Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас боловсруулсан “Өгөгдлийн тухай” анхдагч хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Энэхүү хуулийн төсөл нь төрийн мэдээллийн санг зөвхөн өгөгдөл цуглуулах, хадгалах зориулалтаар хязгаарлах бус, харин “төрийн их өгөгдөл”-ийн дэд бүтэц, засаглалыг бий болгох, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин ашиглах эрх зүйн орчныг цогцоор нь бүрдүүлэхэд чиглэж байна. Ингэснээр өгөгдлийг эдийн засаг, бизнес, инновац, эрдэм шинжилгээний судалгаа, төрийн үйлчилгээ болон хувийн хэвшлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд илүү аюулгүй, чанартай, үр ашигтайгаар ашиглуулах боломж нээгдэх юм.
Түүнчлэн, Засгийн газрын хуралдаанаас дижитал эдийн засгийн шинэ салбарыг хөгжүүлж, Монгол Улсад олон улсын хөрөнгө оруулалт татах, татварын орлогыг өсгөх, өндөр ур чадвартай ажлын байруудыг нэмэгдүүлэх зорилгоор байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлт бүхий “Ногоон дата төв” байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлж хангаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.











