Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Монголын мэдээллийн технологийн салбарын удирдах түвшний “OpenTech Executive Summit 2026” арга хэмжээнд салбарын бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн талаар нээлттэй хэлэлцүүллээ. Мөн Үндэсний дата төвийн гүйцэтгэх захирал Б.Дагвасүмбэрэл, “И Монгол академи” УТҮГ-ын гүйцэтгэх захирал М.Баттулга нар оролцов.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын бодлогын тэргүүлэх чиглэлүүд нь:
-Өгөгдөлд суурилсан цахим эдийн засгийг хөгжүүлэх;
-Хиймэл оюунд суурилсан инновацыг дэмжих;
-Цахим засаглалыг бэхжүүлж, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх;
-Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулж, нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог хамгаалах;
-Бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх.
Манай улсын хувьд цаг агаар, газар зүйн байршлын давуу талаа ашиглаж ногоон буюу сэргээгдэх эрчим хүчний найдвартай, хямд эх үүсвэр бүхий дата төвүүд байгуулах боломжтой. Тиймээс үүний хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, дата төвийн үйл ажиллагаа эрхлэгчдэд:
– Эрчим хүчний бие даасан байдал;
– Харилцаа холбооны сүлжээний бие даасан байдал;
– Хууль, эрх зүйн хараат бус байдлыг нэг дор санал болгож буй.
Өгөгдөлд суурилсан цахим эдийн засгийг хөгжүүлэх гол бодлого юунд чиглэх вэ?
Өнөөдөр Монголд хамгийн том өгөгдлийн эзэмшигч, хэрэглэгч нь төр байна. Иймээс өгөгдлийн төвлөрсөн бүтцээс тархмал дэд бүтцэд шилжих шилжилтийн ажлыг эхлүүлсэн бөгөөд төр-хувийн хэвшлийн түншлэлээр дотоодын хөрөнгө оруулалттай дата төвүүдэд төрийн өгөгдлийн тархмал дэд бүтцийг байршуулж ажиллах юм. Энэ бүхэнд тулгуурласан цогц бодлогыг боловсруулж, гүйцэтгэх, хэрэгжих суурь орчныг бүрдүүлэхийн тулд Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг салбарын оролцогч талууд, төлөөллүүд, мэргэжилтнүүдийн хамтаар боловсруулж байна. Хуулийн төслийг тун удахгүй олон нийтээр хэлэлцүүлж эхэлнэ.













