Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 105 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран Төрийн ордны Их танхимд өнөөдөр /2026.07.31/ арга хэмжээ зохион байгууллаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин илтгэл тавьж, салбарын бодлогын тэргүүлэх чиглэлүүдээ танилцуулсан бөгөөд “Цахим шилжилтийг эрчимжүүлж, салбарын бодлого, үйл ажиллагааг иргэн, бизнесийн хэрэгцээнд нийцүүлэх, төрийн үйлчилгээг илүү хялбар, шуурхай, чирэгдэлгүй хүргэх, хууль эрх зүйн орчныг шинэчлэх, мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байгаа”-г онцлов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монголын цахилгаан холбоо” компанийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг гардууллаа.
Мөн салбарын түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол шуудан” ХК-ийн ахмад настан Ш.Дивраа, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн тоног төхөөрөмжийн инженер Ц.Түмэнжаргал нар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, нэр бүхий эрхмүүд төрийн дээд одон, медаль, салбарын шагналаар шагнуулав. Энэхүү арга хэмжээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын үе үеийн ахмадууд, нийт ажилтан албан хаагчдын төлөөлөл оролцлоо.














