Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Монгол Улсад их хүчний радио станцууд байгуулагдаж, радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ үүссэн нь /Цуврал №3/

2021.01.26

МАХН-ын ТХ-ны УТТ-ны 1956 оны 10 дугаар сарын хурлаар “Харилцаа холбоо, радио өргөн нэвтрүүлгийг 1957-1970 онд хөгжүүлэх ерөнхий схемийг зохиож батлах” үүрэг чиглэл өгөгджээ. Энэ ерөнхий схемд Улаанбаатар хотын урт долгионы нэвтрүүлэх станцын хүчин чадлыг 150 кВт болгох, Баян-Өлгий, Есөнбулагт дунд долгионы станц байгуулах, Улаанбаатар хотоос гадаадын сонсогч нарт зориулсан нэвтрүүлэг дамжуулах, орон нутгийн бүх радио зангилаануудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, зурагт радиогийн төв байгуулах зэрэг хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх зорилт тавьжээ. Хонхор дахь их хүчний радио станц байгуулагдсан нь

Монголын талаас Холбооны яамны орлогч сайд М.Чимэддорж, нөгөө талаас “СовМонголметалл” геологи хайгуулын дарга Н.Г.Смирнов нар “Радио станцын техникийн барилга, ажилчдын орон сууц барих газрын геологи хайгуулын ажил хийх, 7 км урт цахилгаан шугам татах, трасс сонгох, 46 км урт радио программ дамжуулах кабель шугамыг хайгуул хийх, 2,5 км авто замын хайгуул хийхээр гэрээ байгуулж,  ЗХУ-ын  Холбооны Яамны  зураг төслийн институт Хонхорын станцын зураг төслийг хийжээ. Радио станцыг барих талбайг Бүхэг, Түргэн, Хүй 7 худагт хайгуулын ажил хийж, дэд бүтцийн хангамжийн дагуу Хонхорыг сонгож, радио төвийн барилгыг Барилгын яам, бусад угсралт монтажийн ажлыг Тээвэр–Холбооны яам гүйцэтгэхээр болжээ. 1959 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн СнЗ-ийн 499 тоот тогтоолоор “Улсын радио нэвтрүүлэх төв”-ийг байгуулжээ.

Улмаар БНМАУ-ын Тээвэр-Холбооны яамны 1960 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар “Хонхорын радио нэвтрүүлэх төв”, “Нарангийн радио хүлээн авах төв” хоёрыг нэгтгэж, “Улсын радио нэвтрүүлэх төв” байгуулав.

Тухайн үедээ бүтээн байгуулалтын өргөн талбар болж, хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн асар том барилга байгууламж болох Радио нэвтрүүлэх төв 1960 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ашиглалтанд орсон байна. Тус станцыг В.И.Лениний мэндэлсэний 90 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын зарлигаар түүний нэрэмжит болгожээ.

Радио нэвтрүүлэх төвийг нээж, ашиглалтанд оруулах цуглаанд нам засгийн удирдагчид Ю.Цэдэнбал, Б.Балжинням, Ц.Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Д.Төмөр-Очир, Н.Жагварал, Д.Майдар нарын тухайн үеийн бүх яамдын сайд дарга нар болон гадаад орнуудаас суугаа Элчин сайдууд оролцжээ. Цуглааныг Улаанбаатар хотын намын хорооны 1-р нарийн бичгийн дарга н.Лувсанравдан нээж үг хэлсний дараа тус төвийг В.И.Лениний нэрэмжит болгосон БНМАУ-ын АИХ-ын зарлигийг ИХ-ын тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Балжинням уншиж танилцуулжээ. Нам засгийн удирдагч Ю.Цэдэнбал Хонхор дахь шинэ станцын залгах кнопыг дарж, ажиллагаанд оруулсан байна.

Хонхор дахь Радио нэвтрүүлэх төвийг нээж Д.Моломжамц үг хэлж байгаа нь /1960.4.22/

Радио нэвтрүүлэх төвийн нээлтэнд оролцсон нам засгийн удирдагчид /1960.4.22/

Тус нэвтрүүлэх төв ашиглалтанд орсноор үндэсний радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хүчин чадал 1934 онд ашиглалтанд орсон станцынхаас 15 дахин ихэсч, радио сонсголын чанар орон нутагт эрс сайжирсаны зэрэгцээ гадаад орны сонсогчдод зориулсан тусгай нэвтрүүлгийг богино долгионы станцаар дамжуулах техникийн боломж бүрдсэн юм.

1960 онд ашиглалтанд орсон Радио нэвтрүүлэх төвийн дэд бүтэц бүхий иж бүрэн барилга байгууламж нь:

  • Урт долгионы 257 метр өндөртэй антенн матч,
  • Эрчим хүчний 35/6 кВ, 2000 кВа дэд станц,
  • Улаанбаатар-Хонхорыг холбосон программ дамжуулах 28 км кабель шугам,
  • СДВ-150кВт хүчин чадалтай “Иней” маркийн их хүчний урт долгионы нэг иж бүрэн радио нэвтрүүлэх станц,
  • Богино долгионы цараанд ажиллах РГД65/4,ВГДШ, ВГДШ-2У маркийн 16-53 метр өндөртэй 23 ширхэг антеннууд,
  • КВ-15/25М кВт чадалтай “Урал” маркийн их хүчний богино долгионы станц хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд,
  • КВ-50 кВт-ын хүчин чадалтай “Снеги” маркийн их хүчний богино долгионы хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд,
  • КВ-5кВт-ын хүчин чадалтай “Град” маркийн богино долгионы хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд,
  • Хонхорт байрлах 18 айлын болон Нарангийн хүлээн авах станцын 27 айлын орон сууцууд,
  • Наранд байрлах хүлээн авах иж бүрэн станцуудаас тус, тус бүрдэж байв.

Радио нэвтрүүлэх төвийн анхны инженер Ц.Мятав ДСВ-150кВт нэвтрүүлэгчийг тохируулж байгаа нь.

1960 онд ашилалтанд орсон Радио нэвтрүүлэх төвийн хөргөлтийн төхөөрөмжүүд. Техникч С.Жигжид

Хонхорын станцын анхдагчууд

Хонхор дахь радио нэвтрүүлэх төв ашиглалтанд орсноор 1961 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн радио өргөн нэвтрүүлгийг нэг ба хоёрдугаар программаар өдөр бүр 21 цагийн нэвтрүүлэг дамжуулдаг болж, улмаар 1964 оны 6 дугаар сараас “Улаанбаатараас ярьж байна” гадаад хэлний нэвтрүүлгийг монгол, хятад хэлээр Хөх хот, Бээжин чиглэлд, 1965 оны 1 дүгээр сараас Алс дорнод, Зүүн өмнөд Азийн чиглэлд 7 хоногт 2 удаа англи хэлний, 1970 оноос Африкийн чиглэлд франц хэлээр тус, тус Хонхор дахь богино долгионы КВ-25, КВ-50 кВт-ын нэвтрүүлэгчүүдээр дамжуулан нэвтрүүлж эхэлсэн байна. Мөн 1965 оноос Улсын радио нэвтрүүлэх төвийн богино долгионы 50 ба 25 кВт-ын радио станцуудаар ЗХУ-ын Холбооны Яамтай байгуулсан гэрээний дагуу “Зөвлөлтийн тусгай гадаад нэвтрүүлэг”-ийг дахин дамжуулж байв.

МАХН-ын  Төв Хорооны 108 тоот тогтоолоор 1975 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монголын радиогийн 1 дүгээр программын нэвтрүүлгийг улс орон даяар өдөр бүр 06.00-23.00 цагт тасралтгүй дамжуулж байхаар шийдвэрлэжээ.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

 

 

Other news

“Цахим Үндэстэн” хурал амжилттай болж өндөрлөлөө

ҮЙЛ ЯВДАЛ “Цахим Үндэстэн” хурал амжилттай болж өндөрлөлөө 2021.06.21 Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хурлыг Цахим технологи – Хөгжлийн түүчээ уриа дор 2021 оны зургадугаар сарын 17-ны өдөр танхимын болон цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хурал нь Тоон дэд бүтэц, Цахим засаглал, Тоон бичиг үсэгтэн, Мэдээллийн аюулгүй байдал, Инновац үйлдвэрлэл, Үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн зургаан салбар хуралдаанаас бүрдсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр үндсэн сүлжээ, утасгүй ба хөдөлгөөнт холбоо, өргөн нэвтрүүлэг, контентын үйлдвэрлэл, ухаалаг төхөөрөмж, ногоон технологи, хөдөлгөөнт үүлэн тооцоолол, ухаалаг аюулгүй интернэт, сүлжээний дэд бүтэц, эрүүл мэнд, био-мэдээлэл зүй, аж үйлдвэрийн бусад салбаруудад нэвтэрч буй мэдээлэл харилцаа холбооны технологийн дэвшлийг хэрэглээнд нэвтрүүлэх, уялдаа холбоог хангахад тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх оновчтой арга замуудыг тодорхойлох чиглэлээр эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнуудын бүтээлтэй танилцаж мэргэжлийн түвшинд сонирхолтой хэлэлцүүлгүүд өрнүүллээ. Хуралд нийт 70 гаруй байгууллагын 200 гаруй зохиогчийн 120 гаруй өгүүлэл хэлэлцэгдсэн бөгөөд шинжлэх ухаанд суурилсан, шинэлэг шийдэл, ололт амжилтыг төрийн бодлого төлөвлөлтөд тусгаж, салбарын цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой хурал болсон талаар хуралд оролцогчид онцлон тэмдэглэв. Ингээд эрдэм шинжилгээний хуралд оролцож судалгааны ажил, шинэ мэдлэгээ хуваалцаж, үндсэн болон үзүүлэн илтгэлээр оролцсон нийт илтгэгчдэдээ талархал илэрхийлж, цаашдын судалгаа, шинжилгээний ажилд нь амжилт, шинэ шинэ үр дүнг хүсэн ерөөе. Мөн Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн доктор, профессор багш нар болон дэмжин оролцсон байгууллагууддаа талархал илэрхийлье. Та бүхэн “Цахим үндэстэн” эрдэм шинжилгээ хурлын веб сайт www.enation.edu.mn -аар зочилж, бүх илтгэл, өгүүлэлтэй танилцана уу. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар зөвлөлдөх уулзалт боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, Нэгдсэн Үндэсний Байгууллагаас Монгол Улсад ирүүлсэн зөвлөмж болон ТББ-уудаас тавьсан шаардлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах Төрийн бус байгууллагууд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулагдлаа. Хурлаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлын саналыг танилцуулж, тухайн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, тулгамдаж буй асуудал шийдлийн талаар санал солилцов. Мөн салбарын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах, ХБИ-ийн үйлдвэрлэлийг дэмжих, “И-монгол” академи УТҮГ-ыг орон тооны дохионы хэлний хэлмэрчтэй болгох, алслагдсан хороодод төрийн цахим үйлчилгээг авах хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээ мэдээлэл болон танин мэдэхүй, спорт олон нийтийн арга хэмжээ, цаг агаар, гамшиг, эрүүл мэнд зэрэг нэвтрүүлгийг дохионы болон хадмал орчуулгатай болгон нэмэгдүүлэх, дохионы хэлээр ярьж буй хүний дэлгэцний харагдах байдлыг томруулах зэрэг асуудал шийдлийн талаар нээлттэй хэлэлцлээ.

Г.Занданшатар: 2026 он бол цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн хөгжлийг хурдасгах жил байх болно

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, технологи, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт, бодлогын асуудлыг хэлэлцэн туршлага солилцох, талуудын бодит оролцоог хангах үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болсон “Tech Week 2025”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “ICT FORUM” Төрийн ордонд эхэллээ. Ерөнхий сайд Г.Занданшатар тус арга хэмжээний нээлтэд үг хэллээ. Монгол Улсын ерөнхий сайд Г.Занданшатар: Та бүхэнд технологийн салбарын хамгийн том цугларалт “Tech Week 2025” арга хэмжээнд оролцон туршлагаа солилцож, мэдлэгээ хуваалцаж байгаад гүн талархлаа илэрхийлье. Долоо хоногийн турш үргэлжилсэн тус арга хэмжээний ололт амжилтыг дүгнэн, Монгол Улсын хөгжлийг хурдасгах дижитал технологийн боломж, шийдлийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан өргөн хүрээнд хэлэлцэх бодлогын хэлэлцүүлэг “ICT FORUM 2025″-ийг өнөөдөр зохион байгуулж байна. Монгол Улс цахим шилжилтийг эрчимжүүлж, шат дараатай төсөл, хөтөлбөрийг сүүлийн жилүүдэд амжилттай хэрэгжүүлж буйг онцлон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн газраас Цахим засаглалын хөгжлийн индексээр нийт 193 улсаас 46 дугаар байр буюу “өндөр” түвшнээс “маш өндөр” түвшинд шилжиж буйг батламжилсан. Энэхүү ололт, амжилт нь сүүлийн жилүүдэд гаргаж буй амжилт боловч үе үеийн шуудан, радио, өргөн нэвтрүүлэг, цахилгаан холбоо, харилцаа холбоо, мэдээллийн технологи, сансрын технологийн чиглэлээр ажиллаж байсан удирдлагууд, ажилтан, алба хаагчид, инженер техникийн ажилтнууд болон өнөөдөр ажиллаж буй 21.2 мянган ажиллагсад, тэдгээрийн гэр бүлийн 74 мянган гишүүдийн хамтын хүчин зүтгэл болохыг цохон тэмдэглэе. Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан цахим шилжилтийг хурдасгаж, төрийн мэдээлэл солилцооны “ХУР”, танилт баталгаажуулалтын “ДАН”, төрийн цахим үйлчилгээний “И-Монголиа” системүүдийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлж, 2 сая хэрэглэгчдэд 1263 үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж, сүүлийн 5 жилийн байдлаар иргэдийн халааснаас гарах байсан нийт 1.7 их наяд төгрөгийн зардлыг хэмнээд байна. Энэ бол цахим шилжилтийн эхлэл бөгөөд цаашид бидэнд илүү том боломж байна. Иймд Монгол Улсын хөгжлийг хурдасгах гол түлхүүрийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар хэмээн тодорхойлж, Манай Засгийн газрын гол ялгарал, онцлог нь “Цахимаар түрүүнд” зарчмаар аливаа бодлогыг төлөвлөн хэрэгжүүлнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс “5D стратеги” буюу ДНБ-ийг 10 жилийн дотор хоёр дахин өсгөх, Экспортын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэх, Эдийн засгийн бие даасан байдлыг баталгаажуулах, Төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, дижитал эдийн засгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Миний бие Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар Засгийн газрынхаа эхний 100 хоногт багтааж “5D стратеги” хэрэгжүүлэхэд зориулан технологийн хөгжилд чиглэсэн хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Үүнд: Эдгээр шийдвэрүүд нь Монгол орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт их өгөгдөл, хиймэл оюуныг ашиглан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний үр өгөөж, чанарыг дээшлүүлэх, иргэн, аж ахуйн нэгж бүрийн тулгамдсан асуудлыг цахимаар буюу технологиор шийдвэрлэхэд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газрын эхний 100 хоногт багтаж И-баримтыг бүрэн цахимжуулах ажлыг хэрэгжүүлж эхлүүлсэн бөгөөд цаасан И-баримтыг халж автоматаар бүртгэгдэх нөхцөлийг үе шаттайгаар бүрдүүлж байна. Эхний ээлжид 3 арилжааны банк тус системд холбогдон цаасан баримтыг халаад байгаа бол ойрын хугацаанд үлдсэн банкуудын системүүдийг бүрэн холбож дуусгана. Мөн хиймэл оюуны хөгжүүлэлтийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх ажлын эхлэлийг тавьж “И-монголиа 5.0” хувилбарыг өнгөрсөн долоо хоногт танилцууллаа. Тус хувилбар нь хиймэл оюунт хөтөч, цахим хэтэвч, ухаалаг танилт нэвтрэлт бүхий илүү хялбар, илүү өргөн боломжуудыг агуулснаар онцлог юм. 2026 он бол цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн хөгжлийг хурдасгах жил байх болно. Бид бүхэн “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих анхны Виртуал бүс”-ийг ирэх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлнэ. Тус бүсэд бүртгэлтэй Мэдээллийн технологийн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд татварын нэн таатай орчинд үйл ажиллагаа явуулахаас гадна судалгаа, хөгжүүлэлтийн зардалд грант авах, нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн олговор авах зэрэг 9 төрлийн татварын бус дэмжлэгүүдийг хүртэнэ. Үүнээс гадна, 2026 онд Монгол Улс анх удаагаа төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, гарааны бизнес эрхлэгчдийн судалгаа, шинжилгээний ажилд зориулан GPU кластерийг байгуулах, Үндэсний их өгөгдлийн санг эргэлтэд оруулах, олон улсын жишигт нийцэхүйц их өгөгдөл, хиймэл оюуны чиглэлийн магистр, докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэн салбар бүрд хиймэл оюуныг хөгжүүлэх, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна. Уламжлал болгон зохион байгуулдаг ICT EXPO арга хэмжээг дараа жил олон улсын зах зээлд чиглэсэн хэлбэрээр хийхээр төлөвлөж буйг онцлон тэмдэглэхийг ялдамд та бүхэн илүү их ололт, амжилтаар ахин хуран цуглахын ерөөлийг дэвшүүлье. Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахаар хичээн зүтгэж байгаа төр, хувийн хэвшлийн төлөөлөлд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, “Агуу Монголоо дахин агуутгая”, үүний төлөө хамтдаа зүтгэхийг та бүхнээс уриалж байна. Та бүхэнд Монгол Улсын хөгжлийг хурдасгах дижитал технологийн боломж, шийдлийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар өргөн хүрээнд хэлэлцэх өнөөдрийн бодлогын хэлэлцүүлэгт амжилт хүсэж, форум албан ёсоор нээж буйг мэдэгдье.