Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн

2021.04.02

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1962-1966 онд Тээвэр, холбооны сайдаар ажиллаж байсан Бат-Очирын Гомбосүрэнгийн тухай нийтэлж байна. Б.Гомбосүрэн нь 1932 онд Архангай аймгийн Тариат сумын нутагт төрж, 1942-1952 онд бүрэн дунд сургууль, 1952-1957 онд ЗХУ-ын Москва хот дахь Төмөр замын инженерийн дээд сургуульд суралцаж, зам харилцааны инженер-эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1957-1959 онд Улаанбаатар төмөр замын газарт тоо бүртгэгч, ахлах инженер, төлөвлөгөөний хэлтсийн орлогчоор, 1959-1962 онд Улсын барилга- эдийн засгийн комиссын орлогч бөгөөд ерөнхий захиалагчийн газрын даргын албыг хашиж байгаад, 1962 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогдон, 1966 он хүртэл ажилласан байна. Түүний ажилласан хугацаанд 1963 оны эхнээс Төмөр замын техникумын холбооны салбарт хамгийн олон сурагчид суралцаж, утсан харилцааны оройн хоёр анги хичээллэж байв. Тээвэр, холбооны яамны харьяанд Холбооны удирдах газрыг байгуулсан ба тус газрын шуудангийн албанд улс хоорондын шуудан солилцох тасаг, аймаг хотуудад шуудангийн 10 гаруй салбарыг шинээр байгуулж, БНМАУ- БНАВУ-ын цахилгаан шуудангийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж, 1964 онд Австри улсын Вена хотноо болсон Дэлхийн шуудан холбоо /ДШХ/-ны 15 дугаар Их хурлаас БНМАУ-ыг ДШХ-ны гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулжээ. Б.Гомбосүрэн сайдын ажиллах хугацаанд улс орныг хөгжүүлэх “Гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажил ид өрнөж байжээ. МАХН-ын 15 дугаар Их хурлын тайлан илтгэлд Ю.Цэдэнбал “Ойрын жилд бүх төрлийн холбоог улам хөгжүүлэх, ялангуяа аймгийн төвийг бүх хөдөө аж ахуйн нэгдэлтэй телефон буюу радио харилцаатай болгох, хөдөөгийн иргэдийг радиожуулах зорилтыг шийдвэрлэх явдал чухал байна” гэж Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх гуравдугаар таван жилийн хугацаанд харилцаа холбооны талаар тавих зорилтыг тодорхойлсон байна. Морин өртөөнөөс өөр харилцаа холбооны хэрэгсэлгүй байсан Монгол орон ардын хувьсгал ялан мандсанаас хойших 40 жилийн дотор техник хэрэгслээр тоноглогдсон шуудан, телефон, телеграф, радио холбооны салбарууд бүхий орчин үеийн холбоотой болсон байлаа. Улаанбаатараас аймгийн хооронд 1964 оны 10 дугаар сарын 8-аас эхлэн АН-24 онгоцоор үйлчилж эхэлсэн нь алслагдсан аймгуудад шуудан, хэвлэлийг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж, 150 орчим сум, сангийн аж ахуйд онгоцоор шуудан хүргэдэг болжээ. Түүхэн энэ үед монголын шууданчид шуудангийн үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ шинэ техник, технологи нэвтрүүлэх, ашиглалтын дүрэм, журмыг боловсруулж мөрдөх, олон улсын шуудангийн байгууллагуудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоо тогтоох, өргөтгөх зорилт тавин ажиллаж байжээ. Тээвэр, холбооны сайдын 1962 оны 3дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар шуудангийн сав, шуудайны тооцоог сайжруулах, богц нэг бүрийг дугаартай болгох, богц солилцох бүртгэлийн маягтыг баталж, сар бүрийн эцэст тооцоог нийлэн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх талаар журамласан байна. Аймгийн шуудан тасгийн эрхлэгчдийн 15 хоногийн семинарыг 1962 оны 8 дугаар сарын 15-аас хийж, хот, хөдөөгийн шуудангийн ажилтнуудаас мэргэжлийн зэргийн шалгалтыг анх удаа авч ТХ-ны сайдын 1962 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 447 дугаар тушаалаар мэргэжлийн зэрэг олгосон байна. ТХ-ны сайдын 1963 оны 18 дугаар тушаалаар шуудан хүргэгчийн цүнхний загварыг анх удаа баталж, 100 ширхгийг хийлгэж, шуудан хүргэлтэд заавал цүнхтэй гаргах журам тогтоожээ. Улс орны болон томоохон суурин газрын хэмжээнд шуудангийн салбарын тоо нэмэгдэж олшрох тусам салбаруудыг дугаарлах, түүгээр нэрлэж занших нь чухал бөгөөд ТХ-ны сайдын 1963 оны 2 дугаар сарын 22-ны 145 дугаар тушаалаар УБ хотын холбооны салбаруудыг газар зүйн байршил, байрлах албан газар, байгууллагаар нь нэрлэж байсныг болиулан, салбаруудыг дугаарлан, түүгээр нэрлэж заншихаар болжээ. Б.Гомбосүрэн нь 1967-1993 он хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсаас ЗХУ, Югослав улсын элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч, худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Гадаад худалдааны яамны Төрөл бүрийн барааны импорт нэгдлийн ба тээврийн хэлтсийн дарга, Гаалийн ерөнхий газарт хуулийн зөвлөх зэрэг албыг гүйцэтгэж байлаа. Тэрээр тээвэр, холбоо, худалдааны байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй хөдөлмөрлөн Онц холбоочин тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байжээ. Түүнчлэн МАХН, МХЗЭ-ийн Төв хорооны болон Улаанбаатар төмөр замын нам, эвлэл, үйлдвэрчний байгууллагын бүгд хурлын гишүүн, Ардын Их хурлын Депутатаар сонгогдон ажиллаж байсан нь түүний ажилч, хичээнгүй нэгэн байсныг илтгэж буй билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр сурч, суралцах гэж буй залуусын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ

ҮЙЛ ЯВДАЛ Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр сурч, суралцах гэж буй залуусын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ 2022.12.13 ЦХХХ-ны сайд, Төрийн бүтээмжийн үндэсний хорооны орлогч дарга Н.Учрал Дэлхийн банкны Хятад, Монгол болон Солонгос улсыг хариуцсан захирал Мара Уорвик болон Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласанд талархал илэрхийлээд, Төрийн бүтээмжийг дээшлүүлнэ гэдэг нэг талаараа “засаглал”-ыг сайжруулна гэсэн үг. Иймд ЦХХХЯ-нд харьяалагдаж буй “Ухаалаг засаг” төсөл төрийн бүтээмжийг дээшлүүлэхэд тус хороогоор дамжуулан хийх ажлуудтай шууд холбогдож байна. Тухайлбал: Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран 2015-2022 онд “Ухаалаг засаг төслийг хэрэгжүүлж, цахим шилжилтийн дэд бүтцийн үндсэн суурийг тавьж тодорхой үр дүнд хүрсэн. 2023-2027 онд “Ухаалаг засаг ll” төслийг дараах зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэхээр болсон. ҮүндДижитал шилжилтийг хийх орчныг бүрдүүлэх,Дижитал шилжилтийн дэд бүтцийг сайжруулах,Дижитал эдийн засгийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах тухай тусгасан.Энэ хүрээнд 2023 онд Мэдээлэл, харилцаа холбооны мэргэжилтнээр суралцах болон суралцаж буй залуусын дотоод болон олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх МХХТ-ийн богино хугацааны сургалтын хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлэх, суралцагчдаа гэрчилгээжүүлэх тал дээр хамтарч ажиллах, Бизнесийн орчинг дэмжих дижитал шийдлүүдийг нэвтрүүлэх жижиг, дунд бизнесийн өрсөлдөх чадварыг дэмжих зорилгын хүрээнд экспортыг дэмжих, олон улсын худалдааны үйл ажиллагааг цахимжуулж, хялбаршуулах тал дээр хамтарч ажиллах саналтай байгаагаа Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал илэрхийлж, ярилцлаа. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХЯ Эстонийн эрүүл мэнд, халамжийн мэдээллийн системийн төвтэй хамтран ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Эстони улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг болон холбогдох албаныхан ажиллаж, өнөөдөр Эрүүл мэнд, халамжийн мэдээллийн системийн төв /The Health and Welfare Information Systems Centre/-ийн удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Уулзалтын үеэр Эстони улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээг хэрхэн цахимжуулсан туршлагатай танилцаж, Монгол улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа. Тухайлбал Нийгмийн халамж, тэтгэмжийг олгох, тогтоохдоо өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах , хиймэл оюун ухаан ашиглах, эрүүл мэндийн салбарт бий болсон давхардсан хөрөнгө оруулалттай системүүдэд мэдээллийн технологийн аудит хийж, дүгнэлт гаргаж, одоо байгаа системүүдийг ре-инженеринг хийх зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллах санал тавилаа. Тус байгууллагын зүгээс дээрх чиглэлүүдээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм. ТЕHIK нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын зөвлөл, Эрүү мэндийн даатгалын сан, Эрүүл мэндийн зөвлөл, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний хүрээлэн, Эм эмнэлзүйн газар, Хяналт шинжилгээ, Астангу МСҮТ зэрэг байгууллага, нэгжүүдэд шинээр цахим үйлчилгээ нэвтрүүлэхэд түншилж ажилладаг байна.

“ЦАХИМ ГОВЬ-АЛТАЙ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Цахим Говь-Алтай” арга хэмжээ зохион байгуулагдаж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Говь-Алтай аймагт ажиллан, орон нутгийн удирдлага болон салбарын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, цахим шилжилт, мэдээлэл холбооны дэд бүтэц, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Уулзалтын үеэр Говь-Алтай аймгийн “Цахим-Алтай” хөтөлбөрийн хэрэгжилт, төрийн цахим үйлчилгээний хүртээмж, мэдээлэл холбооны дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. Сайд Ч.Номин салбарын бодлого, төрийн цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл, цаашдын чиглэлийн талаар мэдээлэл өгч, орон нутгийн хэрэгцээ, онцлогт нийцсэн цахим үйлчилгээг хөгжүүлэх, мэдээлэл холбооны дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангахын ач холбогдлыг онцоллоо. Уулзалтаар Говь-Алтай аймгийн 10 суманд гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний нөөц болон сэрүүн уур амьсгалын онцлогт тулгуурлан ногоон дата төв байгуулах боломжийг судлах, мэдээлэл холбооны сүлжээний найдвартай ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ. Мөн “Монгол Шуудан” ХК-ийн Баруун бүсийн шуудан, логистикийн дэд төвийг Говь-Алтай аймагт байгуулах асуудлыг хэлэлцэж, аймгийн зүгээс тус төвийн байршилд шаардлагатай газар, инженерийн дэд бүтцийн асуудлыг 2027 онд багтаан шийдвэрлэхээр тохиролцов. Тус төв нь Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Ховд, Увс, Баян-Өлгий, Өвөрхангай зэрэг долоон аймгийн шуудан, тээвэр, логистикийн урсгалыг Улаанбаатар хоттой холбох баруун бүсийн зангилаа болох юм. Ашиглалтад орсноор 11 мянга гаруй аж ахуйн нэгж, 650 мянга орчим иргэнд хүрэх шуудан, логистикийн үйлчилгээг илүү шуурхай, үр ашигтай зохион байгуулах боломж бүрдэх юм. Говь-Алтай аймаг бүх суманд “ХУРДАН” цэг байгуулж, киоск төхөөрөмжөөр төрийн үйлчилгээг 24/7 горимоор хүргэж байна. Одоогоор 18 суманд 20 “ХУРДАН” цэг, 23 киоск ажиллаж, 2026 он гарснаас хойш 9,800 гаруй төрийн үйлчилгээ үзүүлэн, 1,000 гаруй иргэнд биечлэн зөвлөгөө, мэдээлэл хүргэжээ. Тус аймаг төрийн цахим үйлчилгээний чиглэлээр 2025 оны шилдэг аймгаар шалгарсан байна. “Цахим Говь-Алтай” арга хэмжээний хүрээнд аймгийн төрийн байгууллагын удирдлагууд, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт “ХУРДАН” цэгийн үйл ажиллагаа, киоск төхөөрөмжийн ашиглалт, цахим бодлогын хэрэгжилт, төрийн үйлчилгээг цахимаар хүргэх боломж, иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгч байна. Мөн хүүхэд, залуучуудын дижитал ур чадвар, техник сэтгэлгээ, инновацын сонирхлыг дэмжих зорилгоор STEAM боловсрол, хиймэл оюун, дрон технологийн өдөрлөг, сургалт, тэмцээнийг зохион байгууллаа. Өдөрлөгт 300 гаруй багш, сурагч оролцож, дрон технологи, дрон кодчилол, хиймэл оюун, STEAM боловсролын чиглэлээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэн, дөрвөн төрлийн тэмцээнд өрсөлдсөн байна. Аймгийн хэмжээнд 166 үүрэн холбооны антен, 1,550 км газрын болон 103 км агаарын шилэн кабелийн сүлжээ ажиллаж байна. “Монголын цахилгаан холбоо” ХК 10 суманд гурвалсан үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд ингэснээр иргэд интернэт, телевиз, суурин холбооны үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэх юм. “Цахим Говь-Алтай” арга хэмжээ нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ мэдээлэл холбооны дэд бүтэц, шинэ технологийн хэрэглээ, шуудан, логистикийн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр салбар болон орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.