Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхэд цахим шилжилтийг дэмжих хуулиуд чухал үүрэг гүйцэтгэнэ”

2022.05.10

Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтэд анхаарах асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.05.10) Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, ЦХХХ-ны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан, тус яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Билэгдэмбэрэл, Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол болон төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн удирдлага, албан хаагчдын төлөөлөл танхимаар болон цахимаар оролцлоо.

Хэлэлцүүлгийг эхэнд УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Н.Учрал энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн цахим хөгжлийг дэмжих багц хуулиудын хамрах хүрээ, онцлог, давуу талын талаар товч танилцуулав. Тэрбээр, “Цахим шилжилт хийхэд хамгийн гол асуудал болох эрх зүйн орчин бүрэн бүрдлээ. Одоо харин хэрэгжилтэд онцгой анхаарах цаг үе та бүхний өмнө ирж байна. Хуулиуд дагаж мөрдсөнтэй холбогдуулан хэрэгжилтийн үед анхаарах асуудлын талаар ярилцаж нэг ойлголттой болох үүднээс өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна. Цахим шилжилтийг хийхэд төрийн байгууллагуудын мэдээллийн технологи хариуцсан албан хаагчид та бүхний хичээл зүтгэл маш их. Хуулийн хэрэгжилтийг хангаж, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх учиртай юм. Инновац, цахим бодлогын байнгын хорооноос та бүхнийг үргэлж дэмжин ажиллана” гэж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцлов.

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан: Монгол Улсын их хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулиудыг баталсан. Эдгээр хуулиуд батлагдснаар Монгол Улсад цахим шилжилт хийх эрх зүйн орчин бүрэн бүрдсэн. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар 5 төрлийн 68 мэдээлэл ил болсноор авилгын индекс буурах нөхцөл бүрэн бүрдэнэ. Мөн уг хуулиар зохицуулж байгаа дэмжих системийн нэг болох албан бичиг солилцооны дунд системийг нэвтрүүлснээр бичиг хэрэг болон шууданд зарцуулж байсан 43.5 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэнэ. Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжилтийг хангахад цахим шилжилтийн багц 5 хууль чухал үүрэгтэй юм. Өнөөдрийн байдлаар “e-mongolia” системээр дамжуулан төрийн 61 байгууллагын 657 үйлчилгээг давхардсан тоогоор 10.8 сая удаа иргэдэд цахимаар хүргэсэн нь иргэдэд 99.5 тэрбум төгрөгийг хэмнэх боломжийг бүрдүүлсэн байна. Цаашид цахим шилжилтийг Монгол Улс бүрэн хийж чадвал иргэдийн халааснаас гарч буй мөнгө болон төрийн зардлыг хэмнэх боломж бидэнд байна. Энэ нь эргээд манай улсын эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүнд эерэгээр нөлөөлөх үндэслэл болно. Мэдээлэл солилцооны бүртгэлийн систем нэвтэрсэнээр үндсэн систем болох ХУР системээс илгээсэн, хүлээсэн авсан мэдээллийг бүртгэн цахим баримт бичгийн үнэн, зөв бодит байдлыг нотлох нөхцөлийг бүрдүүлж эхэлж байна. Мөн хүний хувийн мэдээллийг мэдээлэл хариуцагчаас бусад этгээдэд дамжуулсан бол иргэнд мэдэгдэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Ингэснээр иргэн өөрийн хувийн мэдээллийг хэн, хэзээ, хаана, ямар үндэслэлээр ашиглаж байгаа талаар мэдэх, улмаар хяналт тавих боломжууд бүрдэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр, ЦХХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр, ЦХХХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр, ЦХХХЯ-ны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбат “Кибер аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийв.

Мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт илтгэгчдээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Соёлын яамны мэдээлэл технологийн ажилтан н.Ууганбаяр “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд мэдээлэл хариуцагчтай холбоотой хуулиар зохицуулаагүй харилцааг зохицуулсан журам гарах эсэх, мөн мэдээлэл хариуцагчийг тухайн байгууллага ямар шалгуур үзүүлэлтээр  томилох ёстой вэ” гэсэн асуултад ЦХХХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол “Хуулийн хүрээнд нарийвчилсан шинжтэй гурван журам батлагдана. Тухайн байгууллага нь үйл ажиллагаандаа эдгээр гурван журмыг харгалзан үзээд дотоод журмыг мөрдөж ажиллах ёстой” хэмээн хариуллаа. Мөн Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий,  аймгаас цахимаар оролцож байгаа оролцогчид өөрсдийн асуултууддаа хариулт авсан юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд  УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Н.Учрал “Цаашид хувийн хэвшлийн төлөөллүүдийн саналыг авч, хуулийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Энэ хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж, шаардлагатай гэж үзвэл УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, төсөв мөнгөний асуудлыг 2023 оны төсөвт суулгах асуудлыг онцгой анхаарах нь зохистой гэж үзэж байгаа. Хамгийн чухал асуудал бол хүний нөөцийн ажил. Иймд хүний нөөцийг бэхжүүлж, чадавхижуулах шаардлагатай. Түүнчлэн, төр бие даан бүх ажлыг хийх боломжгүй. Төр өөрөө хувийн хэвшлүүдтэйгээ өрсөлдөхгүй байх зарчмыг манай салбарт барих ёстой. Тийм учраас миний зүгээс яам болгон дэргэдээ мэдээллийн технологийн төв байгуулдаг асуудлыг таслан зогсоох ёстой гэсэн байр суурьтай байдаг. Бид төрийн хамтын ажиллагаа, эко системийг бүрдүүлэх ёстой” гэдгийг онцлон тэмдэглэв.

 

 

Бусад мэдээ

Цахим шилжилтийг орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ Хэнтий аймагт эхэллээ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг “Алсын хараа-2050”, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас ухаалаг аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг боловсруулж баталсан. Уг зөвлөмжийг аймаг, орон нутагт сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангахад бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг ЦХХХ-ны сайдын 2023 оны 07 дугаар сарын 18-ны А/66 тушаалаар байгуулж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох E-Mongolia академийн захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан баг Хэнтий аймагт өнөөдөр (2023.08.14) ажиллаж, төрийн 10 гаруй байгууллагын 60 орчим албан хаагчдад цахим багц хууль болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцууллаа. “Цахим аймаг” бодлогын зөвлөмж нь орон нутгийн цахимжилтын үйл явцыг зөв төлөвлөж удирдах, хэрэгжилтийг үр ашигтай зохион байгуулах, аймгуудын цахим шилжилтэд тулгамдаж буй нийтлэг асуултуудад хариулт өгөх, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэн төвтэй засаглалыг хөгжүүлэхэд нэгдсэн хандлага, арга зүйг бий болгох зорилготой юм. #цахим_аймаг #Хэнтий

Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын “Жендерийн стратеги, үйл ажиллагааны чиглэл”-ийг баталлаа

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт баримтлах Жендерийн стратеги нь салбарын бодлого, хөтөлбөрүүдийн төлөвлөлт, үйл ажиллагаа, хэрэгжилт, үнэлгээнд жендерийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, бүх нийтийн цахим ур чадавхыг сайжруулах салбарын стратегийг жендерийн арга зүйгээр дэмжих зорилготой юм. Энэ хүрээнд: Стратегийн эхний шатны хэрэгжилтийн үр дүнг 2025 оны эхний улиралд үнэлж,  хоёрдугаар шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөмж гаргах юм.

Богдхан уулын дархан цаазат газар, Хөвсгөлийн байгалийн цогцолбор газрын мэдээлэл ил боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоолд заасан “Шил ажиллагаа”-ны хүрээнд ЦХХХЯ өнгөрсөн долоо хоногт дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. 1. Улсын хэмжээнд нийт 36 тусгай хамгаалалттай газар нутаг байдгаас 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар олголт хийсэн байна. Үүнээс эхний ээлжинд Богдхан уулын дархан цаазат газар (2973га) болон Хөвсгөлийн байгалийн цогцолборын (501га) газар нийт тусгай хамгаалалттай 3474 га газрын мэдээлэл ил болсон. Газар эзэмшигчээр авч үзвэл 1071 иргэнд 299 га, 887 байгууллагад 3175 га олгосон байна. 2. Улсын хэмжээнд нийт 23 Засгийн газрын Тусгай сан байдгаас эхний ээлжинд 12 тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтын талаарх мэдээллийг ил тод, нээлттэй болгох тухай албан хүсэлтийг 9 сайдад 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлээд байна. 3. Нээлттэй мэдээллийн үнэлгээ өнгөрсөн 7 хоногт аймаг, нийслэлийн хувьд дунджаар 43.03%-тай байсан бол 47.3%, яамд дунджаар 66.09%-тай байсан бол 71.56% болж тус тус өссөн байна. 4. БОАЖЯ-наас олгодог Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилттэй холбоотой 2020 оноос хойших мэдээллийг нээлттэй болгосон. 5. 2023 оны 3.27-ны өдөр 9 байгууллагын 3450 тусгай зөвшөөрөл нээлттэй болсон бол өнөөдрийн байдлаар shilen.gov.mn системд 18 байгууллагын 13586 тусгай зөвшөөрлийн мэдээлэл нээлттэй болсон байна.