Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсад радио үүссэн нь /Цуврал №1/

2021.01.21

МАХН-ын 6-р их хурлын шийдвэрээр 1927 онд “… агаарын сонсох мэдээг хэрэглэх явдлыг орлого зарлагад харьцуулан гүйцэтгэхийг хичээвэл зохино…” хэмээн тунхагласан ба энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд ЗХУ-аас тусламж авахаар гаргасан хүсэлтийг зөвшөөрч, МАХН-ын Төв Хорооноос 1929 оны 2-р сарын 9-ны өдөр тогтоол /19 тоот/ гаргасан байна. Энэхүү 19 тоот тогтоолын хүрээнд Радиог хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд түүний ач холбогдлыг олон нийтэд өргөн сурталчилж, тэдний санаачилгын үндсэн дээр хөрөнгө хуримтлуулах ажил зохиож байжээ. “Агаарын мэдээний хороо”-г байгуулах тухай төлөвлөгөөг 1931 онд Засгийн газар баталж, тус төлөвлөгөөнд 1,4 кВт хүчтэй уртын хэмжээний агаарын мэдээний хороо, 1 кВт хүчтэй богино хэмжээний нэвтрүүлэх ба Улаанбаатар хотноо хүлээн авах газруудын хамтаар байгуулах, Баруун хойт зүгт бүхий Улаангом, баруун зүгт бүхий Жаргалант, Алтайн Хантайшир, Өмнөговийн Дэлгэрхангай, Завханы Жавхлант гэсэн энэхүү зургаан газруудад 150 Вт хүчтэй богино хэмжээний агаарын хороодыг байгуулах, Хөвсгөлийн Хатгал, Орхонсэлэнгийн Алтанбулаг, Хэнтийн Өндөрхаан, Дорноговийн Сайн-Ус, Хангайн Цэцэрлэг ба Ламын гэгээн гэсэн газруудад тус бүр 20 Вт хүчтэй богино хэмжээний агаарын мэдээний хороод байгуулах, Улаанбаатар хотноо олон төрөл зүйлээр нэвтрүүлэх 200 цэгтэй трансляцын узель хэмээх холбоог байгуулж, хүлээн авах мэдээний аппаратыг бэлтгэх, Агаарын мэдээний техник 20, агаарын мэдээний бичээч 20, агаарын сонин ба олон зүйлийн төрлөөр нэвтрүүлэх тухайн ажилчин хүмүүс 10-ыг тус тус ЗСБНХУ-д бэлтгэхээр шийдвэрлэсэн байна. Төлөвлөсөн ажлуудын нийт зардал 1,064,000 төгрөг, үүгий 404,000 төгрөгийг тус улсын орлого зарлагын дансаар зарцуулах, ЗСБНХУ-ын цахилгаан шуудангийн яаманд 660,000 төгрөгийг төлөх болой хэмээн тусгажээ. Засгийн газрын 1931 оны 3-р сарын 13-ны өдрийн 4-р хурлаар радио байгууламжуудыг барих бэлтгэлийг хангах, гүйцэтгэх үүрэг бүхий “Монгол радио” хоршоо байгуулагджээ. 1931 оны майн баярыг тохиолдуулан 5-р сарын 1-ний өдөр төлөвлөсөн ёсоор 4 чанга яригчийг товлосон газруудад байрлуулж, дуу хөгжим, баярын хурлын ажиллагаа болон бусад арга хэмжээг Монгол, Орос, Хятад хэлээр дамжуулсан нь “Шугамын радио сүлжээ”-ний эхлэл болсон байна. Энэ тухай радио холбооны анхны инженер тус сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Мятав гуай “Миний мэдэх радио” номондоо: “…Улаанбаатар хотын хөдөлмөрчид өглөөнөөс эхлэн маш хүчтэй хөгжим сонсож эхлэв. Тэр үед хот жижиг, цомхон машин тэрэг цөөтэй, цуурай ихтэй байж, хүүхэд бидний тоглодог индэрийг лоозон туг дарцагаар чимж, улаан туузаар хаалт хийж, харуулын цэргүүд манасан байв. Индрийн урдуур жагсаж яваа хүмүүсээс гадна радио сонсох гэж хүүхэд багачууд, лам нар, өвгөд хөгшид их цугларсан байлаа. Жагсаал дуусахад цугларсан хүмүүс тараад явдаг байсан бол тэр өдөр радио тавьсан газруудад дүүрэн хүмүүс байв. Соёлын төв ордон, Багшийн сургуулийн дотуур байрны барилгын баруун урд өнцөгт, төв шуудангийн зүүн талд гал командын баригдаж байсан барилгын цонхон дээр, Ленин клубын хаалган дээр, одоогийн Драмын театр байгаа газар гаалийн гэж нэрлэсэн том хашааны зүүн хаалганы дээр тус, тус чанга яригчуудыг хүн их цугладаг түлээн зах, өндөр хог гэдэг газрууд руу харуулан байрлуулсан байсан юм…Тэр үед хоёр төрлийн чанга яригч байв, гэрт тавьдагийг нь хавтгай хар, гудамжинд тавьдагийг нь чанга дуугарагч бүрээ гэдэг байлаа. Хатуу цаасаар хийгдсэн гуулин хөгжмийн бүрээ мэт боловч бүрээнээс том байсан юм…” гэж дурсан бичжээ.

БНМАУ-ыг радиожуулахад зориулж хөрөнгө гаргах БХК/б/Н-ын ТХ-ны  УТТовчооны 1932 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн хуралдааны 93-р протоколд “…Төв хорооны УТТ-ны гишүүдээс санал авсанаар ЗСБНХУ-ын АКнЗ-ийн нөөцийн фондоос 1305 мянган рубль зоос ба 10 мянган рубль гадаад валютаар Монголд ЗСБНХУ-ын АКнЗ-ийн шийдвэрийг батлах, хуулбарыг илгээх Кержанцевд ТХ-ны нарийн бичгийн дарга И.Сталин …” гэсэн шийдвэрийг гаргаж байжээ. СНЗ-ын 1933 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хурлын  шийдвэрээр “… “Монгол Радио” хоршоо байгуулагдаж, радио байгууламжуудыг барих бэлтгэлийг хангах, гүйцэтгэхэд чухал үүрэг хүлээж, зорилтоо амжилттай биелүүлсэнийг тэмдэглээд тус хоршоог татан буулгаж, хуримтлагдсан 261,000 төгрөг, түүний эд хөрөнгийг шинээр байгуулагдсан “Холбооны ерөнхий хороо”-ны мэдэлд шилжүүлжээ…

Радиог дэлгэрүүлэн байгуулах тухай БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын гэрээг 1933 оны 2 дугаар сарын 9-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулжээ. Энэхүү гэрээнд ЗХУ-ын тусламжтайгаар:

  • 1 ба 15 кВт  хүчин чадалтай нэвтрүүлэх станц,  хүлээн авах станцын хамтаар,
  • 1000 цэг ажиллуулах чадалтай радио зангилаа байгуулах,
  • 150 Вт-ын чадалтай харилцааны радио станцуудыг иж бүрнээр нь бүх аймгийн төв суурин газруудад байгуулах,
  • Радио байгууламжуудыг цахилгаан болон зай тэжээлээр хангах,
  • Мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх гэсэн үүргийг хүлээсэн байна.

Энэ гэрээний хүрээнд анхны радио нэвтрүүлэх станцыг Улаанбаатарын зүүн хойд зүгт байрлах, олноо өргөгдсөний 9 он буюу 1919 онд Хятадын цэргийн холбооны зориулалттай  байгуулагдсан “Ушандын 3 өндөр” /У-Шиан-Диан/ хэмээх гурван өндөр төмөр матчыг ашиглан байгуулахаар барилга байгууламжийг барьсан ба анхны радио өргөн нэвтрүүлэг дамжуулах урт долгионы нэвтрүүлэгч нь 10 кВт хүчин чадалтай, 98 метр өндөртэй гурван өндөр матчын хоёрыг ашигласан “ЗЭЛЭН” антентайгаар хийгдсэн бол, богино долгионы ДРК-1 ба ДРК-15 маркын 1 ба 15 кВт-ын чадалтай станцыг модон матчтайгаар радио холбоо барих, радио нэвтрүүлэг дамжуулахад нөөцөөр ажилллуулах зорилготойгоор тус, тус байгуулсан байна.

Анхны радиогийн барилга байгууламжийг ЗХУ-ын Холбооны ардын комиссаратын радиогийн барилга байгууламжийн трестийн “Монгол радио строй” гэдэг Л.А.Осташков даргатай хамт олон гүйцэтгэсэн байна. Радио байгуулалтын ажлууд төлөвлөгөө ёсоор амжилттай явагдаж байсан тул 1934 оны 1 дүгээр сараас анхны радио төвийг байгуулж, төвийн  дарга бөгөөд радиогийн хэргийг эрхлэх ерөнхий хорооны дарга, орлогч дарга, нярав бөгөөд техникч, ерөнхий  ня-бо, мөнгөний нярав ба жолооч тус бүр нэг, нэг хүний орон тоотойгоор байгуулж, Нидэнгийн Цэндсүрэнг даргаар, Түдэвдоржийг орлогч даргаар томилсон байна.

Мөн энэ үед буюу 1933-1934 онд тус гэрээний хөрөнгө оруулалтаар орон нутагт радио холбооны станцуудыг байгуулах ажил эрчимтэй хийгдэж, Ховд, Увс, Завханд 500Вт чадалтай  КТК-2 станц, Тамсаг, Дорнод, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг 12 аймгийн төвд УП-8 маркийн өсгөгч, КУП-4 маркийн хүлээн авагч, шугамын байгууламжийн хамтаар тус, тус ашиглалтанд орсон байна.

Радиогийн барилга байгууламжийг хүлээн авах тухай СНЗ-ын 82 тоот тушаал 1934 оны 8 дугаар сарын 14-нд гарч, Засгийн газрын төв комиссыг байгуулсан байна. Тус комисс 1933 онд БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр Улаанбаатар хот болон орон нутагт байгуулсан радиожуулалтын иж бүрэн ажлыг хүлээн авснаар 1934 оны 9-р сарын 1-ний өдөр радио станцын ажиллагааг нээх ёслол болжээ.

Энэхүү ёслол шинээр байгуулсан радио станц дээр болж тус станцын жижүүрийн тэмдэглэлд “… 1934 -9-1 өдөр. Тус радио станцын газраа Ерөнхий сайд П.Гэндэн, Намын Төв Хорооны НБДарга Лувсаншарав, Холбооны яамны сайд Мэнд, Гэгээрүүлэхийн сайд Дамбийням, Лосол, Нанзад, Өлзийбат, Сосорбарам, ЗСБНХУ-ийн Элчин сайд нарын зэрэг нөхөд ирж, сонирхон үзэж, 13 аймагт радиогоор баярын үг Мэндээс хэлж гүйцэтгэсэн ба 11.00 цагт ирээд нэг цаг болоод буцсан болохыг тэмдэглэмой…” хэмээн ногоон будган харандаагаар уйгаржин монгол бичгээр татлан бичиж үлдээжээ.

Ийнхүү Монгол Улсад радио нэвтрүүлгийг дамжуулах техникийн нөхцөл бүрдэж, 1934 оны 9-р сарын 1-ний өдрийг түүхэнд “Монголд радио байгуулагдсан өдөр” хэмээн тэмдэглэдэг болсон билээ. Тухайн үедээ радио өргөн нэвтрүүлгийг радио чимээ, радио мэдээ, радио сонин гэсэнгүй радио уран сайханы нэвтрүүлэг хэмээн нэрлэж, өдөр бүр өглөөний 07.00-09.00, оройн 17.00-19.00 цагт ажиллаж, дуу бичлэгийн төхөөрөмж байхгүй тул нэвтрүүлэг эхлэх, дуусах бүрт дуучин хөгжимчид байдаг байжээ.

Хөдөө орон нутаг болон гадаад орноос холбоо барих, мэдээ хүлээн авах зорилгоор олон төрлийн антен бүхий КТФ, ТМ-10, СВД-9 маркийн хүлээн авах станцуудыг хотоос зайдуу одоогийн төмөр замын төв буудлын баруун талд байгуулсан байна. Радио станцуудыг ашиглалтанд оруулсан анхны жилүүдэд хот хөдөөд ЗХУ-ын 21 мэргэжилтэн сургагч ажиллаж байсны зэрэгцээ Эрхүү хотын Дорнод Сибирийн холбооны гарын дэргэдэх радио техникийн курст Д.Чоймбол, Г.Дамдинсүрэн, С.Лувсанчүлтэм, Самбуу, Хунхүү, Цэвээндолгор, Рэнцэндорж, Балданцэрэн, Ишсамбуу, Ширнэн, Цэрэннадмид, Базарсад нарын 12 хүн суралцаж радио техникчээр бэлтгэгдэн ажилласан анхдагчууд юм.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэнН.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

 

Бусад мэдээ

Нүүрсний реформ санаачилга гаргасан технологийн салбарынхныг ЦХХХ-ны сайд Н.Учрал хүлээж авч уулзлаа

ҮЙЛ ЯВДАЛ Нүүрсний реформ санаачилга гаргасан технологийн салбарынхныг ЦХХХ-ны сайд Н.Учрал хүлээж авч уулзлаа 2022.12.10 Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд Н.Учрал нүүрсний хулгайг уг үндсээр нь таслах цахим бирж байгуулах талаар төр, хувийн хэвшлийн төлөөлөлтэй 12 дугаар сарын 9-нд уулзлаа. “Гэрэгэ системс” ХХК-ийн захирал Д.Сайнбаяр нүүрсний хулгайн талаар улс төрийн эр зориг гарган, нийгэмдээ хандан зарласан Засгийн газрын салбар хариуцсан сайдын манлайлал дор мэдээллийн технологийн компаниудын нэгдэл, төр, иргэний оролцоо, хяналттайгаар цахим бирж байгуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Аль нэг компани давуу эрх эдлэхгүй, төсвөөс мөнгө гаргахгүй, шинээр дугуй зохиолгүйгээр өөрсдийн түншлэгч Сингапурын компанитай хамтран бүтээсэн системийг ашиглан нүүрсний арилжааг ил тод болгох саналыг тавилаа. Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч А.Баттамир нүүрс төдийгүй уул уурхайн түүхий эд, хөдөө аж ахуйн цахим биржийн оновчтой тогтолцоог бүтээх шийдэл компаниудад байгааг онцлоод, цахим бирж байгуулах санаачилгад нэгдэхээ илэрхийллээ. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Хулгай хийх боломж хулгайчийг төрүүлдэг. Тэгвэл цахим шийдэл, цахим технологи эх орны эрдэнэс баялгийг хулгайлж тонох боломж нөхцөлийг уг үндсээр нь устгана. Чоно борооноор, хулгайч шөнөөр гэдэг. Хаалттай хаалга, харанхуй орчин хулгай дээрмийг төрүүлдэг. Гэрэлтэй газар, гэгээтэй өдрөөс хулгай, дээрэм, жоом бясаа дайждаг. Нүүрсний худалдаа нууц учраас, нүдэнд харагддаггүй учраас гаарч байна, галзуурсан байна. Гэм буруутныг олж, гэсгээн шийтгэхийн хамт бурууг үндсээр нь засч, зөвийг сууриар нь тогтоохыг цаг үе, хүндрэл сорилт, жагсаал цуглаан, ард түмний хүсэл, тэмцэл Та биднээс шаардаж байна” гэж хэллээ. Тэрбээр ард иргэд тодорхой шийдэлгүйгээр жагсаал цуглаан өндөрлөж болохгүйг сануулсан юм. Н.Учрал сайд мэдээллийн технологийн компаниудыг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах тухай хуулийг ирэх долоо хоногоос эхлэн хэлэлцэх, Засгийн газрын хуралдаанаар цахим арилжааны журам батлахтай холбогдуулан саналаа ирүүлэхийг хүслээ. Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай 34 хувийг нь олон нийт эзэмших нээлттэй компани болж байгаа Хөрөнгийн бирж шийдвэрлэх оролцоотой байж, гадаадын худалдан авагчдад нүүрсээ шилэн нэг цонхоор худалдах зарчмын саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Уулзалтын үр дүнд Цахим, хөгжил, харилцаа холбооны сайд, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд хамтарсан тушаал гаргаж, цахим бирж байгуулах санал дүгнэлт гаргахаар боллоо.Хувийн хэвшлийн шинэ санаачилгын зэрэгцээ Сангийн яамны Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлохоос худалдан авагч хүртэлх бүх үйл явцыг эхнээс дуустал нь хүний оролцоогүйгээр хамруулж, цахимаар бүртгэх, хянах, татвар тооцох тогтолцоог боловсруулж ашиглахад бэлэн болгоод байна.Цахим бирж байгуулах талаарх уулзалтад ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр болон газрын дарга нар, төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Шуудангийн нэгдсэн код илгээмж хүргэлтийг хөнгөвчилнө

ҮЙЛ ЯВДАЛ Шуудангийн нэгдсэн код илгээмж хүргэлтийг хөнгөвчилнө 2022.08.18 Олон улсад өргөн хэрэглэдэг шуудангийн нэгдсэн кодыг төрийн байгууллагын үйлчилгээг шуурхай хүргэх, хүргэлтийг хөнгөвчлөх хаягт суурилсан үйлчилгээнд өргөн ашигладаг. Зип код нь Монгол улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн байршлын тухай мэдээллийг агуулсан, тэдгээрийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулалт хийсэн, давхардуулалгүйгээр оноох нөөц бүхий 5 оронтой тоогоор илэрхийлэгддэг код юм. Уг кодыг хэрэглэснээр хаягийн мэдээлэл алдаатай байсан ч код зөв тохиолдолд илгээмж төөрч цаг алдахгүй, шуурхай хүргэгдэх бөгөөд дэд (авто тээвэр, авто зам болон аялал жуулчлалын бүс нутаг), статистик (байгалийн баялаг, хөрс, ан амьтан, бусад) боловсрол зэрэг олон нийтэд чухал, шаардлагатай мэдээллийг цогцоор нь системтэйгээр нийтийн хүртээл болгох боломж бүрдүүлэх юм. Шуудангийн нэгдсэн кодтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.zipcode.mn, zipcode mongolia гар утасны аппликейшн, 1800-1613 тусгай дугаараас авах боломжтой. https://mddc.gov.mn/wp-content/uploads/2022/08/Zipcode.mp4 Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Цахим хөгжлийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд 174 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: Цахим хөгжлийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд 174 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна 2022.11.22 Улсын Их Хурлаас долоо хоног бүрийн мягмар гараг бүр “Хуулийн мэдээлэл” арга хэмжээг зохион байгуулж, шинээр батлагдсан болон хэрэгжиж эхэлсэн хуулиудын үзэл баримтлал, ач холбогдол, үр нөлөө, хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгдөг. Өнөөдөр /2022.11.22/ УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтийг танилцууллаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд нийт 17 дүрэм, журам, аргачлал батлуулахаас өнөөдрийн байдлаар 13 баримт бичиг батлагдаж, 3 баримт бичиг боловсруулалтын шатанд, 1 журам судалгааны шатанд явж байна. Батлагдсан журмын дагуу дараах ажлууд хийгдэж байна. Үүнд 59 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийг opendata.gov.mn-д байрлуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 54 байгууллагын 455 нээлттэй өгөгдлийг байршуулаад байна.Иргэний мэдээлэл хайх, мэдээлэл хүлээн авах эрхийг хангах зорилгоор мэдээлэл хариуцагч төрийн байгууллагуудын байнга ил тод байх нь зүйтэй гэж 68 төрлийн мэдээллийг ил тод, нээлттэй байлгахаар зохицууллаа.  Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд заасан Мэдээлэл хариуцагч хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахад үнэлгээ хийх аргачлал, журмын төсөл болон Дууны, бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавих шаардлага, зааварчилгааг боловсруулж, байгууллагын цахим хуудсаар дамжуулан олон нийтээс санал авч байна.Цахим гарын үсгийн тухай хуулийн хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн байгууллагаас 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 171 хорооны бүртгэлийн нэгжээр дамжуулан нийт 313,384 иргэнд, тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудаас нийт 82,242 хуулийн этгээдэд, “Үндэсний дата төв” УТҮГ-аас 14,288 төрийн албан хаагчид тоон гарын үсгийн гэрчилгээ олгосон байна.Эдгээр хуулиуд хэрэгжиж эхэлснээр төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхгүй, иргэд төрөөс үйлчилгээ авахын тулд шат дамжлагагүй нэг цэгээс авдаг болох ёстой. Гэсэн хэдий ч төрийн байгууллагууд иргэдээс цаас нэхсээр байгаа нь цахим баримт цаасан баримтын нэгэн адил үйлчлэхтэй холбоотой зарим нэг эрх зүйн зохицуулалт дутуу байгаатай холбоотой. Тиймээс 174 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэж ЦХХХ-ны сайд Н.Учрал хэллээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ