Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ажиллагсдын 35,8 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна

2022.03.08

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт суралцаж, ажиллаж буй эмэгтэйчүүдийн талаарх сонирхолтой баримтыг хүргэе. Цахим хөгжил, харилцаа холбооны яам салбарын хүний нөөцийн судалгааг хийсэн байна. Тус хүний нөөцийн судалгаанд салбарын 151 байгууллагын захирал, удирдлага, инженер техникийн 286 ажилтнууд оролцсон байна. Судалгаанд хамрагдагчдын мэдээллийг авч үзвэл 64.2 хувь нь эрэгтэй ажилчид байсан бол 35,8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Харин их, дээд сургуульд суралцагчдын мэдээллийг харвал 2020-2021 оны хичээлийн жилд 31,161 оюутан төгссөнөөс харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр 887 оюутан төгсжээ. Үүнээс 72,2 хувь нь эрэгтэй оюутан бол 27,8 хувь нь эмэгтэй оюутан байна. Харин бакалаврын зэргийг нийт 25,727 оюутан хамгаалснаас 820 оюутан харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр бакалаврын дипломтой төгссөн байна. Үүнээс 591 буюу  70,07 хувь нь эрэгтэй, 229 буюу 29,93 хувь нь эмэгтэй оюутан байна. Магистрын зэргийг 5273 оюутан хамгаалснаас 67 нь мэдээллийн технологийн оюутан байна. Үүнээс 49 нь буюу 73,13 хувь нь эрэгтэй бол 18 нь буюу 26,87 хувь эмэгтэй оюутнууд байна.

Олон улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нийт ажиллах хүчинд эзлэх хувиас доогуур байна. Тухайлбал 2018 оны байдлаар Канад улсад тус салбарын ажиллагчдын 25 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан бол Герман улсад 17.1% байна. Харин Сингапурт нийт ажиллах хүчинд эмэгтэй ажиллагчдын эзлэх хувь хэмжээ 45 орчим хувь байдаг бол Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 30%-ийг л эзэлдэг байна (IMDA, 2019). Хятад улсад тус чиглэлээр ажиллаж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жингийн талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй байдаггүй байна. Ерөнхийдөө харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ажиллах эмэгтэй мэргэжилтнүүдийн эзлэх хувь хэмжээ нь мэргэжлийн дэд бүлгүүдээс ихээхэн хамаардаг байна. Тухайлбал, программ хангамж хөгжүүлэх, програмчлалын чиглэлээр ажил эрхэлдэг компанид эмэгтэй ажиллагчид хамгийн бага хувийг эзэлдэг бол мэдээллийн технологи, эрүүл мэнд, бизнесийн удирдлага, график, зураглал зэрэг ажил мэргэжлийн хувьд эмэгтэйчүүд харьцангуйгаар их хувийг эзэлдэг байна. Жишээлбэл, Герман, Канадын график дизайнер, зураглаачдын бараг 50 хувь нь эмэгтэйчүүд, Канадын эрүүл мэндийн мэдээллийн менежментийн менежерүүдийн 89 хувь нь эмэгтэйчүүд байна.

Бусад мэдээ

Jaap van Hierden: НҮБ Монгол Улсын Засгийн газрын дижитал шилжилтийн бодлогыг дэмжин ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол дахь суурин зохицуулагч Jaap van Hierden-ийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын дижитал шилжилтийн бодлого, хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд НҮБ-аас Монгол Улстай хамтран хэрэгжүүлсэн Хиймэл оюуны орчны үнэлгээ (UNDP), мөн НҮБХХ, НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-ийн хамтран хэрэгжүүлсэн DEMOSC хөтөлбөрүүдийг хүртээмжтэй, дижитал шилжилтийг өргөжүүлэхэд бодит үр дүнд хүрсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, албан бус бизнесийг дэмжихэд чиглэсэн дижитал шийдэл болох Е-Бизнес платформын 2 дугаар хувилбарыг хөгжүүлэхэд Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) ЦХХХЯ болон Е-Монголия академитай хамтран ажиллаж байгааг сайшаалаа. Энэ үеэр 2025 оноос хэрэгжиж эхэлсэн, 14–18 насны сурагчдыг хиймэл оюуны суурь мэдлэг, ур чадвараар хангах зорилготой “1,000 Хиймэл оюуны элч” санаачилгыг цаашид дэмжин ажиллахад НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF) бэлэн байгаагаа илэрхийллээ. Цаашид Монгол Улсын дижитал шилжилтийн залуучуудын чиглэл дэх тэргүүлэх (flagship) хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг болгох саналыг дэвшүүллээ. Мөн Олон улсын цахилгаан холбооны холбоо (ITU), НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) нь НҮБ-ын уялдаа зохицуулалтын дор дижитал шилжилтийн шинэ хамтарсан хөтөлбөр боловсруулж байгаа талаар танилцуулсан юм. Урьдчилсан байдлаар “Ухаалаг малчид (Smart Herders)” хэмээн нэрлэсэн уг хөтөлбөр нь дижитал шийдлээр дамжуулан малчдын хамтын нийгэмлэгийг дэмжихэд чиглэж, DEMOSC хөтөлбөрийн хүрээнд туршсан сургамж, загваруудад тулгуурлан хэрэгжих юм. Уулзалтын төгсгөлд НҮБ-ын Монгол дахь Нэгдсэн Үйл ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газартай дижитал шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхэд бүрэн бэлэн байгаагаа илэрхийлж, ялангуяа хот, хөдөөгийн ялгааг бууруулах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, хамрагдахуйц дижитал шийдлээр дамжуулан ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулахаа онцоллоо.

ИЦББХ: “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2021 оны гүйцэтгэлийн дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарсан гэв

ҮЙЛ ЯВДАЛ ИЦББХ: “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2021 оны гүйцэтгэлийн дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарсан гэв 2022.03.01 Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг сонсов. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Жавхлан танилцууллаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу хүрсэн түвшинг хүрэх түвшинтэй харьцуулан бодит гүйцэтгэлийг гаргахад 2021 оны байдлаар 74.5 хувь, өссөн дүнгээр 19.5 хувийн хэрэгжилттэй байна хэмээн Б.Жавхлан сайд танилцуулав. 2020 онд мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах үед цар тахал цаашид үргэлжлэх төлөвтэй байсан тул 2021 онд зураг төсөл боловсруулах, судалгаа хийх, төсөв батлуулах, эхлүүлэх зэрэг бэлтгэл ажил хангах зорилт, арга хэмжээг түлхүү төлөвлөсөн нь мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт өндөр гарахад нөлөөлсөн гэв. Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр харуулбал Ковид-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 88 хувь, Хүний хөгжлийн бодлого 78 хувь, Эдийн засгийн бодлого 70 хувь, Засаглалын бодлого 76 хувь, Ногоон хөгжлийн бодлого 65 хувь, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого 79 хувийн хэрэгжилттэй байгаа гэлээ. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд 9 зорилго, 47 зорилтын хүрээнд 2021-2025 онд 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталж, 2021 оны явцын дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарчээ. Үргэлжлүүлэн Б.Жавхлан сайд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй хэрэгжиж байгаа томоохон зорилт, арга хэмжээнүүдийг дурдав. Иргэдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг Засгийн газраас хариуцан төлсөн. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн, иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж, 2.2 сая насанд хүрэгчдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Мөн хүн амын коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 69.8 хувь, II тунд 66.8 хувь, III тунд 31.6 хувь, IV тунд 3.4 хувийг хамруулаад байгаа бөгөөд цар тахал эхэлснээс хойш нийт 36.360 монгол иргэнээ эх оронд нь эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулсан байна. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд 1.9 их наяд төгрөг, репо санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 789.8 тэрбум төгрөг, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 925 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйг дэмжих болон малчдыг дэмжих зээлийн хүрээнд 384.2 тэрбум төгрөг тус тус олгожээ. 2021 оны байдлаар 40 цэцэрлэг, 32 сургууль, 5 спорт заал, 12 дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Түүнчлэн дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 Мвт-аар өргөтгөсөн байна. Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх ажлын явцад үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор тус төслийн Засгийн газрын эзэмших хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирэх боломжтой болсон байна. Үүний зэрэгцээ гүний уурхайн үйлдвэрлэлийг 2022 оны нэгдүгээр сарын 22-нд эхлүүлсэн юм. Цахим үйлчилгээний нэгдсэн www.e-mongolia.mn системд төрийн 562 үйлчилгээг нэгтгэж төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүнд сурталгүй болгоход ихээхэн ахиц гарсныг танилцуулгад дурдсан. Монгол Улс 2020 оны арван нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд нийт 79 хоногийг өнгөрүүлж, бусад үед нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байсан. Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний бүхий л газар үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан нэн хүнд цаг үеийг даван туулж Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхлээд байгааг Б.Жавхлан сайд тэмдэглэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ц.Сэргэлэн, Ч.Ундрам, Л.Энх-Амгалан, Н.Учрал нар асуулт асууж, санал хэллээ. УИХ-аас 2021 оны 12 дугаар сард цахим шилжилтийг эрчимжүүлэх Кибер аюулгүй байдлын тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг дөрвөн багц хуулийг баталсан бөгөөд энэ оны тавдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц ямар байгаа, ухаалаг засаглалыг бэхжүүлэх арга хэмжээний хэрэгжилт орон нутагт ямар түвшинд байгаа, мэдээллийн технологийн салбарыг дэмжсэнээр эдийн засагт ямар ахиц гарсан, хүний нөөцийн чадавхыг сайжруулахад хэрхэн анхаарч байгаа талаар гишүүд асууж тодруулсан юм. Засгийн газрын тогтоолоор “E-Mongolia академи” улсын төсөвт үйлдвэрийн газрыг шинээр байгуулсан. Тус академи нь төрийн байгууллагын мэдээллийн системийг хөгжүүлэх, төрийн тодорхой салбар үйл ажиллагаанд цахим шилжилтийг хийхэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн мэдээллийн технологийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт хийх чиг үүрэгтэй. Энэ хүрээнд орон нутагт төрийн үйлчилгээг цахимжуулах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах ажлууд хийгдэж байгаа. Одоогийн байдлаар www.e-mongolia.mn системд 562 төрийн үйлчилгээг нэгтгэж оруулсан. Өнгөрсөн жил гаруй хугацаанд 70 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн гэсэн урьдчилсан тооцоолол гарсан. Энэ онд 1200 төрийн үйлчилгээг оруулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 15 мянган орчим төрийн үйлчилгээ байна. Нэг талаар энэ тоон үзүүлэлт сайн боловч нөгөө талаар төрийн бүтэц хэт данхайсан байгааг харуулж байна. Тиймээс төрийн үйлчилгээний бүтцийг загварчилж, бүх салбарт инновацыг дэмжих санхүүжилтийн зөв тогтолцоог бүрдүүлэх шаардлага бий болсныг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.Энх-Амгалан хэллээ. Xилийн боомтуудыг болон алслагдсан сум, багт шилэн кабельд холбох, Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан Үндэсний төв, Нийтийн төвүүдийг байгуулахдаа программын аюулгүй байдал, хамгаалалтын асуудалд онцгой анхаарах хэрэгтэйг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн сануулав. Алслагдсан сумдын тухайд энэ онд 5 сумыг шилэн кабельд холбох ажлыг хийнэ. Ингэснээр манай улсын 330 сум бүгд шилэн кабельд холбогдоно. Цаашид сансрын холбоог ашиглаж, хүн амыг өндөр хурдны интернетийн сүлжээнд холбох ажлыг судалж эхэлжээ. Харин Тагнуулын ерөнхий газраас цахим шилжилтийн хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журам, аргачлал, стандарт,

Гэрлийн шон, барилгын дээврээр татагдсан кабелийг цэгцэлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Нийслэлийн дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалайг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, Харилцаа холбооны бодлого зохицуулалтын газрын дарга Д.Баясгалан нар болон Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци, оператор компаниудын төлөөлөл, Харилцаа холбооны зохицуулах хорооны Т.Батболд, Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, Нийслэлийн холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцлоо. Уулзалтаар  Нийслэлийн дэд бүтэц, явган хүний замын бүтээн байгуулалт болон түүнийг дагасан харилцаа холбооны худаг, сувагчлалын ажил, агаараар буюу гэрлийн шон, троллейбусны даацын баганууд, барилга хооронд дамжин татагдсан кабелиудыг цэгцлэх, буулгаж худаг сувагчлалаар оруулах, хэрэглээгүй кабелиудыг буулгах талаар ярилцлаа. Үүнтэй холбогдуулан “Мэдээлэл холбооны сүлжээ компани” ТӨХК нь өөрийн эзэмшлийн Улаанбаатар хотын худаг сувагчлал, дүүргэлт болон Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, Их тойруу, бага тойруу дагасан зам засварын бүтээн байгуулалттай хамт хэрэгжиж буй худаг сувагчлалын ажлын явц, гүйцэтгэлийн талаар танилцууллаа. Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ний Улаанбаатар хотын сүлжээ ашиглалтын газар нь УБ хотын хэмжээнд 7  станцын хүрээнд 9826 ширхэг худаг, 625.323 метр сувагчлалын ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Уулзалтын үр дүнд ЦХИХХЯ болон Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци, бусад төрийн болон хувийн хэвшлүүд, Нийслэлийн удирдлагууд, холбогдох байгууллагууд хамтарсан  ажлын хэсэг гарган,  худаг сувагчлал, кабелийн асуудлыг үе шаттай шийдэхээр  тохирлоо. Үүнд: – Төв замын дагуух дутуу үлдсэн худаг сувагчлалын ажлуудыг дуусгах – Харилцаа холбооны кабелиудыг агаараар татах эрх зүйн баримт бичиг, стандартуудыг боловсруулж, батлах – Төв  зам дагасан агаараар татагдсан буулгах боломжтой кабелиудыг буулган, худаг сувагчлалд шилжүүлэх -Барилга хооронд замбараагүй татагдсан кабелиудыг цэгцлэн багана татах, хүчилтгэх зэрэг ажлуудыг үе шаттай хийхээр боллоо Олон жилийн турш цэгцлэхээр ярилцаж буй уг асуудлыг хөндөн, ажил хэрэг болгож хамтран ажиллахаар санал санаачилга гаргаж буй Нийслэлийн дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалайд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар талархал илэрхийлэн, хамтран ажиллахаа илэрхийллээ.