Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Зах зээлийн шилжилтийн үеийн сайд Бямбажавын Баатар

2021.06.03

Арга эвийг нь зөв олсон цагт хамт олныг төлөвшүүлэх тийм ч хэцүү биш. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад Холбооны сайдаар ажиллаж байсан Бямбажавын Баатарын тухай нийтэлж байна. Б.Баатар нь Завхан аймгийн Цэцэн –Уул суманд төржээ. Тэрбээр сумын бага сургууль, Улиастай хотын 10 жилийн дунд сургуулийг төгсөж, Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуулийг 1969 онд цахилгаан холбооны инженерийн мэргэжлээр төгсчээ. Сургуулиа төгсөж ирээд 1960-1979 онд Завхан аймагт холбооны газрын ерөнхий инженер, даргын ажлыг хийж байгаад Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэртэй хамт баригдаж ашиглалтанд орсон Холбооны шинэ цогцолборын даргаар томилогдон ажиллаж байгаад 1982-1984 онд Улаанбаатар хотын Телефон радио ашиглалтын хорооны даргаар ажиллажээ. Эрдэнэт хотын Холбооны газарт ажиллаж байх хугацаандаа чанарын удирдлагын иж бүрэн систем нэвтрүүлж, улсын хэмжээний холбооны байгууллагуудын үзүүлэх сургууль зохион байгуулж байв. ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг 1986 онд дүүргэсэн ба мөн оноос Улаанбаатар хотын Найрамдал дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч даргын албыг хашиж байгаад 1989 оны 2 дугаар сарын 17-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Холбооны сайдаар томилогджээ. Түүнийг сайдаар томилогдож байх үед БНМАУ-д социалист байгуулалтын үйл ажиллагаа нийт социалист нийгмийн нэгэн адилаар зогсонги байдалд орж, ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалтын уур амьсгал Монголын нийгэмд хүчтэй нөлөөлж байсан мөч байв. Шилжилтийн хүнд бэрх үед Засгийн газрын дэргэдэх Холбооны Ерөнхий газрын дарга, Зам, тээвэр, холбооны тэргүүн дэд сайдаар 1994 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж, харилцаа холбооны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилж, салбарын бодлого боловсруулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг зааглаж, “Монголын харилцаа холбоо” компанийг байгуулж, холбооны үйлчилгээг чөлөөт үнийн тогтолцоонд оруулснаар санхүүгийн хувьд бүрэн биеэ даасан салбар болгоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн Монгол Улсад гарсан нийгэм, эдийн засгийн энэ шинэчлэлт нь гадаад орнуудаас Монголд хөрөнгө оруулах үүд хаалгыг нээж харилцаа холбооны салбарыг зах зээлийн тогтолцоонд шилжихэд ихээхэн түлхэц болжээ. Энэ тухай Б.Баатар сайд бичихдээ “Техникийн шинэчлэл хийхгүйгээр холбоог цаашид хөгжүүлэх ямар ч боломжгүй гэдэг нь нэгэнт харагдаж байсан юм” гэж тэмдэглэжээ. Холбооны яамнаас 1980-аад оны сүүлээр холбооны техник, технологийг шинэчлэн сайжруулах шаардлагатайг анхаарч, Улаан- Үд, Иркутск, Хөх хотын холбооны газруудтай холбоо тогтоон, хамтран ажиллах эхлэлийг тавьж, харилцан туршлага солилцож, семинар зохион байгуулж байсан нь тухайн үедээ шинэлэг зүйл болсон байна. Б.Баатар сайдын шууд оролцоотойгоор 1991 онд “Азиасат-1” хиймэл дагуулыг ашиглаж Улаанбаатар хотод сансрын телевизийн нэвтрүүлэх станц, 305 сум суурин газарт хүлээн авах станцыг байнгын ашиглалтад оруулж, Монголын үндэсний телевизийн нэвтрүүлгийг хөдөөгийн ард түмэнд хүргэх олон жилийн мөрөөдлийг богинохон хугацаанд хэрэгжүүлсэн билээ. Мөн аналоги системийн тоног төхөөрөмжийг тоон технологид шилжүүлэх техникийн шинэчлэл хийж, 1990 онд Английн пүүстэй хамтран сансрын холбооны газрын станцыг суурилуулан 4-10 сувгаар дэлхийн 100 шахам улс оронтой харилцах боломжийг бүрдүүлсэн байна. Франц улсын буцалтгүй тусламжаар 27 мянган дугаарын багтаамжтай электрон станц, Япон улсын буцалтгүй тусламжаар “Интелсат” станцыг ашиглалтад оруулжээ. Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар “Монгол Улсын цахилгаан холбооны сүлжээг 2010 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г Английн Бритиш Телекомын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор монголын инженер, техникчид боловсруулжээ. Уг төлөвлөгөөний дагуу Монгол Улсын харилцаа холбооны салбарын техник төхөөрөмж, кабель шугамын хувьд бүрэн шинэчлэх, тоон технологид шилжих техникийн суурийг тавих, орчин цагийн шинэ техник, технологи нэвтрүүлэх, англи хэлний мэдлэгтэй боловсон хүчнийг бий болгох асуудлуудыг хийхээр тусгасан байна. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлэхэд ижил зорилго, ижил хүслээр жигүүрлэсэн хамт олны хүч байсан бөгөөд “Холбоогүй холбоо” хэмээн шүүмжлэгдэж байсан холбоог “ Холбоочингүй холбоо” болтол нь хөгжүүлж чадсан байна. Б.Баатар гуай өөрийн дурдатгалдаа: “Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл явц нь дардан байсангүй, картын бараанд орсон үе байлаа. Алкателийн Е-10 станцыг зай тэжээл, кабель шугамын хамт иж бүрнээр нь ашиглалтад оруулж, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар олон улсын Интелсатын газрын станц, NEAX-61 улс, хот хоорондын автомат телефон станцыг барьж байгуулсан нь тоон технологийн цаашдын баттай суурь болж өгсөн” хэмээсэн байна. Монгол Улсын шуудан холбооны хөгжлийн оргил үе нь 1989-1990 он байлаа. Энэ үед нийслэл аймгийн хооронд ажлын өдөр бүр, аймгийн төвөөс сумдад 7 хоногт 2-5 удаа, сумаас бригад, тасгийн төвд 2 удаа шуудан тогтмол солилцож, жилдээ 9894,6 мянган ширхэг гарах захидал, 322,8 мянган ширхэг боодол, 87,6 мянган илгээлт, 134811,9 мянган ширхэг сонин, хэвлэл ялган боловсруулж, 23016,6 мянган төгрөгийн орлого оруулж байжээ. Шуудангийн 432 салбар, шуудангийн захидал цуглуулах 873 хайрцаг ажиллаж, шуудан холбооны нэг салбар байгууллага 4850 хүнд үйлчлэн, 1000 хүн ам тутамд жилдээ 4721,8 ширхэг захидал бичиг, 41,8 ширхэг илгээлт, 69580 ширхэг хэвлэл оногдож байжээ. Б.Баатар нь 1997 оноос Монгол шуудан ТӨХК-ийн дэд, тэргүүн дэд захирлаар, 2002 онд батлагдсан Харилцаа холбооны тухай хуулийн хүрээнд байгуулагдсан Харилцаа холбооны зохицуулах хороонд Эрх зүй, мэдээлэл захиргааны албаны даргаар ажиллаж шинэ байгуулагдсан байгууллагын дүрэм, журмыг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тэрбээр ХХЗХ- ны хуралдааны нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан юм. Б.Баатарын харилцаа холбооны салбарт оруулсан хувь нэмрийг төрөөс өндрөөр үнэлэн Ардын хувьсгалын ойн медалиуд, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон болон “Монгол Улсын Гавъяат холбоочин” цолоор тус, тус шагнасан билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он “Туулсан замаа эргэн дурсахуй”1996 он Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Other news

Ц.Баатархүү: Төрийн цахим үйлчилгээний тоонд биш чанарт анхаарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тус академи нь төрийн 86 байгууллагын 1251 үйлчилгээг цахимжуулж, иргэд төрийн үйлчилгээг цаг хугацаа орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлээд байна. Уулзалтаар И-Монгол академийн хийж хэрэгжүүлж буй ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудтай танилцан, үүрэг чиглэл өгч, санал солилцов. Энэ үеэр ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: “И-Монгол академи” УТҮГ-ын хамт олон үүрэг чиглэлийнхээ хүрээнд маш сайн ажилласан. Цаашид орон нутгийн иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах сургалтыг эрчимжүүлэх, зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж ирэх, e-mongolia системийн үйлчилгээнд дүн шинжилгээ хийж, үйлчилгээ авахад хялбар болгох, судалгаа, хөгжүүлэлт, мониторинг хийж, төрийн цахим үйлчилгээний чанарт анхаарах хэрэгтэй гэдгийг онцоллоо. Дашрамд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам И-Монгол академи нь Монгол Улсын Засгийн газрын 100 хоногийн ажлын төлөвлөгөөний хүрээнд Засгийн газрын нэгдсэн цахим хуудас, dashboard болон цаасгүй цахим төр болгох ажлыг хэрэгжүүлж байна.

Чингэлтэй дүүргийн 24 хороо буюу бүх хорооны зохион байгуулагчаар дамжуулан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх боломж бүрдэж байна

Ингэснээр нийслэлийн 9 дүүргээс Чингэлтэй дүүрэг бүх хороондоо төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нэвтрүүлсэн хамгийн анхны дүүрэг болж, иргэд төрийн үйлчилгээг хамгийн ойроос буюу хорооны байрнаас авах боломжтой боллоо Чингэлтэй дүүрэг нь нийт 24 хороотой бөгөөд 37,736 өрх, 136,280 гаруй иргэн оршин суудаг, хүн амынхаа тоогоор нийслэлийн хэмжээнд 6-р байр ордог.

Үндэсний дата төв ISO27001 ОУ-ын сертификатаар үйл ажиллагаагаа албан ёсоор батламжиллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй айлчлалын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал, Үндэсний дата төвийн захирал М.Баттулга нар AFNOR олон улсын байгууллагаас “Монголын Үндэсний Дата Төв”-д олгосон “Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 27001” гэрчилгээг гардаж авлаа. Төрийн цахим шилжилтийг дэмжих эрх зүйн орчны суурь хуулиуд батлагдаж, Кибер аюулгүй байдлын тухай хуулиараа Үндэсний дата төв нь “онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллага” -д тавигдах цахим мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр тусгайлан заасан үүрэг хариуцлага хүлээсэн. Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын шаардлагыг хангах чиглэлд ЦХХХЯ -аас өгөгдсөн чиг үүрэг, холбогдох байгууллагын хяналт, стандартын мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу арга хэмжээг авч хэрэгжүүлж, Франц улсын AFNOR баталгаажуулалтын байгууллагын Монгол Улс дахь итгэмжлэгдсэн байгууллага болох “Монсертф” ХХК -иар дамжуулан 2 шатны аудитад хамрагдсанаар амжилттай нэвтрүүллээ. Энэ нь Олон Улсын сертификатаар үйл ажиллагаагаа баталгаажуулж, МАБ -ын стандартыг дотооддоо мөрдөж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх менежментийн тогтолцоог бий болгож ажиллах боломж бололцоог бүрдүүлсэн чухал алхам боллоо. Уг стандарт нь байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог бүрдүүлэх, байгууллагын мэдээллийн хөрөнгө, түүний оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдлын тасралтгүй сайжрах боломжийг олгодог давуу талтай.