Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Дэлхийн Шуудангийн Холбооны дэд захирал Марьян Освалд тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2025.07.01/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд дэд захирал Марьян Освалдын зүгээс Ази, Номхон далайн шуудангийн холбооны Удирдах Зөвлөлийн ээлжит хурлыг Монгол Улсад амжилттай зохион байгуулж буйд Монгол Улсын Засгийн газар болон Монгол Шуудан ХК-ийн хамт олонд талархал илэрхийлээд газар зүйн хувьд хэдийгээр далайд гарцгүй, хязгаарлагдмал гарцтай орон боловч шуудангийн томилогдсон оператор компани маш амжилттай ажиллаж, цаашид өсөн дэвжих өргөн боломж байгааг онцоллоо.

Мөн шуудангийн үйл ажиллагаанд дроны технологийг ашиглах чиглэлээр туршилтын төсөл хэрэгжүүлэх орнуудын нэгээр Монгол Улс сонгогдсон талаар дурдан, төслийн хүрээнд дроны чиглэлээр бодлогын баримт бичиг боловсруулахад улс орнуудад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар: Монгол Шуудан ХК бол төр, хувийн хэвшлийн түншлэлийн маш амжилттай жишээ болон 2016 оноос үйл ажиллагаа, үр ашиг нь дээшилж байгааг онцлон, Монгол Улсын Засгийн газраас дроны технологийг шуудангийн үйл ажиллагаанд ашиглах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар анхаарч ажиллаж байгааг дурдлаа. Мөн Шуудангийн үндэсний сүлжээг сайжруулж, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүсийн төвүүдэд түшиглэсэн хабууд байгуулахаар төлөвлөж байгаа талаар дурдлаа.

Уулзалтын төгсгөлд дэд захирал Марьян Освалд шуудангийн дэд бүтэц бол онц чухал дэд бүтцийн нэг бөгөөд шуудангийн үйлчилгээгээр хязгаарлагдахгүй цахим худалдаа, санхүүгийн үйл ажиллагааг хавсран эрхлэн бүрэн боломжтой онцгой салбар гэдгийг онцолсон юм.