Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим худалдааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2022.06.15

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гадаад харилцааны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Азийн хөгжлийн банкны бүс нутгийн төслөөс хамтран “МОНГОЛ УЛС ДАХЬ ЦАХИМ ХУДАЛДААНЫ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт худалдаатай холбоотой чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага, цахим худалдаа, хүргэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн нийт 65 байгууллагын 100 орчим төлөөлөгчид оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо “Цахим худалдааны хууль, эрх зүйн орчин болон өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн хэлэлцүүлэгт оролцсон хувийн хэвшлийн төлөөллүүд энэ салбарт тулгамдаад буй асуудлуудыг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээний талаарх санал, байр суурийг илэрхийлсэн.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2021 онд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд цахим худалдааны хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр хамтран ажиллахаар тохиролцсон. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад цахим худалдаатай холбоотой дараах  хууль эрх зүйн орчин үйлчилж байна. Тодруулбал,

  • “Бараа худалдах, худалдан авах олон улсын гэрээний тухай” Венийн конвенц
  • “Иргэний болон арилжааны асуудлаарх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх тухай” Брюселлийн конвенц
  • Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай конвенц
  • Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр (2022.04.28) зэрэг хууль эрх зүйн орчин үйлчилж байна.

“Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээ, хүртээмжийн судалгаа”-г хийсэн судалгаанд дурдсанаар, Монгол Улсын 15-аас дээш насны иргэдийн 29.9 хувь нь цахим худалдааг түлхүү ашигладаг байна. Эдгээр иргэдийн

  • 55.7 хувь нь гутал, хувцас, спортын бараа бүтээгдэхүүн;
  • 46.2 хувь нь гэр ахуйн бараа, тавилга;
  • 7.2 хувь нь ном, бичиг хэргийн бараа;
  • 28.2 хувь нь гоо сайхны бүтээгдэхүүн;
  • 13.9 хувь нь хүнсний бүтээгдэхүүн, хоол захиалга;
  • 10.9 хувь нь техник, технологийн бараа, үйлчилгээг цахимаар худалдан авдаг гэж хариулжээ.

Цахим худалдааны сувгийг төрлөөр нь ангилж үзвэл 49 хувь нь сошиалаар, 35 хувь нь цахим хуудас /amazon, Taobao/ 16 хувь нь хосолсон хэлбэрээр дамжуулан бараа бүтээгдэхүүнийг цахимаар худалдан авдаг аж. Цар тахлын улмаас иргэд эрүүл, аюулгүй амьдралын хэв маяг баримтлахыг илүүд үзэх болсон төдийгүй аливаа үйлчилгээг цахимаар захиалан худалдан авах болсон нь цахим худалдаа, шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээний хөгжлийг илүүтэй хурдасгасан. Гэсэн хэдий ч иргэдийн дийлэнх нь бараа бүтээгдэхүүнийг дэлгүүрт очиж биечлэн худалдан авахыг илүүд үзэх, цахим технологийн талаарх мэдлэг чадвар дутмаг, итгэлцэлийн асуудал, аюулгүй байдал, нууцлал, техникийн зэрэг асуудлаас болоод цахим худалдаанд төдийлөн оролцож чаддаггүй ажээ. Иймд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс иргэдийн цахим ур чадвар, мэдлэг, ойлголтыг сайжруулах зорилгоор үндэсний аян зохион байгуулахаар төлөвлөж байна.

Цаашид цахим худалдааны бодлого, зохицуулалтын орчинг сайжруулах, ачаа тээвэр, логистик, төлбөр тооцоо зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, хэрэглэгчийн болон байгууллагын эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг сайжруулах, цахим худалдааны мэдээлэл, нарийвчилсан статистик үзүүлэлт бүхий нэгдсэн санг бий болгох, хаягжилт, хүргэлтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон юм.

Хэлэлцүүлгээс гарсан үр дүнд тулгуурлан Азийн хөгжлийн банкнаас цахим худалдааны судалгааг хийж, бодлогын зөвлөмж өгөх ажээ.

Бусад мэдээ

Дроны туршилтын бүс байгуулна

Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар Дроны туршилтын бүс байгуулах шийдвэрийн төслийг баталлаа. Тодруулбал, дрон, хүнгүй агаарын хөлгийн систем (UAS)-ийг 500 метрийн өндөрт турших байнгын ажиллагаатай туршилтын бүс (төрөлжсөн)-ийг Дархан-Уул аймаг болон Баянзүрх-Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгуулна. Цаашид судалгаагаар тогтоогдсон бусад байршилд дроны туршилтын бүс байгуулахад шаардлагатай эрх зүйн болон бусад зохицуулалт хийх ажлыг эрчимжүүлнэ. Дроны туршилтын бүс байгуулснаар дэвшилтэт шинэ технологийг эх орондоо турших, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, геологийн хайгуул, байгаль орчны тандалт шинжилгээ хийх, эрчим хүч, онцгой байдал, алслагдсан сум суурин газарт интернэтийн үйлчилгээг хүргэх арга хэрэгсэл болгон ашиглах юм. Мөн “Дрон такси” үйлчилгээг нэвтрүүлэх суурь нөхцөл бүрдэж байна. Энэ бүхнийг “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” болон урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулж, төр, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулсан. Мөн Иргэний нисэхийн Ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар холбогдох бусад байгууллагатай хамтран агаарын замаас зайдуу, өндрийн хязгаарлалтай болон өндрийн хязгаарлалтгүй цэгийг тогтоожээ. Улмаар радио давтамж, радио долгион, цахилгаан соронзон орны нөлөөллийн судалгаа хийн, дроны туршилтын бүс байгуулах боломжтой газрын байршлыг тодорхойлж, Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, батлууллаа.   Монгол Улсад аливаа агаарын хөлөг, төхөөрөмжөөр гүйцэтгэх нисэхийн үйл ажиллагааг Иргэний нисэхийн тухай (1999), Радио долгионы тухай (1999), Улсын нисэхийн тухай (2003), Агаарын зайг нисэхэд ашиглах тухай (2003) хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан Иргэний нисэхийн багц дүрмээр зохицуулдаг. Үйл ажиллагаа эрхлэгчийн эрх, үүрэг, аюулгүй байдлын эрсдэл, нислэгт тэнцэх чадварын норм нормативыг тогтоон, нисэхийн агаарын зайг А, В, С, Е, F, G гэсэн ангилалд хувааж, холбогдох зөвшөөрлийг олгох байдлаар хэрэгжүүлж ирсэн.   Үүнээс дроныг нисэхийн агаарын зайг ашиглах G ангилалд хамааруулж, 25 кг-аас ихгүй жинтэй, газрын түвшнээс дээш 120 метрээс хэтрэхгүй өндөрт, зөвхөн өдрийн цагаар нисгэх зохицуулалттай. Мөн үндэсний болон нисэхийн аюулгүйн хамгаалалт, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлын бусад шалтгаанаар олон улс болон орон нутгийн нисэх буудал, “Иргэний нисэхийн дүрэм 71”-д  заасан хязгаарлалттай, хамгаалалттай бүсэд нислэг үйлддэггүй. Гэвч дэвшилтэт технологийн хөгжлийг дагаад дээрх хууль, эрх зүйн баримт бичгээр зохицуулж байсан дроны жин, хурд, нислэгийн өндөр болон зайн хязгаарлалт зэргээс давсан үзүүлэлттэй дронууд хэрэглээнд нэвтэрч эхэлсэн. Энэ нь агаарын зай болон аливаа нислэг хөдөлгөөнд аюул учруулах, хууль бус зүйлс тээвэрлэх, тагнуулын үйл ажиллагаа эрхлэх, кибер халдлага үйлдэх, зөвшөөрөлгүйгээр дроны туршилт хийж олон нийтийн аюулгүй байдалд халдах зэрэг эрсдлийг бий болгожээ. Тиймээс улс орнууд дэвшилтэт шинэ технологийг турших, нэвтрүүлэх суурь орчныг бүрдүүлж, энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих зорилгоор туршилтын чөлөөт бүс (Dron testing zone, Geo zone) байгуулан, нийгэм, эдийн засгийн хөгжлөө дэмжихээр зорьж байна.

#Цахимд_Хэвшье_Сэлэнгэ_Экспо

Экспо: “Цахимд хэвшье” арга хэмжээний хүрээнд мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниуд болон орон нутгийн аж ахуй нэгж, компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж мэргэжлийн баг зөвлөх үйлчилгээ өгч ажиллалаа.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

Монгол Улсын нийт нутгаар усархаг аадар бороо орж, борооны улмаас уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул иргэд та бүхэндээ сэрэмжлүүлж, дараах зөвлөмжийг хүргэж байна. Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлаж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах; Орон сууцны хорооллын граж, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах; Ил болон гэмтсэн цахилгааны утаснаас болгоомжлох; Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих; Гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж, сонор сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглох, хонохгүй байх; Голын эрэг дагуу суурьшсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд сонор сэрэмжтэй байж, үер, усны болзошгүй гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх. ИРГЭД ТА БҮХЭН ҮЕР УСНЫ ГЭНЭТИЙН, БОЛЗОШГҮЙ АЮУЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА!