Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг

2021.08.26

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1998 оноос Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Санжаасүрэнгийн Зоригийн тухай өгүүлж байна. С.Зориг нь 1962 онд Улаанбаатар хотод төрж, 1970-1980 онд нийслэлийн 23 дугаар дунд сургуульд суралцан төгсчээ. 1980-1985 онд Москва хотын М.В. Ломоносовын нэрэмжит Улсын их сургуульд суралцаж, нийгэм судлаач, багшийн мэргэжил эзэмшсэн байна. Тэрээр 1985-1986 онд Улаанбаатар хотын Хувьсгалт залуучуудын эвлэл (ХЗЭ)-ийн төв хороонд зааварлагч, 1986-1989 онд Монгол Улсын Их Сургуулийн аспирант, 1988-1990 онд Монголын Ардчилсан холбооны ерөнхий зохицуулагчаар ажиллаж байжээ. С.Зориг 1990-1992 онд АИХ-ын депутатаар сонгогдон, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргаар, 1992, 1996 онд УИХ-ын гишүүнээр улиран сонгогдож, Төрийн байгуулалт ба Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж, 1998 оны 5 дугаар сараас, мөн оны 10 дугаар сар хүртэл Засгийн газрын гишүүн бөгөөд Дэд бүтцийн хөгжлийн сайд, сайдын үүрэг гүйцэтгэгчийн алба хашсан байна. С.Зориг 1980-аад оны эцсээс манай оронд өрнөсөн ардчилсан хөдөлгөөний удирдагчийн нэг, Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл хэрэгт ухамсарт амьдралаа зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа. Тэрээр Монгол Улсын шинэ Үндсэн хууль болон тус улсын эдийн засаг төр, нийгмийн шинэ харилцааг зохицуулахад чиглэгдсэн олон хууль, дүрэм, журмыг боловсруулан баталж мөрдүүлэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргаж байв. Үүний дотор эрчим хүч, авто зам, харилцаа холбоо, барилга, хот байгуулалтын ба орон сууцны хувьчлал, аялал жуулчлалын зэрэг Монгол Улсын дэд бүтцийн чухал хуулиудыг батлан мөрдүүлжээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

“Цахим орчин-Хүүхдийн эрх” сэдэвт мэтгэлцээний улсын аварга шалгаруулах VIII тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ

ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй тус тэмцээний үндсэн зохион байгуулагчаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, дэмжигч байгууллагаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Отгонтэнгэр их сургууль, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим ТББ ажиллаж байна. Энэхүү Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Карл Поперын мэтгэлцээний нийгэмлэг /МКПМН/ хариуцан зохион байгуулах ба тэмцээн Карл Поперын мэтгэлцээний дүрмийн дагуу явагдана. Тэмцээнд Улаанбаатар хотоос 86, аймаг, орон нутгаас 42 нийт 128 багийн 384 хүүхэд оролцохоор ирээд байна. Оролцогч багууд дараах шийдлээр 3 өдрийн турш мэтгэлцэнэ. Үүнд: Цахим орчин дахь хэт их мэдээлэл нь төөрөгдөлд хүргэж байна Олон нийтийн сүлжээ нь нийгэмд эерэг нөлөөтэй Цахим орчныг ашиглаж эерэг мэдээлэл түгээх нь нийгмийн хандлагыг өөрчлөх хамгийн зөв арга Цахим орчин бол хязгааргүй мэдлэгийн эх үүсвэр мөн. Сургуулийн орчинд интернэт ашиглах нь буруу Олон нийтийн сүлжээнд төрийн хяналт хэрэгтэй Нийгмийн сүлжээ нь амьд харилцааг хязгаарладаг Нийгмийн сүлжээ хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөтэй Цахим хичээл боловсролын тэгш бус байдлыг авчирдаг Хүчирхийлэлтэй кино дүрс бичлэгийг хуулиар хориглох нь зүйтэй Цахим дарамт нь шууд дарамтлахаас илүү хор нөлөөтэй Хүүхдэд цэцэрлэгийн наснаас нь эхэлж цахим орчны зохистой хэрэглээний талаар боловсрол олгох хэрэгтэй Хувийн мэдээлэл нь цахим орчинд нууц байх ёстой Үнэн аз жаргал авчирдаг Цахим тоглоом нь нэг төрлийн спорт /E-Sport/ тул хязгаарлалт, зохицуулалт шаардлагагүй Мэтгэлцээний тоглолтууд үргэлжлэх газар “Отгонтэнгэр их сургууль” https://maps.app.goo.gl/PaJmG4jYrE6mbAtp7?g_st=ic Та цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл www.ekids.mn веб хуудсаар зочилно уу. #цахим_орчинд_хүүхдийн_эрхийг_хамгаалъя

Эстони Улсын засгийн газрын төлөөлөл Монгол Улсын цахим шилжилтийн явцтай танилцав

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх С.Тэнгис, И-Монгол Академийн захирал Б.Мягмарнаран нар Бүгд найрамдах Эстони Улсын Гадаад харилцааны яамны Ази, номхон далайн бүсийн газрын захирал ноён Мати Мурд тэргүүтэй төлөөлөгчдийг /2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд И-Монгол Академийн зүгээс Монгол Улсын төрийн үйлчилгээний цахим шилжилтийн өнөөгийн байдал, төрийн үйлчилгээнд хийгдэж байгаа шинэчлэл болон төрийн цахим шилжилтийн үр дүн иргэд болон аж ахуйн нэгжид хэрхэн нөлөөлж байгаа талаар Эстони Улсын төлөөлөгчдөд танилцуулга хийв. Мөн Монгол Улсад төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд Эстони Улсын цахим засаглалын туршлага үнэтэй хувь нэмэр болсоныг онцлон дурьдаж, талархал илэрхийллээ. Талууд цаашдаа цахим шилжилт, кибер аюулгүй байдлыг хангах болон мэдээллийн технологийн салбарийн мэргэжилтэн, боловсон хүчинг бэлтгэх хүрээнд хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо. Тус уулзалтад Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ханнес Хансо болон Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Л.Хулан нар оролцлоо.

Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн

ҮЙЛ ЯВДАЛ Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн 2021.04.02 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1962-1966 онд Тээвэр, холбооны сайдаар ажиллаж байсан Бат-Очирын Гомбосүрэнгийн тухай нийтэлж байна. Б.Гомбосүрэн нь 1932 онд Архангай аймгийн Тариат сумын нутагт төрж, 1942-1952 онд бүрэн дунд сургууль, 1952-1957 онд ЗХУ-ын Москва хот дахь Төмөр замын инженерийн дээд сургуульд суралцаж, зам харилцааны инженер-эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1957-1959 онд Улаанбаатар төмөр замын газарт тоо бүртгэгч, ахлах инженер, төлөвлөгөөний хэлтсийн орлогчоор, 1959-1962 онд Улсын барилга- эдийн засгийн комиссын орлогч бөгөөд ерөнхий захиалагчийн газрын даргын албыг хашиж байгаад, 1962 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогдон, 1966 он хүртэл ажилласан байна. Түүний ажилласан хугацаанд 1963 оны эхнээс Төмөр замын техникумын холбооны салбарт хамгийн олон сурагчид суралцаж, утсан харилцааны оройн хоёр анги хичээллэж байв. Тээвэр, холбооны яамны харьяанд Холбооны удирдах газрыг байгуулсан ба тус газрын шуудангийн албанд улс хоорондын шуудан солилцох тасаг, аймаг хотуудад шуудангийн 10 гаруй салбарыг шинээр байгуулж, БНМАУ- БНАВУ-ын цахилгаан шуудангийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж, 1964 онд Австри улсын Вена хотноо болсон Дэлхийн шуудан холбоо /ДШХ/-ны 15 дугаар Их хурлаас БНМАУ-ыг ДШХ-ны гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулжээ. Б.Гомбосүрэн сайдын ажиллах хугацаанд улс орныг хөгжүүлэх “Гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажил ид өрнөж байжээ. МАХН-ын 15 дугаар Их хурлын тайлан илтгэлд Ю.Цэдэнбал “Ойрын жилд бүх төрлийн холбоог улам хөгжүүлэх, ялангуяа аймгийн төвийг бүх хөдөө аж ахуйн нэгдэлтэй телефон буюу радио харилцаатай болгох, хөдөөгийн иргэдийг радиожуулах зорилтыг шийдвэрлэх явдал чухал байна” гэж Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх гуравдугаар таван жилийн хугацаанд харилцаа холбооны талаар тавих зорилтыг тодорхойлсон байна. Морин өртөөнөөс өөр харилцаа холбооны хэрэгсэлгүй байсан Монгол орон ардын хувьсгал ялан мандсанаас хойших 40 жилийн дотор техник хэрэгслээр тоноглогдсон шуудан, телефон, телеграф, радио холбооны салбарууд бүхий орчин үеийн холбоотой болсон байлаа. Улаанбаатараас аймгийн хооронд 1964 оны 10 дугаар сарын 8-аас эхлэн АН-24 онгоцоор үйлчилж эхэлсэн нь алслагдсан аймгуудад шуудан, хэвлэлийг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж, 150 орчим сум, сангийн аж ахуйд онгоцоор шуудан хүргэдэг болжээ. Түүхэн энэ үед монголын шууданчид шуудангийн үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ шинэ техник, технологи нэвтрүүлэх, ашиглалтын дүрэм, журмыг боловсруулж мөрдөх, олон улсын шуудангийн байгууллагуудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоо тогтоох, өргөтгөх зорилт тавин ажиллаж байжээ. Тээвэр, холбооны сайдын 1962 оны 3дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар шуудангийн сав, шуудайны тооцоог сайжруулах, богц нэг бүрийг дугаартай болгох, богц солилцох бүртгэлийн маягтыг баталж, сар бүрийн эцэст тооцоог нийлэн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх талаар журамласан байна. Аймгийн шуудан тасгийн эрхлэгчдийн 15 хоногийн семинарыг 1962 оны 8 дугаар сарын 15-аас хийж, хот, хөдөөгийн шуудангийн ажилтнуудаас мэргэжлийн зэргийн шалгалтыг анх удаа авч ТХ-ны сайдын 1962 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 447 дугаар тушаалаар мэргэжлийн зэрэг олгосон байна. ТХ-ны сайдын 1963 оны 18 дугаар тушаалаар шуудан хүргэгчийн цүнхний загварыг анх удаа баталж, 100 ширхгийг хийлгэж, шуудан хүргэлтэд заавал цүнхтэй гаргах журам тогтоожээ. Улс орны болон томоохон суурин газрын хэмжээнд шуудангийн салбарын тоо нэмэгдэж олшрох тусам салбаруудыг дугаарлах, түүгээр нэрлэж занших нь чухал бөгөөд ТХ-ны сайдын 1963 оны 2 дугаар сарын 22-ны 145 дугаар тушаалаар УБ хотын холбооны салбаруудыг газар зүйн байршил, байрлах албан газар, байгууллагаар нь нэрлэж байсныг болиулан, салбаруудыг дугаарлан, түүгээр нэрлэж заншихаар болжээ. Б.Гомбосүрэн нь 1967-1993 он хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсаас ЗХУ, Югослав улсын элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч, худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Гадаад худалдааны яамны Төрөл бүрийн барааны импорт нэгдлийн ба тээврийн хэлтсийн дарга, Гаалийн ерөнхий газарт хуулийн зөвлөх зэрэг албыг гүйцэтгэж байлаа. Тэрээр тээвэр, холбоо, худалдааны байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй хөдөлмөрлөн Онц холбоочин тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байжээ. Түүнчлэн МАХН, МХЗЭ-ийн Төв хорооны болон Улаанбаатар төмөр замын нам, эвлэл, үйлдвэрчний байгууллагын бүгд хурлын гишүүн, Ардын Их хурлын Депутатаар сонгогдон ажиллаж байсан нь түүний ажилч, хичээнгүй нэгэн байсныг илтгэж буй билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь Share on facebook Share on twitter Бусад мэдээ