Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсад радио үүссэн нь /Цуврал №1/

2021.01.21

МАХН-ын 6-р их хурлын шийдвэрээр 1927 онд “… агаарын сонсох мэдээг хэрэглэх явдлыг орлого зарлагад харьцуулан гүйцэтгэхийг хичээвэл зохино…” хэмээн тунхагласан ба энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд ЗХУ-аас тусламж авахаар гаргасан хүсэлтийг зөвшөөрч, МАХН-ын Төв Хорооноос 1929 оны 2-р сарын 9-ны өдөр тогтоол /19 тоот/ гаргасан байна. Энэхүү 19 тоот тогтоолын хүрээнд Радиог хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд түүний ач холбогдлыг олон нийтэд өргөн сурталчилж, тэдний санаачилгын үндсэн дээр хөрөнгө хуримтлуулах ажил зохиож байжээ. “Агаарын мэдээний хороо”-г байгуулах тухай төлөвлөгөөг 1931 онд Засгийн газар баталж, тус төлөвлөгөөнд 1,4 кВт хүчтэй уртын хэмжээний агаарын мэдээний хороо, 1 кВт хүчтэй богино хэмжээний нэвтрүүлэх ба Улаанбаатар хотноо хүлээн авах газруудын хамтаар байгуулах, Баруун хойт зүгт бүхий Улаангом, баруун зүгт бүхий Жаргалант, Алтайн Хантайшир, Өмнөговийн Дэлгэрхангай, Завханы Жавхлант гэсэн энэхүү зургаан газруудад 150 Вт хүчтэй богино хэмжээний агаарын хороодыг байгуулах, Хөвсгөлийн Хатгал, Орхонсэлэнгийн Алтанбулаг, Хэнтийн Өндөрхаан, Дорноговийн Сайн-Ус, Хангайн Цэцэрлэг ба Ламын гэгээн гэсэн газруудад тус бүр 20 Вт хүчтэй богино хэмжээний агаарын мэдээний хороод байгуулах, Улаанбаатар хотноо олон төрөл зүйлээр нэвтрүүлэх 200 цэгтэй трансляцын узель хэмээх холбоог байгуулж, хүлээн авах мэдээний аппаратыг бэлтгэх, Агаарын мэдээний техник 20, агаарын мэдээний бичээч 20, агаарын сонин ба олон зүйлийн төрлөөр нэвтрүүлэх тухайн ажилчин хүмүүс 10-ыг тус тус ЗСБНХУ-д бэлтгэхээр шийдвэрлэсэн байна. Төлөвлөсөн ажлуудын нийт зардал 1,064,000 төгрөг, үүгий 404,000 төгрөгийг тус улсын орлого зарлагын дансаар зарцуулах, ЗСБНХУ-ын цахилгаан шуудангийн яаманд 660,000 төгрөгийг төлөх болой хэмээн тусгажээ. Засгийн газрын 1931 оны 3-р сарын 13-ны өдрийн 4-р хурлаар радио байгууламжуудыг барих бэлтгэлийг хангах, гүйцэтгэх үүрэг бүхий “Монгол радио” хоршоо байгуулагджээ. 1931 оны майн баярыг тохиолдуулан 5-р сарын 1-ний өдөр төлөвлөсөн ёсоор 4 чанга яригчийг товлосон газруудад байрлуулж, дуу хөгжим, баярын хурлын ажиллагаа болон бусад арга хэмжээг Монгол, Орос, Хятад хэлээр дамжуулсан нь “Шугамын радио сүлжээ”-ний эхлэл болсон байна. Энэ тухай радио холбооны анхны инженер тус сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Мятав гуай “Миний мэдэх радио” номондоо: “…Улаанбаатар хотын хөдөлмөрчид өглөөнөөс эхлэн маш хүчтэй хөгжим сонсож эхлэв. Тэр үед хот жижиг, цомхон машин тэрэг цөөтэй, цуурай ихтэй байж, хүүхэд бидний тоглодог индэрийг лоозон туг дарцагаар чимж, улаан туузаар хаалт хийж, харуулын цэргүүд манасан байв. Индрийн урдуур жагсаж яваа хүмүүсээс гадна радио сонсох гэж хүүхэд багачууд, лам нар, өвгөд хөгшид их цугларсан байлаа. Жагсаал дуусахад цугларсан хүмүүс тараад явдаг байсан бол тэр өдөр радио тавьсан газруудад дүүрэн хүмүүс байв. Соёлын төв ордон, Багшийн сургуулийн дотуур байрны барилгын баруун урд өнцөгт, төв шуудангийн зүүн талд гал командын баригдаж байсан барилгын цонхон дээр, Ленин клубын хаалган дээр, одоогийн Драмын театр байгаа газар гаалийн гэж нэрлэсэн том хашааны зүүн хаалганы дээр тус, тус чанга яригчуудыг хүн их цугладаг түлээн зах, өндөр хог гэдэг газрууд руу харуулан байрлуулсан байсан юм…Тэр үед хоёр төрлийн чанга яригч байв, гэрт тавьдагийг нь хавтгай хар, гудамжинд тавьдагийг нь чанга дуугарагч бүрээ гэдэг байлаа. Хатуу цаасаар хийгдсэн гуулин хөгжмийн бүрээ мэт боловч бүрээнээс том байсан юм…” гэж дурсан бичжээ.

БНМАУ-ыг радиожуулахад зориулж хөрөнгө гаргах БХК/б/Н-ын ТХ-ны  УТТовчооны 1932 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн хуралдааны 93-р протоколд “…Төв хорооны УТТ-ны гишүүдээс санал авсанаар ЗСБНХУ-ын АКнЗ-ийн нөөцийн фондоос 1305 мянган рубль зоос ба 10 мянган рубль гадаад валютаар Монголд ЗСБНХУ-ын АКнЗ-ийн шийдвэрийг батлах, хуулбарыг илгээх Кержанцевд ТХ-ны нарийн бичгийн дарга И.Сталин …” гэсэн шийдвэрийг гаргаж байжээ. СНЗ-ын 1933 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хурлын  шийдвэрээр “… “Монгол Радио” хоршоо байгуулагдаж, радио байгууламжуудыг барих бэлтгэлийг хангах, гүйцэтгэхэд чухал үүрэг хүлээж, зорилтоо амжилттай биелүүлсэнийг тэмдэглээд тус хоршоог татан буулгаж, хуримтлагдсан 261,000 төгрөг, түүний эд хөрөнгийг шинээр байгуулагдсан “Холбооны ерөнхий хороо”-ны мэдэлд шилжүүлжээ…”

Радиог дэлгэрүүлэн байгуулах тухай БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын гэрээг 1933 оны 2 дугаар сарын 9-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулжээ. Энэхүү гэрээнд ЗХУ-ын тусламжтайгаар:

  • 1 ба 15 кВт  хүчин чадалтай нэвтрүүлэх станц,  хүлээн авах станцын хамтаар,
  • 1000 цэг ажиллуулах чадалтай радио зангилаа байгуулах,
  • 150 Вт-ын чадалтай харилцааны радио станцуудыг иж бүрнээр нь бүх аймгийн төв суурин газруудад байгуулах,
  • Радио байгууламжуудыг цахилгаан болон зай тэжээлээр хангах,
  • Мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх гэсэн үүргийг хүлээсэн байна.

Энэ гэрээний хүрээнд анхны радио нэвтрүүлэх станцыг Улаанбаатарын зүүн хойд зүгт байрлах, олноо өргөгдсөний 9 он буюу 1919 онд Хятадын цэргийн холбооны зориулалттай  байгуулагдсан “Ушандын 3 өндөр” /У-Шиан-Диан/ хэмээх гурван өндөр төмөр матчыг ашиглан байгуулахаар барилга байгууламжийг барьсан ба анхны радио өргөн нэвтрүүлэг дамжуулах урт долгионы нэвтрүүлэгч нь 10 кВт хүчин чадалтай, 98 метр өндөртэй гурван өндөр матчын хоёрыг ашигласан “ЗЭЛЭН” антентайгаар хийгдсэн бол, богино долгионы ДРК-1 ба ДРК-15 маркын 1 ба 15 кВт-ын чадалтай станцыг модон матчтайгаар радио холбоо барих, радио нэвтрүүлэг дамжуулахад нөөцөөр ажилллуулах зорилготойгоор тус, тус байгуулсан байна.

Анхны радиогийн барилга байгууламжийг ЗХУ-ын Холбооны ардын комиссаратын радиогийн барилга байгууламжийн трестийн “Монгол радио строй” гэдэг Л.А.Осташков даргатай хамт олон гүйцэтгэсэн байна. Радио байгуулалтын ажлууд төлөвлөгөө ёсоор амжилттай явагдаж байсан тул 1934 оны 1 дүгээр сараас анхны радио төвийг байгуулж, төвийн  дарга бөгөөд радиогийн хэргийг эрхлэх ерөнхий хорооны дарга, орлогч дарга, нярав бөгөөд техникч, ерөнхий  ня-бо, мөнгөний нярав ба жолооч тус бүр нэг, нэг хүний орон тоотойгоор байгуулж, Нидэнгийн Цэндсүрэнг даргаар, Түдэвдоржийг орлогч даргаар томилсон байна.

Мөн энэ үед буюу 1933-1934 онд тус гэрээний хөрөнгө оруулалтаар орон нутагт радио холбооны станцуудыг байгуулах ажил эрчимтэй хийгдэж, Ховд, Увс, Завханд 500Вт чадалтай  КТК-2 станц, Тамсаг, Дорнод, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг 12 аймгийн төвд УП-8 маркийн өсгөгч, КУП-4 маркийн хүлээн авагч, шугамын байгууламжийн хамтаар тус, тус ашиглалтанд орсон байна.

Радиогийн барилга байгууламжийг хүлээн авах тухай СНЗ-ын 82 тоот тушаал 1934 оны 8 дугаар сарын 14-нд гарч, Засгийн газрын төв комиссыг байгуулсан байна. Тус комисс 1933 онд БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр Улаанбаатар хот болон орон нутагт байгуулсан радиожуулалтын иж бүрэн ажлыг хүлээн авснаар 1934 оны 9-р сарын 1-ний өдөр радио станцын ажиллагааг нээх ёслол болжээ.

Энэхүү ёслол шинээр байгуулсан радио станц дээр болж тус станцын жижүүрийн тэмдэглэлд “… 1934 -9-1 өдөр. Тус радио станцын газраа Ерөнхий сайд П.Гэндэн, Намын Төв Хорооны НБДарга Лувсаншарав, Холбооны яамны сайд Мэнд, Гэгээрүүлэхийн сайд Дамбийням, Лосол, Нанзад, Өлзийбат, Сосорбарам, ЗСБНХУ-ийн Элчин сайд нарын зэрэг нөхөд ирж, сонирхон үзэж, 13 аймагт радиогоор баярын үг Мэндээс хэлж гүйцэтгэсэн ба 11.00 цагт ирээд нэг цаг болоод буцсан болохыг тэмдэглэмой…” хэмээн ногоон будган харандаагаар уйгаржин монгол бичгээр татлан бичиж үлдээжээ.

Ийнхүү Монгол Улсад радио нэвтрүүлгийг дамжуулах техникийн нөхцөл бүрдэж, 1934 оны 9-р сарын 1-ний өдрийг түүхэнд “Монголд радио байгуулагдсан өдөр” хэмээн тэмдэглэдэг болсон билээ. Тухайн үедээ радио өргөн нэвтрүүлгийг радио чимээ, радио мэдээ, радио сонин гэсэнгүй радио уран сайханы нэвтрүүлэг хэмээн нэрлэж, өдөр бүр өглөөний 07.00-09.00, оройн 17.00-19.00 цагт ажиллаж, дуу бичлэгийн төхөөрөмж байхгүй тул нэвтрүүлэг эхлэх, дуусах бүрт дуучин хөгжимчид байдаг байжээ.

Хөдөө орон нутаг болон гадаад орноос холбоо барих, мэдээ хүлээн авах зорилгоор олон төрлийн антен бүхий КТФ, ТМ-10, СВД-9 маркийн хүлээн авах станцуудыг хотоос зайдуу одоогийн төмөр замын төв буудлын баруун талд байгуулсан байна. Радио станцуудыг ашиглалтанд оруулсан анхны жилүүдэд хот хөдөөд ЗХУ-ын 21 мэргэжилтэн сургагч ажиллаж байсны зэрэгцээ Эрхүү хотын Дорнод Сибирийн холбооны гарын дэргэдэх радио техникийн курст Д.Чоймбол, Г.Дамдинсүрэн, С.Лувсанчүлтэм, Самбуу, Хунхүү, Цэвээндолгор, Рэнцэндорж, Балданцэрэн, Ишсамбуу, Ширнэн, Цэрэннадмид, Базарсад нарын 12 хүн суралцаж радио техникчээр бэлтгэгдэн ажилласан анхдагчууд юм.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэнН.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

 

Бусад мэдээ

“Цахим орчин-Хүүхдийн эрх” сэдэвт мэтгэлцээний улсын аварга шалгаруулах VIII тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ

ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй тус тэмцээний үндсэн зохион байгуулагчаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, дэмжигч байгууллагаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Отгонтэнгэр их сургууль, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим ТББ ажиллаж байна. Энэхүү Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Карл Поперын мэтгэлцээний нийгэмлэг /МКПМН/ хариуцан зохион байгуулах ба тэмцээн Карл Поперын мэтгэлцээний дүрмийн дагуу явагдана. Тэмцээнд Улаанбаатар хотоос 86, аймаг, орон нутгаас 42 нийт 128 багийн 384 хүүхэд оролцохоор ирээд байна. Оролцогч багууд дараах шийдлээр 3 өдрийн турш мэтгэлцэнэ. Үүнд: Цахим орчин дахь хэт их мэдээлэл нь төөрөгдөлд хүргэж байна Олон нийтийн сүлжээ нь нийгэмд эерэг нөлөөтэй Цахим орчныг ашиглаж эерэг мэдээлэл түгээх нь нийгмийн хандлагыг өөрчлөх хамгийн зөв арга Цахим орчин бол хязгааргүй мэдлэгийн эх үүсвэр мөн. Сургуулийн орчинд интернэт ашиглах нь буруу Олон нийтийн сүлжээнд төрийн хяналт хэрэгтэй Нийгмийн сүлжээ нь амьд харилцааг хязгаарладаг Нийгмийн сүлжээ хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөтэй Цахим хичээл боловсролын тэгш бус байдлыг авчирдаг Хүчирхийлэлтэй кино дүрс бичлэгийг хуулиар хориглох нь зүйтэй Цахим дарамт нь шууд дарамтлахаас илүү хор нөлөөтэй Хүүхдэд цэцэрлэгийн наснаас нь эхэлж цахим орчны зохистой хэрэглээний талаар боловсрол олгох хэрэгтэй Хувийн мэдээлэл нь цахим орчинд нууц байх ёстой Үнэн аз жаргал авчирдаг Цахим тоглоом нь нэг төрлийн спорт /E-Sport/ тул хязгаарлалт, зохицуулалт шаардлагагүй Мэтгэлцээний тоглолтууд үргэлжлэх газар “Отгонтэнгэр их сургууль” https://maps.app.goo.gl/PaJmG4jYrE6mbAtp7?g_st=ic Та цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл www.ekids.mn веб хуудсаар зочилно уу. #цахим_орчинд_хүүхдийн_эрхийг_хамгаалъя

Цахим орчинд хүний эрхийг хамгаалахад салбар бүрийн оролцоо чухал

Цахим орчин дахь хүний эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилго бүхий уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.01.25/ зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг нээж ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар хэлсэн үгэндээ: Манай улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернэт хэрэглэгч, түүний дотор ухаалаг утастай хүүхдүүдийн 95 хувь нь интернэт хэрэглэдэг, мөн тэдний 92 хувь нь фэйсбүүк хаягтай байгаа нь цахим орчин болон нийгмийн сүлжээнд агуулга, харилцаа, үйлдлийн эрсдэл гарч болохоор байна. Иймд өнөөдрийн энэ хэлэлцүүлэгт салбар бүрийн төлөөллийг оролцуулан, цахим орчинд хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал сэдвээр зохион байгуулж буйг дурдлаа. Хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Монголын Хуульчдын холбоо зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож: “Цахим орчинд хүний хувийн мэдээлэл хамгаалах, хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ” “Цахим орчин дахь гэмт хэргийн гаралт, тоон мэдээлэл” “Цахим орчны хүүхэд хамгаалал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцуулга” “Цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хийсэн судалгаа” “Цахим орчин дахь хүний эрхийн зөрчил ба эрх зүйн зохицуулалт” “Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийг шийдвэрлэхтэй холбоотой өмгөөллийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвүүдээр илтгэл, танилцуулга хийн, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

AI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байна

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 12, 754 компанид  12 мянга гаруй хүн ажиллаж байна. Үүний 23.39 хувь үүрэн холбоо, 15.30 хувь мэдээлэл холбооны сүлжээ, 10.27 хувь кабель шугам, цамхаг угсралт, бусад нь өргөн нэвтрүүлгийн телевиз, олон суваг дамжуулах үйлчилгээ, шуудангийн сүлжээ үйлчилгээ зэрэгт ажилладаг. 2024 оны статистикаар дээрх салбарт 27 мянга гаруй хүний эрэлт хэрэгцээ байгаа юм. Эдгээр хүний нөөцийг бэлтгэхэд дотоодын их дээд сургуулиудын оролцоо их чухал. Түүнчлэн дэвшилтэт технологийн хөгжлийг дагаад хиймэл оюун ухаан, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдал, програм хангамж зэрэг мэргэжлээр мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх шаардлага бий. Их дээд сургуулиудын хөтөлбөрт дээрх шинэ тутам хөгжиж буй мэргэжлийг хөгжүүлэх, судалгаа хийх талаар оруулахаас гадна төрийн дэмжлэг чухал гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Тодруулбал, БНСУ-д төрөөс тогтвортой бодлогын дагуу нэг бус хэд хэдэн сургуулиа дэмжиж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлдэг байна. Энэ хүрээнд ирээдүйд нэн эрэлттэй мэргэжилтнийг бэлтгэхэд онцгойлон анхаарч, тэтгэлэг зарлаж, судалгааны ажил хийж, бэлтгэлээ хангаж иржээ. Харин манай улсад дотоодын сургуулиуд бор зүрхээрээ боловсон хүчин бэлтгэхээр зүтгэж байна. Жишээлбэл, ШУТИС-ийн харьяа Мэдээлэл, холбооны технологийн сургууль сүүлийн таван жилд хиймэл оюун ухаан, өгөгдөл, кибер аюулгүй байдал зэрэг таван шинэ мэргэжлийн хөтөлбөр эхлүүлж, эхний төгсөлтөө хийгээд байна. Цаашид энэ мэт хөтөлбөрүүдийг төрөөс бодлогоор дэмжиж, хүний нөөц бэлдэхээс гадна багш, судлаачдыг хөгжүүлэх боломжоор хангах шаардлага байгааг уулзалтад ирсэн их дээд сургуулийн төлөөллүүд онцоллоо. Мөн дотооддоо бэлдсэн боловсон хүчнээ хөгжингүй орон руу алдах тохиолдол ч түгээмэл аж. Энэ чиглэлд төрийн бодлогоо чиглүүлэхийг хүсэв. Салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд тулгамдаж буй асуудлын талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од Их дээд сургуулиудын төлөөллийг өнөөдөр /2024.01.29/ хүлээн авч уулзлаа. Уулзалтад ШУТИС, МУИС, МУБИС, СЭЗИС, ҮБХИС, ХААИС болон хувийн сургуулиудын 19 төлөөлөл оролцсон байна.