Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Digital Nation – 2021 | Цахим эриний дижитал иргэд

2021.09.03

Хэдэн жилээр бус хэдхэн цаг, хором мөчөөр өөрчлөгдөн шинэчлэгдэж буй мэдээлэл технологийн шилжилтийн үед улс орон бүр өөр өөрийнхөөрөө “цахимжсаар” байна. Өнгөрсөн цөөн жилийн хугацаанд монголчууд цахим сүлжээг өргөнөөр ашиглах болж, өдөр тутмын амьдралаа хөнгөвчлөн, гэрээсээ, гар утсаараа олон улстай холбогдон, цахимаар суралцаж, цахимаар ажиллаж, цахим зах зээлд хөл зэрэгцэх цахим үндэстэн болох эхлэлээ тавьжээ. “Humans of UB” энэ удаагийн дугаартаа дээрх шинэчлэл, өөрчлөлтүүдийг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлэн, дижитал иргэн болоод буй үе үеийнхний төлөөллүүдийг онцолж байна. #1 Э.Буянжаргал – “Код бичих охидын хөтөлбөр”-ийн төгсөгч

Би одоо 12-р ангийн сурагч. Сая зуны амралтаараа “Код бичих охидын хөтөлбөр“-т хамрагдаад кодтой танилцаж, өөрийн бүтээлээ хийсэндээ баяртай байгаа. Багш нарынхаа удирдлага дор өөрөө код бичээд онгоц бууддаг тоглоом хийсэн. Хоёр өдрийн дотор өдөр шөнөгүй суугаад 800 мөр код бичиж дуусгасан. Бас багаараа Html дээр санхүүгийн мэдлэг олгож, орлого зарлагаа хянах боломжтой аппликейшн хөгжүүлсэн. Одоогоор файлаар татаж аваад ашиглах боломжтой байгаа. Цаашдаа интернэтэд байршуулах байх. Анх кодтой санаандгүй байдлаар танилцсан ч суралцах явцад ямар нэг зүйлийг шийдэж, ард нь гарч буй хүчирхэг мэдрэмжид нь татагдсан. Шинэ үеийнхний хэл гэгдэж буй кодыг сурснаар юмыг системтэй, цэгцтэй бодон сэтгэхэд суралцдаг. Манай хөтөлбөрийн найзууд өөрсдөө код бичээд морз хөрвүүлэгч, “pin pon” тоглоом гэх мэт бүтээл хийсэн. Би ЕБС-иа төгсөөд Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч мэргэжлээр суралцахаар шийдээд байгаа. Ирээдүйд манай улс улам бүр цахимжих учраас бэлтгэлтэй байх нь чухал гэж боддог. Бүх зүйлсийг цахимаар шийддэг, цахим үндэстэн болох учраас мэдээллийн аюулгүй байдал маш чухал гэж үзээд энэ мэргэжлээр сурахаар судалж байгаа. Хот, улс даяараа нэг системд холбогдоод цахим болчихвол тэр орон зайд ажиллах боловсон хүчин хэрэгтэй шүү дээ. Би бас яваандаа жижиг дунд, старт-ап компаниудад зориулсан нэгдсэн аппликейшн бүтээнэ гэж боддог.

#2 Э.Мөнх-Эрдэнэ – Олон улсын зах зээлд бүтээгдэхүүн борлуулагч дизайнер (Freelancer)

Олон улсын сайтуудад өөрийн дизайнаа ханган нийлүүлээд 2 жил болжээ. Өмнө нь би 4 жил веб дизайн, нэг жил график дизайнераар ажиллаж байсан. Одоо “Creative Market” сайтад байршсан 10 мянга гаруй бүтээгдэхүүн дунд миний загвар, template-үүд ангилал дотроо 2-т, 7-т бичигдэж байна. (Түүний профайлыг ЭНДЭЭС хараарай) “Graphicriver” сайтын “Slide” ангиллын “Best Seller” хэсэгт мөн хоёр загвар бий. Нийт олон улсын найман сайтад бүтээгдэхүүнээ байрлуулж, түүнээсээ орлогожин гэрээсээ ажиллаж байна. 

Эхэндээ юунаас эхлэх, хэрхэн гэрээсээ олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах талаар мэдлэггүй байсан ч туршиж, суралцсаар байна. Нэг пресентацийг 80-100 хуудас хооронд, шаардлагатай бол 150 хүртэлх хуудас бүхий загвартай зурж бүтээдэг. Сая дурдсан 2-т бичигдэж байгаа дизайн маань 600 гаруй хуудастай. Behance дээрх бүтээлүүд нийт 158 мянга гаруй үзэлттэй болсон байна. АНУ, Их Британи, Малайз, Индонез гэх мэт олон улсын цахим сайтаас дизайн худалдан авах суурь нөхцөл нь бүрдсэн улсуудаас ихэвчлэн дизайныг маань худалдан авдаг. Анх “Template100” баг хамт олон, Батзориг ахаасаа суралцаж, олон улсын дизайн салбарт харилцаж, сурч байсандаа их талархдаг. Олон улсын зах зээл дээр дизайн борлуулах багахан туршлагаа залууст хүргэх үүднээс “Гэрээсээ гэрэлт” сайтаар дамжуулан 2, 3 залууд менторлож, туршлага хуваалцаж байна. Миний хувьд гэртээ бага насны хүүхдээ харангаа ажилладаг учраас өөрийн хүссэн цагтаа ихэвчлэн оройн цагаар төвлөрч ажилладаг. Албан байгууллагад харьяалагдвал энэ мэт боломжууд бага. Мөн бүтээлч салбарт ажилладаг хүний хувьд захиалагчийн тааллаар загвараа бүрэн өөрчлөх биш, өөрийн хүссэн загвараа гаргаад хэрэглэгчдэд хүргэх нь таатай санагддаг. Анх хэцүү байсан ч, одоо бол намайг унтаж байхад ч загваруудаас маань олон улсад зарагдсаар, орлогожиж, зах зээлд хүрсээр байдаг учраас цахимаар ажиллахдаа дуртай байдаг. Цахим эрин, дижитал иргэд гэх ойлголтын үр шим нь энэ юм уу даа. 

#3 Б.Төгөлдөр – MIT, Edx, Coursera цахим платформын хэрэглэгч, МУИС-ийн программ хангамжийн ангийн оюутан

Анх интернэтээр академик сургалтууд олж аваад “нүд нээгдэх” шиг л болсон. Одоогоор олон улсын их дээд сургуулийн профессоруудын заадаг физик, программ хангамж, хиймэл оюун ухааны чиглэлээрх академик хичээлүүд, гүн ухаан, уран зураг, төгөлдөр хуур гэх мэт сонирхлынхоо дагуух хичээлүүдийг үзэж байна. MIT-ийн сайтаас мэргэжил, чиглэл бүрээр нь хичээлээ хайж олох амар байдаг. Механик физик, долгион, математик анализ, Phyton хэл шинжлэл гээд хичээл дээр үздэг агуулгуудаа олон улсын сургалтуудаар бататгаж, бүр илүү их дэлгэрүүлэх дуртай. Интернэтээр бас ном олж авах үнэн кайфтай шүү. Саяхан Доминик О’Брайен гээд зохиолчийн “You Can Have an Amazing Memory” гээд ном олж аваад уншсан. Цээжлэх арга барилын тухай. MIT-ийн хичээлүүд, ялангуяа гүн ухааны хичээл нь үнэхээр “хайр” байдаг шүү. Асуулт бүрт хариулт өгч, амьдралдаа анзаарч хардаггүй зүйлсийг харах бололцоо олгодог учраас гүн ухаанд дуртай. Хичээл бүр цаанаасаа хуваарьтай байдаг учраас цагаа төлөвлөхөд ч хялбар. Долоо хоногтоо дор хаяж хоёр цаг академик хичээлээ бие даан үздэг. Edx, coursera, MIT, Youtube гээд л нээлттэй сургалтууд нь цахим эриний хамгийн том үр өгөөж юм уу даа. Нээрэн, надтай ижил сонирхолтой залуустаа “Quantum Mongolia“, “Гэж юу вэ?” подкаст болон “Бүдэг цэнхэр цэг” хуудсыг санал болгоё. 

Манай улс сүүлийн жилүүдэд улам цахимжиж, би л гэхэд төвөггүй цахимаар хэрэгтэй зүйлсээ олж, суралцаж, хайдаг болсон байна. Яваандаа 100 хувь цахим үндэстэн болох байх. Гэхдээ тэр үед настай хүмүүс, хөгжлийн ялгаатай хүмүүстээ хүрч ажиллах, боломж олгодог байгаасай. 

#4 С.Эрдэнэцэцэг – Цахим үйлчилгээний хэрэглэгч

Эгч нь төрийн байгууллагад 26 жил, бараг л насаараа ажилласан хүн. Дүүрэг, хороо гээд л иргэдтэй шууд харилцаж ажиллаж байсан хүний хувьд иргэдэд тулгардаг өдөр тутмын асуудлуудыг маш сайн мэднэ. Саяхан л намайг хороонд ажилладаг байхад бүх иргэний бүртгэлийг цаасан дэвтэрт хөтөлж, бид нэгд нэгэнгүй шивж тулган бөөн л бичиг цаасны ажил болдог байлаа. Харин саяхан хороо орсон чинь мань мэтийн үеэс огт өөр, цахимжаад бүр амар аятайхан болчихсон байналээ. Тэтгэвэр буух тоолонд банк орох ч шаардлагагүй болж. Эгч нь утсан дээрээ банкны аппликейшн татаж ийш тийшээ шилжүүлэг хийчихдэг болсон. Ebarimt-аа ч уншуулчихна. Яг юунд зарлага гаргаж байна вэ гэдгээ хянахад амар юм билээ. Саяхан сувилалд явах гээд вакцины гэрчилгээгээ нэг цэгийн үйлчилгээний төвөөс авна даа гэж бодож байсан чинь харин охин зааж өгөөд утсаараа “e-mongolia”-д бүртгүүлээд л авчихсан. Одоо утсан дээрээ татаад авчихсан болохоор энд тэнд үзүүлчхээд явж байгаа. Ухаалаг утастайн хэрэг юу билээ, хааяа бас “фэйсдэнээ”. Сураг тасарсан багийн найз, холын хамаатан гээд хүмүүстэйгээ чаталж бариад, ач зээ нартайгаа видео коллдоод хөөрхөн байдаг юм.

#5 Э.Цэрэндорж – Олон улсын “Nike” компаний шинжээч (Inventory Operations Analyst)

Би хөл хорионы өмнөхөн Нидерландад магистрын зэргээ хамгаалж төгсөөд, хөл хорио тогтоох үед “Nike” компанид орсон. Зайнаас ярилцлага өгч, ажилд хэрэгтэй хэрэгслүүд ч цахим шуудангаар ирсэн. Цар тахлын өмнө нь ч манай компаний үйл ажиллагаа бүрэн цахимжсан байсан. Дэлхий дахин шинэ эринд нэгэнт хөл тавьсан тул ямар ч байгууллагын үйл ажиллагаа зайнаас амжилттай өрнөх болжээ. Миний хувьд онлайнаар цагийн хуваариа гаргаж, менежерүүдтэй холбогдох гэх мэтээр ажилладаг. Үүний өмнө Ирландад төвтэй “Felix” компанид ажиллах үед бүх ажлаа “Windows” программууд дээр шийддэг байсан бол “Nike”-ийн хувьд дотоодын систем дээр ажлаа шийддэг.

Төгсөхөөсөө өмнө үлгэр жишээ цахим үндэстэн гэгддэг 600 мянган хүн амтай Эстон улсад “E-Government” буюу цахим засаглалын чиглэлээр дадлага туршлага хуримтлуулж байсан. Тус улсад үл хөдлөх шилжүүлэх, гэрлэх, гэрээслэл өвлүүлэхээс бусад бүх төрийн үйлчилгээг цахимаар шийддэг нь үнэхээр л цахим засаглалын тэргүүн туршлага. Хүн ам цөөтэй манай Монгол Улс ч нэгдсэн нэг системтэй болох боломжтой. Үүнийгээ дагаад хүн амын бүх мэдээлэл нэгдсэн нэг системд бүртгэгдэх учраас мэдээллийн аюулгүй байдал талаар анхаарах цаг болжээ. Нидерландад ирээд түрээсийн гэрээ, ID, даатгалын гэрээ гэх мэт хэрэгцээт үйлчилгээг бүгдийг нь цахим гарын үсгээр шийдсэн. Цахимаар хэн ч хаанаас ч хүссэн боловсролоо эзэмших боломжтойд баярладаг. Хэн нэг хувь хүний туршлага бус олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн докторын зэрэгтэй, профессоруудтай учраас “Coursera“-аас суралцах дуртай. Бизнесийн удирдлага чиглэлээр магистраа хамгаалсан ч дата анализаар сурах хүсэлтэй байсан учраас Колорадогийн Их сургуулийн хичээлийг уг сайтаас үзэж суралцсан. 

Дэлхий нийтээр цахимжиж буй өнөө үед Монголд ч өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх мэдээллийн технологиудыг нэвтрүүлж байна. Харин бүх хүн ам интернэтэд 24 цагаар холбогдож, тэгш хүртээмжтэйгээр дижитал төхөөрөмжтэй харилцах чадвартай байж, ихэнх интернэт хөтчүүд англи хэлээр учраас бүх нийтээр англи хэл сурах юм уу, эх хэлээрээ шинэ хөтөчтэй болох нь цахим улс болоход зайлшгүй шаардлагатай сорилт болоод байна. 

#6 С.Бадрал – “Чимэгэ Системс” компанийн үүсгэн байгуулагч

Хамгийн товчоор цахим эринийг хүн, робот хоёр чөлөөтэй хамтран ажиллах цаг үе гэж тодорхойлж болох юм. Дижитал шилжилтэд монголчууд хангалттай бэлэн биш байгаа боловч хурдтай хөгжье гэвэл цахим үндэстэн болохоос өөр зам байхгүй. Гэхдээ амар биш. DN9 орны гишүүн болоод DN10 болгох эсвэл бүх хүн Фэйсбүүк, Твиттер ашиглаж улс төрд нөлөөлөх, “e-mongolia”-г ашиглаад төрийн үйлчилгээгээ авдаг болчихвол цахим үндэстэн болчихно гэвэл хязгаарлагдмал. Эхлээд маш сайн цахим дэд бүтэц, дараа нь программ хангамж, тэгээд эдийн засаг, бизнес, цахим шилжилт, түүний дараа л цахим үндэстэн гэж ярих хэмжээнд очно. Хүн бүрийн барьж буй гар утас, тэдгээрийг хаанаас ч хамаагүй интернэтэд холбож буй 4G, шилэн кабель, Фэйсбүүкээс эхлээд хүн бүрийн өдөр тутамд хэрэглэж байгаа системүүдийн ард хиймэл оюун ажиллаж байна. “Чимэгэ” системсийн бүх бүтээгдэхүүний ард ч мөн адил. 

Бид “Чимэгэ” технологи өдөр тутмын хэрэглээ болж чадахгүй байна гэж харж байгаа. Цаг хугацаа болоод өөрийгөө үнэлдэг хэсэг бүлэг хүмүүс л манай хэрэглэгч болсон юм шиг санагддаг. Тиймээс цаашид бид та бүхний цагийг улам хэмнэж, амьдралын стандартыг дээшлүүлэх бүтээгдэхүүн, шийдлийг санал болгох болно. Өнгөрсөн хугацаанд болхи төлбөр тооцооны систем, байнгын хөгжүүлэлт хийж байснаас болж алдаа гарах, ачаалал хэт ихэдсэнээс болж систем унах асуудал нэлээд гаргалаа. Харин одоо Дата төвийн өргөтгөлөөс бусад асуудлууд цэгцэрсэн. 

Одоогоор бид “Чимэгэ бичээч”, “Чимэгэ уншигч” зэрэг бүтээгдэхүүнүүдээ сайжруулахын сацуу бизнес моделийг нь шинэчилж, технологийн зардлыг нь бууруулахыг хичээж байна. Мөн энэ ондоо багтан Дуудан, Сонур, Монсаб, Чимэгэ транслейтор зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдийн гар дээр тавихыг чармайж байна. Хиймэл оюуны судалгааны чиглэлд казак хэлний яриаг автоматаар таних технологийг хөгжүүлж, нарийвчлалыг 90% давууллаа. Мөн эрс бага нөөцтэй халимаг, буриад хэлний шийдлийг судалж, боловсруулж байна. Мөн бид Эгүнэ хэмээх дуут туслахыг бүтээж байна. Түүнийг ашиглан мөн Алекса шиг “Эгүнэ гэр” гэсэн Монгол Смарт яригчийг бүтээх санаа бий. Үүний гол гацаа нь хөрөнгө оруулалт л болоод буй. Цаашид виртуал оператор, виртуал угтагч гэх мэт робот ажилтнуудыг л бүтээхийг зорьж байна даа.

Бусад мэдээ

Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний оролцогч талуудын IV форум зохион байгуулагдаж байна

ҮЙЛ ЯВДАЛ Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний оролцогч талуудын IV форум зохион байгуулагдаж байна 2022.10.25 Дэлхийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын 7 хоног энэ жил 10 дугаар сарын 24-31-ний өдрүүдэд тохиож байна. Эв нэгдлийг бий болгох, итгэлцлийг бэхжүүлэх зорилго бүхий энэ удаагийн ХММСБ-ын 7 хоног “Итгэлцлийг бэхжүүлэх нь: Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдол” уриан дор нэгдэн, Юнескогийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр ЦХХХЯ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Хэвлэл мэдээллийн суурь боловсролын /ХММСБ/ үндэсний сүлжээ, Хэвлэлийн хүрээлэн, Faro Foundation, e-mongolia хамтран зохион байгуулж байна. Форумыг нээж ЦХХХ-ны сайд Н.Учрал: Иргэдийн мэдээллийг ялгаж таньдаг, шүүн тунгаадаг, эх сурвалжийг нягталдаг дадал, төлөвшлийг бий болгох хэвлэл, мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэх шаардлага үүсэж байгааг нийгмийн сүлжээ, хэвлэлд нийтлэгдэж буй мэдээллийн нийгэмд үзүүлж буй элдэв нөлөөлөл бидэнд сануулж байна. Хэвлэл мэдээллийн боловсролын ур чадвараа хөгжүүлж бэхжүүлэх нь аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, хариу арга хэмжээ авах, өөрийгөө болон бусдыг олон нийтэд хор нөлөөтэй мэдээллээс хамгаалахад нэн чухал үүрэгтэйг онцолсон юм. Мөн ЮНЕСКО-оос хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээл, мэдээллийн суурь боловсрол багш, суралцагчдад зориулсан хичээлийн хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхэд, залуус, нийт иргэдэд мэдлэг боловсрол олгох, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээнүүд нь чухал ач холбогдолтойг дурдлаа. Үндэсний оролцогч талуудын IV форумд төрийн, иргэний нийгмийн, олон улсын байгууллагууд болон хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй төлөөлөгч танхим болон цахимаар оролцож, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдол, хүний эрхийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл солилцож байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Ц.Баатархүү: Виртуал бүсэд бүртгүүлсэн IT компаниуд байршлаасаа үл хамааран татвараас гадна 8 төрлийн хөнгөлөлт эдэлнэ

Засгийн газрын хуралдаанаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг дагалдах 2 журмыг баталлаа. Тодруулбал, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмын төслүүдийг хэлэлцэн баталлаа. Виртуал бүсэд бүртгүүлсэн IT компани байршлаасаа үл хамааран татвараас гадна дараах 8 төрлийн хөнгөлөлт эдэлнэ. Үүнд: Хуультай танилцах: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140722436571

Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох 3 жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улс “Цахимаар нэн түрүүнд” бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн 9 сард их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан бөгөөд ирэх таван жилийн хугацаанд тус стратегийн дөрвөн зорилтыг хэрэгжүүлэхээр 66 төсөл, арга хэмжээг зохион байгуулна. Тус стратегийн хоёрдугаар зорилтод Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан ёс зүйтэй, хариуцлагатай хиймэл оюуны тогтолцоог бүрдүүлнэ.” хэмээн тодорхойлсон бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр Оракл компанийн “Skills Development Initiative” санаачилгад нэгдэн, хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Ингэснээр дэлхийд технологийн хөгжлөөр тэргүүлэгч Оракл компанийн Oracle Academy хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын 60,000 эмч, багш зэрэг төрийн албан хаагчид болон иргэдэд олон улсын түвшний сургалтын хөтөлбөр, дижитал платформуудыг үнэ төлбөргүй ашиглуулах боломжийг бүрдүүллээ. Цаашлаад залуус өдөр тутмын амьдралдаа өгөгдөл, хиймэл оюуныг ашиглах, хиймэл оюун, өгөгдлийн сан, өгөгдлийн менежмент, өгөгдлийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн чиглэлээр хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц ур чадвар эзэмших өргөн боломж бүрдэхээс гадна иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад ч мөн онцгой ач холбогдолтой юм Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын дижитал хөгжил, технологийн шинэчлэлийг дараагийн шатанд гаргах стратегийн ач холбогдолтой бөгөөд дэлхийн хэмжээний корпорацтай урт хугацааны, тогтвортой түншлэлийг бэхжүүлж буй томоохон алхам юм. MONGOLIA LAUNCHES A THREE-YEAR ARTIFICIAL INTELLIGENCE AND BIG DATA SKILLS DEVELOPMENT PROGRAM IN COLLABORATION WITH ORACLE As part of its “Digital First” policy, Mongolia introduced its National Big Data and Artificial Intelligence Strategy  at the Government Cabinet Meeting last September. Over the next five years, the Government will implement 66 projects and measures under the four strategic objectives outlined in the policy. The second objective focuses on “establishing an ethical and responsible AI ecosystem based on strong public-private collaboration.” To advance this objective, Mongolia has joined Oracle’s Skills Development Initiative, marking the start of a new collaboration with one of the world’s leading technology companies. Through this collaboration, more than 60,000 public sector employees, including teachers, doctors, and other civil servants—along with citizens across the country, will receive free access to industry-leading training programs and digital learning platforms offered through Oracle Academy and Oracle University This initiative will provide young people with valuable opportunities to apply data and AI in their daily lives and develop competitive skills in artificial intelligence, database technologies, data management, data security, and information technology, enhancing their readiness for the modern workforce. It will also play a key role in strengthening digital literacy across the broader population. The collaboration represents a strategic and important step in advancing Mongolia’s digital development and technological transformation, reinforcing a sustainable and long-term collaboration with a global technology leader. Trademarks Oracle, Java, MySQL, and NetSuite are registered trademarks of Oracle Corporation. NetSuite was the first cloud company—ushering in the new era of cloud computing.