Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Х.Сүрэнхорол: Хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгааг иргэд хянах нь хуулийн хэрэгжилтэд чухал

2022.05.09

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхоролыг урьж, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд ярилцлаа. ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИАР НИЙГМИЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХАД ХҮНДРЭЛТЭЙ БОЛСОН Хувь хүний нууцын тухай хууль 1995 онд батлагдсан. Хэрэгжиж эхлээд 30 орчим жил болох гэж байна.Энэ нь тухайн цаг үеийнхээ нийгэм, эдийн засаг, эрх зүйн харилцаанд тохирсон хууль байсан бол одоо нийгмийн харилцаа яаж өөрчлөгдөж, цахим харилцаа бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг бэлхнээ харж байна. Өөрөөр хэлбэл, 30 жилийн өмнөх хуулиар одоогийн хувь хүний нууцтай холбоотой харилцаа бүрийг зохицуулахад хүндрэлтэй болоод байна гэсэн үг. Статистик тоон мэдээнээс харахад сүүлийн таван жилийн хугацаанд хувь хүний нууцыг задруулсан гэмт хэрэг 2-5 гарсан байдаг. Энэ нь Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулах харилцаа хумигдмал хүрээнд байгааг харуулж байгаа юм. Мөн хувь хүнд хамааралтай эрүүл мэнд, гэр бүл, эд хөрөнгө, захидал харилцааны дөрвөн төрлийн мэдээллийг нууцад хамааруулж, хувь хүн өөрөө мэдээллийн нууцлалаа хадгалж хамгаалах зохицуулалттай байсантай холбоотой. Хувь хүнийг тодорхойлж болох олон төрлийн мэдээлэл байдаг. Тухайлбал, тухайн хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, генетик болон биометрик мэдээлэл, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг дурдаж болно. Хувь хүний мэдээллийг тодорхой хяналтгүй буюу зөвшөөрөлгүйгээр цуглуулж, боловсруулж, тухайлан нийгмийн сүлжээнд дурын зорилгоор ашиглаж, дамжуулах тохиолдол их байна. Олон улсын жишгээр хувь хүний мэдээллийг цуглуулж байгаа бол хуульд зааснаас бусад тохиолдолд зайлшгүй мэдээллийн эзний зөвшөөрлийг авах шаардлагатай байдаг. Эдгээр нөхцөл шаардлагын улмаас Хувь хүний нууцын тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлага байсан учраас Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулсан. ТУХАЙН ХҮНИЙГ ТОДОРХОЙЛЖ БОЛОХ БҮХ МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ НЬ ХУУЛИЙН ЗОРИЛГО Блиц: Боловсрол ♦ 2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль ♦ 2016 онд Австралийн Мельбурнийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Ажилласан байдал ♦ 2007-2022 он хүртэл Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, шинжээчээр ажилласан. ♦ 2022 оны гуравдугаар сараас Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Хуулийн төслийг боловсруулах явцад бусад улс оронд хувь хүний нууцыг хэрхэн зохицуулж, хамгаалж байгаа талаар нэлээд судалгаа хийж, иргэн, хуулийн этгээд, судлаач нараас ч хуулийн төсөлд олон санал ирснийг Ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэж тусгасан байдаг. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн суурь зохицуулалт нь Европын холбооны Хүний хувийн өгөгдөл хамгаалах тухай актад үндэслэсэн. Мөн Эстони, Словени, Япон, Солонгос, Хятад, Тайвань, Израйл улсын эрх зүйн зохицуулалтыг судалж, манай улсад хэрэгжих боломжтой зарим онцлог зохицуулалтыг хуулийн төслийг боловсруулахдаа харгалзаж үзсэн. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар багц хэдэн харилцааг зохицуулна. Хувь хүнийг тодорхойлж болох мэдээллүүдийг өргөжүүлсэн. Хувь хүний нууцын тухай хуулиар хувь хүний дөрвөн төрлийн нууцыг хамгаалж байсан бол тухайн хүний овог, нэр, төрсөн он, сар, өдрөөс авахуулаад хүний эмзэг мэдээллүүд болох ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл, генетик, биометрик мэдээллийг хамгаалж байхаар тогтоосон. Тодруулбал, тухайн хүнийг тодорхойлж болох бүх мэдээллийг хамгаалах нь энэ хуулийн зорилго юм. Хувь хүний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахдаа хуульд зааснаас бусад тохиолдолд зайлшгүй мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах ёстой. Энэ хууль мэдээллийн эзний эрхийг баталгаажуулж, мэдээлэл хариуцагчийг үүрэгжүүлсэн шинжтэй хууль юм. Тухайлбал, мэдээллийн эзэн зөвшөөрлөө өгөх, татгалзах, мэдээллийг ямар зорилгоор цуглуулж байгааг мэдэх, шаардах, тайлбар авах эрхтэй. Харин мэдээлэл хариуцагч нь зөвшөөрлийг авах, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах болсон үндэслэлийг тайлбарлах, мэдэгдэл хүргүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байхаар тогтоосон. Мөн хуульд тусгасан нэг онцлог зохицуулалт бол дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг ямар тохиолдолд байршуулах талаар зохицуулсан. Төхөөрөмжийг нийтийн зориулалттай орон сууцны орох, гарах нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайд оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалах, дундын эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, ажлын байранд хүний болон мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор байршуулж болно. Харин тухайн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдах байршилд тухайбал, ариун цэврийн өрөө, VIP өрөө, эмнэлгийн өрөө, оршин суугчийн хаалга руу харуулж дүрс бичлэгийн камер байршуулахгүй байхаар зохицууллаа. ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ МЕХАНИЗМЫГ ТОДРУУЛСАН Хуульд хуулийн хэрэгжилтийг хангах байгууллагуудыг тодорхой заасан. Хуулиар Хүний эрхийн үндэсний комиссын нэг гишүүн хүний хувийн мэдээллийг хамгаалах чиг үүргийг хариуцаж ажиллана. Мөн энэ чиг үүргийг хэрэгжүүлэх тусгайлсан нэгж ажиллахаар зохицуулсан. Энэ нэгжид хууль эрх зүй, мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг мэргэшсэн ажилтнуудыг ажиллуулах шаардлагыг тавина. Комисс хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, зөвлөмж, шаардлага хүргүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллана. Мөн төрийн бусад байгууллага хуулийн хэрэгжилтийг хангахад чухал үүрэгтэй. Цахим хөгжил, харилцаа холбооны яам хууль тогтоомжийн хэрэгжилтийг олон нийтэд сурталчлан таниулах, нийтээр дагаж мөрдөх журмуудыг боловсруулж, батлах, мэдээллийн аюулгүй байдал алдагдсан тохиолдолд хариу арга хэмжээ авах үүргийг гүйцэтгэнэ. Манай яам энэ хуулийн хүрээнд батлах журмууд дээр Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байна. Хуулийн хүрээнд нийт гурван журам батална. Төрийн байгууллагууд хэрэгжилтийг хангахад хүлээх үүргийг хуулиар тогтоосон ч байгууллага бүр төр, хувийн хэвшлийн байхаасаа үл хамааран мэдээлэл хариуцагчийнхаа хувьд хүний хувийн мэдээллийг хамгаалахад үүргээ ухамсарлаж, хариуцлагатай хандах ёстой. Нөгөө талаас иргэн бүр өөрийнхөө мэдээллийг бусад этгээдэд өгөх бүртээ хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрөлтэйгөөр авч ашиглаж байгаа эсэхийг хянах эрхийг хуулиар олгосон тул шат шатандаа хяналт тавьж хуулийн хэрэгжилтийг хангах нь чухал юм. СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗОРИЛГООР ЗАРИМ МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХАД ЗӨВШӨӨРӨЛ ШААРДАХГҮЙ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар сэтгүүл зүйн зорилгоор хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах тохиолдолд үйлчлэх зохицуулалтыг тусгасан. Сэтгүүл зүйн эсвэл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллээс бусад мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахад мэдээллийн эзний зөвшөөрөл шаардахгүй. Сэтгүүл зүй гэдэг бол хариуцлагатай редакцтай байгууллагад тооцогдож, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мэдээ, мэдээллийг түгээдэг. Харин сэтгүүл зүйн зорилгоор бус хүний хувийн мэдээллийг түгээх тохиолдолд зайлшгүй мэдээллийн эзний зөвшөөрлийг шаардана. Хууль зөрчиж мэдээллийн эзний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашигласан бол Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг дагаж эдгээр хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛНЭ Хуулиар төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хүн нь хүний эмзэг мэдээллийг ашигласан, дамжуулсан тохиолдолд мэдээллийн эзэнд мэдээлэл хариуцагчийн хувьд мэдэгдэл хүргэдэг байхаар зохицуулсан. Мэдээж мэдэгдэл хүргэх хэлбэр нь ямар ч байж болно. Тухайлбал, гар утасны мессежээр, хувийн и-мэйлээр, тодорхой систем бий болгох замаар мэдэгдэл хүргэж болно. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас И-Монгол академитай хамтран мэдэгдэл хүргэх системийг хөгжүүлэн “ХУР” системд холбогдсон төрийн байгууллагаас мэдээлэл дамжуулсан тохиолдолд мэдээлэл хариуцагчийн хувьд мэдээллийн эзний мэдээллийг ямар байгууллагад дамжуулсан талаарх мэдэгдлийг хүргэж байна. Мөн төрийн байгууллагууд нь “ХУР” системд холбогдсон эсэхээс үл хамааран өөрсдөө мэдэгдлээ хүргэх боломж нь нээлттэй. Харин хувийн хэвшлийн байгууллагууд ямар хэлбэрээр мэдэгдэл хүргүүлэхээ өөрсдөө шийдэж, мэдэгдэл хүргэх үүрэгтэй. Ер нь хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа эсэхийг иргэд хянах нь хуулийн хэрэгжилтэд хамгийн чухал. УЯЛДААТАЙ ТАВАН БАГЦ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ Улсын Их Хурлаас Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хамт Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталсан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиас бусад дөрвөн хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль бол төрийн байгууллага өөртөө цугларсан мэдээллийг хэрхэн иргэн, хуулийн этгээдэд ашиглуулах вэ, нээлттэй өгөгдлийг хэрхэн боловсруулж, олон нийтэд ил болгох вэ, мэдээллээ солилцохдоо ямар систем ашиглах вэ гэдэг харилцааг ерөнхийдөө зохицуулсан. Мөн төрд цугларсан хувийн мэдээллийг төрийн байгууллага солилцохдоо мэдэгдэл хүргүүлэхийг энэ хуулиар зохицуулсан. Цахим гарын үсэг ашиглан аливаа үйлчилгээг авах, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гэрээ, хэлцэл байгуулах. Цахим гарын үсгээр үйлдсэн баримт бичгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжийг бүрдүүлсэн хууль бол Цахим гарын үсгийн тухай хууль юм. Энэ хуульд тусгасан нэг онцлог зохицуулалт бол Монгол Улсын 16-гаас дээш насны иргэн бүрт тоон гарын үсгийг үнэ төлбөргүйгээр Улсын бүртгэлийн байгууллагаас олгох боломжийг бүрдүүллээ. Тоон гарын үсгийг хэрэглэн дэлхийн хаанаас ч өөрийгөө таньж баталгаажуулаад тодорхой үйлчилгээнүүдийг авах боломжтой юм. Ингэснээр гадаадад байгаа монголчууд e-Mongolia-д нэвтэрч чаддаггүй байсан асуудлыг шийдвэрлэнэ гэж үзэж байгаа. Гадаадад байгаа иргэд Монголд бүртгэлтэй банкны данс, гар утасны дугааргүйгээс зарим төрийн үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолт авах, баримт бичиг захиалахад хүндрэл үүсдэг тохиолдол олон байна. Кибер аюулгүй байдлын тухай хууль нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуультай зохицуулж байгаа харилцааны хувьд салшгүй холбоотой. Төрд болон хувийн хэвшлийн байгууллагад цугларсан хувь хүнтэй холбоотой мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй зохицуулалтуудыг тусгасан. Б.Должинжав Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Other news

Х.Энхманлай: Сансар судлалыг хөгжүүлэхэд энэ талаар баримтлах бодлого, уг асуудлыг зохицуулсан хууль тогтоомж хоёр хоршиж байж үр дүнгээ өгнө.

ҮЙЛ ЯВДАЛ Х.Энхманлай: Сансар судлалыг хөгжүүлэхэд энэ талаар баримтлах бодлого, уг асуудлыг зохицуулсан хууль тогтоомж хоёр хоршиж байж үр дүнгээ өгнө. 2022.12.30 Сансар судлалыг хөгжүүлэхэд баримтлах чиглэл батлагдсантай холбогдуулан ЦХХХЯ-ны Харилцаа, холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлайтай ярилцлаа. “Монгол Улсад Сансар судлалыг хөгжүүлэхэд баримтлах чиглэл” энэхүү баримт бичгийн зорилго юу вэ? Дэлхий нийтээр сансар судлалын салбар эрчимтэй хөгжиж, энэхүү хөгжил нь тусгаар тогтносон улс бүрийн анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудын нэг болж, цаашлаад бидний өдөр тутмын амьдралд сансрын технологийн хэрэглээ өргөн нэвтэрч эхлээд байна. Миний бие энэ жил Ази номхон далай сансрын хамтын ажиллагааны байгууллагын удирдах зөвлөлийн 16 дугаар хуралд оролцоход ихэнх улс орнууд сансар судлалын талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомжтой /Space policy болон Space law/ болж байгаа талаар яригдлаа. Бид энэхүү олон улсын чиг хандлагыг даган, ойрын 10 жилийг харсан баримтлах чиглэлтэй болох нь зүйтэй гэж үзэн ажлаа эхлүүлсэн бөгөөд холбогдох 37 байгууллагаас санал авч, хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулж, Шинжлэх ухааны академи, Их сургуулиуд, яамд, энэ чиглэлийн мэргэжилтэн судлаачид зэрэг олон талын төлөөллийг оролцуулан боловсруулсан. Уг баримтлах чиглэлийн зорилго нь сансар судлалын техник технологийг хөгжүүлэх, үндэсний хиймэл дагуул хөөргөх, хиймэл дагуулын мэдээллийг боловсруулан ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх замаар Монгол Улсад сансар судлалыг хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Агуулга, хамрах хүрээний талаар мэдээлэл өгөхгүй юу? Space policy болон Space law гэсэн 2 ойлголт байдаг. Space policy нь тухайн улс ер нь сансар судлал, сансрын технологийн чиглэлээр урт, дунд хугацаандаа ямар бодлого баримтлах юм гэдгийг харуулсан баримт бичиг байдаг. Бид үүнийг боловсруулахыг зорьсон. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд сансар судлалын талаар ойрын 10 жилдээ баримтлах бодлогын чиглэлийг батлан гаргаснаар холбогдох байгууллагууд нэгдсэн удирдлага зохион байгуулалтад орж, 2023-2033 онд сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх төлөвлөгөө гарган хамтарч ажиллах өндөр ач холбогдолтой юм.   Сая Space law буюу сансрын хууль тогтоомжийн талаар дурдлаа. Энэ талаар дэлгэрүүлбэл? Тийм ээ, сансар судлалын талаар баримтлах бодлого болон уг асуудлыг зохицуулсан хууль тогтоомж 2 нь хоршиж байж үр дүнгээ өгдөг туршлага бий. Бид баримтлах чиглэлээ гаргасан бол одоо энэ талын хуультай болох шаардлагатай. Мэдээж хуулийн төсөл боловсруулахын өмнө судалгаа хийнэ. Судалгаагаар үнэхээр сансар судлалын талаар хууль батлах хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг нарийвчлан гаргаж ирнэ. Уг чиглэлийн хууль гэдэг нь Монгол Улсын сансар судлал, сансар огторгуйн уудам, гео мандлын орон зайг ашиглах, сансрын техник технологийг хөгжүүлэх, сансрын хог хаягдлын асуудлыг зохицуулах зэрэг ойлголтыг тусгасан эрх зүйн баримт бичиг юм. Сансар судлалын талаар хуультай болно гэхээр хол сонсогдож магадгүй. Гэтэл бидний зулай дээрээс эхлээд 40,000 км хүртэлх орон зай өөрөө тодорхой хэмжээний зохицуулалт шаарддаг. Мөн бид өөрийн гэсэн өмчилсөн газартай байдаг шиг Монгол улсад ч сансрын тойрог замд 2 байрлал бий. Уг байрлалаа хэрхэн оновчтой ашиглах асуудлыг ч зохицуулах шаардлагатай. Цаашлаад сансрын хог хаягдал, гараг эрхсийн судалгаа, сар, марсыг эзэмших бусад орны төлөвлөгөө зэрэг томоохон төслүүдэд манай судлаачид, мэргэжилтнүүд орж ажиллах бүрэн боломжтой. Тиймээс бид олон улсын байгууллагуудын зөвлөмжийн дагуу энэ чиглэлийн хууль тогтоомжийн талаар судалж эхлээд байгаа юм. Баримтлах чиглэлийн гол үзэл санаа нь юу вэ? 2040 он гэхэд 1,3 их наяд $ болж өсөх сансрын технологийн асар том зах зээлд бид бага ч гэсэн орон зай эзлэхийн төлөө ажиллах ёстой. Нөгөө талаар хүчирхэг гүрнүүд сарыг, марсыг хамтран судлах, эзэмших томоохон хөтөлбөр гаргаж үүндээ жижиг гэлтгүй бусад улсуудыг татан оролцуулах хандлагатай байна. Од, гараг эрхэс судлал шинэ шатанд гарч, нам орбитын хиймэл дагуулын зах зээл шинэ өрсөлдөөний талбар болж, мэдээлэл харилцаа холбооны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ сансрын холбоотой уялдаатай хөгжих дүр зураг харагдаж байна. Эдгээр өөрчлөлт, хөгжлөөс бид хоцорч болохгүй, тодорхой хэмжээнд оролцох ёстой, үүний тулд дотоод гадаадад мэргэжилтнүүдийг бэлтгэх, тэднийг судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөрүүдэд оролцуулах, өөрийн сансрын байршлаа үр дүнтэйгээр ашиглах, үндэсний чадавхийг бэхжүүлэх зэрэг үзэл санааг уг баримт бичигт тусгаж өгсөн. Сансар судлалын салбарт өнөөдрийг хүртэл улс орнуудын Засгийн газар голлох үүрэгтэй байсан. Сүүлийн жилүүдэд ОУ-д хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж байна. Энэ чиг хандлагад хэрхэн нийцсэн бэ? Сансар судлал дахь хувийн хэвшлийн оролцоог хэрхэн дэмжсэн бэ? Сансар судлалын салбар анх 1950-1960 оноос хөгжиж эхэлж байхад төрийн оролцоо их байсан бол сүүлийн үед хувийн хэвшлийн оролцоо зонхилж байна. Үүний нэг тод илрэл нь Space X компанийн үйл ажиллагаа юм. Та бүхний сайн мэдэх Starlink компанийг байгуулснаар дэлхийн нам орбитод 42,000 бага оврын хиймэл дагуулыг хөөргөх замаар дэлхийн өнцөг булан бүрт интернэт хүргэхээр ажиллаж байна. Манай улсын хувийн хэвшлийн Ондо сат ХХК ч бас энэ зах зээлд гарахаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байгааг та бид мэднэ. Тус баримтлах чиглэлд хувийн хэвшлийн оролцоог сансар судлал, сансрын технологийн үйл ажиллагаанд ил тод байдлыг эрхэмлэх, өмчийн хэлбэрийг үл харгалзан тэгш оролцоо, чөлөөт өрсөлдөөнийг хангана гэж зааж өгсөн. Гадаад хамтын ажиллагаа талаар дурдвал, тус баримт бичигт хэрхэн тусгагдсан бэ? Сансар судлалыг хөгжүүлэхэд гадаад хамтын ажиллагаа манай улсын хувьд нэн чухал асуудлыг нэг юм. Жишээ нь: олон улсын хэмжээнд өөрийн орны байр суурийг бэхжүүлэн, сансрын уудмыг энхийн зорилгоор ашиглах олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно гэж заасан байгаа. Бүр нарийн чиглэл гэвэл Сансрын нисэгчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Сар, Марс болон сансрын биетийн судалгааг хөгжүүлэх олон улсын хөтөлбөрт хамрагдах, олон улсын болон бусад улсын сансрын станц дээр хийгдэж байгаа судалгаа шинжилгээний ажилд оролцох, олон улсын сансрын хамтын ажиллагааны байгууллагуудад гишүүнээр элсэх зэрэг ажлуудыг нарийн зааж өгсөн. Ярилцаж, мэдээлэл өгсөн танд баярлалаа. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Үндэсний радио өргөн нэвтрүүлгийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн нь /Цуврал №6/

ҮЙЛ ЯВДАЛ Үндэсний радио өргөн нэвтрүүлгийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн нь /Цуврал №6/ 2021.01.28 1960 онд ашиглалтанд орсон урт долгионы ДСВ-150 кВт-ын станц нь тасралтгүй 20 жил ажиллаж, техникийн үзүүлэлтүүд шинэ стандартын шаардлагад нийцэхгүй болж найдвартай ажиллагааны түвшин багасч, сонсголын чанар буурсан байлаа. Энэ үед ЗХУ-ын буцалтгүй тусламжаар тус улсын Холбооны яамны барилга монтажын мэргэжилтэнүүд БНМАУ-ыг тунхагласны 60 жилийн ойн босгон дээр буюу 1984 оны 11 дүгээр сарын 15 өдөр Хонхор дахь Радио нэвтрүүлэх төв станцын 3-р өргөтгөлийг ашиглалтанд оруулав. Энэхүү өргөтгөлөөр урт, дунд долгионы ДСВ-1000 кВт –ын “Тайфун” станц, 305 метр өндөр АРРТ маркийн урд долгионы антен-фидерийн систем, 156 метр өндөртэй 8 цамхаг бүхий СВ 4х4 маркийн дунд долгионы антен-фидерийн систем бүхий иж бүрэн барилга байгууламж бүхий нийтдээ 8070,0 мянган рубль буюу тэр үеийн ханшаар 8970,0 мянган ам.долларын өртөгтэй дэд бүтэц бүхий цогцолборыг барьж байгуулсан юм. 1984 онд ашиглалтанд орсон Радио нэвтрүүлэх төв станцын 3-р өргөтгөлийн барилга. “Тайфун” станц нь тус бүрдээ хоёр блокоос бүрдэх 500 кВт-ын хүчин чадалтай урт ба дунд долгионы нэвтрүүлэгч бөгөөд өдөр бүрийн 09.00-15.00 цагуудад нийлбэр хүчин чадлаараа/1000 кВт/ урт долгионы 164 кГц /1829 метрийн долгион/давтамж дээр 800-1000 км радиус нутаг дэвсгэрт МР-ийн 1-р программыг, 17.00-22.00 цагт дунд долгионы 990 кГц –ын давтамж дээр “Монголын дуу хоолой” радио станцын нэвтүүлгийг 120 градусын Азимуттай антеннаар зүүн, зүүн өмнөд Азийн улс орнууд руу тус, тус дамжуулан нэвтрүүлж байв. 1991 он хүртэл буюу үнэ ханш нэг дахин унасан жилээс эхлэн улсын төсвийн санхүүжилттэй холбоотойгоор 1000 кВт-ын хүчин чадлаар ажиллуулахгүй, 500 кВт -аар ажиллах болсон бөгөөд орон нутаг дахь ДСВ-150 кВт-ын станцууд ч мөн хагас чадлаар буюу 75 кВт-аар ажиллах болсон юм. 1984 онд ашиглалтанд орсон ДСВ-1000 кВт хүчин чадалтай станц “Тайфун” ДСВ-1000 кВт нэвтрүүлэгч нь: Хүчин чадал: нэг блокоор 500кВт, хоёр буюу нийлмэл блокоор 1000 кВт Ажиллах боломжтой давтамжийн зурвас: Урт  долгионд  150-275 кГц, Дунд  долгионд  252-1605 кГц, АРРТ маркийн 305 метр өндөр цамхаг бүхий урт долгионы 180метр өндөртэй 8 цамхагаас бүрдэх СВ4х4 дунд долгионы антен-фидерийн байгууламжтай, 4000 кВа чадалтай ТМ-4000/35 маркын хоёр хүчний трансформатор бүхий 35000 вольтын шинэ дэд станцтай Суурилагдсан хүчин чадал буюу нэг цагт зарцуулах эрчим хүч нь: 750 Квт/цаг Тайфун станцын антенн фидерийн байгууламж нь урт ба дунд долгионы гэсэн хоёр хэсгээс бүрдэхээс гадна мөн аль нэг нэвтрүүлэгчээ эквивалент антеннд ачаалах боломжтойгоор хийгдсэн нь эфирт ажилаагүй нэвтрүүлэгчийг эквивалент антеннд холбож засвар үйлчилгээ, хэмжилт тохируулга хийх, техникийн боломжийг бүрдүүлсэн байлаа. Тайфун станцын техникийн өгөгдөлүүд 305 метр өндөртэй урт долгионы антен Тус бүр нь 156 метр өндөртэй 8 цамхагаас бүрдэх дунд долгионы антен-фидерийн систем “Тайфун” нэвтрүүлэгчийн ДВ ба СВ антены коммутатор “Тайфун” ДСВ-1000 кВт хүчин чадлаар ажиллах үеийн урт долгионы тархалтын хүрээний зураглал. “Тайфун” СВ-500 кВт хүчин чадлаар ажиллах үеийн дунд долгионы тархалтын хүрээний зураглал. 1985 онд Дорнод аймгийн РӨНС-ын хоёрдахь өргөтгөлөөр дунд долгионы 1000 кВт хүчин чадалтай “Прибой” станц ашиглалтанд орж, Монгол Улсаас зүүн өмнөд Азийн нутаг дэвсгэр рүү дунд долгионоор радио нэвтрүүлэг дамжуулах болсон юм. Энэ станцыг тухайн үедээ ЗХУ-ын тусгай нэвтрүүлэгт ихэвчлэн ашиглалдаг байв. Дорнод аймагт 1985 онд ашиглалтанд орсон СВ-1000 кВт хүчин чадалтай станц “Прибой” станцын техникийн өгөгдлүүд Монголын Үндэсний радиогийн тархалтын хүрээний зураглал /1965-2014он/ Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХИХХЯ  “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр    “A” үнэлгээтэй дүгнэгдлээ

Цахим хөгжил, инновац, харилцаа, холбооны яам 2025.10.29-2025.10.30-ны  өдрүүдэд архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт хамрагдлаа. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 23 дугаар тогтоолын дагуу зохион байгуулагдсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг 2025 ”-т 91.8 хувь буюу “A” үнэлгээтэй дүгнэгдлээ. Үүнд:  Эдгээр үзүүлэлт нь ЦХИХХЯ-ны ажлын дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгох, баримт бичгийн ил тод, нэгдсэн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, архивын үйл ажиллагааг цахимжуулах бодлогын үр дүн юм. Уг үзлэгийн зорилго нь: Төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшнийг үнэлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойлоход чиглэгдэж байгаа юм.  Үзлэгийг зохион явуулахад Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад захиргааны хэм хэмжээний акт, төв комиссын даргын баталсан хуваарь, аргачлал болон 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 23 дугаар тогтоолоор батлагдсан  энэхүү удирдамжийг мөрдлөг болгон ажиллаа.