлаа.

Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, өнөөдрийн байдлаар 38.000 цахим гарын үсэг хэрэглэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн 8000 нь нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид, үлдсэн 30.000 нь татварын тайлан, нийгмийн даатгалын тайлан өгдөг аж ахуйн нэгж, иргэд, худалдан авах ажиллагаа, тендерт оролцдог хүмүүс байгаа аж. Цахим гарын үсэг хэрэглэдэг 38.000 иргэн байна гэдэг нь тун чамлалттай үзүүлэлт хэмээн үзэж буй бөгөөд цаашид Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүрийг цахим гарын үсэгтэй болгох бөгөөд цахим гарын үсгийн дэд бүтцийг байгуулахаар ажиллаж байгаа хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн.

УБЕГ-аас бүх иргэдэд цахим гарын үсгийг үнэгүй олгох бөгөөд иргэд төрийн болон банкны үйлчилгээг цахим гарын үсгээр авах боломж бүрдэх юм байна. Нэг иргэн хэдэн ч цахим гарын үсэгтэй байж болох аж. Иргэний хувиар биш албан тушаалтны хувиар хэрэглэхээр нэмэлт цахим гарын үсэг авах бол тодорхой үнэ төлөн тусгай зөвшөөрөлтэй компаниас авахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцсэн бөгөөд ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Эцэст нь Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар гаргасан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусад мэдээ

DIGITAL NATION – 2021 | Технологи хэрэглэгчээс БҮТЭЭГЧ үндэстэн рүү

ҮЙЛ ЯВДАЛ DIGITAL NATION – 2021 | Технологи хэрэглэгчээс БҮТЭЭГЧ үндэстэн рүү 2021.09.01 Салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ тутам бизнесүүд, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах “Digital Nation-2021” арга хэмжээ есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох гэж байна. Бид бүхэн цахим шилжилтийг манлайлж, технологийг хэрэглэгчээс бүтээгч үндэстэн болох эхлэлийг тавьж буй үндэсний компаниудын төлөөлөлтэй хийсэн ярилцлагыг цувралаар хүргэж байна. “АНД ГЛОБАЛ”-ЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Ч.АНАР: МОНГОЛ КОМПАНИУД ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ, ТЕХНОЛОГИО ӨӨРСДӨӨ ХИЙДЭГ БОЛЖ БАЙГАА НЬ 100 ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР ТОХИОЖ БУЙ ОНЦГОЙ ҮЙЛ ЯВДАЛ Энэ жил Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой тохиож байна. Гэхдээ тоон билэгдлээс илүү өөр олон зүйлээр онцгой болж буйг дурдах хэрэгтэй. Өнгөрсөн 100 жилийг харахад Монгол Улс үргэлж хэрэглэгч орон байсаар ирсэн. 1911 онд гамингийн цэргийн хороо Монголын анхны харилцаа холбооны системийг тавьж, 1921 онд монголчууд станцаар Москва, Бээжинтэй холбогддог болж, 1985 онд ЗХУ-ын буцалтгүй тусламжаар өргөн нэвтрүүлгийн станцууд улс даяар тавигдсан. Мобиком корпорац Alcatel-Lucent компанийн тоног төхөөрөмжийг худалдан авч Монголд анх үүрэн холбоог нэвтрүүлсэн нь дараагийн том шилжилт байв. Уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, төрийн үйлчилгээ ч ялгаагүй Microsoft, Oracle, Infosys зэрэг дэлхийн том компаниудын шийдлийг хэрэглэсээр ирсэн. Тэгвэл Монголын технологийн компаниуд, старт-аппууд эвлэлдэн нэгдэж өөрсдөө технологи хийдэг болж, хэрэглэгчээс бүтээгч үндэстэн рүү шилжиж байгаа нь 100 жилийн босгон дээр тохиож буй онцгой үйл явдал юм. И-Баримт, Social Pay, Lend.mn зэрэг бидний өдөр тутмын хэрэглээ болсон олон олон технологи бол монголчууд бүтээж чаддагийн бодит жишээ. Монгол хүний хайрцаглагдаагүй задгай сэтгэлгээ, хөрвөх чадвар үнэлэгдэж, давуу тал болж буй нь үнэн хэдий ч тууштай байдал, эвлэлдэн нэгдэх чадвар сул, нарийвчилж мэргэшээгүй цаашлаад боловсон хүчний хомсдол зэрэг нь сул тал гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нөгөө талаас жижиг зах зээл дээр нэгэн ижил үйлчилгээгээр хоорондоо өрсөлддөг, нэгнээсээ хуулдаг. Монгол хүний нүүдэлчин сэтгэхүйгээс улбаатай сул талууд нь биднийг дэлхийн зах зээлд өрсөлдөхөд том садаа болж байна. Энэ сул орон зайг нөхөхийн тулд сэтгэхүйн өөрчлөлт хийх, чадна гэдгийг харуулж, залууст итгэл өгөх хэрэгтэй.  Манай компани ч үүний төлөө явж байгаа. Одоогоор бид хоёр үндсэн багц компанийн дор үйл ажиллагаагаа явуулж байна. Монголчуудын бүтээсэн технологийг олон улсад экспортлох чиглэлээр финтек суурьтай үйл ажиллагаа явуулдаг Анд Глобалыг хүмүүс харьцангуй мэдэх байх. Анд Глобалын бүрэлдэхүүнд ЛэндМН, Анд Системс тэргүүтэй 12 охин компани багтдаг. Бид өөрсдийн хөгжүүлсэн технологио Камбож, Австрали, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудад гаргахаас гадна Callpro, IntelMind зэрэг Монголын бусад технологийн компаниудын бүтээгдэхүүнийг экспортлохоор ажиллаж байна. Бидний хувьд олон улсад технологио экспортолсон туршлагатай, том багтай, олон улсын стратегийн түнштэй тул үүнийгээ ашиглаад монгол оюуныг дэлхийд гаргахыг зорьж буй.  Харин нөгөөдөх нь Google компанийн ахлах инженер Б.Баттулга, ЛэндМН-ийг хамтран үүсгэн байгуулагч О.Болдбаатар, П.Нямбаяр бид дөрвийн хамтран байгуулсан Andorean компани юм. Энэ нь High-tech салбар руу чиглэсэн хоёр төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Нэгт, үүрэн холбооны үйлчилгээний тоног төхөөрөмж, програм хангамжийн хөгжүүлэлт, хоёрт, бодит ертөнцийн 3D виртуал хувилбар буюу толин тусгал (digital twin) технологи юм. Энэ нь 5G технологийн тусламжтайгаар орон зай, цаг хугацаа, чийгшил, температур, салхи, чимээ зэрэг бүх мэдрэмжийг 3D хэмжээс болон дүрсийн нийлбэрт оруулж, тухайн орчныг бүхлээр нь бүрдүүлдгээрээ 3D-ээс ялгаатай. Энэ жилийн Digital Nation арга хэмжээний үеэр одоо хөгжүүлж байгаа технологиудаа бид албан ёсоор танилцуулна. Өдгөө Монгол Улс цахим үндэстэн болох тухай ярьж байна. Юун түрүүнд нийтээрээ  цахимжуулалт, цахим шилжилт гэдэг хоёр ялгаатай ойлголтын үндэс суурийг сайн ойлгох хэрэгтэй. Автоматжуулалт буюу технологийн давуу чанарыг ашиглаад үйл ажиллагааг хялбарчилж буй нь цахимжуулалт. Өнөөдөр монголчууд Apple компанийн бүтээсэн утсыг хэрэглэж, үүрэн холбооны оператор компаниуд Huawei, ZTE, Nokia компанийн төхөөрөмжийг түрээслэн үйлчилгээ үзүүлж байна. Энэ бол цахимжуулалт. Би хувьдаа Монголд цахимжуулалт маш амжилттай явагдсан гэж боддог. Тухайлбал, үүрэн холбоо, төлбөр тооцооны шийдлүүд, банк санхүүгийн салбар, интернэт худалдаа зэргийг дурдаж болно. Тэгвэл ирээдүйд технологио өөрсдөө бүтээж, түүнийг эзэмших тухай асуудал нь бидний яриад байгаа цахим шилжилт юм. Байгууллага үйл ажиллагаагаа автоматжуулахаас илүү цахим технологийг ашиглан шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хийж, түүнийг эзэмшиж байгаа бол цахим шилжилт гэж хэлнэ. Үүнийг цөөхөн ч гэлээ монгол компаниуд амжилттай хийгээд явж байна. Том зургаар харвал, MCS групп цахим шилжилтийг бодлогын хүрээнд амжилттай хийж байна гэж хардаг. Түүнчлэн Анд Глобал, Intelmind, Call pro, Infinite Solution зэрэг компаниуд цахим шилжилтийг манлайлж, бүтээгч үндэстэн болох эхлэлийг тавьж байна. “INTELMIND” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.МЭНДБАЯР: ҮНЭЛГЭЭ БАГАТАЙ Ч ЗАЛУУЧУУД МОНГОЛДОО АЖИЛЛАХААР ШИЙДЭЖ БУЙ НЬ ТОМ ЭР ЗОРИГ ГЭДГИЙГ НИЙГЭМ ОЙЛГОЖ, ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ Хүссэн ч эс хүссэн ч дижитал эрин үе хэдийн ирчихээд байна шүү дээ. Нэгэнт гол асуудал нь улс үндэстнүүдийн өрсөлдөх чадвар тул монголчууд дэлхийд өрсөлдөх чадвартай байхын тулд улсаараа цахимжих шаардлага сонголтгүй гарч ирж байна. Цаашид дэлхийн улсууд нүүрс, алтаар биш технологи, инновацаараа л өөр хоорондоо өрсөлдөнө. Тэгэхээр энэ ойлголтыг иргэд, аж ахуй нэгжүүддээ ойлгуулж, нэгэн зэрэг хөдөлж байж л үр дүнд хүрнэ.  Intelmind компанийг технологид суурилсан бүтээгдэхүүн, төсөл, компаниудыг гаргаж ирдэг хөрөнгө оруулалтын студи (venture studio) гэж тодорхойлж болно. Бид санааг технологитой холбодог, технологид суурилан шинэ санаа гаргадаг. Мөн нийгэмд хэрэгцээтэй байгаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зохиож зах зээлд нэвтрүүлдэг. Venture studio маягаар ажиллана гэдэг нь энэ бүгдийг загварчилж, хооронд нь нийлүүлж, интеграц хийж, шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалт хийж, бусад хөрөнгө оруулагчтай холбож, хамтран бүтээгдэхүүн гаргадаг бизнесийн загвар юм.  Хамгийн анх Shoppy.mn-ийг зах зээлд нэвтрүүлж дараа нь технологийн Cody компаниа байгуулж байлаа. Cody нь дотоодын 100 орчим аж ахуй нэгжид түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. Товчоор, эдгээр аж ахуй нэгжүүд манай технологийг ашиглаж бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн үг. Бидний хамтран бүтээлцэж хөрөнгө оруулалт хийсэн, хувьцаа эзэмшдэг бусад бизнесүүдээс дурдвал, такси үйлчилгээний UbCab аппликэйшн, аялал жуулчлалын JoinMe платформ, IOT төрлийн төхөөрөмжтэй харьцаж програмчлал хийдэг SEM компани зэргээр нэрлэж болно.  Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Монгол Улсад дотоодын анхны коронавирусийн халдвар бүртгэгдэхэд бүх худалдаа, үйлчилгээ хаагдаж, компаниудын үйл ажиллагаа бүхэлдээ зогссон. Shoppy.mn энгийн үеэс хэд дахин нэмэгдсэн хэрэгцээг маш хязгаарлагдмал хүн хүчний нөөцөөр хангах шаардлагатай болов. Тухайн үед Монголын тэргүүлэгч том компаниуд, жижиг аж ахуй нэгжүүдийн хэн ч үүнд бэлэн байгаагүй. Энэ сорилтын үед бид нэг талаас олон олон компанид борлуулалтаа хийж ажилчдынхаа цалинг тавихад нь тусалсан. Нөгөө талаар хүргэлт, агуулах, бараа татан авалт, мэдээлэл солилцооны шийдлүүдийг Монголдоо цоо шинээр бүтээж, технологи болон бизнесийн процессийн шинэ хуудас эргэсэн эгзэгтэй үед томоохон хувь нэмэр оруулсан гэж боддог.  Харин одоо бид бүтээсэн технологио гадаад зах зээлд нийлүүлэх

Шилэн ажиллагаа: Нийслэлд 20 жилийн туршид газар олгосон баримтыг дэлгэв

Нийслэлийн засаг дарга нар хэнд, хэзээ, хаана, хэрхэн яаж, ямар хэмжээ, зориулалтаар хэрхэн газар олгосон талаарх 20 жилийн /2000.01.01-2020.12.31/ түүх-баримт shilen.gov.mn сайтад ил тод боллоо. Нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын захирамжаар ашиглах, эзэмших эрх олгосон 18439 иргэн болон хуулийн этгээдтэй холбогдох газар эзэмших, ашиглах эрх олгосон 14876, эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6291, эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8482, эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7134 мөр нийт 36783 мэдээлэл нээлттэй ил тод байршуулав. Хэнд, ямар зориулалтаар аль байршилд хэдэн м.кв газар олгосон, эзэмших, ашиглах эрх сунгасан, шилжүүлсэн, өөрчилсөн мэдээллийг он цагийн дараалалтай нь байршуулсан. Та газар эзэмшигч, ашиглах эрх бүхий хуулийн этгээдийн нэр, нэгж талбарын дугаар, хэмжээ, төлбөр төлөлт, хугацаагаар нь хайлт хийх боломжтой. Нийслэлийн засаг даргын 2021 оны эхний өдрөөс өнөөдөр хүртэлх хугацаанд газар олгосон мэдээллийг ойрын өдрүүдэд ил тод болгохоор ажиллаж байна. Үүний зэрэгцээ 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга нарын газар олгосон захирамжийг он цагийн дарааллаар нь гаргасан мэдээллийг нээлттэй болгохоор бэлтгэж байгаа юм.

Япон мэргэжилтнүүд кибер аюулгүй байдлын сургалт удирдлаа

“Кибер аюулгүй байдлын мэргэжилтнийг дадлагажуулах” сургалт болж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, “Жайка”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, GMO интернэт групп хамтран энэ сургалтыг зохион байгуулж байгаа юм. Япон улсын Элчин сайдын яамны дэд дарга Кикүма, “Жайка”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака, GMO cyber security IRERAE -ийн захирал Оокоши нар сургалтын нээлтэд оролцож үг хэллээ. ​Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх төвүүд, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний дата төв, Шүүхийн шинжилгээний ерөнхий газар, Монголын цахилгаан холбоо, И Монгол академи, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Мэдээлэл холбооны технологийн сургууль, Удирдлагын академи зэрэг байгууллагуудын кибер аюулгүй байдал хариуцсан инженер, мэргэжилтэн, багш ажилтнуудаас бүрдсэн 50 гаруй хүн сургалтанд хамрагдлаа. Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаярын мэдээлснээр, Монголд 7 хоногт дунджаар 767008652 IP хаягт зөрчил илэрч бүртгэгдэг байна. Үүний 71% нь хортой код, 20% нь системд хайлт хийх, 4,4% нь эмзэг байдлын цоорхой ашиглах, 2,1%-ийг нууц үг тайлах төрлийн зөрчил эзэлж байгаа ажээ. Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Цахим хөгжил харилцаа холбооны яам 2023 онд Япон улсын JICA байгууллагатай хамтран 6 удаагийн сургалт явуулж, 300-аад албан хаагч хамрагдсан байна. Жайка байгууллагатай хамтарсан цуврал сургалт нь ЦХХХЯ, КАБЗ-ийн Ажлын алба хамтран кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн ур чадварыг өсгөх олон чиглэлийн ажлын нэг хэсэг юм.