Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Digital Nation – 2021 | Амьдралыг хөнгөвчилсөн 10 ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ

2021.08.30

Төрийн үйлчилгээг нэг дороос авч, хүссэн цагтаа такси дуудаж, зоогийн газрын амтат хоолыг хаанаас ч хамаагүй захиалж, автобус хүлээж түүртэлгүй чиглэлийг нь дор нь харчихна… Өдрөөс өдөрт шинэчлэгдэн, хөгжиж буй мэдээлэл технологийн өнөө үед монголчууд бид хэрхэн цахим үндэстэн болох эхлэлээ тавив? 

Нэг цахим үйлчилгээний ард л гэхэд тооцоолж барамгүй цаг зав, мөнгөн урсгал, дэмий зардал, алдагдсан боломжийн өртөг хэмнэгдэж байдаг. Хурууны үзүүрээ хөдөлгөөд л өдөр тутмын амьдралыг хөнгөвчилсөн дотоодын цахим үйлчилгээнүүдийг нэгтгэн хүргэж байна.

#1 Мобайл банк – Бүх банкны аппликейшн

Бэлэн мөнгө, картын хэрэглээ бага багаар цахимжсаар ухаалаг утасны аппликейшн бүгдийг нь орлохуйц болжээ. Өөрийн ашигладаг банкны аппликейшнээ татаад л, интернэт банктай болчихсон байхад түрийвчээ орхих, картаа мартах асуудал үгүй.

#2 Нийтийн тээврийн төлбөр, чиглэл: Umoney + Hipay + UB Smart Bus 

Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ картаа цэнэглэх цэг хайж явдаг цаг өнгөрчээ. Hipay ашиглаад гар утсаараа шуудхан л цэнэглэчихнэ. Мөн хаана хэзээ автобусанд сууж, бууснаа харж ч болно. Umoney-оор нийтийн тээвэр, хот хоорондын тээвэр, нислэг, галт тэрэгний хуваарийг харж болох бол UB Smart Bus-аар нийтийн тээврийн дэлгэрэнгүй чиглэл, зогсоолыг харах боломжтой.

#3 Такси дуудлага: Ubcab

Аюулгүй, найдвартай, түргэн шуурхай такси үйлчилгээний тэргүүлэх сүлжээ. Жолоочийн тухай мэдээллийг харж, үнэлгээ өгч, хэрэгцээтэй үедээ хүргэлт хийлгэж, тусгай VIP такси ч дуудаж болох ухаалаг платформ бол яах аргагүй Ubcab.

#4 Хоол хүргэлт: Tok tok + Songo + Toki 

Дээрх аппликейшнүүдийн “ачаар” бид хүссэн ресторан, зоогийн газрынхаа цэстэй танилцаж, хаягаа оруулаад л хоолоо хүргүүлэн авах боломжтой болжээ. Газрын зураг, хаягаа оруулах ухаалаг цэстэй, тооцоогоо мобайлаар, бэлнээр, картаар гээд төрөл бүрээр төлж болох тул ямар ч асуудал гарахгүй.

#5 Цахим төлбөрийн баримтын систем: Ebarimt

Төлбөрийн баримтаа утасны камераараа уншуулаад л болоо! Мөн татварын буцаан олголт, сугалааны дүнгээ харахаас гадна өөрийн зарлагаа төрөл ангиллаар нь хуваан, тооцоолох боломжтой.

#6 Үндэсний сошиал аппликейшн: Mongol Chat + Meme Chat

Эх хэлээрээ чатлах боломжтой, монгол залуусын бүтээсэн аппликейшнүүд. Фэйсбүүкийн мессенжерт байдаг бүх функцүүдтэй бөгөөд төлбөр тооцоо хийх гэх мэт нэмэлтүүдтэй.

#7 Төрийн үйлчилгээ: E-Mongolia

Иргэний үнэмлэхийн лавлагаанаас эхлээд компани байгуулах, орон сууц худалдан авах, боловсрол, тээврийн хэрэгслийн лавлагаа гээд 540 төрлийн үйлчилгээг шууд авах боломжтой сайт. Төрийн үйлчилгээг иргэн бүрт ойртуулсан томоохон дэвшил юм. Мөн төрийн үйлчилгээний тухай мэдээлэл авч, ойлголт мэдлэгтэй болоход ч хэрэгтэй.

#8 Боловсрол: Mplus + Esan + Tomyo + Mongoltoli.mn 

Цахим ном унших, татаж авах, зохиолч бүтээгч нарт хөрөнгө оруулах, олон улсын сэтгүүл, судалгааны материал уншихад Mplus, Esan тусалж чадна. Харин цахим сургалтын Tomyo сайт нь хэрэглэхэд хялбар, академик хичээлүүдтэй бөгөөд даруй 200,000 гаруй хэрэглэгчтэй болоод байна. Зөв бичгийн дүрэм шалгах, эх хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд Mongoltoli.mn тусалж чадна.

#9 Эх хэл: Ikon + Chimege

Бүх төрлийн ухаалаг төхөөрөмжүүдтэй хоршин ажиллах эл хоёр технологи нь монгол кирилл үсэг ашиглах боломжийг бүрдүүлсэн бөгөөд ашиглахад тун хялбар. Монгол яриаг бичвэрт буулган хөрвүүлэх ухаалаг Чимэгэ системийн монгол хэлний нарийвчлал 97 хувь байгаа нь олон улсад өндөрт тооцогдох үзүүлэлт юм.

#10 Үүрэн телефон: Unitel + Mobicom + Skytel + My GMobile

Гар утсаараа утасны төлбөр тооцоогоо хийж, нэгж дата худалдан авч, хэрэглээний дэлгэрэнгүй зардлаа харах боломжтой. Утастай хэн бүхний заавал татах ухаалаг үйлчилгээний нэг.

Дашрамд дурдахад, шинэ технологи шилдэг шийдлүүд бүхий мэдээлэл технологийн хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс эхлэн “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжлөө. Уг арга хэмжээнд очихыг хүсвэл есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнг зориорой.

Эх сурвалж: Ub.life 

Other news

Төрийн байгууллагуудын вэб сайтуудыг нэгтгэлээ  

“Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг ашиглах журам”-ын төсөл болон “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр төрийн байгууллагын цахим хуудсыг нэг загвар, нэгдсэн удирдлагатай болгож, “И-Монголиа”-тай холбох нөхцөл бүрдэж байна. Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг ашиглах журмыг баталж, хэрэгжүүлснээр төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, тэдгээртэй холбогдох мэдээ, мэдээллийг нэг цонхоор хүргэж эхэллээ. Тодруулбал, өнгөрөгч есдүгээр сард “Төрийн байгууллагын нэгдсэн системийн туршилтын хувилбар”-ыг Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Үүнээс хойш, уг системд “Санал, хүсэлт” цонх үүсгэн, олон нийтээс санал авчээ.  Мөн “Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас gov.mn сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, 16 яам, 21 аймаг, 9 дүүргийн албан хаагчдад сургалт зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангажээ. Тагнуулын ерөнхий газраар төрийн байгууллагын нэгдсэн систем (gov.mn)-д мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг хийлгэж, холбогдох зөвлөмжийн дагуу “Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг ашиглах журам”-ын төслийг боловсруулж, батлууллаа.

Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан болов

Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 8 дугаар хуралдаан 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Вена хотноо боллоо. Хуралдааныг Монголын талаас Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Австрийн талаас Хөдөлмөр, эдийн засгийн яамны Олон улсын эдийн засгийн харилцааны газрын Ерөнхий захирал Франц Вессиг нар хамтран удирдаж явуулав. ЗГХК-ын хуралдаанаар цахим хөгжил, уул уурхай, санхүү, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгаль орчин, авто тээвэр болон барилга хот байгуулалтын салбарт хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй хэлэлцэв. Тухайлбал, “Шинэ Зуун мод” төсөл, гэр хорооллын бүсэд өндөр хурдны интернет нэвтрүүлэх төслийг монголын тал танилцуулж, санал солилцов. Түүнчлэн мэдээлэл, харилцаа холбооны технологийн шийдлийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлж, цахим засаглалыг хөгжүүлэхэд харилцан туршлага солилцох өргөн боломж байгааг нотолж, холбогдох байгууллагууд хоорондын шууд харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаар тохиров. Мөн оюутан солилцоо, иргэд хоорондын харилцаа, боловсрол, соёл, спортын салбарт хэрэгжүүлэх санаачилгын талаар хэлэлцэж, уул уурхай, авто тээвэр, нийгмийн хамгааллын салбарын хэлэлцээр, яриа хэлцлийг урагшлуулахаа талууд нотоллоо. Хуралдааны үеэр “Монгол-Австрийн бизнес форум”-ыг зохион байгуулсан ба Монголын 10 гаруй, Австрийн 40 компанийн төлөөлөл оролцож, хоёр талын хувийн хэвшлээс дэвшүүлсэн тодорхой төсөл, санаачилгыг ЗГХК-ын хуралдаанаар мөн хэлэлцэв. Хоёр улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд эрүүл мэнд, хүний хөгжил, дэд бүтцийн салбарт олон төсөл амжилттай хэрэгжиж буйг талууд онцолж, Хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үндэсний сүлжээ байгуулах төсөл, АШУҮИС болон эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн гэрээг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцов. Энэ оны 7 дугаар сард Монгол, Австри Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн тохиох бөгөөд энэ хүрээнд Австрийн аж ахуйн нэгжийн төлөөлөл энэ оны 9 дүгээр сард Монгол Улсад ирж ажиллахаар болов.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Киргиз улстай дижитал шилжилтийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Цахим хөгжил, дэвшилтэт технологийн сайд Жамангулов Азамат Саадатбекович нар “Дижитал шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зурлаа.  Ингэснээр Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон түүнд хамаарах тогтолцоог хөгжүүлэх чиглэлд харилцан туршлага солилцож, Төрийн цахим үйлчилгээний үндсэн болон дэмжих системүүдийг  экспортлох боломж нээгдэх юм. Мөн хоёр улс цахим хөгжил, дижитал эдийн засаг, төрийн цахим үйлчилгээ, хиймэл оюуны чиглэлээр мэдээллийн технологийн компаниудын хамтын ажиллагааг дэмжих, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах зэрэг цаашдын хамтын ажиллагааны суурийг бүрдүүллээ.