Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Монгол Улсад нам орбитын аль ч үйлчилгээ эрхлэгч компани бизнес эрхлэх боломж бүрдсэн

2022.11.30

ЦХХХЯ-ны харилцааны холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлайтай ярилцлаа.
Нам орбит гэж юу вэ?
Нам орбитын тухай бидэнд товч тайлбарлаж өгөөч?
Нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ гэхээр хүмүүс төдийлөн нарийн ялгаж ойлгох нь бага. Юуны өмнө уг ойлголтыг тайлбарлая. Манай дэлхийг тойрсон хиймэл дагуулын 3 тойрог зам (oрбит) байдаг бөгөөд түүний хамгийн наана буюу дэлхийгээс 550 орчим км-ийн зайнд орших тойрог замыг “нам орбит” (LEO) гэж нэрлэдэг. Саяхныг хүртэл ихэнх улс орнууд дэлхийн хамгийн алс буюу 35,000 км зайд орших (GEO) орбит дээр хиймэл дагуулуудаа байршуулж байсан бөгөөд энэ нь тодорхой шалтгаантай байсан. Учир нь наана орших нам орбитыг ашиглахын тулд маш олон тооны хиймэл дагуул байршуулах шаардлага гарч, энэ нь хөөргөлтийн зардал өндөр, хиймэл дагуулын амьдрах хугацаа бага гэх зэрэг шалтгааны улмаас бодит ажил болоход хүндрэлтэй байлаа. Үүнийг “SpaceX” компани шийдвэрлэснээр нам орбитын орчныг шинэ өрсөлдөөний талбар болгож чадсан юм. Тэд хиймэл дагуулд масс үйлдвэрлэлийг нэвтрүүлж, өөрийн сансрын хөлгөөр харьцангуй бага зардлаар хөөргөж, дэлхийг бүрхэх сүлжээ үүсгэх эхлэлийг тавьсан нь энэ салбарын бусад тоглогчдыг сэрээсэн гэхэд болно.

Монгол улсад нам орбитын талбарт “Старлинк” компанийн нэр их яригддаг. Бид энэ салбарын бусад тоглогчдын тухай төдийлөн мэдээлэлгүй байна. Манай оронд нам орбитын интернэтийн үйлчилгээ нэвтэрснээр ямар боломж бий болох вэ?

Энэ салбарт дэлхий нийтээрээ Старлинк компанийг хамгийн сайн мэддэг ч ижил төстэй үйл ажиллагааг явуулж буй компаниуд жилээс жилд нэмэгдсээр байна. Үүнд Oneweb, Amazon, Kepler, Telesat, GalaxySpace, GlobalStar, Inmarsat, Iridium, LynkGlobal зэрэг тоглогчид байгаа ба манай улсын Ondosat компани ч энэхүү томоохон зах зээл рүү орохоор ажлаа эхлүүлээд байна. МУ-д нам орбитын үйлчилгээ эрхлэгч орж ирснээр өргөн уудам газар нутагтаа хүн ам нь тархан суурьшсан онцлогтой орны хувьд алслагдсан бүс нутгийн иргэдэд интернэтийн үйлчилгээг хүргэх давуу тал үүснэ. Хэдийгээр бид 328 сум сууринг шилэн кабелийн сүлжээнд холбосон ч 4G үйлчилгээ нэвтрээгүй багууд байсаар байна. 400 орчим алслагдсан баг сүлжээнд холбогдож амжаагүй байгаа. Уг асуудал дээрх технологиор шийдэгдэх боломжтой ч бодит байдал дээр энэ чиглэлийн үйлчилгээ эрхлэгчдийн үнэ тариф хэт өндөр байна. Жишээ нь Старлинк компанийн интернэт үйлчилгээний одоогийн үнэ тариф хэт өндөр байна. Энгийн тооцоо хийж үзэхэд малчин айл 2 сая орчим төгрөгөөр интернэт хүлээн авах төхөөрөмж худалдан аваад үүний дараа сар бүр ойролцоогоор 380.000 төгрөгийн хэрэглээний төлбөрт төлөх шаардлага үүсэх юм. Ирээдүйд чөлөөт өрсөлдөөний зарчмаар энэ үнэ буурах боломжтой гэж харж байна. Тиймээс Цахим хөгжил харилцаа холбооны яам энэ талбарт зах зээлийн өрсөлдөөнийг дэмжинэ.

ОУ-д энэ зах зээлд өрсөлдөөн ямар түвшинд байдаг вэ? Манай улс бодлогоор хэрхэн дэмжиж байгаа вэ?

Одоогоор дэлхийн хиймэл дагуулын бүтээгдэхүүн үйлчилгээний нийт зах зээлийн багтаамж 380 тэрбум ам.доллар байгаа ба 2040 он гэхэд 1,2 их наяд доллар болж өсөх төлөвтэй байгаа нь энэ зах зээлд асар их боломж буйг харуулж байна. Сүүлийн жилүүдэд улс орнууд энэхүү нам орбитын үйлчилгээ эрхлэгчдэд зориулж бодлого, эрхзүйн орчноо тодорхой болгох чиглэлийн ажлуудыг хийсээр байна. Манай улсын хувьд ч 2022 оноос эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийг баталсан.  Энэхүү бодлого батлагдсаны дараа 5 дугаар сарын 13-ны өдөр Starlink компанийн албан ёсны веб хуудсанд тун удахгүй үйлчилгээгээ оруулах орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтааж цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байдаг. Үүний дараа 2022 оны 9 сард тус яамны удирдлагууд Старлинк компанийн удирдлагуудтай уулзалт хийж, Монгол Улсын эрхзүйн орчин, бодлогын баримт бичгийн талаар танилцуулж, Монгол Улс Старлинк компанийн үйлчилгээг нэвтрүүлэхэд хэзээд нээлттэй гэдгээ илэрхийлсэн. Монгол Улсад интернэтийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцдаг бөгөөд Старлинк компанийн хувьд одоогоор тус газарт албан ёсоор хүсэлтээ хараахан ирүүлээгүй байна.

Нам орбитын бодлогын баримт бичгийг батлахдаа ямар зарчим баримталсан бэ?

Дэлхий нийтэд харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээ, интернэтийн бөөний урсгал, интернэтийн жижиглэнгийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд нь тус тусдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байдаг ба манай улсын хувьд ч энэхүү чиг хандлагыг даган хөгжиж ирсэн түүхтэй. Нам орбитын бодлогын чиглэл ч мөн уг бодлоготой уялдан гарсан. Өөрөөр хэлбэл бид нийт нутаг дэвсгэрийг хамарсан шилэн кабелийн суурь сүлжээ, гаднаас манай улсад орж ирж буй интернэтийн бөөний үйлчилгээ, шилэн кабелийн суурь сүлжээг ашиглан иргэдэд хүрч буй өрхийн интернэтийн үйлчилгээ, бидний гар утсанд ирж буй мобайл интернэт зэрэг нь тус тусдаа зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа гэдгийг  салгаж ойлгох хэрэгтэй юм. Монгол Улс нь интернэтийн үнэ тарифын хямд байдлаар Азидаа дээгүүрт ордог орон ба энэ салбарын өрсөлдөөн нь мөн дээрх сүлжээ, үйлчилгээ, бөөний урсгал, жижиглэнгийн урсгал салангид байх бодлого зохицуулалтын орчны хүрээнд өнөөгийн хямд үнэ тарифыг бий болгосон байдаг. Үүнээс дүгнэхэд бид нам орбитын үйлчилгээ эрхлэгчдэд зориулж бодлого, эрхзүйн орчноо бүрдүүлсэн, энэ нь 2005 оноос хойш явж ирсэн харилцаа холбооны салбарын бодлого, эрхзүйн орчинтой уялдсан, мөн чиглэлийн бүх компанид нээлттэй гэж үзэж болох юм.

Other news

“Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөг хойд бүсэд үргэлжилж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх Б.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг хойд бүсийн эхний аймаг Хөвсгөл аймагт “Цахимд хэвшье” арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цахим хөгжлийн өдөрлөгийн хүрээнд ЦХХХЯ болон харьяа, салбар байгууллагын төлөөлөл, төр, хувийн хэвшлийн хамтарсан баг аймаг, орон нутаг дахь цахим шилжилт ямар түвшинд байгааг үнэлж дүгнэхийн зэрэгцээ тулгамдаж буй асуудлуудад шийдэл, санал болгох, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, үзэсгэлэн худалдаа, жижиг дунд, хувиараа бизнес эрхлэгчдэд бизнесээ хэрхэн өргөжүүлэх, программ хангамжийн танилцуулга, сургалт зэрэг арга хэмжээ нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна. Хөвсгөл аймгийн 22 сум, 1 тосгонд өндөр хурдны интернэтийн 1480 км шилэн кабелийн сүлжээ нэвтэрсэн ба нийт хүн амын 95.8% интернэтийн сүлжээнд холбогдсон. 129 багийн 25 нь 4G, 82 баг нь 3G сүлжээнд холбогдож, аймгийн хэмжээнд цахилгаан холбооны гурвалсан үйлчилгээг Цагаан уул, Тариалан, Тосонцэнгэл сум, Хатгал тосгонд нэвтрүүлсэн. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д 76 үйлчилгээг холбосон бол 4 байршилд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг үйл ажиллагаагаа явуулж, өнөөдрийн байдлаар 12000 гаруй иргэдэд төрийн үйлчилгээг хаанаас ч ойр хүргэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд нийт 47000 иргэнийг тоон гарын үсэгтэй болгохоор тооцсоноос 4.465 иргэн буюу 9.7% нь тоон гарын үсэгтэй болсон байна.

”Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал” 2 дахь өдрөө Цахим сайд нарын хурлаар үргэлжилж байна

ҮЙЛ ЯВДАЛ ”Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал” 2 дахь өдрөө Цахим сайд нарын хурлаар үргэлжилж байна 2022.11.10 Өнөөдөр тус хуралд оролцож буй дэлхийн улс орнуудаас 15 улсын сайд өөрийн улсын цахим хөгжлийн тухай танилцууллаа. ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол улсын цахим хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, бий болж буй боломжууд, цаашдын чиг хандлага, ОУ-ын хамтын ажиллагааны хүрээнд илтгэл тавьсан юм. Тус хурлын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-ын Шинжлэх Ухаан, Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн сайд Ли Жон Хо-той санал солилцлоо. Сайд Н.Учрал: Хоёр улсын нөхөрсөг хамтын ажиллагааны үр дүнд төр болон хувийн хэвшлийн төвшинд мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт олон төслүүд амжилттай хэрэгжсэнийг дурдаад талархал илэрхийлсэн бол БНСУ-ын Шинжлэх Ухаан, Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн сайд Ли Жон Хо: Монгол улсад ЦХХХ-ны яам байгуулагдан ажиллаж байгааг сайшааж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ. “Ази, Номхон далайн бүсийн дижитал сайд нарын анхдугаар бага хурал-2022” нь дижитал шилжилтийг ахиулах, бүс нутгийн дижитал хамтын ажиллагааг бэхжүүлэх нөхцөл байдал, сорилт бэрхшээл, арга замыг хэлэлцэх томоохон боломж юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Хиймэл оюуны үндэсний стратегийг олон нийтэд танилцуулна

Эртний Грекийн домогт оюун ухаант машин гэдэг ойлголт гарч ирж, 1956 онд судалгааны салбар болон хөгжиж ирсэн хиймэл оюун (AI) нь технологийн үсрэнгүй хөгжлийн ачаар өнөөдөр урьд урьдынхаасаа илүүтэй олны анхаарлын төвд орлоо.  Түүний ололт амжилт, хууль эрх зүйн зохицуулалт, дээд хэмжээний уулзалтууд мэдэгдэхүйц нэмэгдэж, дэлхийн Засгийн газрууд түүний үр нөлөөг хүлээн зөвшөөрч эхлэв.  2017 онд БНХАУ, Канад, АНЭУ, Франц зэрэг дөрвөн улс хиймэл оюуны стратегиа дэлхий дахинд анхлан зарлаж байсан бол өдгөө 77 улс стратегиа баталж, түүний хөгжүүлэлт, зохицуулалт, ёс зүйн асуудалд чиглүүлэх бодлогоо боловсруулсан талаар Oxford Insight байгууллагын 2024 онд гаргасан тайланд дурджээ.  2024 онд 12 улс хиймэл оюун ухааны стратегиа олон нийтэд зарласан нь 2023 онтой харьцуулахад гурав дахин өсчээ. Эдгээр стратегийн талаас илүү хувь нь дундаас доогуур болон бага орлоготой орнууд байсан нь түүхэн хоцрогдолтой эдийн засгийн орнуудын дунд “Хиймэл оюуны Засаглал” эрчимтэй хөгжиж буйг харуулж байна. Тухайбал, 2023 онд Руанда хиймэл оюун ухааны стратеги зарласан бага орлоготой анхны улс болж байсан бол 2024 онд Этиоп хоёр дахь улсаар тодорлоо.  Харин Монгол Улс хиймэл оюуны стратегигүй цөөн орны нэг. Бид хиймэл оюуны бэлэн байдлын олон улсын үнэлгээгээр 2024 онд 98 дугаарт эрэмбэлэгдсэн нь 2023 онтой харьцуулахад 11 байраар урагшилсан амжилтыг үзүүлсэн. Гэхдээ олон улсад алсын хараагүй орны тоонд орж буй.  Хиймэл оюуны алсын харааг тодорхойлох нь зөвхөн технологийн хөгжлийг бус үндэсний тогтвортой хөгжил, иргэдийн сайн сайхан байдал, улс орны дэлхийн тавцанд өрсөлдөхүйц байр суурь эзлэх гол хүчин зүйл болох юм.  Иймд Монгол Улсад хиймэл оюуны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, цаашдын бодлогын суурь мэдээллийг бүрдүүлэх зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээ”-г хийж гүйцэтгэлээ. Энэхүү үнэлгээг хийхдээ төр, хувийн хэвшил, ШУА-ийн эрдэмтэд, их дээд сургуулийн багш нар болон хиймэл оюуныг хөгжүүлж буй залуустай цуврал хэлэлцүүлэг өрнүүлж, санал зөвлөмжид тулгуурлан Монгол Улс “Хиймэл оюуны үндэсний стратегиа” олон нийтэд танилцуулахад бэлэн боллоо.   Хиймэл оюуны үндэсний стратегийг танилцуулж, олон нийтээр хэлэлцүүлэх анхдугаар чуулган 2025 оны 02-р сарын 13-нд Төрийн ордонд болно.  Тус чуулганд оролцож, хиймэл оюуны үндэсний стратегид өөрийн хувь нэмрээ оруулах бол та доорх QR -р бүртгүүлнэ үү.