Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Эрик Бруссард: Монголчууд Амазон дээр борлуулалт хийх боломжтой боллоо

2021.06.23

Дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ Амазон дээр Монголын бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг хийх боломжтой болсон талаар Амазон компанийн Олон улсын худалдаа, үйлчилгээ эрхэлсэн дэд ерөнхийлөгч Эрик Бруссард мэдэгдлээ. Тэрбээр “Монголын бизнес эрхлэгчид Амазон дээр одоо борлуулалт хийх боломжтой боллоо гэж мэдэгдэхэд үнэхээр таатай байна. Бид Монголын эрч хүчтэй бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчидтэй нь холбох үүд хаалгыг нээлээ” гэжээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Амазон компанитай энэ чиглэлд хамтран ажиллаж байгаа бөгөөд үндэсний үйлдвэрлэгчид гурав сая хүн амтай зах зээлд биш тэрбум хүнтэй зах зээл рүү онлайнаар бараа, бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болж байна гэсэн үг юм. Амазон компани нь дэлхийн 14 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 103 улс орнууд бараа, бүтээгдэхүүнээ тус платформ дээр борлуулж байна.

Other news

Үндэсний нийтийн түлхүүрийн дэд бүтцийн суурь системийг шинэчлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаж байна

Дэлхийн Банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг 2” төслийн хүрээнд “Үндэсний нийтийн түлхүүрийн дэд бүтцийн суурь системийг шинэчлэх (дахин зар)” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаж байна. Хугацаа: 2026 оны 03-р сарын 30-ны өдөр, 15:00 цаг ************ The World Bank financed “Smart Government II” Project, implemented by the Ministry of Digital Development, Innovation and Communications invites Proposals from the eligible Bidders for “To renew the Root certification system of the National public key infrastructure (PKI) of Mongolia /Rebid/. Submission Deadline: March 30, 2026, 15:00 PM (UB time)

БНСУ-д төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл харилцааны технологийн сайд И Жун Ху-тай 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сөүл хотноо хоёр талын уулзалт хийв. Энэ үеэр Сайд Н.Учрал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд бүхий л салбарт өргөжин хөгжиж, өдгөө “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн бэхжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, цаашид харилцаа, хамтын ажиллагааг цахим засаглал, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт идэвхжүүлэн өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Уулзалтын дараа Талууд Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл харилцааны технологийн яам хооронд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав Тус гэрээний үндсэн дээр сансар судлал, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхээс гадна төрийн албан хаагчдыг цахим ур чадварыг дээшлүүлэх богино хугацааны сургалтанд хамруулахаар тохирлоо.

Э.Батшугар: “Монголын технологийн 7 хоног” бол Монгол Улсыг олон улсад сурталчлах, үндэсний технологийн компаниудын чадавхыг харуулах, тэднийг олон улсын зах зээлд танигдах боломжийг өргөжүүлэх зорилготой

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Мэдээллийн технологийн үндэсний парк, хувийн хэвшил хамтран 2025 оны 09 дүгээр сарын 19-26-ны өдрүүдэд “Монголын технологийн 7 хоног” арга хэмжээг зохион байгуулж байна. Бүтэн долоо хоногийн туршид салбар бүрийн технологийн хорхойтнууд “TECHWEEK” малгай дор 70 гаруй арга хэмжээг зохион байгуулж, өнөөдөр хаалтын арга хэмжээг зохион байгуулж илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Өнөөдөрийн арга хэмжээг Монгол Улсын ерөнхий сайд Г.Занданшатар нээж “ 5D стратегийн хүрээнд эдийн засаг экспортоо 2 дахин өсгөх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг 2 дахин нэмэгдүүлж, дижитал эдийн засгийг эрчимжүүлэхэд ажиллана. Засгийн газрын ажлын эхний 100 өдөрт виртуал бүсийг хэрэгжүүлэх журам, Digital First хөтөлбөрийн хүрээнд 74 зөвлөмж, их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын нэн тэргүүний бодлого бол “Digital first” буюу цахимыг тэргүүн тавих юм. Учир нь монгол улсын хөгжлийг хурдасгах гол түрхүүр” гэж харж байгаагаа илэрхийллээ. Үүний дараа ЦХИХХ-ны сайд Э.Батшугар: Монгол Улс Цахим засаглалын хөгжлийн индексээр дэлхийд 46-р байр буюу, “өндөр” түвшнээс “маш өндөр” түвшинд шилжиж буйг батламжиллаа. Дээрх амжилтыг илүү ахиулах шаардлагатай байна. Тухайлбал, дижитал эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, их өгөгдөл, хиймэл оюуныг нэвтрүүлж төрийн үйлчилгээнд чанар, хүртээмжийг сайжруулахаар зорьж байна. Techweek нь зөвхөн Улаанбаатар хотод зохион байгуулагдсангүй. 21 аймгийн залуучууд мөн адил энэхүү хөдөлгөөнд нэгдэж, орон нутгийн дижитал шилжилтийн талаар хэлэлцэж, шийдлийг эрэлхийлсэн юм. “Монголын технологийн 7 хоног” бол Монгол Улсыг олон улсад сурталчлах, үндэсний технологийн компаниудын чадавхыг харуулах, тэднийг олон улсын зах зээлд танигдах боломжийг өргөжүүлэх зорилготой юм. Энэ утгаараа тус арга хэмжээг гадаадын 50 гаруй төлөөлөгчид сонирхон оролцож, Монгол залуучуудын технологийн шийдэл, боломжуудтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газар ч тус арга хэмжээнд ач холбогдол өгч, технологийн салбарыг дэмжих хэд хэдэн чухал шийдвэрийг гаргалаа. –           Тэд монгол залуучуудаа дэмжиж, “Виртуал бүс” байгуулах шийдвэрийг гаргасан. Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компанид төрийн зүгээс татварын болон татварын бус 8 дэмжлэгийг үзүүлэх юм. Энэхүү шийдвэр нь 2026 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. –           Мөн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийт өргөнөөр ашиглах нь салбарын хөгжлийн гол хөшүүрэг гэдгийг тодотгож, Засгийн газар “Digital First” хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд төрийн үйлчилгээ цахимаар авахад илүү хүртээмжтэй, түргэн шуурхай, иргэдийн цаг хугацаа болон зардлыг хэмнэсэн байх зарчмыг нэн тэргүүний зорилт болгон хэрэгжүүлэхээр боллоо. –           Цаашилбал, хиймэл оюуны хөгжил нь байгууллага, хувь хүний ажлыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх томоохон боломж авчирч байгаа хэдий ч шинэ сорилт, эрсдэл дагуулж буйг онцолж, Монгол Улсын Засгийн газраас “Хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг батлан хэрэгжүүлэхээр болсон нь онцлох үйл явдал байлаа гэлээ. “ICT Forum” нь 2025 оны 9 дүгээр сарын 26-нд зохион байгуулагдаж байна. Уг форумд төрийн бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчид, олон улсын байгууллагын төлөөлөл, мэргэжлийн холбоод, хөрөнгө оруулагчид болон тэргүүлэх компаниуд оролцож, салбарын тулгамдсан асуудал, хамтын ажиллагаа, инноваци, хөрөнгө оруулалтын боломжуудыг өргөн хүрээнд хэлэлцлээ. Ийнхүү бүтэн долоо хоногийн турш үргэлжилсэн “TECHWEEK 2025” нь оролцогчдод шинэ мэдлэг, мэдээлэл өгч, харилцан туршлага солилцох өргөн боломжийг нээсэн бөгөөд ирэх жил буюу 2026 онд харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн том арга хэмжээ болон ICT EXPO-г олон улсын арга хэмжээ болон өргөжиж буйг зарлалаа.