Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Х.Асток ЦХХХЯ болон “И-Монгол” академийн алба хаагчдад Эстони улсын сайн туршлагыг хуваалцлаа

2022.04.07

Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, “Цахим Засаглал”-ын академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток эдгээр өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн алба хаагчдад “Эстони улсын цахим засаглал ба түүнийг бүрдүүлэгч блокууд” сэдвээр сургалт орлоо. Эстони улс нь дижитал шилжилтийг тэртээ 20 жилийн өмнө амжилттай нэвтрүүлсэн бөгөөд хамгийн дэвшилтэт дижитал нийгэм бүтээгч гэдгээрээ алдартай. Тус улсын “Цахим Засаглал”-ын академи нь 2002 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дэлхийн 130 гаруй улс, 230 гаруй байгууллагатай хамтран ажилладаг ажээ. Тус байгууллагын зохион байгуулдаг сургалт, семинарт дэлхийн өнцөг булан бүрээс ойролцоогоор 6800 гаруй оролцогчид хамрагддаг гэсэн судалгаа бий.

Ноён Ханнес Асток Монгол Улс дахь айлчлалынхаа хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн удирдлага болон алба хаагчдад сургалт орж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Эстони улсын “Цахим Засаглал”-ын академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток нь Монгол Улсад дөрөв дэх удаагаа айлчилж байгаа бөгөөд  Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийн хамт  2019 оны арванхоёрдугаар сарын 04-нд “e-Mongolia” системийн ерөнхий санааг гаргаж, тус системийг хөгжүүлэх эхлэлийг тавьж байсан юм.

Тэгвэл өнөөдөр “e-Mongolia” системд төрийн 60 гаруй байгууллагын 640 үйлчилгээ болон 13 аймгийн нутгийн захиргааны 863 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна.

Эстоничууд төрийн байгууллага руу ирж, буцах цаг хугацаа, дараалалд зогсох гээд төрийн үйлчилгээг уламжлалт аргаар авахад ойролцоогоор 23.5 цагийг зарцуулдаг ажээ. Харин төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр ердөө 30 минут л зарцуулдаг болсон аж. Мөн тус улс нь өнөөдрийг хүртэл 1 тэрбум тоон гарын үсгийг иргэддээ олгосон бөгөөд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд төрийн үйлчилгээг цахимаар авснаар 2 тэрбум еврог хэмнэсэн судалгаа бий.

Харин монголчууд төрийн үйлчилгээг уламжлал хэлбэрээр авахад дунджаар 2.5 цаг зарцуулдаг гэсэн судалгаа байдаг бөгөөд “e-Mongolia” систем нэвтэрснээр өнөөдрийн байдлаар 2 сая иргэн давхардсан тоогоор 10 сая гаруй төрийн үйлчилгээг цахимаар авсан бөгөөд ойролцоогоор 80 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн судалгаа гарчээ.

Төрийн үйл ажиллагааг цахимжуулсанаар 7 хоног бүр 24 цагийн ажиллагаатай, идэвхтэй, мэдрэмжтэй төр бий болох аж. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуй нэгж байгууллага цаг хугацаа, орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээг гар утаснаасаа авахын зэрэгцээ, төр тухайн системээр дамжуулан иргэдтэйгээ харилцаж, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломжтой юм. Мөн төр цахим системээр дамжуулан иргэний бичиг баримтын хугацаа дуусах дөхөж байгааг сануулах, сунгах эсэхийг мэдэгдэх, хэрвээ иргэн бичиг баримтаа сунгахыг зөвшөөрвөл бичиг баримт нь автоматаар сунгагдаж, иргэндээ эргэн мэдээллдэг байх ёстой ажээ.

Харин манай улсын хувьд цахим шилжилтийн багц хуулиуд ирэх 05 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхлэхээр төр өөрт буй мэдээллийг иргэнээс нэхэхгүй байх зохицуулалт үйлчилж эхэлнэ. Мөн төрийн алба хаагч хэн нэгэн иргэний мэдээллийг харахыг хүсвэл тухайн иргэнд “e-mongolia” системээр дамжуулан мэдэгдэл очих, иргэний баримт бичгийн хугацаа дуусах дөхөж байгаа эсэхийг мэдэгдэх хөгжүүлэлт хийгдэж байгаа ажээ.

Бусад мэдээ

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах уулзалт боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 дүгээр тушаалаар Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх, үнэлгээнд тулгуурлан уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөллийг оролцуулан байгуулсан. Ажлын хэсгээс Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн тайланг үндэслэн уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, салбарын үйлчилгээ эрхлэгчдийн дунд өнөөдөр (2024.01.05) төсөл танилцуулах уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ шаардлагын талаар, Харилцаа холбооны зохицуулах хорооны Ажлын албаны дарга А.Лувсан-Очир хуулийн төсөлд ХХЗХ-оос оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн саналыг, Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн судлаач, менежер Я.Сувданчимэг “Үндэсний роуминг үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх боломж” судалгааны ажлын талаар тус тус танилцуулга, мэдээлэл хийв. Уулзалтаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци, Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК, Жи Мобайл ХХК, Ондо ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн 30 орчим холбогдох албаны төлөөлөл танилцуулга, мэдээллийн хүрээнд санал солилцлоо.

“ЦАХИМ ХҮРТЭЭМЖ” ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын гишүүд “Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хууль”-ийн төслийг санаачлан, дээрх хуулийн төсөлд салбар бүрийн санал хүсэлтийг тусгах зорилтын хүрээнд өнөөдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү  болон  хууль санаачлагчид “ЦАХИМ ХҮРТЭЭМЖ ” хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүртээмжийн өнөөгийн байдлын талаар  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Батбаяр танилцууллаа. УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх хуулийн төслийн үзэл баримтлал”-ыг танилцууллаа.  Монгол Улсад төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, саадгүй авах гол платформ болж байна. Судалгааны тоон мэдээллээс авч үзвэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтдээ 358 төрлийн үйлчилгээний хүрээнд 2,148,530 удаагийн үйлчилгээ авчээ. E-Mongolia 5.0 шинэчлэлээрээ ОУ-ын WCAG стандартын дагуу хөгжүүлэлтийг дахин сайжруулж, дэлгэц уншигч программ ашиглан E-Mongolia системийг саадгүй ашиглах боломжтой болсон. Түүнчлэн E-Mongolia систем нь бүх нийтэд хүртээмжтэй байдлын (Universal Design) зарчмаар бүтээгдсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд нийцсэн дараах шийдлүүдийг агуулдаг. Үүнд: •         Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж дэлгэц уншигчид нийцсэн бүтэц, өндөр контрастын горим, томруулах боломжийг хэрэгжүүлсэн. •         Сонсголын бэрхшээлтэй хэрэглэгчдэд зориулан дохионы хэлний тайлбар бүхий видео контент, бичмэл зааварчилгаа, чатботын тусламжийг санал болгодог. •         Хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд зориулж гарын товчлуураар удирдах боломжтой энгийн бүтэцтэй интерфэйс боловсруулсан. Эдгээр нь техникийн шийдэл төдийгүй хүний эрхэд суурилсан цахим хүртээмжийн олон улсын жишигт нийцсэн алхам юм. Түүнчлэн  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь төрийн үйлчилгээг иргэн бүрд тэгш, хүртээмжтэй хүргэх бодлогын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тусгайлсан арга хэмжээ, хөтөлбөрүүдийг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраараа дамжуулах хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахын зэрэгцээ тэдний төрийн үйлчилгээ авах боломжийг хялбаршуулах, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, цахим ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “ХУРДАН” киоск төхөөрөмжийг нийслэл болон 21 аймгийн нийт 30 байршилд суурилуулсан. Уг төхөөрөмж нь төр, хувийн хэвшлийн 60 байгууллагын 600 гаруй үйлчилгээг  бие даан, саадгүй авах боломжийг бүрдүүлж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. 2026 онд улсын хэмжээн дэх бүх киоск төхөөрөмж дээр виртуал операторын үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг үе шаттайгаар ханган ажиллаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш оролцоог дэмжих, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, цахим орчинд бие даан үйл ажиллагаа явуулах чадавхыг бэхжүүлэх зорилгоор “ХУРДАН” клубийг байгуулж, өнөөдрийн байдлаар 129 гишүүнтэйгээр тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Уулзалтын үеэр Төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэй, иргэн төвтэй хэлбэрт шилжүүлэх, нийтийн мэдээллийн дэд бүтцийг сайжруулах, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, кибер аюулгүй байдлыг хангах, өгөгдөл солилцоог сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, Монгол Улс “цахим үндэстэн” болох стратегийн зорилгын хүрээнд цахим шилжилтийг нийгмийн бүх салбарт эрчимжүүлж, хүртээмж, чанарыг бодитоор сайжруулахыг зорьж буйг талууд онцоллоо. Цаашид цахим хүртээмжийг системтэйгээр сайжруулах зорилгоор салбар байгууллагууд хамтарсан тусгай дэд ажлын хэсэг байгуулж, бодлогын түвшинд илүү уялдаа холбоотой ажиллах, олон улсын сайн туршлагыг судлах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллахаар болов. Энэхүү ажил нь Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 523 дугаар захирамжаар байгуулагдсан “Хүн ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагаатай уялдаж байгаагаараа онцлог юм. 

Монгол – Турк хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг өнөөдөр /2024.09.12/ хүлээн авч уулзлаа.  Уулзалтаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү БНТУ нь Монгол Улсын боловсон хүчнийг бэлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг дурдаад цаашид дараах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Үүнд: Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш ноён Ц.Баатархүүд нэр хүндтэй албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, Турк улсын тээвэр, дэд бүтцийн сайдын илгээсэн захидлыг түүнд уламжлав. Тэрбээр Турк улс нь иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах, кибер аюулгүй байдал болон өгөгдлийн шинжилгээний чиглэлд боловсон хүчин бэлдэхэд хамтран ажиллах боломжтой гэдгийг дуулгаж, цаашид хиймэл дагуул, сансар судлалын чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Ц.Баатархүү сайд Турк улсыг Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансар судлалын салбарт хүч түрэн орж ирж буйд баяр хүргэж, Монгол Улс нь нам орбитын хиймэл дагуулын sandbox буюу туршилтын чөлөөт бүсийг байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж буй гэдгийг онцлов. Түүнчлэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох ICT EXPO –г ирэх жилээс олон улсын түвшинд зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул Туркийн мэдээллийн технологийн компаниуд оролцохыг урилаа.