Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “ClariTec Digital Technology Group”-ийн гүйцэтгэх захирал Ван Пэнсю, Бизнес хариуцсан захирал Му Чэньлу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюунд суурилсан дата төвийн дэд бүтэц, өндөр үнэ цэн бүхий дижитал эдийн засгийн экосистем бий болгох талаар санал солилцов.
“ClariTec Digital Technology Group” нь хиймэл оюуны тооцооллын дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч болон аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Хятад, АНУ, Япон, Индонез, Монгол, Казахстан, Австрали болон бусад улс орон, бүс нутагт үйл ажиллагааны сүлжээ, төслийн хөгжүүлэлтийн боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаагаа танилцууллаа.
Тус группийн хөгжлийн гол чиглэл нь “Эрчим хүч + Тооцооллын хүчин чадлын уялдаа” (Power-Compute Synergy) бөгөөд хямд, тогтвортой ногоон эрчим хүчийг AI дата төв болон өндөр хүчин чадлын тооцооллын дэд бүтэцтэй уялдуулахад чиглэдэг. Мөн нар, салхины эрчим хүч, эрчим хүчний хуримтлуур болон AI дата төвийг нэгтгэсэн хөгжлийн загварыг чухалчилж байна. Энэхүү загвар нь сэргээгдэх эрчим хүчийг өндөр үнэ цэн бүхий AI тооцооллын хүчин чадалтай уялдуулж, шинэ төрлийн дижитал эдийн засгийн экосистем бий болгох зорилготой аж.











