Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин ByteDance/TikTok компанийн Төв Ази болон Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Жанар Салимгереевна Мугаловаг өнөөдөр /2026.08.21/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл, түүний хэрэгжилтийг хангах технологийн шийдлийн талаар санал солилцов.
Хуулийн төсөлд 13 хүртэлх насны хүүхэд нийгмийн сүлжээнд бие даан бүртгэл үүсгэхийг хориглох, 13-16 насны хүүхдэд насны онцлогт нь тохирсон тусгай хамгаалалтын тохиргоотой нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэхээр тусгасан. Мөн платформ хөгжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагч, боловсролын болон төрийн байгууллагын үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлж буй.
Уулзалтын үеэр TikTok платформын хүүхэд хамгаалал, насны баталгаажуулалт, нууцлал болон техникийн шийдлүүдийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжтой уялдуулах, хуулийн хэрэгжилтийг технологийн боломжтой хослуулах шаардлагыг онцоллоо.
TikTok компанийн төлөөлөл хуулийн төсөлтэй нарийвчлан танилцсанаа илэрхийлж, платформын үндсэн бодлого нь тус зохицуулалтын зарчимтай нийцэж байгааг тэмдэглэв. Мөн хэрэглэгчийн насыг тодорхойлох болон хүүхдийн аюулгүй байдлыг хангах технологийн арга хэмжээг хуулийн зохицуулалттай уялдуулж, хуулийн төслийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ. Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг цахим орчинд хамгаалах эрх зүйн зохицуулалтыг технологийн шийдэлтэй уялдуулан хэрэгжүүлэх нь энэхүү хамтын ажиллагааны гол зорилго юм.










