Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022.04.25

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан юм.

Түүнчлэн хуулийн төсөлд,

– Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоох;

– Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

– Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлөх;

– Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх;

– Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт тусгагдсан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Идэрбат, Н.Ганибал, Ж.Чинбүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад мэдээлэл, технологийн чиглэлээр ажилладаг компаниудыг оруулсан шалтгааныг тодруулсан.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар алслагдсан сум, багуудын үүрэг холбооны сүлжээнд холбох, дахин дамжуулах станц барихыг хориглосон нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх бодлогод харшлах эсэх талаар асуув.

Төрийн өмчит компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс 37 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийн энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана. “Монголын цахилгаан холбоо” ХК​, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ​-ын хувьцааг олон нийтэд худалдахаар төсөлд орсон гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариултдаа онцлов.

Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн захирал Ч.Золбаяр хэлэхдээ, “УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор  Монгол Улс харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, зах зээлийг либералчлах, цахилгаан холбооны үндсэн сүлжээг тоон технологид шилжүүлэх зэргээр салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд сүлжээний ашиглалт эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгах бүтцийн өөрчлөлтийн чиглэлийг баталсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд 1640 ажилтантайгаар 373 обьект, 20 мянга орчим километр шилэн кабелыг хариуцан ажилладаг. 2016 оноос хойш үндсэн сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд үнэ тариф 7.4 дахин буурч, интернет буюу дата сүлжээний хурдыг 15.5 дахин нэмэгдүүлж чадсан.  Тиймээс төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хийхэд стратегийн ач холбогдолтой “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийг хувьчлах нь тохиромжгүй” гэв.

Мөн энэ онд Засгийн газрын тусгай сан болох Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар 26 цэгт үүрэн холбооны сүлжээ татах ажлыг хийнэ. Харин 9 цэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны сүлжээ татахаар 03 дугаар сарын 01-ний өдөр тендер зарлаж, таван газрын ажил эхлээд явж байна. Үлдсэн дөрвөн цэгийн хувьд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлээд байсан боловч 04 дүгээр сарын 15-ны дотор гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар хасагдсан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ хариултдаа дурдлаа.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах ангиллаас 152 сая 508 мянга 200 төгрөгийг хасаж, Үндэсний дата төв УТҮГ-ын урсгал зардалд уг 152 сая 508 мянга 200 төгрөгийг нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн.

Байнгын хорооны дарга Н.Учрал төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Төсвийн тодотголын төсөлд саналаа тусгахдаа салбарын нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийг сануулав.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Бусад мэдээ

Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад таатай, хүнд сурталгүй цахим орчин бий болгоно

ҮЙЛ ЯВДАЛ Бизнес эрхлэгч,хөрөнгө оруулагчдад таатай, хүнд сурталгүй цахим орчин бий болгоно 2022.12.26 Хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ татварын болон нийгмийн даатгалын бүртгэл, арилжааны банканд данс нээлгэх, тусгай зөвшөөрөл олгох зэрэг үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах бүрэн боломжгүй байна. Тиймээс хувийн хэвшилд төрөөс үзүүлэх дарамтыг бууруулж, хүнд сурталгүй болгох, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор Цахим хөгжил харилцаа холбооны сайд болон Эдийн засаг, хөгжлийн сайдын хамтарсан ажлын хэсэг байгуулж, E-Business.mn платформыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. E-business.mn системийг хуулийн этгээдэд зориулсан 51 байгууллагын 545, орон нутгийн 1129 үйлчилгээ, нийт 1674 үйлчилгээтэй нээхээр төлөвлөж байна. ЦХХХ-ны сайд Н.Учрал ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хандаж,- Хуулийн этгээд шинээр бүртгэх, өөрчлөх процессыг бүрэн цахимжуулж, иргэн гэрээсээ гаралгүйгээр компани байгуулах боломжтой болгох,- Яам, агентлагуудын тусгай зөвшөөрлийн системийг licence.mn болон e-mongolia -тай холбох ажлыг хэрэгжүүлэх зэрэг даалгаврыг өглөө.E-Business.mn платформыг нэвтрүүлснээр:• Бизнесээ зайнаас удирдах боломжийг олгоно.• Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засагт эергээр нөлөөлнө.• Хуулийн этгээдийн бүртгэлийг бүрэн цахимжуулна.• Тусгай зөвшөөрлийг цахимжуулснаар авлига, хүнд суртал буурна.• Цахим шилжилт эрчимжиж, төрийн бүтээмж нэмэгдэнэ.• Монгол улсад цахимаар хуулийн этгээд байгуулах, үйл ажиллагаа эрхлэх боломж нээгдэнэ.  Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим ур чадвар олгох сургалт Дорноговь аймагт зохион байгуулагдаж байна

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи хамтран “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд “Цахим ур чадвар олгох” сургалт зохион байгуулж байна. Сургалтад Дорноговь аймгийн төрийн захиргааны болон 14 сумын мэдээллийн технологи хариуцсан 100 орчим албан хаагч хамрагдаж байна. Цахим шилжилт, Кибер аюулгүй байдал, Цахим. бэлэн байдлын үнэлгээ сэдвүүдээр ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, “И-Монгол” академийн салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай, “И-Монгол” академийн салбар дундын зохицуулалтын газрын процесс аналист П.Оргил, “И-Монгол” академийн цахим ур чадварын газрын сургагч багш Г.Халиун нар хичээл орж байна. Дорноговь аймаг нь Төрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор “Цахим Дорноговь” төслийг 7-р сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор нэгдсэн дотоод системд 128 байгууллагыг үе шаттай нэгтгэх ажлыг зохион байгуулж байна. Мөн иргэдэд орон нутгийн мэдээллийг нээлттэй, шуурхай хүргэх зорилгоор “Нээлттэй Дорноговь” апплейкешн нэвтрүүлсэн бөгөөд одоогоор 2000 орчим хэрэглэгч ашиглаж байна. #цахим_аймаг #Дорноговь

“Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025” Улаанбаатар хотноо эхэллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) хамран “Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх энэхүү олон улсын хэмжээний арга хэмжээ 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 05-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Тус арга хэмжээний хүрээнд бүс нутгийн кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, кибер халдлага, зөрчлийн сүүлийн үеийн чиг хандлага, бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах, харилцан туршлага солилцох, кибер аюул занал, эрсдэлийг бууруулахын тулд оролцогч орнуудын сайн туршлагыг харилцан солилцох, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Арга хэмжээг нээж “Ази, номхон далайн бүсийн кибер сургуулилт 2025” олон улсын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар илгээлт ирүүлсэн байна. Илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх Х.Цогтбилгүүндарь уншиж, танилцууллаа. Мөн ОУЦХБ-ын Харилцаа холбооны хөгжлийн товчооны захирал Dr. Cosmas Luckyson Zavazava, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн нар оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм. ОУЦХБ-ны Харилцаа холбооны хөгжлийн товчооны захирал, Dr. Cosmas Luckyson Zavazava: Энэхүү сургуулилтыг найрсгаар хамтран зохион байгуулсан Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам, мөн энэ долоо хоногийн үйл ажиллагааг дэмжсэн Монгол Улсын Кибер аюулгүй байдлын зөвлөлийн хамт олонд талархал илэрхийлье” хэмээн өгүүллээ. Энэ удаагийн сургуулилтад Ази, Номхон далайн бүсийн 26 орны 200 гаруй төлөөлөгчид оролцож байна. Монгол Улс “Кибер аюулгүй байдлын индекс 2024”-т 193 орноос 103 дугаарт эрэмбэлэгдэж, “Бэхжиж буй” түвшинд тооцогдсон. Энэ нь 2020 онтой харьцуулахад 17 байраар урагшилсан ч кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чадавх болон олон улсын хамтын ажиллагааны үзүүлэлтүүд Азийн дунджаас доогуур байгааг харуулж байна. Мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшин”-ий судалгааг хийлгэсэн. Судалгаагаар манай улс кибер аюулгүй байдлын бодлого, стратегийн хувьд харьцангуй өндөр түвшинд үнэлэгдсэн бол стандарт, технологийн нэвтрүүлэлт, хүний нөөцийн чадавх, халдлага илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, мэдээлэл солилцоо, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр илүү их анхаарах шаардлагатайг онцолсон байна. “Ази номхон далайн бүс нутгийн кибер сургуулилт 2025”-ыг Монгол Улсад зохион байгуулснаар бүс нутгийн хэмжээнд кибер аюулгүй байдлын чиг хандлагуудыг хэлэлцэж, хариу арга хэмжээ авах, хамгаалалтыг сайжруулах шийдлүүдийн талаар санал солилцох, халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах ур чадварыг сайжруулж, чадавхжуулах, кибер аюулгүй байдлын бодлого төлөвлөлт, менежментийг сайжруулах, Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах хамтын үүргийн хэрэгжилтийг танилцуулах, улсаа сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.