Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2021.12.09

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.09/ нэгдсэн хуралдаанаар Цахим засаглалын суурь хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар хамтарсан байнгын хороонд шилжүүллээ. Тодруулбал, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн тус, тус эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүдээс гаргасан санал болон хуралдаан даргалагчаас төслийн зарим зохицуулалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгснийг баримтлан УИХ-ын гишүүнийг хуралдааны ирцэд бүртгэх, санал хураалт явуулахад биометрик мэдээллийг ашиглах, түүнчлэн хүний хувийн мэдээллийг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, ялын бодлогыг ялгамжтай оногдуулах зорилгоор хувь хүний нууцыг задруулсан, харилцаа холбоо, цахим сүлжээг ашигласан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ял оногдуулдаг байх саналыг тус тус боловсруулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу санал хураалгасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Дараа нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хороод 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийн боловсруулалтын явцын талаар асуулт асууж, хариулт авсан хэмээн УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Эцэст нь Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүн Н.Учрал, Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зохицуулалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу хуулийн этгээд дотоод үйл ажиллагаандаа нийтийн түлхүүрийн дэд бүтэц ашиглах зохицуулалтыг хуулийн төслийн 5 дугаар зүйлд шилжүүлэх санал гаргасныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу санал хураалгасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Түүнчлэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн нэр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төсөл болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг нийцүүлэх, хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг өөрчлөх, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлээр дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу санал хураалгасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн хэмээн танилцуулсан юм.

Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Байнгын хороодын хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар хамтарсан байнгын хороонд шилжүүллээ.

Other news

Хиймэл оюун ухааны бэлэн байдлыг үнэлэх, үндэсний стратеги боловсруулах ажлыг эхлүүллээ

Монгол Улс 2024 онд “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын индекс”-ээр 11 байр урагшилж, 188 орноос 98 дугаарт эрэмбэлэгдсэн талаар Oxford Insight байгууллагын гаргасан судалгаанд дурджээ. Хиймэл оюун ухааны бэлэн байдлын индексийг гаргахдаа Засаглал, технологи, өгөгдөл ба дэд бүтэц гэсэн үндсэн 3 шалгуурын хүрээнд 10 үзүүлэлтийг хамруулдаг аж. № Шалгуур 2024 2023 2022 2021 2020 1 Засаглал 36.94 35.83 35.21 33.45 27.02 2 Технологи 26.78 27.71 26.68 27.24 26.27 3 Өгөгдөл ба Дэд бүтэц 63.36 38.99 49.76 50.90 60.09 Үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй харвал: № Үзүүлэлт 2024 2023 2022 2021 2020 1 Алсын хараа 0 0 0 0 0 2 Засаглал ба Ёс зүй 52.10 45.20 43.06 39.74 32.31 3 Дижитал ур чадвар 53.57 58.61 58.58 37.72 40.11 4 Дасан зохицох чадвар 42.08 39.50 39.19 56.34 35.65 5 Төлөвшил 17.26 18.67 18.26 17.94 8.69 6 Инновацын чадамж 36 31.31 24.85 36.24 35.50 7 Хүний нөөц 27.09 33.15 36.92 27.53 34.62 8 Дэд бүтэц 34.44 26.91 26.91 30.92 44.35 9 Өгөгдлийн хүртээмж 85.19 62.06 62.06 53.34 57.57 10 Өгөгдлийн төлөөлөх чадвар 70.46 71.31 60.29 68.45 78.35 Дэлгэрэнгүй статистик мэдээллээс харахад, Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлын үзүүлэлт жил ирэх бүр тодорхой хэмжээнд өсөлттэй байгаа ч “алсын хараа” байхгүй буюу 0 үнэлгээ авч байгаа нь тус индексийг хойш татах  шалтгаан болж байна. Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр oxford insight байгууллагын албан ёсны аргачлалаар Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлын дэлгэрэнгүй үнэлгээг хийлгэж байна. Үүний зэрэгцээ, Хьюстоны их сургуулийн боловсруулсан “Framework and Foresight” аргачлалаар Монгол Улсын хиймэл оюун ухааны алсын харааг тодорхойлох ажлыг эхлүүлээд байна. Энэ аргачлалын ач холбогдол нь хамтын оролцоог нэмэгдүүлэх замаар ирээдүйн хэтийн төлөвийг урьдчилан харах үйл явцыг сайжруулах, хувилбаруудыг боловсруулах, үр дагаврыг судалдгаараа онцлогтой. Тус аргачлалын дагуу, хиймэл оюун ухааны хэрэглээний өнөөгийн нөхцөл байдлын талаарх санал, шүүмжийг нээлттэйгээр салбарын эрдэмтэн, судлаачид болон хувийн хэвшлийн төлөөллүүдээс цуглуулж байна. Эдгээр ажлын үр дүнд Монгол Улс ирэх хоёрдугаар сард “Хиймэл оюун ухааны үндэсний стратеги” олон улсад албан ёсоор зарлах юм.   Хиймэл оюун ухаан нь ойрын ирээдүйд дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэх бөгөөд Засгийн газрууд хиймэл оюун ухааныг ашиглах бэлэн байдлыг хангах нь технологиос үүдэлтэй учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, худалдаа, үйлдвэрлэл, аюулгүй байдал зэрэг олон салбарт өрсөлдөх давуу талыг олж авч, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах давуу талтай юм. Монгол Улсын хиймэл оюун ухааны үндэсний стратеги боловсруулах ажилд доорх линкээр саналаа өгөх боломжтой. Цахимаар санал өгөх бол ЭНД дарна уу.

Мэдэгдэл хүргэх систем хэрхэн ажилладаг вэ?

Мэдэгдэл хүргэх систем хэрхэн ажилладаг вэ? 2022.05.03 Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2022 оны 05 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд заасны дагуу “e-mongolia” системээр хүний хувийн мэдээллийг мэдээлэл хариуцагчаас бусад этгээдэд дамжуулсан бол Иргэн танд, мэдэгдэх нөхцлийг бүрдүүллээ. Ингэснээр иргэн өөрийн хувийн мэдээллийг хэн, хэзээ, ямар үндэслэлээр ашиглаж байгаа талаар мэдэх, улмаар хяналт тавих боломжтой болж байна. Мэдэгдэл нь иргэнд гурван хэлбэрээр очно Нэгдүгээрт: тухайн мэдэгдэл нь таны гар утсанд notification хэлбэрээр очих бөгөөд та “e-Mongolia” аппликейшн эсвэл www.e-mongolia.mn сайтад нэвтрэн орж, шалгах боломжтой. Хоёрдугаарт: иргэн та ЗӨВШӨӨРВӨЛ иргэний бүртгэлийн дугаараар “e-Mongolia” системд үндэсний и-мэйл үүсггэгдэнэ. Үндэсний и-мэйлээр мэдэгдэл хүлээн авах боломжтой. Гуравдугаарт: бүртгэлтэй гар утасны дугаарт тань смс хэлбэрээр очих боломжтой. Иргэн та мэдэгдэл хүлээн авах хэлбэрээ сонгох, мэдэгдлээс бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах боломжтой. Мэдэгдэл хүргэх системээр дамжуулан дараах мэдээлэл таньд очно. Мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар мэдэгдэл хүргүүлнэ Мэдээлэл хариуцагч буюу төрийн байгууллагад гаргасан хүсэлт, гомдлын шийдвэрлэлтийн явц, шийдвэрийн талаар Хүн, хуулийн этгээд төрийн үйлчилгээ авах шаардлага гарсан талаарх сануулга / өөрөөр хэлбэл, таны иргэний үнэмлэх /жолооны үнэмлэх / гадаад паспорт гэх зэрэг бичиг баримтын хугацаа дуусах дөхсөн үед танд мэдэгдэл очих юм.  Татвар төлөлт, торгох шийтгэлийн төлбөрийн талаарх Ард нийтийн санал асуулга болон сонгуулийн санал өгөх өдрийн тов зэргийг иргэдэд мэдэгдэл хүргэх системээр дамжуулан хүргэнэ.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Хиймэл оюуны үндэсний стратегийг олон нийтэд танилцуулна

Эртний Грекийн домогт оюун ухаант машин гэдэг ойлголт гарч ирж, 1956 онд судалгааны салбар болон хөгжиж ирсэн хиймэл оюун (AI) нь технологийн үсрэнгүй хөгжлийн ачаар өнөөдөр урьд урьдынхаасаа илүүтэй олны анхаарлын төвд орлоо.  Түүний ололт амжилт, хууль эрх зүйн зохицуулалт, дээд хэмжээний уулзалтууд мэдэгдэхүйц нэмэгдэж, дэлхийн Засгийн газрууд түүний үр нөлөөг хүлээн зөвшөөрч эхлэв.  2017 онд БНХАУ, Канад, АНЭУ, Франц зэрэг дөрвөн улс хиймэл оюуны стратегиа дэлхий дахинд анхлан зарлаж байсан бол өдгөө 77 улс стратегиа баталж, түүний хөгжүүлэлт, зохицуулалт, ёс зүйн асуудалд чиглүүлэх бодлогоо боловсруулсан талаар Oxford Insight байгууллагын 2024 онд гаргасан тайланд дурджээ.  2024 онд 12 улс хиймэл оюун ухааны стратегиа олон нийтэд зарласан нь 2023 онтой харьцуулахад гурав дахин өсчээ. Эдгээр стратегийн талаас илүү хувь нь дундаас доогуур болон бага орлоготой орнууд байсан нь түүхэн хоцрогдолтой эдийн засгийн орнуудын дунд “Хиймэл оюуны Засаглал” эрчимтэй хөгжиж буйг харуулж байна. Тухайбал, 2023 онд Руанда хиймэл оюун ухааны стратеги зарласан бага орлоготой анхны улс болж байсан бол 2024 онд Этиоп хоёр дахь улсаар тодорлоо.  Харин Монгол Улс хиймэл оюуны стратегигүй цөөн орны нэг. Бид хиймэл оюуны бэлэн байдлын олон улсын үнэлгээгээр 2024 онд 98 дугаарт эрэмбэлэгдсэн нь 2023 онтой харьцуулахад 11 байраар урагшилсан амжилтыг үзүүлсэн. Гэхдээ олон улсад алсын хараагүй орны тоонд орж буй.  Хиймэл оюуны алсын харааг тодорхойлох нь зөвхөн технологийн хөгжлийг бус үндэсний тогтвортой хөгжил, иргэдийн сайн сайхан байдал, улс орны дэлхийн тавцанд өрсөлдөхүйц байр суурь эзлэх гол хүчин зүйл болох юм.  Иймд Монгол Улсад хиймэл оюуны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, цаашдын бодлогын суурь мэдээллийг бүрдүүлэх зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээ”-г хийж гүйцэтгэлээ. Энэхүү үнэлгээг хийхдээ төр, хувийн хэвшил, ШУА-ийн эрдэмтэд, их дээд сургуулийн багш нар болон хиймэл оюуныг хөгжүүлж буй залуустай цуврал хэлэлцүүлэг өрнүүлж, санал зөвлөмжид тулгуурлан Монгол Улс “Хиймэл оюуны үндэсний стратегиа” олон нийтэд танилцуулахад бэлэн боллоо.   Хиймэл оюуны үндэсний стратегийг танилцуулж, олон нийтээр хэлэлцүүлэх анхдугаар чуулган 2025 оны 02-р сарын 13-нд Төрийн ордонд болно.  Тус чуулганд оролцож, хиймэл оюуны үндэсний стратегид өөрийн хувь нэмрээ оруулах бол та доорх QR -р бүртгүүлнэ үү.