Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ), Боловсролын яам болон NTV телевиз хамтран зохион байгуулж буй “Нэг мөр цэг тавья” хоёр дахь хэлэлцүүлэг боллоо.
Энэ удаагийн хэлэлцүүлэг нь “Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалтыг олон нийтэд танилцуулж, тулгамдсан асуудал болон шийдвэрлэх арга замын талаар оролцогчдын санал, байр суурийг сонсоход чиглэв. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, багш, хуульч, сэтгүүлч, эцэг эхчүүдийн төлөөллөөс бүрдсэн нийт 102 хүн оролцлоо.

Уг хуулийн үзэл баримтлалыг ЦХИХХЯ, Боловсролын яам, ГБХНХЯ, Эрүүл мэндийн яам, ХЗДХЯ хамтран баталсан бөгөөд дээрх байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулж байна. Хуулийн зохицуулалтад зөвхөн технологийн арга хэмжээ авахаас гадна хүүхэд хамгаалал, боловсрол, сэтгэцийн болон нийгмийн эрүүл мэнд зэрэг олон салбарын асуудлыг цогцоор нь тусгаж буйгаараа онцлог юм.

Оролцогчдын зүгээс цахим дарамт, хувийн мэдээллийн зөрчил, зохисгүй агуулгын нөлөөлөл зэрэг хүүхдэд тулгарч буй эрсдэлийг бууруулахад зөвхөн төрийн байгууллага бус эцэг эх, сургууль, цахим платформуудын хамтын оролцоо, хариуцлага нэн чухал болохыг онцоллоо. Түүнчлэн эцэг эхийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн насны онцлогт тохирсон хамгаалалтын арга хэмжээг боловсронгуй болгох, боловсрол, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өргөжүүлэх болон технологийн платформуудын хариуцлагыг тодорхой болгох зэрэг үнэтэй санал, зөвлөмжүүдийг дэвшүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үр дүнд цугларсан эдгээр санал, зөвлөмжийг хуулийн төслийг боловсронгуй болгох ажилд тусгах бөгөөд энэ нь хүүхдэд ээлтэй, аюулгүй цахим орчныг бүрдүүлэхэд олон нийтийн оролцоог хангасан чухал алхам боллоо.












