Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсад нам орбитын аль ч үйлчилгээ эрхлэгч компани бизнес эрхлэх боломж бүрдсэн

2022.11.30

ЦХХХЯ-ны харилцааны холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлайтай ярилцлаа.
Нам орбит гэж юу вэ?
Нам орбитын тухай бидэнд товч тайлбарлаж өгөөч?
Нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ гэхээр хүмүүс төдийлөн нарийн ялгаж ойлгох нь бага. Юуны өмнө уг ойлголтыг тайлбарлая. Манай дэлхийг тойрсон хиймэл дагуулын 3 тойрог зам (oрбит) байдаг бөгөөд түүний хамгийн наана буюу дэлхийгээс 550 орчим км-ийн зайнд орших тойрог замыг “нам орбит” (LEO) гэж нэрлэдэг. Саяхныг хүртэл ихэнх улс орнууд дэлхийн хамгийн алс буюу 35,000 км зайд орших (GEO) орбит дээр хиймэл дагуулуудаа байршуулж байсан бөгөөд энэ нь тодорхой шалтгаантай байсан. Учир нь наана орших нам орбитыг ашиглахын тулд маш олон тооны хиймэл дагуул байршуулах шаардлага гарч, энэ нь хөөргөлтийн зардал өндөр, хиймэл дагуулын амьдрах хугацаа бага гэх зэрэг шалтгааны улмаас бодит ажил болоход хүндрэлтэй байлаа. Үүнийг “SpaceX” компани шийдвэрлэснээр нам орбитын орчныг шинэ өрсөлдөөний талбар болгож чадсан юм. Тэд хиймэл дагуулд масс үйлдвэрлэлийг нэвтрүүлж, өөрийн сансрын хөлгөөр харьцангуй бага зардлаар хөөргөж, дэлхийг бүрхэх сүлжээ үүсгэх эхлэлийг тавьсан нь энэ салбарын бусад тоглогчдыг сэрээсэн гэхэд болно.

Монгол улсад нам орбитын талбарт “Старлинк” компанийн нэр их яригддаг. Бид энэ салбарын бусад тоглогчдын тухай төдийлөн мэдээлэлгүй байна. Манай оронд нам орбитын интернэтийн үйлчилгээ нэвтэрснээр ямар боломж бий болох вэ?

Энэ салбарт дэлхий нийтээрээ Старлинк компанийг хамгийн сайн мэддэг ч ижил төстэй үйл ажиллагааг явуулж буй компаниуд жилээс жилд нэмэгдсээр байна. Үүнд Oneweb, Amazon, Kepler, Telesat, GalaxySpace, GlobalStar, Inmarsat, Iridium, LynkGlobal зэрэг тоглогчид байгаа ба манай улсын Ondosat компани ч энэхүү томоохон зах зээл рүү орохоор ажлаа эхлүүлээд байна. МУ-д нам орбитын үйлчилгээ эрхлэгч орж ирснээр өргөн уудам газар нутагтаа хүн ам нь тархан суурьшсан онцлогтой орны хувьд алслагдсан бүс нутгийн иргэдэд интернэтийн үйлчилгээг хүргэх давуу тал үүснэ. Хэдийгээр бид 328 сум сууринг шилэн кабелийн сүлжээнд холбосон ч 4G үйлчилгээ нэвтрээгүй багууд байсаар байна. 400 орчим алслагдсан баг сүлжээнд холбогдож амжаагүй байгаа. Уг асуудал дээрх технологиор шийдэгдэх боломжтой ч бодит байдал дээр энэ чиглэлийн үйлчилгээ эрхлэгчдийн үнэ тариф хэт өндөр байна. Жишээ нь Старлинк компанийн интернэт үйлчилгээний одоогийн үнэ тариф хэт өндөр байна. Энгийн тооцоо хийж үзэхэд малчин айл 2 сая орчим төгрөгөөр интернэт хүлээн авах төхөөрөмж худалдан аваад үүний дараа сар бүр ойролцоогоор 380.000 төгрөгийн хэрэглээний төлбөрт төлөх шаардлага үүсэх юм. Ирээдүйд чөлөөт өрсөлдөөний зарчмаар энэ үнэ буурах боломжтой гэж харж байна. Тиймээс Цахим хөгжил харилцаа холбооны яам энэ талбарт зах зээлийн өрсөлдөөнийг дэмжинэ.

ОУ-д энэ зах зээлд өрсөлдөөн ямар түвшинд байдаг вэ? Манай улс бодлогоор хэрхэн дэмжиж байгаа вэ?

Одоогоор дэлхийн хиймэл дагуулын бүтээгдэхүүн үйлчилгээний нийт зах зээлийн багтаамж 380 тэрбум ам.доллар байгаа ба 2040 он гэхэд 1,2 их наяд доллар болж өсөх төлөвтэй байгаа нь энэ зах зээлд асар их боломж буйг харуулж байна. Сүүлийн жилүүдэд улс орнууд энэхүү нам орбитын үйлчилгээ эрхлэгчдэд зориулж бодлого, эрхзүйн орчноо тодорхой болгох чиглэлийн ажлуудыг хийсээр байна. Манай улсын хувьд ч 2022 оноос эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийг баталсан.  Энэхүү бодлого батлагдсаны дараа 5 дугаар сарын 13-ны өдөр Starlink компанийн албан ёсны веб хуудсанд тун удахгүй үйлчилгээгээ оруулах орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтааж цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байдаг. Үүний дараа 2022 оны 9 сард тус яамны удирдлагууд Старлинк компанийн удирдлагуудтай уулзалт хийж, Монгол Улсын эрхзүйн орчин, бодлогын баримт бичгийн талаар танилцуулж, Монгол Улс Старлинк компанийн үйлчилгээг нэвтрүүлэхэд хэзээд нээлттэй гэдгээ илэрхийлсэн. Монгол Улсад интернэтийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцдаг бөгөөд Старлинк компанийн хувьд одоогоор тус газарт албан ёсоор хүсэлтээ хараахан ирүүлээгүй байна.

Нам орбитын бодлогын баримт бичгийг батлахдаа ямар зарчим баримталсан бэ?

Дэлхий нийтэд харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээ, интернэтийн бөөний урсгал, интернэтийн жижиглэнгийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд нь тус тусдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байдаг ба манай улсын хувьд ч энэхүү чиг хандлагыг даган хөгжиж ирсэн түүхтэй. Нам орбитын бодлогын чиглэл ч мөн уг бодлоготой уялдан гарсан. Өөрөөр хэлбэл бид нийт нутаг дэвсгэрийг хамарсан шилэн кабелийн суурь сүлжээ, гаднаас манай улсад орж ирж буй интернэтийн бөөний үйлчилгээ, шилэн кабелийн суурь сүлжээг ашиглан иргэдэд хүрч буй өрхийн интернэтийн үйлчилгээ, бидний гар утсанд ирж буй мобайл интернэт зэрэг нь тус тусдаа зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа гэдгийг  салгаж ойлгох хэрэгтэй юм. Монгол Улс нь интернэтийн үнэ тарифын хямд байдлаар Азидаа дээгүүрт ордог орон ба энэ салбарын өрсөлдөөн нь мөн дээрх сүлжээ, үйлчилгээ, бөөний урсгал, жижиглэнгийн урсгал салангид байх бодлого зохицуулалтын орчны хүрээнд өнөөгийн хямд үнэ тарифыг бий болгосон байдаг. Үүнээс дүгнэхэд бид нам орбитын үйлчилгээ эрхлэгчдэд зориулж бодлого, эрхзүйн орчноо бүрдүүлсэн, энэ нь 2005 оноос хойш явж ирсэн харилцаа холбооны салбарын бодлого, эрхзүйн орчинтой уялдсан, мөн чиглэлийн бүх компанид нээлттэй гэж үзэж болох юм.

Бусад мэдээ

2025 оны шилдэг Инновацын төслүүд шалгарлаа

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Инновацын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3.3 дахь заалт, Засгийн газрын 2023 оны 224 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх журам”-ын хүрээнд 2025 оны шилдэг инновацын төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулагдлаа. Тус сонгон шалгаруулалт нь Монгол Улсад Өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, инновацын экосистемийг тогтвортой хөгжүүлэх зорилготой юм. Энэ жилийн сонгон шалгаруулалтад олон салбарыг хамарсан бүтээлч, шинэлэг шийдэл бүхий 55 төсөл  өрсөлдсөний дундаас 14 шилдэг төсөл шалгарч, батламжаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны сайд Э.Батшугараас гардан авлаа. Шилдэг 14 төслөөр: • Ember Cyber Services • СТЕПП ЭЙ АЙ • Гэрэрэ • Papa Logistics • Kоллаген уургийн пептид гарган авах • Бар-ус ундаа • Ногоон Дөл • Zuga app • Техно-гар” автомашин угаалгын ухаалаг робот гар • Аригус Инновацын төсөл • AirQ • E-Geree • Digital manga  • Эрт илрүүлье нар шалгарлаа.

Зам, тээвэр, холбооны сайд Р.Сандалхан

ҮЙЛ ЯВДАЛ Зам, тээвэр, холбооны сайд Р.Сандалхан 2021.06.24 Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд салбарын түүхэн замналын талаарх нийтлэлийг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1992 оноос Зам, тээвэр, холбооны болон Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Монгол Улсын гавъяат тээвэрчин Раздакийн Сандалханы тухай нийтэлж байна. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжиж, өөрчлөлт шинэчлэлт явагдаж байсан тухайн үед Холбооны яамыг татан буулгаж, Зам, тээвэр, холбооны яам нэртэйгээр 1992 онд байгуулсан түүхтэй. Сайдаар нь Р.Сандалханыг 1992 оны 8 дугаар сарын 15-наас томилж байв. Тэрбээр 1943 онд Баян- Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Чекин гэдэг газар төрж, 1952-1962 онд Баян-Өлгий аймгийн арван жилийн 1 дүгээр дунд сургууль, 1962-1967 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг инженер механикчийн мэргэжлээр төгссөн юм. Р.Сандалхан 1967-1969 онд Улаанбаатар хотын авто тээврийн 5 дугаар баазад засварчин, механик, үйлдвэрийн инженер, 1972-1979 онд шинээр байгуулагдсан Налайхын XIV баазын ерөнхий инженерээр хоёр жил ажилласны дараа баазын дарга болж байв. Түүнээс хойш тээврийн салбарын шинээр байгуулагдсан томоохон албан газар ажиллаж, 1982-1985 онд ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан Авто комбинатын засварын станцад дарга, 1985-1989 онд Хот хоорондын Авто тээврийн удирдах ерөнхий газрын дарга, 1989-1990 онд Зам, тээврийн яаманд хэлтсийн дарга, 1990-1992 онд Зам тээврийн яамны харьяа Тээврийн ерөнхий газрын дэд дарга, 1992 онд Зам тээвэр, холбооны сайд, 1994 онд Дэд бүтцийн хөгжлийн сайдаар томилогджээ. Хоёр жил сайдын алба хашиж байгаад 1996, 2000, 2004 оны УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон Р.Сандалхан гуай энэ тухай өгүүлэхдээ “Түмэн олныхоо итгэлийг алдалгүй ажилласны үр дүн юм даа. Хэрэв худалч, хулгайч нөхөр байсан бол юу гэж намайг Баян-Өлгийнхөн гурван удаа Их хуралд суулгахав дээ” гэжээ. ( Өдрийн сонин 2015.03.22) Дэд бүтцийн хөгжлийн яам нь түлш, эрчим хүч, тээвэр, холбоо, барилга, хот байгуулалт, аялал жуулчлалын салбарыг нэгтгэсэн төрийн захиргааны төв байгууллага байсан. Р.Сандалхан сайд харилцаа холбооны салбарыг удирдан ажилласан хугацаандаа салбарын мэргэжлийн боловсон хүчнүүдийн санаа бодол, үйл ажиллагаанд тулгуурлан, цахилгаан холбооны салбарыг хувьчлах анхны алхмыг хийж, Монгол шуудан компанийг үүсгэн байгуулж, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийг УИХ-аар батлуулан, салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1995 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 211 тоот тушаалаар Харилцаа холбооны зохицуулах зөвлөлийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, үйл ажиллагаа явуулах түр дүрмийг баталжээ. Харилцаа холбооны салбарт либеральчлал нэвтрүүлж, үүрэн телефон холбооны үйлчилгээг нэвтрүүлсэн нь харилцаа холбооны салбарын өнөөгийн хөгжлийн үндэс суурийг тавилцсан гавъяатай нэгэн билээ. Р.Сандалхан сайд “Монгол Улс зах зээлд шилжих үеийн (1992-1996 он) хүнд бэрхшээлтэй ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, харилцаа холбооны хөгжлийн өндөр төвшинд хүргэхэд тухайн жилүүдэд хамт ажиллаж байсан холбооны салбарын өндөр мэдлэг боловсролтой, зохион байгуулах чадвартай туршлагатай олон хамтран зүтгэгч Б.Сүхбаатар, Н.Төмөрхүү, Д.Төгсөө, Г.Баттөр нартаа сэтгэл хангалуун баярлаж явдаг. 1992 онд ДБХ-ийн яамыг зохион байгуулахад олон салбарын үйл ажиллагааг шилжилтийн үед зохицуулахад амаргүй байсан. Холбооны салбарын ажлыг мэргэжилтэн нарын санал бодлыг голдуу хүндэтгэн шийдвэрлэдэг байлаа. Харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, зах зээлд шилжүүлэх ажлыг мэргэжлийн алба хаагчдын хамт улам эрчимжүүлж, цахилгаан холбоог хувьчлах, шуудангийн салбарыг бие даасан төрийн өмчит компани болгон хөгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж, шуудангийн салбарын удирдлагыг нилээн өрсөлдөөн дунд томилсон бөгөөд ажилд томилогдсон хүмүүс бидний итгэл найдварыг амжилттай биелүүлж, шуудангийн салбар өнөөгийн төвшинд хүрсэн гэж үздэг” хэмээн дурсжээ. Р.Сандалханы хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Ардын хувьсгалын болон ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнажээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он “Харилцаа холбооны зохицуулах байгууллага түүхэн замнал” Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Хиймэл оюун ухааны бэлэн байдлыг үнэлэх, үндэсний стратеги боловсруулах ажлыг эхлүүллээ

Монгол Улс 2024 онд “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын индекс”-ээр 11 байр урагшилж, 188 орноос 98 дугаарт эрэмбэлэгдсэн талаар Oxford Insight байгууллагын гаргасан судалгаанд дурджээ. Хиймэл оюун ухааны бэлэн байдлын индексийг гаргахдаа Засаглал, технологи, өгөгдөл ба дэд бүтэц гэсэн үндсэн 3 шалгуурын хүрээнд 10 үзүүлэлтийг хамруулдаг аж. № Шалгуур 2024 2023 2022 2021 2020 1 Засаглал 36.94 35.83 35.21 33.45 27.02 2 Технологи 26.78 27.71 26.68 27.24 26.27 3 Өгөгдөл ба Дэд бүтэц 63.36 38.99 49.76 50.90 60.09 Үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй харвал: № Үзүүлэлт 2024 2023 2022 2021 2020 1 Алсын хараа 0 0 0 0 0 2 Засаглал ба Ёс зүй 52.10 45.20 43.06 39.74 32.31 3 Дижитал ур чадвар 53.57 58.61 58.58 37.72 40.11 4 Дасан зохицох чадвар 42.08 39.50 39.19 56.34 35.65 5 Төлөвшил 17.26 18.67 18.26 17.94 8.69 6 Инновацын чадамж 36 31.31 24.85 36.24 35.50 7 Хүний нөөц 27.09 33.15 36.92 27.53 34.62 8 Дэд бүтэц 34.44 26.91 26.91 30.92 44.35 9 Өгөгдлийн хүртээмж 85.19 62.06 62.06 53.34 57.57 10 Өгөгдлийн төлөөлөх чадвар 70.46 71.31 60.29 68.45 78.35 Дэлгэрэнгүй статистик мэдээллээс харахад, Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлын үзүүлэлт жил ирэх бүр тодорхой хэмжээнд өсөлттэй байгаа ч “алсын хараа” байхгүй буюу 0 үнэлгээ авч байгаа нь тус индексийг хойш татах  шалтгаан болж байна. Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр oxford insight байгууллагын албан ёсны аргачлалаар Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлын дэлгэрэнгүй үнэлгээг хийлгэж байна. Үүний зэрэгцээ, Хьюстоны их сургуулийн боловсруулсан “Framework and Foresight” аргачлалаар Монгол Улсын хиймэл оюун ухааны алсын харааг тодорхойлох ажлыг эхлүүлээд байна. Энэ аргачлалын ач холбогдол нь хамтын оролцоог нэмэгдүүлэх замаар ирээдүйн хэтийн төлөвийг урьдчилан харах үйл явцыг сайжруулах, хувилбаруудыг боловсруулах, үр дагаврыг судалдгаараа онцлогтой. Тус аргачлалын дагуу, хиймэл оюун ухааны хэрэглээний өнөөгийн нөхцөл байдлын талаарх санал, шүүмжийг нээлттэйгээр салбарын эрдэмтэн, судлаачид болон хувийн хэвшлийн төлөөллүүдээс цуглуулж байна. Эдгээр ажлын үр дүнд Монгол Улс ирэх хоёрдугаар сард “Хиймэл оюун ухааны үндэсний стратеги” олон улсад албан ёсоор зарлах юм.   Хиймэл оюун ухаан нь ойрын ирээдүйд дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэх бөгөөд Засгийн газрууд хиймэл оюун ухааныг ашиглах бэлэн байдлыг хангах нь технологиос үүдэлтэй учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, худалдаа, үйлдвэрлэл, аюулгүй байдал зэрэг олон салбарт өрсөлдөх давуу талыг олж авч, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах давуу талтай юм. Монгол Улсын хиймэл оюун ухааны үндэсний стратеги боловсруулах ажилд доорх линкээр саналаа өгөх боломжтой. Цахимаар санал өгөх бол ЭНД дарна уу.