Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс”-эд бүртгүүлсэн хуулийн этгээдийн орлогын албан татварын хөнгөлөлтөд хамаарах мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалтыг баталлаа. Энэ нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай үндэсний дэвшилтэт технологийн компаниудыг бойжуулах, мэдлэгийн эдийн засгийг эрчимжүүлэх стратегийн чухал ач холбогдолтой шийдвэр юм.
Улсын Их Хурлаас 2024 онд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.4-т “мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг хөнгөлөх”-өөр заасан. Түүнчлэн Засгийн газрын 2025 оны 98 дугаар тогтоолоор Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийг байгуулж, тус бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам батлагдсан билээ.
Энэхүү эрх зүйн орчны хүрээнд 2026 оны 01 дүгээр сараас эхлэн виртуал бүсийн бүртгэлийг e-business.mn системээр дамжуулан нэвтрүүлж, өнөөдрийн байдлаар 100 гаруй хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн аваад байна.
Өнөөдөр дэлхий дахинд мэдээллийн технологийн салбарыг төрөөс татварын бодлогоор дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх замаар улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Тухайлбал, Казакстан, Узбекистан, Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг орнууд мэдээллийн технологийн тусгай бүсэд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийг татвараас чөлөөлдөг. Үүний дүнд Казакстаны мэдээллийн технологийн салбарын нийт экспорт 2025 онд 1.1 тэрбум ам.долларт хүрснээс 633 сая ам.долларын экспортыг “Астана хаб” дангаар гүйцэтгэсэн бөгөөд 2026 онд энэхүү орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавин ажиллаж байна. Монгол Улс энэхүү олон улсын чиг хандлагатай хөл нийлүүлэн хөгжихийн тулд мэдээллийн технологийн салбарын үйлдвэрлэлийг дэмжсэн эрх зүйн орчинг сайжруулж, бизнесийн таатай экосистемийг цогцлоох зорилтыг тууштай хэрэгжүүлж байна.










