Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Холбооны дөрөв дэх сайд Магсарын Чимиддорж

2021.03.25

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. 100 жилийн ой хүрээнд салбарын түүхэн замналыг цуврал нийтлэлээр хүргэж буй. Бид энэ удаад Холбооны 4 дэх сайд М.Чимэддоржийн тухай өгүүлж байна. Мушаадан овгийн Магсарын Чимэддорж 1923 онд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Улз голын ойр орчимд төржээ. 1933-1934 онд сумын бага сургуульд суралцан төгсөөд, жинчин болж, холбооны мэргэжилд дур сонирхолтой болсон тухайгаа “ … тэр үед арван хэдтэй хүү би жинчин болж, Онон голоос Баянтүмэн, Тамсагбулаг, Матад сум хүртэл үхэр тэргээр холбооны шугамын багана мод тээвэрлэж байлаа. Хүнд ачаатай үхэр тэрэг хөтөлж яваа хүүд урьд үзээгүй зүйл, олон янзын машинтай монгол, орос цэрэг дарга нар давхих нь сэтгэлд нэгийг бодогдуулна. Ялангуяа өдөр, шөнөгүй яваад байхад тасралтгүй үргэлжлэх холбооны агаарын урт шугам миний сонирхлыг гойд татаж байлаа. Энэ шугамыг харахад гайхамшигтай цэх шулуун тавигдсан, мод бүр нь өөрийн дугаартай, орой нь жигд бөгөөд цэвэрхэн тэр хэсэгт нь дэгээ, лонх суулгаж, төмөр утас татаж, тэгээд дүнгэнэж дуугарах нь бүр ч сонирхолтой, түүгээр ямар нэгэн чухал мэдээ дамждаг байх гэсэн бодол төрдөг байлаа. Энэ шугам байгуулдаг ажилтай бол ямар сайхан бэ, гэсэн бодол санаанаас гардаггүй боллоо. Ингэж явахдаа Улаанбаатар хотын холбооны сургуульд орж, шугам байгуулдаг мэргэжилтэй болохоор 1940 оны зун шийдэж билээ” хэмээн дурсан бичжээ. М.Чимиддорж 1940 онд Улаанбаатар хотод ирж, төсөр утасны сургуульд орж, 1944 онд холбооны техникумыг утсан харилцааны техникчийн мэргэжлээр төгсжээ. Түүнийг Улаанбаатар хотын телефон хорооны станцын шугамын хэсэгт механикч- монтёроор томилж, утасны модонд гарах, агаарын шугам шалгаж засах болон аюулгүй ажиллах арга техникийг эзэмшүүлсний дараа Их тэнгэрт тавигдсан утаснуудыг буюу Монгол Улсын төр засгийн удирдлагуудын тусгай холбооны ашиглалт үйлчилгээг гардан хариуцуулжээ. Дээрх үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, 1944-1946 онд тусгай байрны телефон техникчээр ажиллаж, мөн Холбооны техникумд багшилж байв. Үүний зэрэгцээ тэрээр МУИС-ийн бэлтгэл ангид оройгоор суралцан, өөрийн мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч байлаа. МУИС-ийн тоо физикийн ангид суралцах болсноо сайд З.Аюурзанад танилцуулсан боловч эхлээд чухал ажил хариуцсан сайдын мэдлийн хүн атлаа зөвшөөрөлгүй ажлаа орхин сургуульд явах гэлээ гэж зэмлүүлж, сайд “Холбооны мэргэжлээр инженерийн дээд сургуульд гадаадад явуулбал чи суралцаж чадах уу” гэж асуусан гэдэг. Ийнхүү ЗХУ-ын холбооны сургуульд суралцуулахаар бэлтгэл хийж, 1946 онд Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуульд суралцахаар элсэн орж, 1951 онд тус сургуулийг радио холбооны инженерийн мэргэжлээр амжилттай төгссөн бөгөөд Монгол Улсын холбооны салбарын анхны инженер болсон байна. Тэрээр 1952 оноос Холбооны яаманд инженер, ерөнхий инженер, Холбооны яам болон Тээвэр холбооны яамны орлогч сайдаар ажиллаж байгаад БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1960 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогджээ. Түүний Монгол Улсын харилцаа холбооны хөгжилд оруулсан үнэт гавьяа бол БНМАУ-ын харилцаа холбоог 1960-1975 онд хөгжүүлэх ерөнхий схем байсан бөгөөд энэ ерөнхий схемээс анхлан баригдсан томоохон төслүүд нь Холбооны төв барилга, Хонхор дахь радио нэвтрүүлэх төв, Наран дахь харилцаа холбооны зохицуулах хорооны радио долгионы хяналтын төв болон нийслэл аймаг, хоорондын шугамын өргөтгөн шинэчилж өнгөт шугам өлгөж телефоноор харилцуулах ажлыг эхлүүлсэн юм. М.Чимиддорж сайд шинийг санаачлагч байсан нь тэр 1939 онд Чойбалсан Тамсагбулгийн хооронд байгуулсан төмөр замыг хурааж шугамын баганын төмөр хөл хийж бэхлэх ажил байсан бөгөөд эзгүй хээр төмөр замын ган рельсийг тайрна гэдэг хүний ой тойнд оромгүй ажлыг идэр есийн хүйтэнд, үүрийн таван жингийн жавраар рельсээ тайрах газраа дэр тавьж байгаад хасуураар ором гаргаад үзүүр дээр нь лантуугаар цохиход хугардаг технологи нэвтрүүлсэн нь гайхалтай үр дүн өгч уул төмөр замыг 1957-1960 онд гуравхан өвөл хурааж Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Улаанбаатар, Архангай, Улаанбаатар Хужирт, Өвөрхангай чиглэлийн шугамын баганыг хөллөсөн нь тэдгээр шугамын бэхжилтийг шийджээ. М.Чимиддорж сайд 1962 онд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойгоор 4 ширхэг шуудангийн марк гаргасан нь дэлхийд маш үнэтэй цуглуулгын зүйл болсон бөгөөд гүйлгээнд гаргаад гурав хонож байтал ЗХУ-ын коммунист намын Төв Хорооны шахалтаар Чингис хааны ойг тэмдэглэх ажлыг зогсоосон учир борлуулалтыг хааж байсан ч ардчилсан хувьсгалын дараагаар хорио нь тавигдсан юм. Эх орныхоо түүхтэй холбоотой ийм марк гаргах зоригтой хүн социалист үзэл суртлын хатуу дэглэмийн үед ганцхан М.Чимиддорж гуай байсан бөгөөд түүнийг нь дэмжсэн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, нарийн бичгийн дарга Дарамын Төмөр-Очир албан тушаалаас авахууны үндсэрхэг үзэл дэлгэрүүлэгч хэмээн буруутгагдаж байв. М.Чимиддорж 1962 оны намар Тээвэр холбооны сайдын ажлаасаа чөлөөлөгдсөн ЗХУ дахь БНМАУ-ын Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр томилогдсон бөгөөд энэ албаа хорь гаруй жил хашихдаа улсын харилцаа холбоог хөгжүүлэх анхдагч ба хоёрдогч ерөнхий схемийн зорилгыг биелүүлэх хэрэгт хүчин зүтгэж бүрэн биелүүлэхэд хүндтэй гавьяа байгуулсан ахмад холбоочин байсан. Тэрээр 1960-1973 онд АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд түүний хөдөлмөрийг өндрөөр үнэлж, “ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”- гоор 2 удаа, “ Алтан гадас” одон, “Монгол Улсын гавьяат эдийн засагч” цол, ЗХУ-ын “Улс түмний найрамдлын одон”- оор тус тус шагнажээ. Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

ЦХХХЯ НАСА-тай олон талт хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ НАСА-тай олон талт хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо 2022.06.17 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд НАСА-гийн төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ. Уг уулзалтад НАСА-гийн талаас Олон улсын болон агентлаг хоорондын харилцааны албаны Олон улсын хөтөлбөрийн мэргэжилтэн Бетси Голдемен, Олон улсын оффисын Ази дахь төлөөлөгч Гарви Макинтош зэрэг албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б. Болор-Эрдэнэ Монгол Улсын харилцаа холбооны салбар тэрдундаа сансрын технологийн хөгжлийн талаар товч танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улс ОХУ-тай сансар судлал, сансрын технологийн чиглэлд хамтран ажиллаж ирсэн уламжлалтай бөгөөд тэртээ 1981 онд Монгол хүн сансарт нисэж, эмнэлэг, биологи, физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн гурван чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсын сансар судлал хөгжих эхлэл тавигдаж байсан. Өнөөдөр манай улсад сансраас мэдээлэл авч, байгаль газар зүй, уул уурхай, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, мэдээллийн технологи зэрэг олон салбарт ашиглаж буйг дуулгасан юм”.   Мөн тэрбээр олон улсын сансрын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн,сансрын нисгэгчдийг бэлтгэх бааз бүхий аялал жуулчлалын загвар хотыг Монголын говьд байгуулгах зорилготой “Мars V” төслийн талаарх мэдээллийг НАСА-н багт дуулгасан юм. Цаашид сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх үүднээс тус салбарын залуу боловсон хүчин, эрдэмтэн судлаачдыг НАСА-гийн хэрэгжүүлдэг сансрын хөтөлбөрүүдэд хамруулах мөн тодорхой төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллахаар тохиролцлоо. НАСА нь Монгол Улстай 1997 оноос хойш хамтран ажиллаж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Цахимд хэвшье” Digital_First_D1 арга хэмжээ Дорноговь аймагт үргэлжилж байна…

“Алсын хараа-2050″,”Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ЦХХХ-ны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилтын дагуу Цахимд хэвшье уриатай #Digital_First_D1 арга хэмжээг 21 аймагт зохион байгуулахаар зорьж байна. Арга хэмжээ Говийн бүсийн Говьсүмбэр аймагт эхэлсэн бол Дорноговь аймагт өнөөдөр буюу 03 дугаар сарын 13-ны өдөр цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар Цахим хөгжил, харилцаа холбооны яам E-Mongolia Монгол шуудан /Mongol shuudan/ Монголын Цахилгаан Холбоо ХК Мэдээлэл холбооны сүлжээ компани Мэдээлэл технологийн үндэсний парк – National Information Technology Park Монголын Үндэсний Дата Төв Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ

Үндэсний цахим хөгжлийн индексийн судалгаа”-ны ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер

“Ухаалаг Засаг 2” төслийн хүрээнд “Үндэсний цахим хөгжлийн индексийн судалгаа”-ны ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад санал ирүүлэхийг урьж байна Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам-ны хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг 2” төслийн хүрээнд “Үндэсний цахим хөгжлийн индексийн судалгаа”-ны ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад санал ирүүлэхийг урьж байна. Та бүхэн тус линкээр дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу, https://drive.google.com/drive/u/1/folders/1GpUOW_kpvMwi5XV7o7IIGBwL303jjGdM https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1769934424469?fbclid=IwY2xjawP72BBleHRuA2FlbQIxMABicmlkETF3eXlUbVVjY1hGT3RxTjF0c3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHq4dQafdLsgCY4fu8Ina3DzyjxEGGclHUKFUg4HJ4KTNHf7eWRkdRDM4wHu4_aem_OiJcL4pqbshsiKGqMCL4lQ Хугацаа: 2026 оны 02-р сарын 25-ны өдөр, 17:00 цаг 00 минут