Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Digital Nation -2021 | Цахим эриний хурдтай тоглогчид

2021.08.27

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж буй билээ. Засгийн газраас гаргасан “Цахим Үндэстэн” санаачилга, Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой зэрэг чухал үйл явдлуудын давхцал дээр ийнхүү салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ тутам бизнесүүд, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах гэж байна. Үүнтэй холбогдуулан цахим шилжилт, технологийн дэвшлээр салбараа манлайлж буй компаниудын төлөөлөлтэй хийсэн ярилцлагыг цувралаар хүргэж байна. ДДЭШТВ–ИЙН МАРКЕТИНГИЙН ХЭЛТСИЙН МЕНЕЖЕР У.БЭРЦЭЦЭГ: БИД ДЭЛХИЙН СТАНДАРТААС ЗАРИМ ТАЛААРАА ТҮРҮҮЛЖ АЛХАЖ БАЙЖ Ч МЭДНЭ

Бид Монголдоо анх удаа хиймэл дагуулын телевизийн үйлчилгээ үзүүлж эхлээд 13 жил болж байна. Өнөөдрийн байдлаар хамгийн олон үзэгч, хэрэглэгчтэй компани болж төлөвшжээ. 

Эх орны өргөн уудам нутгийн өнцөг булан бүрд манай үйлчилгээ хүрч, хүмүүс дэд бүтэц, шилэн кабелийн хөгжлөөс хамааралгүйгээр телевиз үзэх боломжтой болсон. Монголд Улсад харилцаа холбооны салбар байгуулагдаад 100 жил болж байна. Энэ хугацаанд ДДэшТВ хэрэглэгчдэдээ газар зүйн байршлаас үл хамааран мэдээлэл хүлээж авах ялгаваргүй, тэгш хүртээмжтэй нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь салбартаа оруулсан хувь нэмэр хэмээн бахархдаг.

Манай хиймэл дагуул дэлхийгээс 35800км-ийн зайд буюу /GEO/ тойрог замд байрладаг. Сонирхуулж хэлэхэд, эхний хоёр тойрог зам дээр дэлхийн гадаргын нягтаршил сайтай зураг авах зориулалт бүхий хиймэл дагуулууд, GPS буюу байршил тогтоох, цаг агаарын төлвийг ажиглах зориулалттай хиймэл дагуулууд байдаг юм билээ. Харилцаа холбооны хиймэл дагуул бусад хиймэл дагуулаа бодвол дэлхийгээс хамгийн хол зайд байрладаг.

2008 онд ДДэш үйл ажиллагаагаа эхлэхдээ аль хэдийн хөөрөөд 6 жил болчихсон байсан хиймэл дагуул дээр түрээсийн үйлчилгээ авч, телевизийн сувгуудаа дахин дамжуулж байлаа. Дараа нь 2017 онд Солонгосын KT Sat компанийн хиймэл дагуулд монгол улсын газар нутгийг бүрэн хамарч чадах цацрагийг захиалж хийлгэсэн. Үйлдвэрлэгч нь Франц улсын “Thales Alenia Space”, хөөргөгч пуужин нь алдарт Элон Маскын “SpaceX” компаний “Falcon 9” хэмээх дахин ашиглагддаг пуужин байлаа. Ингэснээр манай үйлчилгээ илүү боловсронгуй болж, тавган антенн жижгэрч, хүлээж авах HD сувгуудын тоо нэмэгдсэн. 

Одоо үйлчилгээ маань боловсронгуй болохын хэрээр бид үзүүлэх контентууддаа илүү анхаарч, хэн юу үзэх эрэлт хэрэгцээтэй байна вэ гэдгийг чухалчилж эхлээд байна. Өнөөдөр хэрэглэгч ямар технологиор юм үзэж байна гэхээс илүү ямар контент үзэж байна вэ гэдэг нь чухал болчихлоо. Тиймээс бид хот хөдөө, интернэттэй интернэтгүй ямар ч нөхцөлд үзэх кино суваг, сошиал суваг зэргийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Ингэснээр бид дэлхийн стандартаас огт хоцроогүйгээр үл барам, зарим талаараа түрүүлж алхаж байж ч магадгүй. 

Энэ жил уламжлалт ICT Expo “Digital Nation” арга хэмжээ болж өргөжин зохион байгуулагдахаар бэлтгэлээ хангаж буй. Өнөөдөр мэдээллийн технологитой хамааралгүй салбар гэж байхгүй боллоо. Тэр утгаараа олон салбарыг хамарсан, том арга хэмжээ болох нь. Бидний хувьд арга хэмжээнд контентын үйлчилгээ, кино болон сошиал сувгуудаа танилцуулахаар зорьж байна.

ГОЛОМТ БАНКНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ М.САЙНБИЛИГ: ДИЖИТАЛ ҮНДЭСТЭН БОЛОХ СУУРЬ АЖЛУУДАА БИД АЛЬ ХЭДИЙН ХИЙЧИХЭЭД БАЙНА

Fintech буюу Financial technology гэдэг нь санхүүгийн үйлчилгээг технологийн үйлчилгээтэй хослуулж, илүү хялбар, инновацлаг байдлаар санхүүгийн суурь бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх арга зам. Гол зорилго нь цаг хугацаа, зардал хэмнэж, харилцагчийн сэтгэл ханамжийг хэд дахин нэмэгдүүлэхэд оршино. 

Монголд финтекийн салбар сүүлийн таван жилд огцом хөгжиж байна. Төлбөр тооцоо, зээл, хадгаламж гэсэн банк санхүүгийн гурван суурь үйлчилгээ, дээрээс нь хөрөнгө оруулалтын үйлчилгээ болох блокчэйн, крипто технологи финтек хэлбэрээр хэрэглээнд нэвтэрлээ. Энэ дундаас зээлийн үйлчилгээний платформууд зарим талаараа олон улсад ч жишиг болохуйц хэмжээнд хүрээд байгаа. 

Харин төлбөр тооцооны ухаалаг шийдлийг одоогийн байдлаар банкууд илүүтэй гаргаж буй. Хөрөнгө оруулалтын хувьд блокчэйн, крипто валют хөгжиж байгаа ч хувьцаа, бондын хөрөнгө оруулалт дээр ажиллах орон зай байсаар байна. Үүнийг алгасаад явчих шиг болов уу гэж би хувьдаа хардаг юм. 

Энэ бүх салбарууд харилцан хамтран ажиллаж, бие биенийхээ давуу талаас суралцан цэвэр өрсөлдөөний зарчмаар ажиллаж, ахархан хугацаанд маш их зүйлийг хийж амжууллаа. Үүний үндсэн дээр финтек суурьтай үйлчилгээнүүд маш нээлттэй байдлаар хурдтай хөгжлөө. Манай банк бол үүний сайн жишээ. 

Нийгэм дэх бүхий л төрлийн үйлчилгээ явж явж эцэстээ төлбөр тооцоо хийх учраас банктай л холбогддог. Бид тэр л бүх дэд бүтцийг бэлдэж, боломжит шийдлүүд, олон улсын жишигт нийцсэн мэдээллийн аюулгүй байдлыг санал болгон ажиллаж байна.

Дэлхийн хэмжээнд үзвэл, нийгэм, эдийн засгийн хувьд ижил төстэй орнуудтай харьцуулахад бид нэлээн дээгүүрт явж байгаа. Монгол залуучуууд, старт-апууд, финтек компаниуд Монголдоо биш олон улсад өрсөлдөх амбицтай байгаа нь ч үүний тод илрэл.

Үүнд улс төр, засгийн газрын шийдвэр, бодлогууд ч ээлтэй нөлөө үзүүлж байна. Нөгөө талаас манай харилцагчид, иргэд шинэ зүйлийг хүлээж авах нь хурдан.  Аль ч талаас нь харсан бид хоцроогүй.

Энэ жил “Digital Nation-2021” арга хэмжээ есдүгээр сард болох гэж байна. Бид дижитал үндэстэн болоход ойрхон, яагаад гэвэл зарим суурь ажлуудыг аль хэдийн хийчихсэн байгаа шүү дээ. Монголд интернэт хэрэглэгчдийн тоо маш өндөр. Энэ бол давуу тал. Банк санхүү, харилцаа холбооны оператор компаниуд олон улсад өрсөлдөхүйц түвшинд ажиллаж байна. Мөн старт-апууд их байна. Зөвхөн fintech биш, edutech, healthtech гээд олон салбарт оролдлого хийсээр байгаа. Тиймээс одоо бүгдээрээ нэг зүгт харж чадвал таван жилийн дотор зорилгодоо хүрэх боломжтой гэж бодож байна. 

Өнөөдөр мэдээллийн технологи ашиглаагүй, дижитал эдийн засгийг харж чадаагүй компани ард хоцрох нь ойлгомжтой боллоо. Энэ цаг үед ийм өргөн цар хүрээтэй, том амбицтай арга хэмжээ зохион байгуулж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Энгийн онлайн үйлчилгээ бүгдэд л байна. Гол нь тэд хоорондоо холбогдож байж дижитал болно шүү дээ. Нийгмийн аль ч салбарын үйлчилгээг авахдаа олон аппликэйшн, олон вэб хуудсанд хандах биш, нэг дороос үйлчилгээ авч, “shared economy”-г хөгжүүлснээр дижитал шилжилт бүрэн утгаараа ирэх болно. Тиймээс бүгдээрээ уялдаа холбоотой хамтран ажиллаж, дижитал үндэстэн болъё. Энэ стратегийн хараа бол “Digital Nation-2021” гэж ойлгож байна. 

ZTE КОРПОРАЦЫН МОНГОЛ ДАХЬ ОФФИСЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ З.ТУЛГУУР: АЗИ, ЕВРОПЫН ОРНУУД ХЭДИЙН 5G-Д СУУРИЛСАН ХӨГЖИЛ ГЭЖ ЯРИАД ЭХЭЛЧИХСЭН. МОНГОЛ УЛС Ч ЭНЭ ХӨГЖЛӨӨС ХОЦРОХ УЧИРГҮЙ

5G технологийг дэлхий даяар аж үйлдвэрийн 4-р хувьсгал хэмээн тодорхойлж буй. Хамгийн энгийн жишээ татахад, 5G технологи нэвтэрснээр хэрэглэгчид хүрч буй интернэтийн хурд 100 дахин нэмэгдэнэ. Гэхдээ 5G-г зөвхөн интернэтийн хурдаар хязгаарлаж болохгүй. Хоцрогдлыг арилгах буюу цаг хугацаа, орон зайн хамаарал үгүй болгож байгаа нь 5G технологийн цаад мөн чанар, хамгийн том давуу тал юм. Эрүүл мэндийн салбараар жишээ авъя л даа. Монгол орон 5G сүлжээнд холбогдчихвол Улаанбаатар хотод байгаа өндөр ур чадвартай мэс засалч роботын тусламжтайгаар алсын зайнаас мэс засал хийх боломж бүрдэнэ. Робот ашиглан зайнаас мэс засал хийх үед эмчийн өгч буй команд ганц хоёр секундээр хоцроход л өвчтөний эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй. Харин 5G-д ийм хоцрогдол байхгүй учраас л аж үйлдвэрийн 4-р хувьсгал хэмээж буй. Энэ технологи цаашид нийгмийн бүхий л салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой, тэгэх ч шаардлагатай. Ухаалаг хот, ухаалаг зам тээвэр, ухаалаг эрчим хүч, ухаалаг эрүүл мэнд гээд олон салбарт өндөр хурд, чанартай үйлчилгээг үзүүлэх боломж айсуй. Ялангуяа Монгол Улс цахим шилжилт хийхээр ярьж буй энэ цаг үед 5G нь нэн шаардлагатай технологи юм. Ингээд ярихаар “Тэгвэл бид хэзээ 5G технологийг өдөр тутамдаа ашиглаж эхлэх вэ” гэсэн асуулт хүн бүрийн толгойд эргэлдэх нь лавтай. 

1985 онд үүсэн байгуулагдсанаас хойш өргөжин тэлсээр өдгөө дэлхийн 160 гаруй улсад  70 мянган ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг харилцаа, холбооны салбарын дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг ZTE корпорац Монгол Улсад 5G технологийг нэвтрүүлэхээр зорьж байна. Бид 2003 онд анх Монголд салбараа нээснээс хойш Монгол Улсын 320 гаруй сум, суурин газрыг холбосон 9000 км шилэн кабель тавих, Улаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хичээлийг алслагдмал аймаг, сумын хүүхдүүдэд онлайн хэлбэрээр хүргэх зорилготой “Шинэ зууны боловсрол” зэрэг олон чухал төслийн гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай. Манай компани 2021 оны эхний хагасын байдлаар 90 гаруй оператор компани, 500 орчим аж үйлдвэрт 5G технологийг нийлүүлэхээр хамтран ажиллаж байна.  Монгол Улсын хувьд хэзээ нэвтрүүлэх вэ гэдэг нь засгийн газраас хамаарах бодлогын асуудал тул засгийн газар оператор компаниудад 5G-ийн лицензийг олгосны дараа бидний ажил албан ёсоор эхэлнэ. Иймд ZTE корпорац одооноос 5G гэж юу болох, үүгээр дамжуулж ямар үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх боломжтой болохыг оператор компаниуд, хэрэглэгчдэдээ таниулахыг зорьж байна. Ази, Европын орнууд хэдийн 5G-д суурилсан хөгжил гэж яриад эхэлчихсэн. Монгол Улс ч энэ хөгжлөөс хоцрох учиргүй гэж бид хардаг. 

Манай компани энэ жилийн “Digital Nation-2021” арга хэмжээний үеэр Харилцаа Холбооны Зохицуулах Хороотой хамтран Монгол Улсын анхны 5G демо сүлжээг байгуулж, үйлчилгээнүүдийг туршиж үзэх гэж байгаадаа баяртай байна. 5G технологи нэг талаас хязгааргүй боломжийг бий болгож буй ч нөгөөтэйгүүр гарт баригдаж, нүдэнд үзэгддэг зүйл биш учраас 5G-ийн хэрэглээ ямар байж болох вэ гэдгийг монголчуудад жишээ байдлаар үзүүлэхээр бэлдэж байна. 5G wireless-т суурилсан дрон, ухаалаг нохой, 16 HD сувгийг зэрэг дамжуулах, AR болон VR технологи, ZTE корпорацын үйлдвэрлэсэн 5G гар утас зэргийг энэ үеэр танилцуулах юм. Өмнө дурьдсанчлан 5G технологи энэ хэдхэн зүйлсээр хязгаарлахгүй гэдгийг хэрэглэгчид ойлгоосой гэж хүсэж байна. 4G иргэдийн амьдралыг өөрчилсөн технологи байсан бол 5G нь нийгмийг өөрчлөх технологи юм. Харин үүнд тулгуурлаж цааш юу бүтээх вэ гэдэг нь тухайн хувь хүн, компани, ард түмний сэтгэлгээнээс хамаарна.

Other news

Дэлхийн сансрын 7 хоног | Ирээдүйд эх орондоо үндэсний хиймэл дагуулаа удирдан ажиллах боломж хүүхэд залууст нээгдэж байна

Дэлхийн сансрын 7 хоног арга хэмжээ өнөөдөр /2024.10.04/ нээлтээ хийлээ. 7 хоногийн туршид үргэлжлэх тус арга хэмжээ нь хүүхэд залууст шинжлэх ухаан, технологийн ач холбогдлыг таниулах, дэлхий даяар хүмүүст сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, түүний ач холбогдлыг сурталчлах зорилготой юм. Тус арга хэмжээг Цахим хөгжил,инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од “Монгол хүн сансарт ниссэний 43 жилийн ой тохиож байгаа энэ үед Үндэсний хиймэл дагуул төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дуулгаж,  сансар, огторгуйг сонирхон судалснаар хүүхэд багачууд та бүхэн ирээдүйд эх орондоо, үндэсний хиймэл дагуулаа удирдан ажиллах боломжтой болох үүд хаалга хүүхдүүд та бүхний өмнө нээгдэнэ гэдгийг онцоллоо.   Дэлхийн сансрын 7 хоног арга хэмжээ 2024 оны 10 дугаар сарын 10 хүртэл UG ARENA-д зохион байгуулагдана.

Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн

ҮЙЛ ЯВДАЛ Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн 2021.04.02 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1962-1966 онд Тээвэр, холбооны сайдаар ажиллаж байсан Бат-Очирын Гомбосүрэнгийн тухай нийтэлж байна. Б.Гомбосүрэн нь 1932 онд Архангай аймгийн Тариат сумын нутагт төрж, 1942-1952 онд бүрэн дунд сургууль, 1952-1957 онд ЗХУ-ын Москва хот дахь Төмөр замын инженерийн дээд сургуульд суралцаж, зам харилцааны инженер-эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1957-1959 онд Улаанбаатар төмөр замын газарт тоо бүртгэгч, ахлах инженер, төлөвлөгөөний хэлтсийн орлогчоор, 1959-1962 онд Улсын барилга- эдийн засгийн комиссын орлогч бөгөөд ерөнхий захиалагчийн газрын даргын албыг хашиж байгаад, 1962 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогдон, 1966 он хүртэл ажилласан байна. Түүний ажилласан хугацаанд 1963 оны эхнээс Төмөр замын техникумын холбооны салбарт хамгийн олон сурагчид суралцаж, утсан харилцааны оройн хоёр анги хичээллэж байв. Тээвэр, холбооны яамны харьяанд Холбооны удирдах газрыг байгуулсан ба тус газрын шуудангийн албанд улс хоорондын шуудан солилцох тасаг, аймаг хотуудад шуудангийн 10 гаруй салбарыг шинээр байгуулж, БНМАУ- БНАВУ-ын цахилгаан шуудангийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж, 1964 онд Австри улсын Вена хотноо болсон Дэлхийн шуудан холбоо /ДШХ/-ны 15 дугаар Их хурлаас БНМАУ-ыг ДШХ-ны гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулжээ. Б.Гомбосүрэн сайдын ажиллах хугацаанд улс орныг хөгжүүлэх “Гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажил ид өрнөж байжээ. МАХН-ын 15 дугаар Их хурлын тайлан илтгэлд Ю.Цэдэнбал “Ойрын жилд бүх төрлийн холбоог улам хөгжүүлэх, ялангуяа аймгийн төвийг бүх хөдөө аж ахуйн нэгдэлтэй телефон буюу радио харилцаатай болгох, хөдөөгийн иргэдийг радиожуулах зорилтыг шийдвэрлэх явдал чухал байна” гэж Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх гуравдугаар таван жилийн хугацаанд харилцаа холбооны талаар тавих зорилтыг тодорхойлсон байна. Морин өртөөнөөс өөр харилцаа холбооны хэрэгсэлгүй байсан Монгол орон ардын хувьсгал ялан мандсанаас хойших 40 жилийн дотор техник хэрэгслээр тоноглогдсон шуудан, телефон, телеграф, радио холбооны салбарууд бүхий орчин үеийн холбоотой болсон байлаа. Улаанбаатараас аймгийн хооронд 1964 оны 10 дугаар сарын 8-аас эхлэн АН-24 онгоцоор үйлчилж эхэлсэн нь алслагдсан аймгуудад шуудан, хэвлэлийг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж, 150 орчим сум, сангийн аж ахуйд онгоцоор шуудан хүргэдэг болжээ. Түүхэн энэ үед монголын шууданчид шуудангийн үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ шинэ техник, технологи нэвтрүүлэх, ашиглалтын дүрэм, журмыг боловсруулж мөрдөх, олон улсын шуудангийн байгууллагуудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоо тогтоох, өргөтгөх зорилт тавин ажиллаж байжээ. Тээвэр, холбооны сайдын 1962 оны 3дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар шуудангийн сав, шуудайны тооцоог сайжруулах, богц нэг бүрийг дугаартай болгох, богц солилцох бүртгэлийн маягтыг баталж, сар бүрийн эцэст тооцоог нийлэн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх талаар журамласан байна. Аймгийн шуудан тасгийн эрхлэгчдийн 15 хоногийн семинарыг 1962 оны 8 дугаар сарын 15-аас хийж, хот, хөдөөгийн шуудангийн ажилтнуудаас мэргэжлийн зэргийн шалгалтыг анх удаа авч ТХ-ны сайдын 1962 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 447 дугаар тушаалаар мэргэжлийн зэрэг олгосон байна. ТХ-ны сайдын 1963 оны 18 дугаар тушаалаар шуудан хүргэгчийн цүнхний загварыг анх удаа баталж, 100 ширхгийг хийлгэж, шуудан хүргэлтэд заавал цүнхтэй гаргах журам тогтоожээ. Улс орны болон томоохон суурин газрын хэмжээнд шуудангийн салбарын тоо нэмэгдэж олшрох тусам салбаруудыг дугаарлах, түүгээр нэрлэж занших нь чухал бөгөөд ТХ-ны сайдын 1963 оны 2 дугаар сарын 22-ны 145 дугаар тушаалаар УБ хотын холбооны салбаруудыг газар зүйн байршил, байрлах албан газар, байгууллагаар нь нэрлэж байсныг болиулан, салбаруудыг дугаарлан, түүгээр нэрлэж заншихаар болжээ. Б.Гомбосүрэн нь 1967-1993 он хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсаас ЗХУ, Югослав улсын элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч, худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Гадаад худалдааны яамны Төрөл бүрийн барааны импорт нэгдлийн ба тээврийн хэлтсийн дарга, Гаалийн ерөнхий газарт хуулийн зөвлөх зэрэг албыг гүйцэтгэж байлаа. Тэрээр тээвэр, холбоо, худалдааны байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй хөдөлмөрлөн Онц холбоочин тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байжээ. Түүнчлэн МАХН, МХЗЭ-ийн Төв хорооны болон Улаанбаатар төмөр замын нам, эвлэл, үйлдвэрчний байгууллагын бүгд хурлын гишүүн, Ардын Их хурлын Депутатаар сонгогдон ажиллаж байсан нь түүний ажилч, хичээнгүй нэгэн байсныг илтгэж буй билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Ахмадууд ач, зээ нарынхаа тусламжгүйгээр цахим гүйлгээ хийж байна

Ухаалаг утас хэрэглэх, интернетэд холбогдох, утсандаа аппликейшн татах, шинээр google account нээх, нууц үгийн тохиргоо хийх, дата ашиглалт зэрэг нь залууст энгийн өдөр тутмын үйлдэл юм. Гэвч энэ нь ахмадуудад хүндрэл үүсгэж, цахим үйлчилгээ авахдаа хүүхэд, ач зээ нараасаа тусламж хүсэх нь түгээмэл. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Дэлхийн банкны дэмжлэгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам -ны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд “Үндэсний цахим элч – Digital Nation Ambassador” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. ЧД-ийн III хорооны иргэн, ахмад сургагч багш Г.Сарангэрэл “Технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхахын тулд цахим ур чадвараас хоцорч болохгүй. Цахим ур чадварт суралцах нь зайлшгүй хэрэгцээ шаардлага юм. Тиймээс “Ухаалаг засаг 2” төсөлд хамрагдаж, сургалтад сууснаар хүүхэд, ач зээ нараа гуйхгүйгээр “И-монголиа” руугаа ороод хэрэгтэй мэдээлэл, тодорхойлолт, лавлагаагаа авч сурлаа. Цаашид сурсан зүйлээ улам батжуулж, лавшруулж бусад ахмадаа сургахаар зорьж байна. Цахим ертөнцтэй холбогдох анхан шатны мэдлэгтэй болсондоо ихэд баяртай байна” хэмээн ярилаа. “Ухаалаг засаг 2” төслийн хүрээнд нийт 130 сайн дурын залуу болон ахмад сургагч багш, 600 гаруй ахмад настай иргэнд цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулжээ. Ингэхдээ ухаалаг утасны хэрэглээ, WI-FI сүлжээнд холбох, утсандаа шинэ аппликейшн татах, гар утасны нууцлал, дата ашиглалт, цахим аюулгүй байдал, олон нийтийн сүлжээ, сошиал сувгуудын аппликейшн татах, онлайн дуудлага, видео дуудлага хийх, сошиал платформ дээр тохиргоо хийх, төрийн үйлчилгээнд хяналт тавих, И-Монгол аппликейшн ашиглах, эмнэлгийн цаг онлайнаар авах, банкны аппликейшн ашиглах, нэгж, дата худалдан авах, төлбөр тооцоо хийх аргачлалыг заажээ. СХД-ийн XVIII хорооны иргэн, ахмад сургагч багш С.Батсуурь “Цахим орчинд бусадтай харилцах соёл, өөрийгөө хамгаалах, энгийн төлбөр тооцоог утсаараа хийх, эрүүл мэндийн үйлчилгээ авах чадварт суралцсан. Орон сууцны төлбөр тооцоог банкин дээр очиж дугаарлахгүйгээр шууд утаснаасаа хийчихнэ. Эмнэлэг рүү заавал явж цаг авах шаардлагагүй гэдгийг мэдэж авсан. Эрүүл мэндийн оношлогоо, шинжилгээний хариугаа хүртэл онлайнаар авчихна. Утсаа алдлаа гэхэд өөрийн мэдээллээ хамгаалах, нууцлалын тохиргоог хийж сурсан. Их өгөөжтэй сургалтад хамрагдсандаа баяртай байна” гэж онцлов.   Мөн ахмадуудад богино хэмжээний контент бүтээх, сошиал медиа дээр контент нийтлэх эсвэл татаж авах, зураг авах, бичлэг хийх, зураг бичлэгээ засварлах, бусдад илгээх сургалт орсон байна. А.Алтанцэцэг Ахмад сургагч багш “Энэхүү сургалтад суухаас өмнө цахим орчны талаар хэт ерөнхий мэдээлэлтэй байсан. Цахим орчинд хүмүүстэй ёс зүйтэй харилцах, өөрийгөө хэрхэн хамгаалах, бусдад төвөг учруулахгүйгээр өөрийнхөө цахим хэрэгцээг хангах, онлайн худалдан авалт хийх аргачлалыг мэддэггүй байсан. Утсаа кодолж, банкны гүйлгээ хийхэд нэг удаагийн код яаж авах аа сурч авлаа. Сошиалд янз бүрийн найзын хүсэлт ирдэг. Үүнийг хараад хуурамч хаяг уу, бодит хүний хаяг уу гэдгийг ялгаж сурсан. Өмнө нь бол ирсэн хүсэлт болгоныг нягтлалгүй хүлээн авдаг байсан бол одоо цензуртай ханддаг болсон” хэмээн дурдав. Улаанбаатар хот, орон нутгийн 30 гаруй ахмадыг нийт 40 цагийн сургагч багшийн онол, практик хосолсон сургалт, 12 цагийн дадлага хичээлд хамруулжээ. Сургалтад 55-64 насны ахмад өргөнөөр оролцож байна.