Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ИЦББХ: “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2021 оны гүйцэтгэлийн дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарсан гэв

2022.03.01

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг сонсов. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Жавхлан танилцууллаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу хүрсэн түвшинг хүрэх түвшинтэй харьцуулан бодит гүйцэтгэлийг гаргахад 2021 оны байдлаар 74.5 хувь, өссөн дүнгээр 19.5 хувийн хэрэгжилттэй байна хэмээн Б.Жавхлан сайд танилцуулав. 2020 онд мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах үед цар тахал цаашид үргэлжлэх төлөвтэй байсан тул 2021 онд зураг төсөл боловсруулах, судалгаа хийх, төсөв батлуулах, эхлүүлэх зэрэг бэлтгэл ажил хангах зорилт, арга хэмжээг түлхүү төлөвлөсөн нь мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт өндөр гарахад нөлөөлсөн гэв. Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр харуулбал Ковид-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 88 хувь, Хүний хөгжлийн бодлого 78 хувь, Эдийн засгийн бодлого 70 хувь, Засаглалын бодлого 76 хувь, Ногоон хөгжлийн бодлого 65 хувь, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого 79 хувийн хэрэгжилттэй байгаа гэлээ.

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд 9 зорилго, 47 зорилтын хүрээнд 2021-2025 онд 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталж, 2021 оны явцын дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарчээ. Үргэлжлүүлэн Б.Жавхлан сайд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй хэрэгжиж байгаа томоохон зорилт, арга хэмжээнүүдийг дурдав.

Иргэдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг Засгийн газраас хариуцан төлсөн. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн, иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж, 2.2 сая насанд хүрэгчдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Мөн хүн амын коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 69.8 хувь, II тунд 66.8 хувь, III тунд 31.6 хувь, IV тунд 3.4 хувийг хамруулаад байгаа бөгөөд цар тахал эхэлснээс хойш нийт 36.360 монгол иргэнээ эх оронд нь эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулсан байна.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд 1.9 их наяд төгрөг, репо санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 789.8 тэрбум төгрөг, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 925 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйг дэмжих болон малчдыг дэмжих зээлийн хүрээнд 384.2 тэрбум төгрөг тус тус олгожээ.

2021 оны байдлаар 40 цэцэрлэг, 32 сургууль, 5 спорт заал, 12 дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Түүнчлэн дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 Мвт-аар өргөтгөсөн байна. Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх ажлын явцад үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор тус төслийн Засгийн газрын эзэмших хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирэх боломжтой болсон байна. Үүний зэрэгцээ гүний уурхайн үйлдвэрлэлийг 2022 оны нэгдүгээр сарын 22-нд эхлүүлсэн юм.

Цахим үйлчилгээний нэгдсэн www.e-mongolia.mn системд төрийн 562 үйлчилгээг нэгтгэж төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүнд сурталгүй болгоход ихээхэн ахиц гарсныг танилцуулгад дурдсан. Монгол Улс 2020 оны арван нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд нийт 79 хоногийг өнгөрүүлж, бусад үед нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байсан. Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний бүхий л газар үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан нэн хүнд цаг үеийг даван туулж Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхлээд байгааг Б.Жавхлан сайд тэмдэглэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ц.Сэргэлэн, Ч.Ундрам, Л.Энх-Амгалан, Н.Учрал нар асуулт асууж, санал хэллээ.

УИХ-аас 2021 оны 12 дугаар сард цахим шилжилтийг эрчимжүүлэх Кибер аюулгүй байдлын тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг дөрвөн багц хуулийг баталсан бөгөөд энэ оны тавдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц ямар байгаа, ухаалаг засаглалыг бэхжүүлэх арга хэмжээний хэрэгжилт орон нутагт ямар түвшинд байгаа, мэдээллийн технологийн салбарыг дэмжсэнээр эдийн засагт ямар ахиц гарсан, хүний нөөцийн чадавхыг сайжруулахад хэрхэн анхаарч байгаа талаар гишүүд асууж тодруулсан юм.

Засгийн газрын тогтоолоор “E-Mongolia академи” улсын төсөвт үйлдвэрийн газрыг шинээр байгуулсан. Тус академи нь төрийн байгууллагын мэдээллийн системийг хөгжүүлэх, төрийн тодорхой салбар үйл ажиллагаанд цахим шилжилтийг хийхэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн мэдээллийн технологийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт хийх чиг үүрэгтэй. Энэ хүрээнд орон нутагт төрийн үйлчилгээг цахимжуулах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах ажлууд хийгдэж байгаа. Одоогийн байдлаар www.e-mongolia.mn системд 562 төрийн үйлчилгээг нэгтгэж оруулсан. Өнгөрсөн жил гаруй хугацаанд 70 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн гэсэн урьдчилсан тооцоолол гарсан. Энэ онд 1200 төрийн үйлчилгээг оруулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 15 мянган орчим төрийн үйлчилгээ байна. Нэг талаар энэ тоон үзүүлэлт сайн боловч нөгөө талаар төрийн бүтэц хэт данхайсан байгааг харуулж байна. Тиймээс төрийн үйлчилгээний бүтцийг загварчилж, бүх салбарт инновацыг дэмжих санхүүжилтийн зөв тогтолцоог бүрдүүлэх шаардлага бий болсныг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.Энх-Амгалан хэллээ.

Xилийн боомтуудыг болон алслагдсан сум, багт шилэн кабельд холбох, Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан Үндэсний төв, Нийтийн төвүүдийг байгуулахдаа программын аюулгүй байдал, хамгаалалтын асуудалд онцгой анхаарах хэрэгтэйг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн сануулав.

Алслагдсан сумдын тухайд энэ онд 5 сумыг шилэн кабельд холбох ажлыг хийнэ. Ингэснээр манай улсын 330 сум бүгд шилэн кабельд холбогдоно. Цаашид сансрын холбоог ашиглаж, хүн амыг өндөр хурдны интернетийн сүлжээнд холбох ажлыг судалж эхэлжээ. Харин Тагнуулын ерөнхий газраас цахим шилжилтийн хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журам, аргачлал, стандарт, төлөвлөгөөг боловсруулж, холбогдох судалгаа, тооцооллын хамт Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлжээ.

Засгийн газраас үндэсний инновац, технологийн тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэхэд анхаарах, хүний нөөцийг бодлогоор дэмжиж бэлтгэх тал дээр анхаарах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал, Ч.Ундрам нар хэллээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Монгол Улсын хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан инновац, цахим бодлогын зорилтуудын хэрэгжилтийн байдалд шүүмжлэлтэй байгаагаа илэрхийлээд үр дүнг бодитоор хэмжих, дүн шинжилгээ хийх шаардлагатайг санууллаа.

Ингээд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Бусад мэдээ

“Digital Nation 2021” бол цахим үндэстэн болж дэлхийд өрсөлдөх талбар

ҮЙЛ ЯВДАЛ “Digital Nation 2021” бол цахим үндэстэн болж дэлхийд өрсөлдөх талбар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс эхлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж, “Digital Nation-2021” нэр дор энэ сарын 17-19-ний хооронд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдана. Тус арга хэмжээний талаар өнөөдөр /2021.09.07/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Юнител группийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат, Мобиком корпорацын Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Б.Баярмаа, Ард санхүүгийн нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Интелмайнд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мэндбаяр, Инфинити Сольюшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Габит, ONDO ХХК-ийн Маркетингийн захирал Б.Мандуул нар хэвлэлийн хурал хийлээ. ХХМТГ-ЫН ДАРГА Б.БОЛОР-ЭРДЭНЭ: 2020 оноос өмнө төр дижиталчлалын бодлогодоо төрийн үйлчилгээг цахимжуулахад анхаарч ирсэн бол одоо үүнийг салбар харгалзахгүй хөгжих шаардлагатай улс орны хөгжлийн хурдасгуур гэж үзэж байна. Тиймээс ч Засгийн Газар 2021-2024 оны үйл ажиллагааныхаа хүрээнд цахим үндэстэн болох зорилт тавьсан. Энэ ажил “Digital Nation-2021” арга хэмжээгээр эхэлж байна. Үндэсний хэмжээний технологийн энэхүү арга хэмжээг хувийн хэвшлийнхэн манлайлж, төр хамтран оролцож буй нь онцлууштай. “ЮНИТЕЛ” ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.ЭНХБАТ  Энэ арга хэмжээ нэг талаасаа уламжлал ёсоор, нөгөө талаас шинэчлэгдсэн байдлаар болох гэж байна. Төр, хувийн хэвшлүүд хамтран амжилттай хэрэгжүүлж буй үлгэр жишээ төслүүдийн нэг энэ болж буй юм. Технологийн хөгжил дэлхийд ямар байна, Монголд ямар байна, цаашид бид юунд зорих вэ гэдэг агуулгын өөрчлөлтийг хийх томоохон ач холбогдолтой арга хэмжээ болох гэж байна. Төр болон хувийн хэвшлийн байгууллагууд цаашид дижитал шилжилтийн асуудлаар ойлголцох, хамтран ажиллах эхлэлийг тавих гэж буйд баяртай байна. “АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ” ХК-ИЙН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГ Манай улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэний 100 жилийн ойн хүрээнд цахим шилжилт хийх ажил ид өрнөж байна. Цар тахлын цаг үед технологийн хэрэглээ нэмэгдэх амьдралын шаардлага ч үүслээ. Төр засгаас цахим үндэстэн болох санаачилга гаргаж, хувийн хэвшлийнхэн энэ ажилд хүч түрэн хамтарч буйд сэтгэл хангалуун. “МОБИКОМ” КОРПОРАЦИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРАЛ Б.БАЯРМАА Цар тахлын улмаас хүмүүсийн амьдралын хэв маяг эргэлт буцалтгүй өөрчлөгдлөө. Өнгөрсөн жилийн хугацаанд Мобикомын хэрэглэгчид цахим сувгаар үйлчилгээ авах нь 40 гаруй хувиар өссөн. Нэгэнт ийм том өөрчлөлт рүү явж буй учраас хэрэглээг илүү хялбарчилж, сэтгэл ханамжтай болгохын тулд шинээр гаргаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ “Digital Nation-2021” арга хэмжээн дээр танилцуулна. 5G технологид суурилсан зөвхөн гар утас, энгийн хэрэглээний төдийгүй ухаалаг амьдралын хэв маяг, оффис үйлчилгээ, шийдлүүдтэй зорин ирж танилцаарай. “INFINITE SOLULTION” ХХК-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ТУЗ-ИЙН ДАРГА Б.ГАБИТ Дэлхий ертөнц маш хурдтай өөрчлөгдөж байна. 2021 онд Монгол Улс хаана явна вэ, дэлхийтэй хэрхэн хөл нийлүүлж байна вэ гэдгээ үзэх, танилцах боломж бол “Digital Nation 2021” юм. Манай компани 2007 оноос хойш нэг том зорилготой ажиллаж байна. “Silicon valley” шиг өөрсдийн гэсэн “Монгол valley” бүтээх зорилго. Үүнд хүрэхийн тулд бидэнд юу хэрэгтэй байгаа вэ гэдгийг бид энд танилцуулна. Энэ арга хэмжээнд компаниуд, технологийн салбарынхан, монголчууд бүгдээрээ МОНГОЛ гэсэн нэгэн зорилготой оролцож, дэлхийд гарахын төлөө ажиллах болно. “ONDO” ХХК-ИЙН МАРКЕТИНГИЙН ЗАХИРАЛ Б.МАНДУУЛ  Бид 5G технологийн туршилтыг хийх гэж байна. 5G -ийн холболт хийснээр иргэдийн амьдралд ямар өөрчлөлт авчирч болох вэ гэдгийг хамгийн бодит төсөл, бүтээгдэхүүн, үйлчилгээгээр иргэд олон нийтэд “Digital Nation-2021” арга хэмжээний үеэр танилцуулах болно. “INTELMIND” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.МЭНДБАЯР Бидний хувьд энэ арга хэмжээ бол баярт үйл явдал. Бид өөрсдийн ажил, бүтээгдэхүүн үйлчилгээгээ энд дэлгэн танилцуулах болно. Бид өнөөдөр оюун ухаан, технологиороо дэлхийд өрсөлдөх шаардлага урган гарч байна. “Digital Nation 2021” –ийг энэ өрсөлдөөнд өөрсдийгөө бэлтгэх, олон нийтэд дижитал шилжилтийн тухай ойлголт өгөх хамгийн том талбар байгаасай гэж хүсэж байна. Үүгээр дамжуулаад ард иргэддээ мэдээлэл өгөх, компаниуд хоорондоо мэдээлэл солилцох, улс орноо хөгжүүлж, дэлхийд сурталчлах бүтээгдэхүүн үйлчилгээг хамтдаа боловсруулах ийм үйл явдал болно гэж харж байна. Цахим үндэстэн гэдэг нь компаниуд тус тусдаа хөгжих биш, хүчээ нийлүүлж, төрийн дэмжлэгтэй ажиллах, нэг үндэстэн болж дэлхийд өрсөлдөх үйл ажиллагаа юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд сургалт нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулагдана

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын тушаалаар дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгийн хүрээнд эрүүл мэндийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй программ хангамж үйлдвэрлэгч 7 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг бодит цагийн горимд нэгтгэх нөхцөлийг бүрдүүлж, үндсэн систем “ХУР”-тай холбогдон, иргэний зөвшөөрлөөр эрүүл мэндийн байгууллага хооронд эрүүл мэндийн мэдээллийг дамжуулах боломжтой боллоо. Мөн төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем И-Монгол-д эрүүл мэндийн нэн шаардлагатай дараах 7 төрлийн тусламж, үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, заримыг нь хэрэглээнд нэвтрүүлээд байна. Үүнд: 1. ЭМИЙН ЖОР 2. ДҮРС ОНОШИЛГООНЫ ДҮГНЭЛТ 3. ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ 4. ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАРИЛГЫН ГЭРЧИЛГЭЭ 5. АМБУЛАТОРИОР ЭМЧЛҮҮЛЭГЧДИЙН КАРТ 6. ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙН ХЯНАЛТЫН ХӨТӨЧ КАРТ 7. ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭВТЭР БАГТАЖ БАЙНА. Дээрх ажлуудын хүрээнд ЦХХХЯ, ЭМЯ хамтран “Цахим эрүүл мэнд” сургалтыг нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн салбарынханд үе шаттай зохион байгуулах юм. Өнөөдрийн сургалтад Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн салбарынхан хамрагдлаа.

“Үндэсний хэмжээний кибер халдлагаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах tabletop exercise хийх” сургалт явагдаж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) хамтран  Ази, Номхон далайн бүсийн кибер аюулгүй байдлын олон улсын арга хэмжээг 2025 оны 9 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэ хүрээнд бүс нутгийн болон олон улсын байгууллага, түнш орнууд хамтран кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй санал санаачилга, ололт амжилтын талаар хэлэлцэж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн харилцан туршлагаа хуваалцсан нь ихээхэн ач холбогдолтой байв. Мөн арга хэмжээний үеэр кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн дунд олон улсын түвшний кибер сургуулилтыг зохион байгуулж, оролцогчид бодит нөхцөлд тулгуурласан сорилтод оролцон ур чадвараа сорьж, практик мэдлэгээ бататгалаа.            Түүнчлэн кибер аюулгүй байдлыг хангах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, чадавхыг бэхжүүлэх хүрээнд Жакарта дахь ИБУИНХУ-ын Элчин сайдын яамны Энэтхэг- Номхон далайн кибер хөтөлбөрийн Нэгдсэн Аюулгүй байдлын сангийн дарга Нейл Бест болон Улаанбаатар дахь ИБУИНХУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн мэргэжилтэн  Ө.Анузаяа  нарыг ЦХИХХЯам Кибер аюулгүй байдлын бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Пүрэвням хүлээн авч уулзлаа. Уулзатын үеэр ноён  Нейл Бест  Зам, тээврийн салбарын байгууллагууд болон кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүргийн байгууллагуудын 27 албан хаагчийг хамруулсан “Үндэсний хэмжээний кибер халдлагаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах tabletop exercise хийх” сургалт хийж байгаад талархал илэрхийлээ. Олон улсын чанартай энэхүү арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулснаар зөвхөн оролцогчдын чадавхыг бэхжүүлэхээс гадна бүс нутгийн хэмжээнд мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд чухал алхам болсон гэж үзэж байна. Монгол Улсын кибер аюулгүй байдлыг өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгааны тайланд дурдсан зөвлөмжүүдийг дараагийн бодлого, төлөвлөлтөд үе шаттайгаар тусган хэрэгжүүлж байна. Цаашид Их, дээд сургууль, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж харилцаа холбоо, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын шинэ төрлийн дэвшилтэт технологи дээр судалгаа хийх, хүний нөөцийг чадавхжуулахад хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.