Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

DIGITAL NATION – 2021 | Технологи хэрэглэгчээс БҮТЭЭГЧ үндэстэн рүү

2021.09.01

Салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ тутам бизнесүүд, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах “Digital Nation-2021” арга хэмжээ есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох гэж байна. Бид бүхэн цахим шилжилтийг манлайлж, технологийг хэрэглэгчээс бүтээгч үндэстэн болох эхлэлийг тавьж буй үндэсний компаниудын төлөөлөлтэй хийсэн ярилцлагыг цувралаар хүргэж байна. “АНД ГЛОБАЛ”-ЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Ч.АНАР: МОНГОЛ КОМПАНИУД ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ, ТЕХНОЛОГИО ӨӨРСДӨӨ ХИЙДЭГ БОЛЖ БАЙГАА НЬ 100 ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР ТОХИОЖ БУЙ ОНЦГОЙ ҮЙЛ ЯВДАЛ

Энэ жил Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой тохиож байна. Гэхдээ тоон билэгдлээс илүү өөр олон зүйлээр онцгой болж буйг дурдах хэрэгтэй. Өнгөрсөн 100 жилийг харахад Монгол Улс үргэлж хэрэглэгч орон байсаар ирсэн. 1911 онд гамингийн цэргийн хороо Монголын анхны харилцаа холбооны системийг тавьж, 1921 онд монголчууд станцаар Москва, Бээжинтэй холбогддог болж, 1985 онд ЗХУ-ын буцалтгүй тусламжаар өргөн нэвтрүүлгийн станцууд улс даяар тавигдсан. Мобиком корпорац Alcatel-Lucent компанийн тоног төхөөрөмжийг худалдан авч Монголд анх үүрэн холбоог нэвтрүүлсэн нь дараагийн том шилжилт байв. Уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, төрийн үйлчилгээ ч ялгаагүй Microsoft, Oracle, Infosys зэрэг дэлхийн том компаниудын шийдлийг хэрэглэсээр ирсэн. Тэгвэл Монголын технологийн компаниуд, старт-аппууд эвлэлдэн нэгдэж өөрсдөө технологи хийдэг болж, хэрэглэгчээс бүтээгч үндэстэн рүү шилжиж байгаа нь 100 жилийн босгон дээр тохиож буй онцгой үйл явдал юм. И-Баримт, Social Pay, Lend.mn зэрэг бидний өдөр тутмын хэрэглээ болсон олон олон технологи бол монголчууд бүтээж чаддагийн бодит жишээ.

Монгол хүний хайрцаглагдаагүй задгай сэтгэлгээ, хөрвөх чадвар үнэлэгдэж, давуу тал болж буй нь үнэн хэдий ч тууштай байдал, эвлэлдэн нэгдэх чадвар сул, нарийвчилж мэргэшээгүй цаашлаад боловсон хүчний хомсдол зэрэг нь сул тал гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нөгөө талаас жижиг зах зээл дээр нэгэн ижил үйлчилгээгээр хоорондоо өрсөлддөг, нэгнээсээ хуулдаг. Монгол хүний нүүдэлчин сэтгэхүйгээс улбаатай сул талууд нь биднийг дэлхийн зах зээлд өрсөлдөхөд том садаа болж байна. Энэ сул орон зайг нөхөхийн тулд сэтгэхүйн өөрчлөлт хийх, чадна гэдгийг харуулж, залууст итгэл өгөх хэрэгтэй. 

Манай компани ч үүний төлөө явж байгаа. Одоогоор бид хоёр үндсэн багц компанийн дор үйл ажиллагаагаа явуулж байна. Монголчуудын бүтээсэн технологийг олон улсад экспортлох чиглэлээр финтек суурьтай үйл ажиллагаа явуулдаг Анд Глобалыг хүмүүс харьцангуй мэдэх байх. Анд Глобалын бүрэлдэхүүнд ЛэндМН, Анд Системс тэргүүтэй 12 охин компани багтдаг. Бид өөрсдийн хөгжүүлсэн технологио Камбож, Австрали, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудад гаргахаас гадна Callpro, IntelMind зэрэг Монголын бусад технологийн компаниудын бүтээгдэхүүнийг экспортлохоор ажиллаж байна. Бидний хувьд олон улсад технологио экспортолсон туршлагатай, том багтай, олон улсын стратегийн түнштэй тул үүнийгээ ашиглаад монгол оюуныг дэлхийд гаргахыг зорьж буй. 

Харин нөгөөдөх нь Google компанийн ахлах инженер Б.Баттулга, ЛэндМН-ийг хамтран үүсгэн байгуулагч О.Болдбаатар, П.Нямбаяр бид дөрвийн хамтран байгуулсан Andorean компани юм. Энэ нь High-tech салбар руу чиглэсэн хоёр төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Нэгт, үүрэн холбооны үйлчилгээний тоног төхөөрөмж, програм хангамжийн хөгжүүлэлт, хоёрт, бодит ертөнцийн 3D виртуал хувилбар буюу толин тусгал (digital twin) технологи юм. Энэ нь 5G технологийн тусламжтайгаар орон зай, цаг хугацаа, чийгшил, температур, салхи, чимээ зэрэг бүх мэдрэмжийг 3D хэмжээс болон дүрсийн нийлбэрт оруулж, тухайн орчныг бүхлээр нь бүрдүүлдгээрээ 3D-ээс ялгаатай. Энэ жилийн Digital Nation арга хэмжээний үеэр одоо хөгжүүлж байгаа технологиудаа бид албан ёсоор танилцуулна.

Өдгөө Монгол Улс цахим үндэстэн болох тухай ярьж байна. Юун түрүүнд нийтээрээ  цахимжуулалт, цахим шилжилт гэдэг хоёр ялгаатай ойлголтын үндэс суурийг сайн ойлгох хэрэгтэй. Автоматжуулалт буюу технологийн давуу чанарыг ашиглаад үйл ажиллагааг хялбарчилж буй нь цахимжуулалт. Өнөөдөр монголчууд Apple компанийн бүтээсэн утсыг хэрэглэж, үүрэн холбооны оператор компаниуд Huawei, ZTE, Nokia компанийн төхөөрөмжийг түрээслэн үйлчилгээ үзүүлж байна. Энэ бол цахимжуулалт. Би хувьдаа Монголд цахимжуулалт маш амжилттай явагдсан гэж боддог. Тухайлбал, үүрэн холбоо, төлбөр тооцооны шийдлүүд, банк санхүүгийн салбар, интернэт худалдаа зэргийг дурдаж болно.

Тэгвэл ирээдүйд технологио өөрсдөө бүтээж, түүнийг эзэмших тухай асуудал нь бидний яриад байгаа цахим шилжилт юм. Байгууллага үйл ажиллагаагаа автоматжуулахаас илүү цахим технологийг ашиглан шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хийж, түүнийг эзэмшиж байгаа бол цахим шилжилт гэж хэлнэ. Үүнийг цөөхөн ч гэлээ монгол компаниуд амжилттай хийгээд явж байна. Том зургаар харвал, MCS групп цахим шилжилтийг бодлогын хүрээнд амжилттай хийж байна гэж хардаг. Түүнчлэн Анд Глобал, Intelmind, Call pro, Infinite Solution зэрэг компаниуд цахим шилжилтийг манлайлж, бүтээгч үндэстэн болох эхлэлийг тавьж байна.

“INTELMIND” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.МЭНДБАЯР: ҮНЭЛГЭЭ БАГАТАЙ Ч ЗАЛУУЧУУД МОНГОЛДОО АЖИЛЛАХААР ШИЙДЭЖ БУЙ НЬ ТОМ ЭР ЗОРИГ ГЭДГИЙГ НИЙГЭМ ОЙЛГОЖ, ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

Хүссэн ч эс хүссэн ч дижитал эрин үе хэдийн ирчихээд байна шүү дээ. Нэгэнт гол асуудал нь улс үндэстнүүдийн өрсөлдөх чадвар тул монголчууд дэлхийд өрсөлдөх чадвартай байхын тулд улсаараа цахимжих шаардлага сонголтгүй гарч ирж байна. Цаашид дэлхийн улсууд нүүрс, алтаар биш технологи, инновацаараа л өөр хоорондоо өрсөлдөнө. Тэгэхээр энэ ойлголтыг иргэд, аж ахуй нэгжүүддээ ойлгуулж, нэгэн зэрэг хөдөлж байж л үр дүнд хүрнэ. 

Intelmind компанийг технологид суурилсан бүтээгдэхүүн, төсөл, компаниудыг гаргаж ирдэг хөрөнгө оруулалтын студи (venture studio) гэж тодорхойлж болно. Бид санааг технологитой холбодог, технологид суурилан шинэ санаа гаргадаг. Мөн нийгэмд хэрэгцээтэй байгаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зохиож зах зээлд нэвтрүүлдэг. Venture studio маягаар ажиллана гэдэг нь энэ бүгдийг загварчилж, хооронд нь нийлүүлж, интеграц хийж, шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалт хийж, бусад хөрөнгө оруулагчтай холбож, хамтран бүтээгдэхүүн гаргадаг бизнесийн загвар юм. 

Хамгийн анх Shoppy.mn-ийг зах зээлд нэвтрүүлж дараа нь технологийн Cody компаниа байгуулж байлаа. Cody нь дотоодын 100 орчим аж ахуй нэгжид түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. Товчоор, эдгээр аж ахуй нэгжүүд манай технологийг ашиглаж бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн үг. Бидний хамтран бүтээлцэж хөрөнгө оруулалт хийсэн, хувьцаа эзэмшдэг бусад бизнесүүдээс дурдвал, такси үйлчилгээний UbCab аппликэйшн, аялал жуулчлалын JoinMe платформ, IOT төрлийн төхөөрөмжтэй харьцаж програмчлал хийдэг SEM компани зэргээр нэрлэж болно. 

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Монгол Улсад дотоодын анхны коронавирусийн халдвар бүртгэгдэхэд бүх худалдаа, үйлчилгээ хаагдаж, компаниудын үйл ажиллагаа бүхэлдээ зогссон. Shoppy.mn энгийн үеэс хэд дахин нэмэгдсэн хэрэгцээг маш хязгаарлагдмал хүн хүчний нөөцөөр хангах шаардлагатай болов. Тухайн үед Монголын тэргүүлэгч том компаниуд, жижиг аж ахуй нэгжүүдийн хэн ч үүнд бэлэн байгаагүй. Энэ сорилтын үед бид нэг талаас олон олон компанид борлуулалтаа хийж ажилчдынхаа цалинг тавихад нь тусалсан. Нөгөө талаар хүргэлт, агуулах, бараа татан авалт, мэдээлэл солилцооны шийдлүүдийг Монголдоо цоо шинээр бүтээж, технологи болон бизнесийн процессийн шинэ хуудас эргэсэн эгзэгтэй үед томоохон хувь нэмэр оруулсан гэж боддог. 

Харин одоо бид бүтээсэн технологио гадаад зах зээлд нийлүүлэх зорилготой ажиллаж байна. Яг одоо Shoppy.mn-ийн шинэ хувилбарыг бүтээж байгаа бөгөөд 2021 ондоо багтаад нээлтээ хийнэ. Гадаадын олон оронд байхгүй интернэт худалдааны загварыг бүтээж байгаа гэдэгтээ бид итгэлтэй байгаа. Бусдаас давсан зүйл хийж байж л тэр зах зээлд нэвтэрнэ шүү дээ. Гадны улсуудтай харьцуулбал цөөхөн боловч чадварлаг хүнтэйгээр энэ том ажлыг гүйцэтгэж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Хэдий үнэлгээ багатай ч залуучууд Монголдоо ажиллахаар шийдэж байгаа нь том эр зориг гэдгийг нийгэм ойлгож, дэмжих хэрэгтэй. Өндөр ур чадвартай эдгээр залуус гадагшаа гарвал хэд дахин өндөр цалин, албан тушаалд очих боломж нээлттэй ч эх орондоо үлдэх сонголтыг хийсэн. Үүнийг хүмүүс үнэлж, дурдаж ярьдаггүй нь харамсалтай. 

Төрийн үйлчилгээ ч ялгаагүй юм ойлгодог, шинэ үеийн залуус олноороо орсны үр дүнд шинэчлэгдэж байна. Үнэнийг хэлэхэд улс төрд байгаа “ах нар” үүнийг ойлгохгүй. Тиймээс ойлгохгүй заримыг нь тоглоомоос гаргаж, оронд нь залуустаа итгэл хүлээлгэн цаашид өөрсдийнхөөрөө хөгжих сонголт л бидэнд үлдэж байна. Мэдээж цахим үндэстэн болох хөдөлгөөнийг аль нэг зохицуулах хороо, агентлаг дангаараа хийхгүй. Компани, аж ахуй нэгжүүдтэй хамтран энэ даалгаврыг гүйцэтгэх шаардлагатай. Төрийн зүгээс ачааны хүндийг үүрч  буй компаниудаа хууль эрх зүй, бодлогоор дамжуулан дэмжиж, бизнес эрхлэгчдэд амьсгалах боломж олгох хэрэгтэй. Эцэст нь, технологи, цахим шилжилт бол бүхэлдээ хурдны тухай асуудал юм. Хурдыг дагаад алдаа гарах нь зайлшгүй. Алдаа гаргасных нь төлөө нэгнээ чичлэх бус алдаан дээрээ дүгнэлт хийгээд урагшлах учиртай. 

“ХАЙ ПЭЙМЭНТ СОЛЮШНС” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.НАРАНБАТ: ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ДИЖИТАЛ ТӨЛБӨР ТООЦОО ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

Бид 2016 оноос технологид суурилсан санхүүгийн бизнесийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2020 оны тавдугаар сард Sendly олон улсын мөнгөн гуйвуулгын аппликэйшнийг, арваннэгдүгээр сард Hi-Pay цахим төлбөрийн аппликэйшнийг тус тус  зах зээлд нэвтрүүлээд байна.  

2017 онд Монгол улсад Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсан. Түүнээс хойш Fintech компаниуд бэлтгэл ажлаа ханган 2018 оноос идэвхжиж, сүүлийн хоёр жилд эрчимтэй хөгжиж байна. Үндэсний цахим шилжилт хийхэд дижитал төлбөрийн системийн хөгжил чухал үүрэг гүйцэтгэдэг нь бусад орнуудын туршлагаар нотлогдсон. Манай иргэд ухаалаг утсаар интернэтэд холбогдож, төлбөрийн карт хэрэглэж дадсан нь дижитал төлбөр тооцоог хөгжүүлэх суурь сайн хангаж өгснийг харуулж байна. 

Урд хөршид нийт иргэдийн 58 хувь нь цахим төлбөрийн хэрэгсэл ашигладаг бол АНУ-д энэ үзүүлэлт 25 хувьтай байна. Бидний тооцооллоор, Монголд цахим худалдан авалт, дижитал хэтэвчийн хэрэглээ 5 хувь хүрэхгүй байна гэж үзэж байгаа. Тиймдээ ч цаашид банкны картын хэрэглээнээс цахим хэтэвчний хэрэглээ рүү шилжих бололцоо бүрэн дүүрэн байна шүү дээ. 

Гэвч цахим шилжилт хийхэд иргэд, хувийн хэвшил, төр гурвын хамтын ажиллагаа чухал. Юун түрүүн төрийн үйлчилгээ, хувийн хэвшлийн үйл ажиллагаа эрчимтэй цахимжих шаардлагатай. Цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлж чадвал нэгж үйлчилгээ, нэгж бүтээгдэхүүнийг борлуулах нэмэгдэл өртөг буюу худалдааны зардал нь хамгийн доод хэмжээнд хүрэх юм. Цаашлаад үр ашиг, цаг хугацаа хэмнэж, үйлдвэрлэлийн хэмжээ ч тэлнэ гэсэн үг. 

Бид энэ удаагийн Digital Nation арга хэмжээнд Hi-Pay болон бусад дэд төслүүдээ танилцуулна. Жишээлбэл, бид саяхан Hi-Charge буюу зөөврийн цэнэглэгч (powerbank) түрээсийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн. Мөн хуванцар хог хаягдлаа автомат машинд тушаасан хүмүүст мөнгөн урамшуулал олгох төсөл танилцуулах болно. Цахим үндэстэн болох зорилгын төлөө хамтран ажиллацгаая. Экспо дээр уулзъя. 

Бусад мэдээ

Цэцэрлэгийн бүртгэл 8/24-нд, нэгдүгээр ангийн элсэлт 8/25-нд хаагдана

ҮЙЛ ЯВДАЛ Цэцэрлэгийн бүртгэл 8/24-нд, нэгдүгээр ангийн элсэлт 8/25-нд хаагдана 2022.08.23 Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулалт болон нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байна. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт 150 мянга 735 хүүхэд хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 100 мянга 689 хүүхэд хүсэлтээ ирүүлсэн буюу 66.5%-ийн ирцтэй байна. Харин улсын хэмжээнд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78 мянга 98 хүүхэд байгаагаас 21% нь элсэлтээ цахимаар баталгаажуулж, 1.7% нь элсэлтээс татгалзжээ. Цэцэрлэгт хамрагдах хүсэлт наймдугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагт хаагдах бөгөөд 2022 оны наймдугаар сарын 25-26-ны хооронд цэцэрлэгийн хуваарилалт хийгдэнэ. Харин 2022 оны наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 09 хүртэл бүртгэлийн баталгаажуулалт хийгдэх юм. Харин энэ бүртгэлээс хоцорсон хүүхдүүд 2022 оны есдүгээр сарын 10-аас эхлэх хоёрдугаар ээлжийн бүртгэлд хамрагдах боломжтой юм.  Монгол Улсын Засгийн газраас хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгын хүрээнд энэ жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийг 8 сарын 10-24, 9 сарын 10-25, 10 сарын 3-24-ний хооронд гэсэн гурван ээлжээр бүртгэнэ. Харин энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл явагдана. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг цагийг нь тулгалгүй, e-mongolia системд бүртгүүлэхийг уриалж байна. E-Mongolia систем ачаалалгүй хэвийн ажиллаж байна. ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ВИДЕО ЗААВАР: https://www.facebook.com/emongolia/videos/609030673936691 НЭГДҮГЭЭР АНГИД БҮРТГҮҮЛЭХ ВИДЕО ЗААВАР: https://www.facebook.com/emongolia/videos/1120790078790109/ Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Э.Батшугар: Цаасан и-баримтыг халж, бүрэн цахимжуулах ажлыг эхлүүллээ

Иргэд и-баримтаа уншуулан 2 хувийн татварын буцаан олголт авдаг.  Ингэхдээ  цаасан и-баримт  бүдэг, дутуу хэвлэгдэх зэрэг асуудлаас үүдэж баримтаа бүртгүүлэлгүй орхих тохиолдол элбэг байдаг.  Тэгвэл Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар санаачлан И-баримтыг бүрэн цахимжуулах ажлыг эхлүүлж  байна. Ингэснээр цаасан  и-баримтыг халж  автоматаар бүртгэгдэн  иргэд татварын буцаан олголтоо бүрэн авах нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр энэ ажлын хүрээнд холбогдох байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтад Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Монгол банкны дэд ерөнхийлөгч Г. Энхтайван, Монгол банкны газрын захирал Э.Анар, Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг, болон Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Өнөөдрийн байдлаар cu аппликейшнээр дамжуулаад и-баримтаа автоматаар бүртгүүлж байгаа. Хаан банк дотоод үйлчилгээгээ шууд и-баримттай холбосон бол Мобиком, Юнител зэрэг газрууд и-баримтаа автоматаар бүртгүүлэх системд холбогдсон байдаг. Энэ жишгээр иргэдийн банкны картаар нь дамжуулж худалдан авалт хийх бүрд нь автоматаар и-баримт бүртгэгддэг болох цахимжуулах ажлыг эхлүүлж байна. Цаасан И-баримтыг халж цахимжуулах бүрэн боломжтойг уулзалтад оролцсон талууд онцлон дараах байр суурийг илэрхийлээ. ЦХИХХ-ны сайд Э.Батшугар: Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын И-баримтын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох ажлын хүрээнд И-баримтын бүртгэлийг хялбаршуулж цахимжуулах ажлыг эхлүүлж байна. Энэ нь Дижитал шилжилтийн нэг хэсэг байх болно. Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг: Кассын системээс мэдээлэл авч татварын руу өгдөг систем дээр арилжааны банкнуудын гүйлгээг дамжуулахад Монгол банкнаас дэмжлэг хэрэгтэй, нөгөө талдаа иргэд өөрсдөө ямар картаа сонгох вэ гэдгээ шийднэ. Энэ ажил дээр техникийн хувьд хүндрэлтэй зүйл байхгүй, аюулгүй байдал, нууцлалыг хангах шаардлагатай байна. Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван: Одоогийн байдлаар аж ахуй нэгжээр и- баримтаа бүртгүүлэх тохиолдолд автоматаар бүртгэгдэж байгаа. Иргэнээр баримтаа авах тохиолдолд тухайн иргэний дансны нэгдсэн системд бүртгэлтэй регистрийн дугаараар ордог болох боломжтой юм. Тиймээс иргэн өөрөө дансаа сонгох шаардлагатай юм. Бид банкнуудтай хамтарч аппликейшн дээр хөгжүүлэлт хийх хэрэгтэй болж байна. Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд: И-баримтыг шууд бүртгэгддэг болох ажлыг дэмжиж байна. Ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, и-баримтаа бүртгүүлээд байж чаддаггүй. Ихэнхдээ картаараа төлбөр, тооцоогоо хийдэг. И-баримт бүрэн цахимжисанаар дээрх иргэдийн ч и- баримт гээгдэхгүй болох давуу талтай болно.

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх сайд нарын хамтарсан уулзалт болов

Цахим эрүүл мэндийн олон улсын индексээр манай улс оноо авч үнэлэгдэж чадаагүй байна. Тодруулбал, стратеги-хөрөнгө оруулалт, ажиллах хүчний чадавх, стандарт-зохилдлого, үйлчилгээ-апп хэсгийг үнэлэх боломжгүй хэмээн дүгнэсэн байгаа юм. Тиймээс дээрх чиглэлд технологийн шийдлийг нэвтрүүлэх шаардлага бий. Харин аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлаар Ховд, Увс, Завхан, Дорнод, Дорноговь тэргүүлж байна. Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлж, иргэдэд үр дүнгээ өгөх шийдлийг ярилцахаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд болон Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан уулзалт 12-р сарын 25-ны өдөр боллоо. ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Эрүүл мэндийн яамны зүгээс эрүүл мэндийн салбарын цахимжилтийн чиглэлд санаачилга гарган ажиллаж байгаад талархал илэрхийлье. Хоёр яам энэ чиглэлд онцгойлон анхаарч, эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хамтарч ажиллаж байна. Цахим шилжилтийг төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн салбарт чухалчлан авч үздэг. Эдгээр нь хүн бүрт шууд мэдрэгддэг, систем хэдхэн минут гацахад иргэд дургуйцлээ хамгийн ихээр илэрхийлдэг салбар юм. Мөн эмийн бүртгэлийг цаашид яах вэ гэдэг асуудал ч гарч ирнэ. Үүнийг блокчейн технологиор шийдсэн улсууд ч байна. Түүнчлэн хамгийн олон цахим систем эрүүл мэндийн салбарт байгаа учраас үүнийг интеграцчилах нь чухал. Энэ мэт олон асуудал эрүүл мэндийн цахим шилжилтийн хүрээнд яригдана” гэж онцлов. Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10 заалтын хэрэгжилтийг хангахын тулд Эрүүл мэнд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын хамтарсан тушаалыг яаралтай шинэчлэн батлах асуудлыг уулзалтын үеэр ажлын хэсгийнхэн хөндлөө. ЭМЯ-наас цахим бодлогын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэрэгцээтэй датаг цуглуулж, боловсруулж, ашиглахад анхаарч байна. Энэ чиглэлд өгөгдөл давхардсан, хэрэгцээгүй дата байгаа учраас эхнээс нь цэгцэлж, боловсруулахаар ажиллаж байгаа аж. Мөн өгөгдлийн аюулгүй байдлыг хангаж, суурь асуудлыг шийдвэрлэхээр зорьжээ. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Цаг үетэй холбоотойгоор хоёр сайдын хамтарсан журмыг шинэчлэх ажлыг дэмжиж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын цахимжилтийг иргэдэд мэдрүүлж, бодит үр дүнд хүрэхийн тулд цогц шийдэл хэрэгтэй. Манайх шиг тархай бутархай нутагт цахимжилт бол иргэдэд үр дүнгээ өгөх шийдэл мөн. Хамгийн гол нь цахим гээд байгаа ч давхар цаасаар бүртгэл хийгдээд байвал утгагүй. Цахимаар, утсаар, биеэр очиход өөр өөр цаг авч байна. Энэ мэт уялдаагүй асуудлыг цогц байдлаар шийдэх нь чухал” хэмээн ярилаа. Он гарсаар Эрүүл мэндийн байгууллагын систем хөгжүүлэгч 10 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллажээ. Эмийн жор бичигдэх, эмийн жор дээрх эмийг худалдаж авсан, шинжилгээний хариу гарах, бусад эмнэлгээс өвчтөний мэдээлэл харах, даатгалтай тусламж үйлчилгээ авах, эмнэлэг нэхэмжлэх, гуравдагч этгээдэд дамжуулах, эмч товлолт үзлэгээр тухайн иргэнийг дуудад үед “e-mongolia”-р дамжин мэдэгдэл очдог аж.   Мөн Монгол Улсад бүртгэлтэй бүх эмийн жорыг цахим хэлбэрт шилжүүлсэн. 10 орчим төрлийн 120 гаруй эмийн хэрэглэх заавар, хориглож заалт, гаж нөлөөний талаарх аудио тайлбар, дохионы хэл, текст хэлбэрээр оруулжээ. Тиймээс иргэд “e-mongolia”, КИОСК, гар утсанд суурилсан мэдээлэл авахаас гадна ХУРДАН цэгээр дамжуулан эмнэлгийн цаг болон бусад үйлчилгээг авах боломжтой. Тус цэг нийслэлд 1 болон 3-р эмнэлгийн хүлээн авах хэсэгт байгаа бол Завхан, Говь-Алтай, Архангай зэрэг аймгийн нэгдсэн эмнэлэгт бий. Тодруулбал,  1-р эмнэлэг 40510, 3-р эмнэлэг 17579 буюу нийт 58,089 үйлчилгээ үзүүлжээ.