Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ - 2022” цахим форум 9 сарын 5-6-ны өдрүүдэд болно

2022.08.29

Монгол Улсын санаачилгаар боловсролын салбарын шинчлэлийг хурдасгах, хүнсний тогтвортой тогтолцоог бий болгох, хүртээмжтэй эдийн засгийг тэтгэж, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зэрэгт томоохон түлхэц өгч буй дижитал шилжилтийн талаар улс орнуудын туршлага солилцох яриа хэлэлцээг эхлүүлэхээр Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага хамтран 2022 оны 09 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ-2022” олон улсын хурлыг цахимаар анх удаа зохион байгуулах гэж байна.

Тус хуралд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, гишүүн улс орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцох бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан дижитал шилжилтийн стратегийг дэлхийн улс орнууд хэрхэн хэрэгжүүлж, тулгарч буй бэрхшээл сорилтыг хэрхэн даван туулж буй талаар өөр хоорондоо туршлага солилцох бөгөөд Монгол Улсын хувьд НҮБ-ийн гишүүн бусад улс орнуудад өөрсдийн туршлагаа хуваалцах юм.

“Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ” нь дэлхийн болон бүс нутгийн түвшний хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулах зорилготой бөгөөд 2023 онд болох “Ирээдүйн дээд хэмжээний уулзалт”-аар эцэслэн батлагдах “Дэлхийн дижитал гэрээ хэлэлцээний талаарх зөвлөлдөх уулзалт”-ад дижитал ирээдүйн хамтын зарчмуудыг бий болгох зорилготой юм. Энэхүү уулзалтаар цахим засаглал, цахим хуваагдал, цахим ялгаварлан гадуурхалт, өгөгдөл хамгаалах, хиймэл оюун ухааны зохицуулалт зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Тус олон улсын цахим хуралд Бангладеш, Эстони, Энэтхэг, Шинэ Зеланд, Австрали зэрэг олон улсын удирдагчид, бодлого боловсруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөгчид, хувийн хэвшлийнхэн зэрэг өндөр түвшний илтгэгч, шинжээч, мэргэжилтнүүд оролцоно.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тэмдэглэснээр, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд асар их боломж төдийгүй шинэ эрсдэл дагуулж буй технологийн эрин үе ирж байна. Энэхүү “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ” нь бидний хүсч буй ирээдүйн талаарх үндсэн асуултуудыг хөндөж, шийдэлд урам зориг өгөх, дижитал өөрчлөлтийн үед бид хүүхдүүддээ ямар ертөнц үлдээх гэж байгааг тодорхойлох зорилготой юм.

Энэхүү олон улсын цахим хуралд оролцож, олон нийтэд уг хурлын талаар мэдээлэл хүргэхийг хүсвэл дараах холбоосоор бүртгүүлж оролцох боломжтой. Хурал англи, монгол хэл дээр болох уг хурал 9 сарын 5-ны өдөр Улаанбаатарын цагаар 15 цагт эхэлнэ.

Бүртгүүлэх холбоос: https://bit.ly/3B1jU6G

Холбоо барих:

ЦХХХЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн  Б. Уранзаяа

uranzaya@mddc.gov.mn

Утас: 91190988

НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Д. Соёлмаа

Soyolmaa.dolgor@un.org

Утас: 94111220

Other news

“Монгол хүүхэлдэйн кино” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

ҮЙЛ ЯВДАЛ “Монгол хүүхэлдэйн кино” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо 2022.09.12 Тэртээ 1961 оноос Монголын хүүхэлдэйн киноны түүх эхтэй бөгөөд МУУГЗ Ц.Зандраа гуайн “Хоёр найз” бүтээл анхны шанг татаж байв. Харин Монгол шуудангийн маркийн түүх 1924 оноос эхтэй. Тухайн үед Монгол улс мөнгөн тэмдэгтээ хэвлээгүй байхдаа шуудангийн маркийг түрүүлж хэвлэсэн нь дэлхийн өнцөг булан бүрд тусгаар тогтносон Монгол улсын нэрийн хуудас болж байв. Марк бол харилцаа холбооны салбарын үнэ цэнтэй, өвөрмөц бүрэлдэхүүн хэсэг бөгөөд өнөөдөр “Монгол хүүхэлдэйн кино“ сэдэвт шуудангийн маркийг нээж байна. 1946 оны 7-р сарын 1-нд гүйлгээнд оруулсан “Ардын хувьсгалын 25 жилийн ой” сэдэвт маркт анх удаа хүүхдийг дүрслэн хэвлүүлсэн байдаг.   Харин өнөөдөр Монгол хүүхэлдэйн киноны 6 нэрийн, 1 блок маркийг шуудангийн гүйлгээнд гаргаж байна. Нэрийн маркт, “Хоёр найз”, “Эрх цагаан”, “Боролдойн цаг”, “ Азар Базар Тазар”, “Маамуу”, “Мөнх тунх”, “Арван хоёр жил” хүүхэлдэйн киног тус тус дүрслэн оруулжээ.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Монгол Улс Бүгд Найрамдах Узбекистан Улстай Цахим засаглал, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллана

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Мэдээллийн технологи, харилцаа холбооны хөгжлийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч сайд Олег Андреевич Пекось тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны цахим засаглал, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Бүгд Найрамдах Узбекистан Улсын Мэдээллийн технологи, харилцаа холбооны хөгжлийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч сайд Олег Андреевич Пекось: Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлого, үйл ажиллагаа богино хугацаанд бодит үр дүнд хүрч байгааг өндрөөр үнэлж, цаашид хоёр орны мэдээллийн технологийн гарааны бизнесийг дэмжих, цахим эдийн засгийг хөгжүүлэхэд туршлага солилцон хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Уулзалтаар талууд ярилцсан агуулгын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Мэргэшсэн зөвлөхийн ажилд урьж байна

ЦХХХЯ-наас “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050”-ын зорилт, “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “CHINGGIS” төлөвлөлтийг олон улсын цахилгаан холбооны байгууллагад 2022 оны 12 дугаар сард хүргүүлж, тус байгууллагаас 2023 оны 07 дугаар сард нийтэд мэдээлсэн. “CHINGGIS” хиймэл дагуулын төлөвлөлтөд үндэслэн “Үндэсний хиймэл дагуулын сүлжээний төлөвлөлт, радио давтамжийн координацын үнэлгээ хийх” ажлыг нээлттэй сонгон шалгаруулж гүйцэтгүүлэхээр мэргэшсэн зөвлөхийн ажилд урьж байна. Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож буй зөвлөх нь мэргэшсэн зөвлөхөд тавигдах шаардлагыг хангасан байх ба өмнө нь ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагын талаарх мэдээлэл, ажил гүйцэтгэх үнийн саналын хамт мэдүүлгээ brmail@mddc.gov.mn цахим шуудангийн хаягаар 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлнэ үү.