Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсад нам орбитын аль ч үйлчилгээ эрхлэгч компани бизнес эрхлэх боломж бүрдсэн

2022.11.30

ЦХХХЯ-ны харилцааны холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлайтай ярилцлаа.
Нам орбит гэж юу вэ?
Нам орбитын тухай бидэнд товч тайлбарлаж өгөөч?
Нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ гэхээр хүмүүс төдийлөн нарийн ялгаж ойлгох нь бага. Юуны өмнө уг ойлголтыг тайлбарлая. Манай дэлхийг тойрсон хиймэл дагуулын 3 тойрог зам (oрбит) байдаг бөгөөд түүний хамгийн наана буюу дэлхийгээс 550 орчим км-ийн зайнд орших тойрог замыг “нам орбит” (LEO) гэж нэрлэдэг. Саяхныг хүртэл ихэнх улс орнууд дэлхийн хамгийн алс буюу 35,000 км зайд орших (GEO) орбит дээр хиймэл дагуулуудаа байршуулж байсан бөгөөд энэ нь тодорхой шалтгаантай байсан. Учир нь наана орших нам орбитыг ашиглахын тулд маш олон тооны хиймэл дагуул байршуулах шаардлага гарч, энэ нь хөөргөлтийн зардал өндөр, хиймэл дагуулын амьдрах хугацаа бага гэх зэрэг шалтгааны улмаас бодит ажил болоход хүндрэлтэй байлаа. Үүнийг “SpaceX” компани шийдвэрлэснээр нам орбитын орчныг шинэ өрсөлдөөний талбар болгож чадсан юм. Тэд хиймэл дагуулд масс үйлдвэрлэлийг нэвтрүүлж, өөрийн сансрын хөлгөөр харьцангуй бага зардлаар хөөргөж, дэлхийг бүрхэх сүлжээ үүсгэх эхлэлийг тавьсан нь энэ салбарын бусад тоглогчдыг сэрээсэн гэхэд болно.

Монгол улсад нам орбитын талбарт “Старлинк” компанийн нэр их яригддаг. Бид энэ салбарын бусад тоглогчдын тухай төдийлөн мэдээлэлгүй байна. Манай оронд нам орбитын интернэтийн үйлчилгээ нэвтэрснээр ямар боломж бий болох вэ?

Энэ салбарт дэлхий нийтээрээ Старлинк компанийг хамгийн сайн мэддэг ч ижил төстэй үйл ажиллагааг явуулж буй компаниуд жилээс жилд нэмэгдсээр байна. Үүнд Oneweb, Amazon, Kepler, Telesat, GalaxySpace, GlobalStar, Inmarsat, Iridium, LynkGlobal зэрэг тоглогчид байгаа ба манай улсын Ondosat компани ч энэхүү томоохон зах зээл рүү орохоор ажлаа эхлүүлээд байна. МУ-д нам орбитын үйлчилгээ эрхлэгч орж ирснээр өргөн уудам газар нутагтаа хүн ам нь тархан суурьшсан онцлогтой орны хувьд алслагдсан бүс нутгийн иргэдэд интернэтийн үйлчилгээг хүргэх давуу тал үүснэ. Хэдийгээр бид 328 сум сууринг шилэн кабелийн сүлжээнд холбосон ч 4G үйлчилгээ нэвтрээгүй багууд байсаар байна. 400 орчим алслагдсан баг сүлжээнд холбогдож амжаагүй байгаа. Уг асуудал дээрх технологиор шийдэгдэх боломжтой ч бодит байдал дээр энэ чиглэлийн үйлчилгээ эрхлэгчдийн үнэ тариф хэт өндөр байна. Жишээ нь Старлинк компанийн интернэт үйлчилгээний одоогийн үнэ тариф хэт өндөр байна. Энгийн тооцоо хийж үзэхэд малчин айл 2 сая орчим төгрөгөөр интернэт хүлээн авах төхөөрөмж худалдан аваад үүний дараа сар бүр ойролцоогоор 380.000 төгрөгийн хэрэглээний төлбөрт төлөх шаардлага үүсэх юм. Ирээдүйд чөлөөт өрсөлдөөний зарчмаар энэ үнэ буурах боломжтой гэж харж байна. Тиймээс Цахим хөгжил харилцаа холбооны яам энэ талбарт зах зээлийн өрсөлдөөнийг дэмжинэ.

ОУ-д энэ зах зээлд өрсөлдөөн ямар түвшинд байдаг вэ? Манай улс бодлогоор хэрхэн дэмжиж байгаа вэ?

Одоогоор дэлхийн хиймэл дагуулын бүтээгдэхүүн үйлчилгээний нийт зах зээлийн багтаамж 380 тэрбум ам.доллар байгаа ба 2040 он гэхэд 1,2 их наяд доллар болж өсөх төлөвтэй байгаа нь энэ зах зээлд асар их боломж буйг харуулж байна. Сүүлийн жилүүдэд улс орнууд энэхүү нам орбитын үйлчилгээ эрхлэгчдэд зориулж бодлого, эрхзүйн орчноо тодорхой болгох чиглэлийн ажлуудыг хийсээр байна. Манай улсын хувьд ч 2022 оноос эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийг баталсан.  Энэхүү бодлого батлагдсаны дараа 5 дугаар сарын 13-ны өдөр Starlink компанийн албан ёсны веб хуудсанд тун удахгүй үйлчилгээгээ оруулах орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтааж цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байдаг. Үүний дараа 2022 оны 9 сард тус яамны удирдлагууд Старлинк компанийн удирдлагуудтай уулзалт хийж, Монгол Улсын эрхзүйн орчин, бодлогын баримт бичгийн талаар танилцуулж, Монгол Улс Старлинк компанийн үйлчилгээг нэвтрүүлэхэд хэзээд нээлттэй гэдгээ илэрхийлсэн. Монгол Улсад интернэтийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцдаг бөгөөд Старлинк компанийн хувьд одоогоор тус газарт албан ёсоор хүсэлтээ хараахан ирүүлээгүй байна.

Нам орбитын бодлогын баримт бичгийг батлахдаа ямар зарчим баримталсан бэ?

Дэлхий нийтэд харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээ, интернэтийн бөөний урсгал, интернэтийн жижиглэнгийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд нь тус тусдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байдаг ба манай улсын хувьд ч энэхүү чиг хандлагыг даган хөгжиж ирсэн түүхтэй. Нам орбитын бодлогын чиглэл ч мөн уг бодлоготой уялдан гарсан. Өөрөөр хэлбэл бид нийт нутаг дэвсгэрийг хамарсан шилэн кабелийн суурь сүлжээ, гаднаас манай улсад орж ирж буй интернэтийн бөөний үйлчилгээ, шилэн кабелийн суурь сүлжээг ашиглан иргэдэд хүрч буй өрхийн интернэтийн үйлчилгээ, бидний гар утсанд ирж буй мобайл интернэт зэрэг нь тус тусдаа зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа гэдгийг  салгаж ойлгох хэрэгтэй юм. Монгол Улс нь интернэтийн үнэ тарифын хямд байдлаар Азидаа дээгүүрт ордог орон ба энэ салбарын өрсөлдөөн нь мөн дээрх сүлжээ, үйлчилгээ, бөөний урсгал, жижиглэнгийн урсгал салангид байх бодлого зохицуулалтын орчны хүрээнд өнөөгийн хямд үнэ тарифыг бий болгосон байдаг. Үүнээс дүгнэхэд бид нам орбитын үйлчилгээ эрхлэгчдэд зориулж бодлого, эрхзүйн орчноо бүрдүүлсэн, энэ нь 2005 оноос хойш явж ирсэн харилцаа холбооны салбарын бодлого, эрхзүйн орчинтой уялдсан, мөн чиглэлийн бүх компанид нээлттэй гэж үзэж болох юм.

Бусад мэдээ

Монгол Улсад их хүчний радио станцууд байгуулагдаж, радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ үүссэн нь /Цуврал №3/

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улсад их хүчний радио станцууд байгуулагдаж, радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ үүссэн нь /Цуврал №3/ 2021.01.26 МАХН-ын ТХ-ны УТТ-ны 1956 оны 10 дугаар сарын хурлаар “Харилцаа холбоо, радио өргөн нэвтрүүлгийг 1957-1970 онд хөгжүүлэх ерөнхий схемийг зохиож батлах” үүрэг чиглэл өгөгджээ. Энэ ерөнхий схемд Улаанбаатар хотын урт долгионы нэвтрүүлэх станцын хүчин чадлыг 150 кВт болгох, Баян-Өлгий, Есөнбулагт дунд долгионы станц байгуулах, Улаанбаатар хотоос гадаадын сонсогч нарт зориулсан нэвтрүүлэг дамжуулах, орон нутгийн бүх радио зангилаануудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, зурагт радиогийн төв байгуулах зэрэг хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх зорилт тавьжээ. Хонхор дахь их хүчний радио станц байгуулагдсан нь Монголын талаас Холбооны яамны орлогч сайд М.Чимэддорж, нөгөө талаас “СовМонголметалл” геологи хайгуулын дарга Н.Г.Смирнов нар “Радио станцын техникийн барилга, ажилчдын орон сууц барих газрын геологи хайгуулын ажил хийх, 7 км урт цахилгаан шугам татах, трасс сонгох, 46 км урт радио программ дамжуулах кабель шугамыг хайгуул хийх, 2,5 км авто замын хайгуул хийхээр гэрээ байгуулж,  ЗХУ-ын  Холбооны Яамны  зураг төслийн институт Хонхорын станцын зураг төслийг хийжээ. Радио станцыг барих талбайг Бүхэг, Түргэн, Хүй 7 худагт хайгуулын ажил хийж, дэд бүтцийн хангамжийн дагуу Хонхорыг сонгож, радио төвийн барилгыг Барилгын яам, бусад угсралт монтажийн ажлыг Тээвэр–Холбооны яам гүйцэтгэхээр болжээ. 1959 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн СнЗ-ийн 499 тоот тогтоолоор “Улсын радио нэвтрүүлэх төв”-ийг байгуулжээ. Улмаар БНМАУ-ын Тээвэр-Холбооны яамны 1960 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар “Хонхорын радио нэвтрүүлэх төв”, “Нарангийн радио хүлээн авах төв” хоёрыг нэгтгэж, “Улсын радио нэвтрүүлэх төв” байгуулав. Тухайн үедээ бүтээн байгуулалтын өргөн талбар болж, хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн асар том барилга байгууламж болох Радио нэвтрүүлэх төв 1960 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ашиглалтанд орсон байна. Тус станцыг В.И.Лениний мэндэлсэний 90 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын зарлигаар түүний нэрэмжит болгожээ. Радио нэвтрүүлэх төвийг нээж, ашиглалтанд оруулах цуглаанд нам засгийн удирдагчид Ю.Цэдэнбал, Б.Балжинням, Ц.Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Д.Төмөр-Очир, Н.Жагварал, Д.Майдар нарын тухайн үеийн бүх яамдын сайд дарга нар болон гадаад орнуудаас суугаа Элчин сайдууд оролцжээ. Цуглааныг Улаанбаатар хотын намын хорооны 1-р нарийн бичгийн дарга н.Лувсанравдан нээж үг хэлсний дараа тус төвийг В.И.Лениний нэрэмжит болгосон БНМАУ-ын АИХ-ын зарлигийг ИХ-ын тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Балжинням уншиж танилцуулжээ. Нам засгийн удирдагч Ю.Цэдэнбал Хонхор дахь шинэ станцын залгах кнопыг дарж, ажиллагаанд оруулсан байна. Хонхор дахь Радио нэвтрүүлэх төвийг нээж Д.Моломжамц үг хэлж байгаа нь /1960.4.22/ Радио нэвтрүүлэх төвийн нээлтэнд оролцсон нам засгийн удирдагчид /1960.4.22/ Тус нэвтрүүлэх төв ашиглалтанд орсноор үндэсний радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хүчин чадал 1934 онд ашиглалтанд орсон станцынхаас 15 дахин ихэсч, радио сонсголын чанар орон нутагт эрс сайжирсаны зэрэгцээ гадаад орны сонсогчдод зориулсан тусгай нэвтрүүлгийг богино долгионы станцаар дамжуулах техникийн боломж бүрдсэн юм. 1960 онд ашиглалтанд орсон Радио нэвтрүүлэх төвийн дэд бүтэц бүхий иж бүрэн барилга байгууламж нь: Урт долгионы 257 метр өндөртэй антенн матч, Эрчим хүчний 35/6 кВ, 2000 кВа дэд станц, Улаанбаатар-Хонхорыг холбосон программ дамжуулах 28 км кабель шугам, СДВ-150кВт хүчин чадалтай “Иней” маркийн их хүчний урт долгионы нэг иж бүрэн радио нэвтрүүлэх станц, Богино долгионы цараанд ажиллах РГД65/4,ВГДШ, ВГДШ-2У маркийн 16-53 метр өндөртэй 23 ширхэг антеннууд, КВ-15/25М кВт чадалтай “Урал” маркийн их хүчний богино долгионы станц хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд, КВ-50 кВт-ын хүчин чадалтай “Снеги” маркийн их хүчний богино долгионы хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд, КВ-5кВт-ын хүчин чадалтай “Град” маркийн богино долгионы хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд, Хонхорт байрлах 18 айлын болон Нарангийн хүлээн авах станцын 27 айлын орон сууцууд, Наранд байрлах хүлээн авах иж бүрэн станцуудаас тус, тус бүрдэж байв. Радио нэвтрүүлэх төвийн анхны инженер Ц.Мятав ДСВ-150кВт нэвтрүүлэгчийг тохируулж байгаа нь. 1960 онд ашилалтанд орсон Радио нэвтрүүлэх төвийн хөргөлтийн төхөөрөмжүүд. Техникч С.Жигжид Хонхорын станцын анхдагчууд Хонхор дахь радио нэвтрүүлэх төв ашиглалтанд орсноор 1961 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн радио өргөн нэвтрүүлгийг нэг ба хоёрдугаар программаар өдөр бүр 21 цагийн нэвтрүүлэг дамжуулдаг болж, улмаар 1964 оны 6 дугаар сараас “Улаанбаатараас ярьж байна” гадаад хэлний нэвтрүүлгийг монгол, хятад хэлээр Хөх хот, Бээжин чиглэлд, 1965 оны 1 дүгээр сараас Алс дорнод, Зүүн өмнөд Азийн чиглэлд 7 хоногт 2 удаа англи хэлний, 1970 оноос Африкийн чиглэлд франц хэлээр тус, тус Хонхор дахь богино долгионы КВ-25, КВ-50 кВт-ын нэвтрүүлэгчүүдээр дамжуулан нэвтрүүлж эхэлсэн байна. Мөн 1965 оноос Улсын радио нэвтрүүлэх төвийн богино долгионы 50 ба 25 кВт-ын радио станцуудаар ЗХУ-ын Холбооны Яамтай байгуулсан гэрээний дагуу “Зөвлөлтийн тусгай гадаад нэвтрүүлэг”-ийг дахин дамжуулж байв. МАХН-ын  Төв Хорооны 108 тоот тогтоолоор 1975 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монголын радиогийн 1 дүгээр программын нэвтрүүлгийг улс орон даяар өдөр бүр 06.00-23.00 цагт тасралтгүй дамжуулж байхаар шийдвэрлэжээ. Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр     Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“DRONECON-2026” Олон улсын тэмцээний аваргууд тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) жолоодлогын олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, БНХАУ, Япон Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, БНСУ, ОХУ зэрэг 7 орны 52 баг тамирчид 3 төрлөөр өрсөлдөн, шилдгүүдээ тодруулсан юм. ​Шагнал гардуулах ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газар нам өндрийн эдийн засгийг зөвхөн шинэ технологийн чиглэл бус, харин үндэсний хөгжил, эдийн засгийн бүтээмж, аюулгүй байдал, дижитал шилжилтийг холбосон шинэ стратегийн орон зай гэж үзэж байна” хэмээн онцлов. Түүнчлэн Засгийн газраас энэ салбарыг хөгжүүлэхдээ нийтийн болон агаарын тээврийн аюулгүй байдлыг хамгийн дээд түвшинд хангах, мөн инновац, бизнесийн санаачилгыг дэмжсэн ойлгомжтой, уян хатан, цахим зохицуулалтын орчныг бүрдүүлэх гэсэн хоёр үндсэн зарчмыг баримтлахыг дурдлаа. ​Дрон инженерчлэл, кодчилол, нислэгийн удирдлага, дата боловсруулалт, хиймэл оюун ухаан, геомэдээллийн систем зэрэг шинэ ур чадварууд нь Монголын залуучуудад дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг нээж байгааг Ерөнхий сайд цохон тэмдэглэв. “Иймээс боловсрол, мэргэжлийн сургалт, инновацын төвүүд, тэмцээн уралдаан, дадлагын хөтөлбөрүүдийг бодлогоор дэмжих нь нам өндрийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс болно” гэлээ. ​Ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар оролцож, шилдгээр шалгарсан баг, тамирчдад баяр хүргэн амжилт хүслээ. Шилдэг тамирчдыг танилцуулъя. БАГИЙН ДРОНЫ АНГИЛАЛ I байр. Алтан медаль: CHOPAN багийн тамирчин Takano Kanata /Япон Улс/                                               Lee Minseo /БНСУ/                                               Peng Longxin /БНХАУ/ II байр. Мөнгөн медаль: APEX багийн тамирчин       А.Дөлгөөн /ЗХЖШ/                                               Ц.Хас-Очир /ЗХЖШ/                                                Г.Тэнтэргэл /Дархан-Уул аймгийн ХУРДАН клуб/ III байр. Хүрэл медаль: TATAR багийн тамирчин      О.Эрдэмтулга                                               С.Улсболд                                               Б.Алтантүрүү МЭРГЭЖЛИЙН ЕРӨНХИЙ АНГИЛАЛ I байр. Алтан медаль: Lee Minseo /БНСУ/ II байр. Мөнгөн медаль: Yu Jingchun /БНХАУ/ III байр. Хүрэл медаль: Yu Enning /БНХАУ/ ЖИЖИГ ДРОНЫ АНГИЛАЛ I байр. Алтан медаль: Lee Minseo /БНСУ/ II байр. Мөнгөн медаль: О.Эрдэмтулга /Монгол Улс/ III байр. Хүрэл медаль: Kunilov Theodore /ОХУ/ Олон улсын тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, хамтран зохион байгуулагчаар Батлан хамгаалах яам, Зам, тээврийн яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Радио телевизийн үндэсний сүлжээ, Монголын дрон нисгэгчдийн холбоо, Монголын нисгэгчгүй хэрэгслийн холбоо, Монголын STEAM боловсролын академи, Юнител группт, МИАТ нийт 30 гаруй байгууллага ажиллалаа.

“Цахим орчин-Хүний эрх” хэлэлцүүлэг өрнөлөө

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Цахим орчин-Хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.05.16/ Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагын 30 орчим төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгээр оролцогч байгууллагуудаас дараах сэдвийн хүрээнд илтгэл, танилцуулга хийж, цахим орчин дахь хүний эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийн талаар санал солилцлоо. “Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван “Мэдээллийн сүлжээний зохицуулалт, тулгамдаж буй асуудал” ХХЗХ газрын дарга Т.Батболд “Цахим орчин дахь хүний эрхийн зөрчлийн асуудал” Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа “Цахим орчин дахь хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал гарц шийдэл” Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Хэлэлцүүлгийн дүнд Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Хууль зүй, дотоод хэргийн яам, шаардлагатай бол Гадаад хэргийн яамны төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах саналтай буйгаа илэрхийлж, Мета компанитай гадаад харилцааны чиглэлээр хамтарч ажиллах, төрийн байгууллагын уялдаа холбоог хангах, судалгааг санхүүжүүлэх, цаашлаад эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэдэд боловсрол мэдээлэл олгох нөлөөллийн ажлыг зохион байгуулах, мэдээллийг хурдан хугацаанд солилцож, шуурхай арга хэмжээ авахад оролцогч байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон юм.