Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Холбооны хоёр дахь сайд З.Аюурзана

2020.12.22

Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь тухайн салбарын түүх болдог. Түүх бол өнгөрсөн замын дурсамж бөгөөд ирээдүйн хөгжлийн чиглүүр болдог билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан харилцаа холбооны салбарт хувь нэмрээ оруулсан хүмүүний түүхийг цувралаар хүргэж байгаа билээ. ХОЛБООНЫ ХОЁР ДАХЬ САЙД ЗУНДУЙН АЮУРЗАНА Тэрээр 1906 онд Баян-Өлгий аймагт төржээ. 1929-1932 он хүртэл Улаан-Үд хотын Рабфакт бэлтгэх сургуулийн захирал, түүхийн багшаар ажиллаж байгаад 1939-1940 онд КУТВ-т суралцсан байна. 1925 оноос залуучуудын эвлэлийн үүрийн дарга, 1937 оноос Москва хотноо сургуулийн дэргэдэх МАХН-ын үүрийн дарга, мөн оны 9 дүгээр сараас Хөвсгөл аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга, 1943 оны 2 дугаар сараас Өвөрхангай аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын алба хашижээ. 1939 оны дунд үеэс цагийн байдал хүнд байсан тул зүүн хилийн харуулуудыг холбоожуулах зорилгоор зүүн, зүүн урд чиглэлд тусгай зориулалтын хэрэгцээнд хуучин шугамтай зэрэгцүүлэн шинээр холбооны шугам татах болсон тул манай Засгийн газрын хүсэлтээр ЗХУ- аас 450 гаруй хүмүүсийг 90 гаруй машины хамтаар ирсэнтэй тул харилцан нэвтрэлцэх ерөнхий хорооноос туршлагатай холбоочин С.Шийтэрээр ахлуулсан баг 35,000 баганыг Хэнтий аймгийн Ононд бэлтгүүлж зөвлөлтийн цэргийн ангид хүлээлгэн өгч Шарагат – Өгийн хийд – Сулинхээрийн хүртэл 440 гаруй км шугамыг шинээр хийсний дээр Өндөрхаанаас Сайншанд хүртэлх 320 км шугамыг шинэчлэн засварлаж, 1939 оны 6 дугаар сараас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн харьяа Цэрэгжүүлсэн харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий захирах газар болгож, холбоочид салбараараа цэргийн албанд орж эх орны дайны жилүүдэд ажлын 24 цагийн үүрэг хүлээж байв. Дэлхийн II дайн дуусч, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1945 оны 20 дугаар тогтоолоор “Харилцаа холбооны цэрэгжүүлсэн ажилтан нарын дүрэм”-ийг хүчингүй болгож, монголын холбоочид энх цагийн бүтээн байгуулалтанд жирийн албан хаагчийн есоор оролцох болжээ. БНМАУ-ын СнЗ-өөс шуудан, харилцааг сайжруулах талаар анхаарч, 1947 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Харилцаа холбооны яамны гадаад ба дотоод шууданг сайжруулах тухай” 12 дугаар тогтоол гаргаж, Наушка хүртэл 7 хоног тутам шуудан хүргэх, буцахдаа Наушкад байгаа шууданг Улаанбаатар хотод тогтмол авчирч байх, шуудан тээврийг зохих цагт нь гаргаж байх төлөвлөгөөг хавсран гаргаж ажиллахыг Тээврийн болон Холбооны сайдад тус тус даалгасан байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны 1950 оны 2 дугаар сарын 1-ний өдөр гаргасан 15/5 дугаар тогтоолоор Холбооны яамны 1950 оны төлөвлөгөөг баталж Улаанбаатар хот Архангай аймгийн хооронд 470 км газар бронзон шугамыг 1950 оны 3 дугаар улирлын дотор байгуулахаар тогтоов. 1950 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Сайд нарын Зөвлөлийн 112 дугаар тогтоолоор Холбооны яамны барилга контор байгуулагдаж, холбооны гол аж ахуй болох телефон-телеграфын баганат шугамыг засварлах, шинээр байгуулах, улс орныг телефонжуулах ажлыг эхэлжээ. Холбооны сайд З.Аюурзана харилцаа холбооны техник зохион байгуулалтын ажилд өөрчлөлт хийж анхдугаар 5 жилд Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Чойбалсан, Сүхбаатар, Говь-Алтай аймгуудыг Улаанбаатар хоттой тогтмол харилцах радио телефоны харилцаа бий болгосон байна. Зуун суманд радио хүлээн авагч, долоон аймгийн бүх сумдыг радиожуулсан, радио цэгийг 1000-аар нэмэгдүүлэв. Улаанбаатар хотоос шууданг аймгуудтай сард 4 удаа автомашинаар солилцдог байсныг 8 удаа болгон нэмэгдүүлжээ. 1940 онд хөдөлмөрчин ардуудаас морин өртөөний албыг өөрчилж аймгийн төв-сумдын хооронд автомашин, сум багийн хооронд улсын морин өртөөгөөр шууданг тогтмол солилцдог болсон. 1948-1952 онуудад Баян-Өлгий, Ховд зэрэг аймгийг оролцуулан нийтдээ 13 аймгийг Улаанбаатар хоттой телефоноор шууд харилцдаг болгож, 60 гаруй сум, суурин газарт телефон холбоо байгуулсан байна. 1952 онд 1947 оныхоос холбооны ашиглалт 40 хувиар, солилцсон бичиг захидлын тоо 33 хувиар, радио цэгийн тоо 9500 болж 28 хувиар өссөн ба 300 гаруй сумыг радио хүлээн авагчтай, бүх аймгийн 75 хувь нь радио нэвтрүүлэгчтэй болж, харилцаа холбооны бүх төрлийн үйлчилгээнээс орсон орлогын хэмжээ 30 хувиар өссөн байна. Түүнчлэн ЗХУ-д холбооны дээд, дунд мэргэжлийн сургуулиудад боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн аж. Зундуйн Аюурзана нь 1945 оны 11 дүгээр сараас 1953 оны 8 дугаар сар хүртэл Холбооны сайдаар ажилласан байна.

1947 оны 8 сард АНУ Атлантик хотод болсон олон улсын радио долгионы конференцид оролцсон БНМАУ-ын Холбооны сайд З. Аюурзана, Холбооны яамны ерөнхий механик, Лувсанцэнд нар.

1946 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

Холбооны сайд З.Аюурзанаас

Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд, Улсын Ялгарсан Хошой Баатар их удирдагч маршал
Х.Чойлбалсан

Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий Нарийн бичгийн дарга, хүндэт удирдагч Ю.Цэдэнбал танаа

Монгол Ардын Хувьсгалт Нам ба ард олны түргэн харилцааг цаг тухайд ханган биелэхэд хамгийн гол чухал нь харилцааны шугамуудыг цаг тухай бүр гэмтлээс хамгаалах хийгээд тохиолдсон гэмтлүүдийг богино хугацааны дотор засаж чадваас тэр чанараараа гадаад дотоодын бүх харилцааг тогтоосон цаг минут секундээр хугацаанд нь бүгд,тэр хугацаанд нам ба улсын хийгээд худалдаа үйлдвэр, олон нийтийн болон гадаад дотоодын бүх дөрвөн төрлийн харилцааг өдөр шөнийн 24 цагт тасралтгүй харилцаж чадмой.

Гэтэл тус улсын харилцааны эдүгээгийн ажлын байдлыг үзвээс шугам үйлдвэр байгуулагдсанаар он жил удсан учраас нэвтрэх гэмтэж тасалдах явдал олон тоотой болсон
учраас гадаад дотоодын харилцаанд өдөр тутам саад тохиолдож, нам улсын хийгээд ард олны бүх харилцааг цаг тухайд ханган биелүүлдэггүй дутагдлууд үргэлжлэн тохиолдож зарим үеийн ажлуудаар өдий төдий саад бэрхшээлүүд их бага хэмжээгээр тохиолдсоор байна. …

Холбооны 2 дахь сайд З.Аюурзана

Боловсруулсан: ХХМТГ-ын Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь
Харилцаа холбооны музейн эрхлэгч Г.Шаравдэмбэрэл

Бусад мэдээ

“Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress)-д программ хангамж үйлдвэрлэгчдийг оролцохыг урьж байна

ҮЙЛ ЯВДАЛ “Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress)-д программ хангамж үйлдвэрлэгчдийг оролцохыг урьж байна 2022.01.23 Дэлхийн цахилгаан холбооны салбарын хамгийн том олон улсын экспо “Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress) 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд Испанийн Вант Улсын, Барселона хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус экспод бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан таниулах, бизнесийн түншлэлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор “IBM”, “META”, “MICROSOFT”, “HP”, “HUAWEI”, “GALAXY” зэрэг дэлхийн томоохон технологийн салбарын 1800 гаруй компаниуд жил бүр оролцдог.Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын санаачилгаар уг арга хэмжээнд Монгол Улсаас нэгдсэн зохион байгуулалттайгаар анх удаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд хамтран оролцохоор төлөвлөж байна.Иймд тус арга хэмжээнд оролцох сонирхолтой аж ахуй нэгж, байгууллагууд, үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниуд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс (fr@mddc.gov.mn, 260636)-тэй холбогдоно уу. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Мэдээлэл, технологийн салбарт охид манлайлна

ҮЙЛ ЯВДАЛ Мэдээлэл, технологийн салбарт охид манлайлна 2022.10.11 Нэгдсэн Үндэстний Байгууллага 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг “Охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон зарлаж, энэ өдөр охидын боловсролыг дэмжих, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалахад анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхийг зорьдог. Олон Улсын охидын эрхийн өдрийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрууд хамтран “Мэдээлэл, технологийн салбар дахь охидын манлайлал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Охидын манлайллыг дэмжих, зөв үлгэр дуурайл үзүүлэх, цахим шилжилт, харилцаа холбоо, мэдээлэл технологийн хэрэглээний соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий уг нээлттэй хэлэлцүүлэг: “Мэдээллийн технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал; охид, эмэгтэйчүүдийн боломж”, “Цахим платформд эерэг нөлөөлөл үзүүлэх нь” сэдвийн хүрээнд цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан юм. Хэлэлцүүлэгт мэдээлэл технологийн салбарт амжилттай ажиллаж, цахим сувгуудад эерэг нөлөөлөл үзүүлж буй манлайлагч эмэгтэйчүүд оролцон зөвлөгөө, мэдээлэл өгч, мэдлэг туршлагаа хуваалцан, санал солилцлоо.     Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Digital Nation – 2021 | Амьдралыг хөнгөвчилсөн 10 ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ

ҮЙЛ ЯВДАЛ Digital Nation – 2021 | Амьдралыг хөнгөвчилсөн 10 ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ 2021.08.30 Төрийн үйлчилгээг нэг дороос авч, хүссэн цагтаа такси дуудаж, зоогийн газрын амтат хоолыг хаанаас ч хамаагүй захиалж, автобус хүлээж түүртэлгүй чиглэлийг нь дор нь харчихна… Өдрөөс өдөрт шинэчлэгдэн, хөгжиж буй мэдээлэл технологийн өнөө үед монголчууд бид хэрхэн цахим үндэстэн болох эхлэлээ тавив? Нэг цахим үйлчилгээний ард л гэхэд тооцоолж барамгүй цаг зав, мөнгөн урсгал, дэмий зардал, алдагдсан боломжийн өртөг хэмнэгдэж байдаг. Хурууны үзүүрээ хөдөлгөөд л өдөр тутмын амьдралыг хөнгөвчилсөн дотоодын цахим үйлчилгээнүүдийг нэгтгэн хүргэж байна. #1 Мобайл банк – Бүх банкны аппликейшн Бэлэн мөнгө, картын хэрэглээ бага багаар цахимжсаар ухаалаг утасны аппликейшн бүгдийг нь орлохуйц болжээ. Өөрийн ашигладаг банкны аппликейшнээ татаад л, интернэт банктай болчихсон байхад түрийвчээ орхих, картаа мартах асуудал үгүй. #2 Нийтийн тээврийн төлбөр, чиглэл: Umoney + Hipay + UB Smart Bus  Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ картаа цэнэглэх цэг хайж явдаг цаг өнгөрчээ. Hipay ашиглаад гар утсаараа шуудхан л цэнэглэчихнэ. Мөн хаана хэзээ автобусанд сууж, бууснаа харж ч болно. Umoney-оор нийтийн тээвэр, хот хоорондын тээвэр, нислэг, галт тэрэгний хуваарийг харж болох бол UB Smart Bus-аар нийтийн тээврийн дэлгэрэнгүй чиглэл, зогсоолыг харах боломжтой. #3 Такси дуудлага: Ubcab Аюулгүй, найдвартай, түргэн шуурхай такси үйлчилгээний тэргүүлэх сүлжээ. Жолоочийн тухай мэдээллийг харж, үнэлгээ өгч, хэрэгцээтэй үедээ хүргэлт хийлгэж, тусгай VIP такси ч дуудаж болох ухаалаг платформ бол яах аргагүй Ubcab. #4 Хоол хүргэлт: Tok tok + Songo + Toki  Дээрх аппликейшнүүдийн “ачаар” бид хүссэн ресторан, зоогийн газрынхаа цэстэй танилцаж, хаягаа оруулаад л хоолоо хүргүүлэн авах боломжтой болжээ. Газрын зураг, хаягаа оруулах ухаалаг цэстэй, тооцоогоо мобайлаар, бэлнээр, картаар гээд төрөл бүрээр төлж болох тул ямар ч асуудал гарахгүй. #5 Цахим төлбөрийн баримтын систем: Ebarimt Төлбөрийн баримтаа утасны камераараа уншуулаад л болоо! Мөн татварын буцаан олголт, сугалааны дүнгээ харахаас гадна өөрийн зарлагаа төрөл ангиллаар нь хуваан, тооцоолох боломжтой. #6 Үндэсний сошиал аппликейшн: Mongol Chat + Meme Chat Эх хэлээрээ чатлах боломжтой, монгол залуусын бүтээсэн аппликейшнүүд. Фэйсбүүкийн мессенжерт байдаг бүх функцүүдтэй бөгөөд төлбөр тооцоо хийх гэх мэт нэмэлтүүдтэй. #7 Төрийн үйлчилгээ: E-Mongolia Иргэний үнэмлэхийн лавлагаанаас эхлээд компани байгуулах, орон сууц худалдан авах, боловсрол, тээврийн хэрэгслийн лавлагаа гээд 540 төрлийн үйлчилгээг шууд авах боломжтой сайт. Төрийн үйлчилгээг иргэн бүрт ойртуулсан томоохон дэвшил юм. Мөн төрийн үйлчилгээний тухай мэдээлэл авч, ойлголт мэдлэгтэй болоход ч хэрэгтэй. #8 Боловсрол: Mplus + Esan + Tomyo + Mongoltoli.mn  Цахим ном унших, татаж авах, зохиолч бүтээгч нарт хөрөнгө оруулах, олон улсын сэтгүүл, судалгааны материал уншихад Mplus, Esan тусалж чадна. Харин цахим сургалтын Tomyo сайт нь хэрэглэхэд хялбар, академик хичээлүүдтэй бөгөөд даруй 200,000 гаруй хэрэглэгчтэй болоод байна. Зөв бичгийн дүрэм шалгах, эх хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд Mongoltoli.mn тусалж чадна. #9 Эх хэл: Ikon + Chimege Бүх төрлийн ухаалаг төхөөрөмжүүдтэй хоршин ажиллах эл хоёр технологи нь монгол кирилл үсэг ашиглах боломжийг бүрдүүлсэн бөгөөд ашиглахад тун хялбар. Монгол яриаг бичвэрт буулган хөрвүүлэх ухаалаг Чимэгэ системийн монгол хэлний нарийвчлал 97 хувь байгаа нь олон улсад өндөрт тооцогдох үзүүлэлт юм. #10 Үүрэн телефон: Unitel + Mobicom + Skytel + My GMobile Гар утсаараа утасны төлбөр тооцоогоо хийж, нэгж дата худалдан авч, хэрэглээний дэлгэрэнгүй зардлаа харах боломжтой. Утастай хэн бүхний заавал татах ухаалаг үйлчилгээний нэг. Дашрамд дурдахад, шинэ технологи шилдэг шийдлүүд бүхий мэдээлэл технологийн хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс эхлэн “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжлөө. Уг арга хэмжээнд очихыг хүсвэл есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнг зориорой.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ