Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Digital Nation – 2021 | Амьдралыг хөнгөвчилсөн 10 ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ

2021.08.30

Төрийн үйлчилгээг нэг дороос авч, хүссэн цагтаа такси дуудаж, зоогийн газрын амтат хоолыг хаанаас ч хамаагүй захиалж, автобус хүлээж түүртэлгүй чиглэлийг нь дор нь харчихна… Өдрөөс өдөрт шинэчлэгдэн, хөгжиж буй мэдээлэл технологийн өнөө үед монголчууд бид хэрхэн цахим үндэстэн болох эхлэлээ тавив? Нэг цахим үйлчилгээний ард л гэхэд тооцоолж барамгүй цаг зав, мөнгөн урсгал, дэмий зардал, алдагдсан боломжийн өртөг хэмнэгдэж байдаг. Хурууны үзүүрээ хөдөлгөөд л өдөр тутмын амьдралыг хөнгөвчилсөн дотоодын цахим үйлчилгээнүүдийг нэгтгэн хүргэж байна. #1 Мобайл банк – Бүх банкны аппликейшн Бэлэн мөнгө, картын хэрэглээ бага багаар цахимжсаар ухаалаг утасны аппликейшн бүгдийг нь орлохуйц болжээ. Өөрийн ашигладаг банкны аппликейшнээ татаад л, интернэт банктай болчихсон байхад түрийвчээ орхих, картаа мартах асуудал үгүй.

#2 Нийтийн тээврийн төлбөр, чиглэл: Umoney Hipay + UB Smart Bus 

Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ картаа цэнэглэх цэг хайж явдаг цаг өнгөрчээ. Hipay ашиглаад гар утсаараа шуудхан л цэнэглэчихнэ. Мөн хаана хэзээ автобусанд сууж, бууснаа харж ч болно. Umoney-оор нийтийн тээвэр, хот хоорондын тээвэр, нислэг, галт тэрэгний хуваарийг харж болох бол UB Smart Bus-аар нийтийн тээврийн дэлгэрэнгүй чиглэл, зогсоолыг харах боломжтой.

#3 Такси дуудлага: Ubcab

Аюулгүй, найдвартай, түргэн шуурхай такси үйлчилгээний тэргүүлэх сүлжээ. Жолоочийн тухай мэдээллийг харж, үнэлгээ өгч, хэрэгцээтэй үедээ хүргэлт хийлгэж, тусгай VIP такси ч дуудаж болох ухаалаг платформ бол яах аргагүй Ubcab.

#4 Хоол хүргэлт: Tok tok Songo Toki 

Дээрх аппликейшнүүдийн “ачаар” бид хүссэн ресторан, зоогийн газрынхаа цэстэй танилцаж, хаягаа оруулаад л хоолоо хүргүүлэн авах боломжтой болжээ. Газрын зураг, хаягаа оруулах ухаалаг цэстэй, тооцоогоо мобайлаар, бэлнээр, картаар гээд төрөл бүрээр төлж болох тул ямар ч асуудал гарахгүй.

#5 Цахим төлбөрийн баримтын систем: Ebarimt

Төлбөрийн баримтаа утасны камераараа уншуулаад л болоо! Мөн татварын буцаан олголт, сугалааны дүнгээ харахаас гадна өөрийн зарлагаа төрөл ангиллаар нь хуваан, тооцоолох боломжтой.

#6 Үндэсний сошиал аппликейшн: Mongol Chat + Meme Chat

Эх хэлээрээ чатлах боломжтой, монгол залуусын бүтээсэн аппликейшнүүд. Фэйсбүүкийн мессенжерт байдаг бүх функцүүдтэй бөгөөд төлбөр тооцоо хийх гэх мэт нэмэлтүүдтэй.

#7 Төрийн үйлчилгээ: E-Mongolia

Иргэний үнэмлэхийн лавлагаанаас эхлээд компани байгуулах, орон сууц худалдан авах, боловсрол, тээврийн хэрэгслийн лавлагаа гээд 540 төрлийн үйлчилгээг шууд авах боломжтой сайт. Төрийн үйлчилгээг иргэн бүрт ойртуулсан томоохон дэвшил юм. Мөн төрийн үйлчилгээний тухай мэдээлэл авч, ойлголт мэдлэгтэй болоход ч хэрэгтэй.

#8 Боловсрол: Mplus Esan Tomyo Mongoltoli.mn 

Цахим ном унших, татаж авах, зохиолч бүтээгч нарт хөрөнгө оруулах, олон улсын сэтгүүл, судалгааны материал уншихад Mplus, Esan тусалж чадна. Харин цахим сургалтын Tomyo сайт нь хэрэглэхэд хялбар, академик хичээлүүдтэй бөгөөд даруй 200,000 гаруй хэрэглэгчтэй болоод байна. Зөв бичгийн дүрэм шалгах, эх хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд Mongoltoli.mn тусалж чадна.

#9 Эх хэл: Ikon + Chimege

Бүх төрлийн ухаалаг төхөөрөмжүүдтэй хоршин ажиллах эл хоёр технологи нь монгол кирилл үсэг ашиглах боломжийг бүрдүүлсэн бөгөөд ашиглахад тун хялбар. Монгол яриаг бичвэрт буулган хөрвүүлэх ухаалаг Чимэгэ системийн монгол хэлний нарийвчлал 97 хувь байгаа нь олон улсад өндөрт тооцогдох үзүүлэлт юм.

#10 Үүрэн телефон: Unitel Mobicom Skytel My GMobile

Гар утсаараа утасны төлбөр тооцоогоо хийж, нэгж дата худалдан авч, хэрэглээний дэлгэрэнгүй зардлаа харах боломжтой. Утастай хэн бүхний заавал татах ухаалаг үйлчилгээний нэг.

Дашрамд дурдахад, шинэ технологи шилдэг шийдлүүд бүхий мэдээлэл технологийн хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс эхлэн “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжлөө. Уг арга хэмжээнд очихыг хүсвэл есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнг зориорой.

 

Бусад мэдээ

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх сайд нарын хамтарсан уулзалт болов

Цахим эрүүл мэндийн олон улсын индексээр манай улс оноо авч үнэлэгдэж чадаагүй байна. Тодруулбал, стратеги-хөрөнгө оруулалт, ажиллах хүчний чадавх, стандарт-зохилдлого, үйлчилгээ-апп хэсгийг үнэлэх боломжгүй хэмээн дүгнэсэн байгаа юм. Тиймээс дээрх чиглэлд технологийн шийдлийг нэвтрүүлэх шаардлага бий. Харин аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлаар Ховд, Увс, Завхан, Дорнод, Дорноговь тэргүүлж байна. Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлж, иргэдэд үр дүнгээ өгөх шийдлийг ярилцахаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд болон Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан уулзалт 12-р сарын 25-ны өдөр боллоо. ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Эрүүл мэндийн яамны зүгээс эрүүл мэндийн салбарын цахимжилтийн чиглэлд санаачилга гарган ажиллаж байгаад талархал илэрхийлье. Хоёр яам энэ чиглэлд онцгойлон анхаарч, эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хамтарч ажиллаж байна. Цахим шилжилтийг төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн салбарт чухалчлан авч үздэг. Эдгээр нь хүн бүрт шууд мэдрэгддэг, систем хэдхэн минут гацахад иргэд дургуйцлээ хамгийн ихээр илэрхийлдэг салбар юм. Мөн эмийн бүртгэлийг цаашид яах вэ гэдэг асуудал ч гарч ирнэ. Үүнийг блокчейн технологиор шийдсэн улсууд ч байна. Түүнчлэн хамгийн олон цахим систем эрүүл мэндийн салбарт байгаа учраас үүнийг интеграцчилах нь чухал. Энэ мэт олон асуудал эрүүл мэндийн цахим шилжилтийн хүрээнд яригдана” гэж онцлов. Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10 заалтын хэрэгжилтийг хангахын тулд Эрүүл мэнд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын хамтарсан тушаалыг яаралтай шинэчлэн батлах асуудлыг уулзалтын үеэр ажлын хэсгийнхэн хөндлөө. ЭМЯ-наас цахим бодлогын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэрэгцээтэй датаг цуглуулж, боловсруулж, ашиглахад анхаарч байна. Энэ чиглэлд өгөгдөл давхардсан, хэрэгцээгүй дата байгаа учраас эхнээс нь цэгцэлж, боловсруулахаар ажиллаж байгаа аж. Мөн өгөгдлийн аюулгүй байдлыг хангаж, суурь асуудлыг шийдвэрлэхээр зорьжээ. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Цаг үетэй холбоотойгоор хоёр сайдын хамтарсан журмыг шинэчлэх ажлыг дэмжиж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын цахимжилтийг иргэдэд мэдрүүлж, бодит үр дүнд хүрэхийн тулд цогц шийдэл хэрэгтэй. Манайх шиг тархай бутархай нутагт цахимжилт бол иргэдэд үр дүнгээ өгөх шийдэл мөн. Хамгийн гол нь цахим гээд байгаа ч давхар цаасаар бүртгэл хийгдээд байвал утгагүй. Цахимаар, утсаар, биеэр очиход өөр өөр цаг авч байна. Энэ мэт уялдаагүй асуудлыг цогц байдлаар шийдэх нь чухал” хэмээн ярилаа. Он гарсаар Эрүүл мэндийн байгууллагын систем хөгжүүлэгч 10 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллажээ. Эмийн жор бичигдэх, эмийн жор дээрх эмийг худалдаж авсан, шинжилгээний хариу гарах, бусад эмнэлгээс өвчтөний мэдээлэл харах, даатгалтай тусламж үйлчилгээ авах, эмнэлэг нэхэмжлэх, гуравдагч этгээдэд дамжуулах, эмч товлолт үзлэгээр тухайн иргэнийг дуудад үед “e-mongolia”-р дамжин мэдэгдэл очдог аж.   Мөн Монгол Улсад бүртгэлтэй бүх эмийн жорыг цахим хэлбэрт шилжүүлсэн. 10 орчим төрлийн 120 гаруй эмийн хэрэглэх заавар, хориглож заалт, гаж нөлөөний талаарх аудио тайлбар, дохионы хэл, текст хэлбэрээр оруулжээ. Тиймээс иргэд “e-mongolia”, КИОСК, гар утсанд суурилсан мэдээлэл авахаас гадна ХУРДАН цэгээр дамжуулан эмнэлгийн цаг болон бусад үйлчилгээг авах боломжтой. Тус цэг нийслэлд 1 болон 3-р эмнэлгийн хүлээн авах хэсэгт байгаа бол Завхан, Говь-Алтай, Архангай зэрэг аймгийн нэгдсэн эмнэлэгт бий. Тодруулбал,  1-р эмнэлэг 40510, 3-р эмнэлэг 17579 буюу нийт 58,089 үйлчилгээ үзүүлжээ.

“Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын цахим хөгжил” сэдэвт семинар болж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ) Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ), Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Ази болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл (ТУХН)-ийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын цахим хөгжил” сэдэвт семинарыг 2023 оны 9 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологи (МХХТ)-ийн бодлого боловсруулах, зохицуулалтын дүрэм, журмыг шинэчлэх нь тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Эдгээр орнуудад МХХТ-ийн үр дүнтэй бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд олон улсын холболт болон интернэтэд нэвтрэх боломж хязгаарлагдмал, бүх нийтийн холболтын газарзүйн болон байр зүйн нарийн төвөгтэй байдал, хил дамнасан зохицуулалтын нарийн төвөгтэй байдал, зах зээлийн хязгаарлагдмал хэмжээ, ур чадварын хомсдол ба хүний нөөцийн асуудал, хөрш зэргэлдээ орнуудаас хараат байдал зэрэг олон саад бэрхшээл тулгарч байна. Энэ хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй нийтлэг сорилтод чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж, тасралтгүй өсөн нэмэгдэж буй цахим хөгжлийн салбарт хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүд болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар ДГХБО-ын салбарын мэргэжилтнүүдийн оролцоотой хэлэлцэнэ. Уг семинарт Бутан, Лаос, Балба, Монгол зэрэг орны мэргэжилтнүүд туршлага хуваалцах бөгөөд ДГХБО-ын ОУСТ 2023 онд хийсэн “Монгол Улсад дижитал технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний оюуны өмч, зохиогчийн эрхийн патентын зах зээлийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын тогтолцоог үнэлэх” судалгааныхаа гол үр дүнг танилцуулна. Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, ОУЦХБ-ын Ази, Номхон далайн бүсийн газрын захирал, хатагтай Ацүко Окуда, НҮБ-ын суурин зохицуулагч ноён Тапан Мишра, ДГХБО-ын ОУСТ-ийн Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн нар семинарт оролцож, нээлтийн үг хэллээ.

“Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхэд цахим шилжилтийг дэмжих хуулиуд чухал үүрэг гүйцэтгэнэ”

ҮЙЛ ЯВДАЛ “Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхэд цахим шилжилтийг дэмжих хуулиуд чухал үүрэг гүйцэтгэнэ” 2022.05.10 Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтэд анхаарах асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.05.10) Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, ЦХХХ-ны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан, тус яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Билэгдэмбэрэл, Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол болон төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн удирдлага, албан хаагчдын төлөөлөл танхимаар болон цахимаар оролцлоо. Хэлэлцүүлгийг эхэнд УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Н.Учрал энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн цахим хөгжлийг дэмжих багц хуулиудын хамрах хүрээ, онцлог, давуу талын талаар товч танилцуулав. Тэрбээр, “Цахим шилжилт хийхэд хамгийн гол асуудал болох эрх зүйн орчин бүрэн бүрдлээ. Одоо харин хэрэгжилтэд онцгой анхаарах цаг үе та бүхний өмнө ирж байна. Хуулиуд дагаж мөрдсөнтэй холбогдуулан хэрэгжилтийн үед анхаарах асуудлын талаар ярилцаж нэг ойлголттой болох үүднээс өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна. Цахим шилжилтийг хийхэд төрийн байгууллагуудын мэдээллийн технологи хариуцсан албан хаагчид та бүхний хичээл зүтгэл маш их. Хуулийн хэрэгжилтийг хангаж, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх учиртай юм. Инновац, цахим бодлогын байнгын хорооноос та бүхнийг үргэлж дэмжин ажиллана” гэж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцлов. УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан: Монгол Улсын их хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулиудыг баталсан. Эдгээр хуулиуд батлагдснаар Монгол Улсад цахим шилжилт хийх эрх зүйн орчин бүрэн бүрдсэн. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар 5 төрлийн 68 мэдээлэл ил болсноор авилгын индекс буурах нөхцөл бүрэн бүрдэнэ. Мөн уг хуулиар зохицуулж байгаа дэмжих системийн нэг болох албан бичиг солилцооны дунд системийг нэвтрүүлснээр бичиг хэрэг болон шууданд зарцуулж байсан 43.5 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэнэ. Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжилтийг хангахад цахим шилжилтийн багц 5 хууль чухал үүрэгтэй юм. Өнөөдрийн байдлаар “e-mongolia” системээр дамжуулан төрийн 61 байгууллагын 657 үйлчилгээг давхардсан тоогоор 10.8 сая удаа иргэдэд цахимаар хүргэсэн нь иргэдэд 99.5 тэрбум төгрөгийг хэмнэх боломжийг бүрдүүлсэн байна. Цаашид цахим шилжилтийг Монгол Улс бүрэн хийж чадвал иргэдийн халааснаас гарч буй мөнгө болон төрийн зардлыг хэмнэх боломж бидэнд байна. Энэ нь эргээд манай улсын эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүнд эерэгээр нөлөөлөх үндэслэл болно. Мэдээлэл солилцооны бүртгэлийн систем нэвтэрсэнээр үндсэн систем болох ХУР системээс илгээсэн, хүлээсэн авсан мэдээллийг бүртгэн цахим баримт бичгийн үнэн, зөв бодит байдлыг нотлох нөхцөлийг бүрдүүлж эхэлж байна. Мөн хүний хувийн мэдээллийг мэдээлэл хариуцагчаас бусад этгээдэд дамжуулсан бол иргэнд мэдэгдэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Ингэснээр иргэн өөрийн хувийн мэдээллийг хэн, хэзээ, хаана, ямар үндэслэлээр ашиглаж байгаа талаар мэдэх, улмаар хяналт тавих боломжууд бүрдэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр, ЦХХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр, ЦХХХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр, ЦХХХЯ-ны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбат “Кибер аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийв. Мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт илтгэгчдээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Соёлын яамны мэдээлэл технологийн ажилтан н.Ууганбаяр “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд мэдээлэл хариуцагчтай холбоотой хуулиар зохицуулаагүй харилцааг зохицуулсан журам гарах эсэх, мөн мэдээлэл хариуцагчийг тухайн байгууллага ямар шалгуур үзүүлэлтээр  томилох ёстой вэ” гэсэн асуултад ЦХХХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол “Хуулийн хүрээнд нарийвчилсан шинжтэй гурван журам батлагдана. Тухайн байгууллага нь үйл ажиллагаандаа эдгээр гурван журмыг харгалзан үзээд дотоод журмыг мөрдөж ажиллах ёстой” хэмээн хариуллаа. Мөн Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий,  аймгаас цахимаар оролцож байгаа оролцогчид өөрсдийн асуултууддаа хариулт авсан юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд  УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Н.Учрал “Цаашид хувийн хэвшлийн төлөөллүүдийн саналыг авч, хуулийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Энэ хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж, шаардлагатай гэж үзвэл УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, төсөв мөнгөний асуудлыг 2023 оны төсөвт суулгах асуудлыг онцгой анхаарах нь зохистой гэж үзэж байгаа. Хамгийн чухал асуудал бол хүний нөөцийн ажил. Иймд хүний нөөцийг бэхжүүлж, чадавхижуулах шаардлагатай. Түүнчлэн, төр бие даан бүх ажлыг хийх боломжгүй. Төр өөрөө хувийн хэвшлүүдтэйгээ өрсөлдөхгүй байх зарчмыг манай салбарт барих ёстой. Тийм учраас миний зүгээс яам болгон дэргэдээ мэдээллийн технологийн төв байгуулдаг асуудлыг таслан зогсоох ёстой гэсэн байр суурьтай байдаг. Бид төрийн хамтын ажиллагаа, эко системийг бүрдүүлэх ёстой” гэдгийг онцлон тэмдэглэв.     Share on facebook Share on twitter Бусад мэдээ