Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.06.12/ зохион байгууллаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хуралдааны тэмдэглэлээр “Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин ашиглах талаар эрх зүйн орчныг бүрдүүлэх, Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй ногоон дата төв байгуулах бэлтгэл ажлыг хангах” чиглэлээр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон.
Энэхүү үүргийн хэрэгжилтийг хангах хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан” хэмээн тодотгов.
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран танилцууллаа.
Хэлэлцүүлэгт мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцож, хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжих боломж, мэдээллийн технологийн үйлдвэрлэлд үзүүлэх нөлөө, өгөгдлийн дэд бүтэц, дата төв, өгөгдөл солилцоо, өгөгдлийг дахин ашиглах, инновац, хиймэл оюун зэрэг асуудлаа санал, зөвлөмжөө нээлттэй илэрхийлэв.





Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн 75 байгууллагаас судалгаа авч, холбогдох нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн. Уг судалгаагаар өгөгдөл солилцох, хуваалцах, ашиглах, дахин ашиглах эрх зүйн зохицуулалт хангалтгүй, мэдээллийн сангийн давхардал их, өгөгдлийг шинэчлэх давтамж болон чанарын шаардлага харилцан адилгүй, өгөгдлийн стандарт, чанарын баталгаажуулалтын тогтолцоо бүрэн төлөвшөөгүй, өгөгдөл солилцооны дэд бүтцийн уялдаа сул, өгөгдлийн аюулгүй байдал болон ашиглалтад итгэх итгэл хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан.
Иймээс өгөгдлийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоох, өгөгдлийн засаглалын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, өгөгдлийн чанар, аюулгүй байдал, хүртээмжийг хангах, өгөгдөлд суурилсан инновац, хиймэл оюун, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Өгөгдлийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Монгол Улсын Их Хурлаас 2021 онд Цахим хөгжлийг дэмжих багц хуулиудыг баталсан нь өгөгдөлтэй холбоотой харилцааг зохицуулах суурь эрх зүйн орчныг бүрдүүлсэн чухал алхам болсон юм.
Гэхдээ өгөгдлийг байгууллага, салбар, мэдээллийн систем хооронд солилцох, нэгтгэх, чанаржуулах, дахин ашиглах, өгөгдлийн бүтээгдэхүүн болгох, эдийн засгийн эргэлтэд оруулах, өгөгдлийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах харилцааг бүрэн хамарч чадаагүй.
Мөн өгөгдлийн ангилал, өмчлөл, эзэмшил болон ашиглах эрхийг нэгдсэн байдлаар хуульчлан тодорхойлоогүй, төр, хувийн хэвшил, иргэн хооронд өгөгдөл солилцох, хамтран ашиглах, дахин ашиглах, арилжаалах, зуучлах эрх зүйн зохицуулалт бүрдээгүй, инновац, хиймэл оюуныг хөгжүүлэхэд шаардлагатай их өгөгдөл хангалтгүй, өгөгдлийг анхны зорилгоос өөрөөр дахин ашиглах нөхцөлийг зохицуулаагүйгээс өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байна. Гэтэл дэлхий дахинд их өгөгдлийн зах зээл 2023 онд 327.26 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн бол 2024-2030 оны хооронд жилд дунджаар 14.9 хувиар өсөх тооцоолол гарсан. Түүнчлэн Олон улсын байгууллагуудаас өгөгдлийг эдийн засаг, инновац, төрийн удирдлага, судалгаа хөгжүүлэлт, санхүү зэрэг олон салбарт үнэ цэн бий болгох “стратегийн нөөц” гэж үзэж байна.










