Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Digital Nation -2021 | Цахим эриний хурдтай тоглогчид

2021.08.27

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж буй билээ. Засгийн газраас гаргасан “Цахим Үндэстэн” санаачилга, Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой зэрэг чухал үйл явдлуудын давхцал дээр ийнхүү салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ тутам бизнесүүд, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах гэж байна. Үүнтэй холбогдуулан цахим шилжилт, технологийн дэвшлээр салбараа манлайлж буй компаниудын төлөөлөлтэй хийсэн ярилцлагыг цувралаар хүргэж байна. ДДЭШТВ–ИЙН МАРКЕТИНГИЙН ХЭЛТСИЙН МЕНЕЖЕР У.БЭРЦЭЦЭГ: БИД ДЭЛХИЙН СТАНДАРТААС ЗАРИМ ТАЛААРАА ТҮРҮҮЛЖ АЛХАЖ БАЙЖ Ч МЭДНЭ

Бид Монголдоо анх удаа хиймэл дагуулын телевизийн үйлчилгээ үзүүлж эхлээд 13 жил болж байна. Өнөөдрийн байдлаар хамгийн олон үзэгч, хэрэглэгчтэй компани болж төлөвшжээ. 

Эх орны өргөн уудам нутгийн өнцөг булан бүрд манай үйлчилгээ хүрч, хүмүүс дэд бүтэц, шилэн кабелийн хөгжлөөс хамааралгүйгээр телевиз үзэх боломжтой болсон. Монголд Улсад харилцаа холбооны салбар байгуулагдаад 100 жил болж байна. Энэ хугацаанд ДДэшТВ хэрэглэгчдэдээ газар зүйн байршлаас үл хамааран мэдээлэл хүлээж авах ялгаваргүй, тэгш хүртээмжтэй нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь салбартаа оруулсан хувь нэмэр хэмээн бахархдаг.

Манай хиймэл дагуул дэлхийгээс 35800км-ийн зайд буюу /GEO/ тойрог замд байрладаг. Сонирхуулж хэлэхэд, эхний хоёр тойрог зам дээр дэлхийн гадаргын нягтаршил сайтай зураг авах зориулалт бүхий хиймэл дагуулууд, GPS буюу байршил тогтоох, цаг агаарын төлвийг ажиглах зориулалттай хиймэл дагуулууд байдаг юм билээ. Харилцаа холбооны хиймэл дагуул бусад хиймэл дагуулаа бодвол дэлхийгээс хамгийн хол зайд байрладаг.

2008 онд ДДэш үйл ажиллагаагаа эхлэхдээ аль хэдийн хөөрөөд 6 жил болчихсон байсан хиймэл дагуул дээр түрээсийн үйлчилгээ авч, телевизийн сувгуудаа дахин дамжуулж байлаа. Дараа нь 2017 онд Солонгосын KT Sat компанийн хиймэл дагуулд монгол улсын газар нутгийг бүрэн хамарч чадах цацрагийг захиалж хийлгэсэн. Үйлдвэрлэгч нь Франц улсын “Thales Alenia Space”, хөөргөгч пуужин нь алдарт Элон Маскын “SpaceX” компаний “Falcon 9” хэмээх дахин ашиглагддаг пуужин байлаа. Ингэснээр манай үйлчилгээ илүү боловсронгуй болж, тавган антенн жижгэрч, хүлээж авах HD сувгуудын тоо нэмэгдсэн. 

Одоо үйлчилгээ маань боловсронгуй болохын хэрээр бид үзүүлэх контентууддаа илүү анхаарч, хэн юу үзэх эрэлт хэрэгцээтэй байна вэ гэдгийг чухалчилж эхлээд байна. Өнөөдөр хэрэглэгч ямар технологиор юм үзэж байна гэхээс илүү ямар контент үзэж байна вэ гэдэг нь чухал болчихлоо. Тиймээс бид хот хөдөө, интернэттэй интернэтгүй ямар ч нөхцөлд үзэх кино суваг, сошиал суваг зэргийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Ингэснээр бид дэлхийн стандартаас огт хоцроогүйгээр үл барам, зарим талаараа түрүүлж алхаж байж ч магадгүй. 

Энэ жил уламжлалт ICT Expo “Digital Nation” арга хэмжээ болж өргөжин зохион байгуулагдахаар бэлтгэлээ хангаж буй. Өнөөдөр мэдээллийн технологитой хамааралгүй салбар гэж байхгүй боллоо. Тэр утгаараа олон салбарыг хамарсан, том арга хэмжээ болох нь. Бидний хувьд арга хэмжээнд контентын үйлчилгээ, кино болон сошиал сувгуудаа танилцуулахаар зорьж байна.

ГОЛОМТ БАНКНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ М.САЙНБИЛИГ: ДИЖИТАЛ ҮНДЭСТЭН БОЛОХ СУУРЬ АЖЛУУДАА БИД АЛЬ ХЭДИЙН ХИЙЧИХЭЭД БАЙНА

Fintech буюу Financial technology гэдэг нь санхүүгийн үйлчилгээг технологийн үйлчилгээтэй хослуулж, илүү хялбар, инновацлаг байдлаар санхүүгийн суурь бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх арга зам. Гол зорилго нь цаг хугацаа, зардал хэмнэж, харилцагчийн сэтгэл ханамжийг хэд дахин нэмэгдүүлэхэд оршино. 

Монголд финтекийн салбар сүүлийн таван жилд огцом хөгжиж байна. Төлбөр тооцоо, зээл, хадгаламж гэсэн банк санхүүгийн гурван суурь үйлчилгээ, дээрээс нь хөрөнгө оруулалтын үйлчилгээ болох блокчэйн, крипто технологи финтек хэлбэрээр хэрэглээнд нэвтэрлээ. Энэ дундаас зээлийн үйлчилгээний платформууд зарим талаараа олон улсад ч жишиг болохуйц хэмжээнд хүрээд байгаа. 

Харин төлбөр тооцооны ухаалаг шийдлийг одоогийн байдлаар банкууд илүүтэй гаргаж буй. Хөрөнгө оруулалтын хувьд блокчэйн, крипто валют хөгжиж байгаа ч хувьцаа, бондын хөрөнгө оруулалт дээр ажиллах орон зай байсаар байна. Үүнийг алгасаад явчих шиг болов уу гэж би хувьдаа хардаг юм. 

Энэ бүх салбарууд харилцан хамтран ажиллаж, бие биенийхээ давуу талаас суралцан цэвэр өрсөлдөөний зарчмаар ажиллаж, ахархан хугацаанд маш их зүйлийг хийж амжууллаа. Үүний үндсэн дээр финтек суурьтай үйлчилгээнүүд маш нээлттэй байдлаар хурдтай хөгжлөө. Манай банк бол үүний сайн жишээ. 

Нийгэм дэх бүхий л төрлийн үйлчилгээ явж явж эцэстээ төлбөр тооцоо хийх учраас банктай л холбогддог. Бид тэр л бүх дэд бүтцийг бэлдэж, боломжит шийдлүүд, олон улсын жишигт нийцсэн мэдээллийн аюулгүй байдлыг санал болгон ажиллаж байна.

Дэлхийн хэмжээнд үзвэл, нийгэм, эдийн засгийн хувьд ижил төстэй орнуудтай харьцуулахад бид нэлээн дээгүүрт явж байгаа. Монгол залуучуууд, старт-апууд, финтек компаниуд Монголдоо биш олон улсад өрсөлдөх амбицтай байгаа нь ч үүний тод илрэл.

Үүнд улс төр, засгийн газрын шийдвэр, бодлогууд ч ээлтэй нөлөө үзүүлж байна. Нөгөө талаас манай харилцагчид, иргэд шинэ зүйлийг хүлээж авах нь хурдан.  Аль ч талаас нь харсан бид хоцроогүй.

Энэ жил “Digital Nation-2021” арга хэмжээ есдүгээр сард болох гэж байна. Бид дижитал үндэстэн болоход ойрхон, яагаад гэвэл зарим суурь ажлуудыг аль хэдийн хийчихсэн байгаа шүү дээ. Монголд интернэт хэрэглэгчдийн тоо маш өндөр. Энэ бол давуу тал. Банк санхүү, харилцаа холбооны оператор компаниуд олон улсад өрсөлдөхүйц түвшинд ажиллаж байна. Мөн старт-апууд их байна. Зөвхөн fintech биш, edutech, healthtech гээд олон салбарт оролдлого хийсээр байгаа. Тиймээс одоо бүгдээрээ нэг зүгт харж чадвал таван жилийн дотор зорилгодоо хүрэх боломжтой гэж бодож байна. 

Өнөөдөр мэдээллийн технологи ашиглаагүй, дижитал эдийн засгийг харж чадаагүй компани ард хоцрох нь ойлгомжтой боллоо. Энэ цаг үед ийм өргөн цар хүрээтэй, том амбицтай арга хэмжээ зохион байгуулж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Энгийн онлайн үйлчилгээ бүгдэд л байна. Гол нь тэд хоорондоо холбогдож байж дижитал болно шүү дээ. Нийгмийн аль ч салбарын үйлчилгээг авахдаа олон аппликэйшн, олон вэб хуудсанд хандах биш, нэг дороос үйлчилгээ авч, “shared economy”-г хөгжүүлснээр дижитал шилжилт бүрэн утгаараа ирэх болно. Тиймээс бүгдээрээ уялдаа холбоотой хамтран ажиллаж, дижитал үндэстэн болъё. Энэ стратегийн хараа бол “Digital Nation-2021” гэж ойлгож байна. 

ZTE КОРПОРАЦЫН МОНГОЛ ДАХЬ ОФФИСЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ З.ТУЛГУУР: АЗИ, ЕВРОПЫН ОРНУУД ХЭДИЙН 5G-Д СУУРИЛСАН ХӨГЖИЛ ГЭЖ ЯРИАД ЭХЭЛЧИХСЭН. МОНГОЛ УЛС Ч ЭНЭ ХӨГЖЛӨӨС ХОЦРОХ УЧИРГҮЙ

5G технологийг дэлхий даяар аж үйлдвэрийн 4-р хувьсгал хэмээн тодорхойлж буй. Хамгийн энгийн жишээ татахад, 5G технологи нэвтэрснээр хэрэглэгчид хүрч буй интернэтийн хурд 100 дахин нэмэгдэнэ. Гэхдээ 5G-г зөвхөн интернэтийн хурдаар хязгаарлаж болохгүй. Хоцрогдлыг арилгах буюу цаг хугацаа, орон зайн хамаарал үгүй болгож байгаа нь 5G технологийн цаад мөн чанар, хамгийн том давуу тал юм. Эрүүл мэндийн салбараар жишээ авъя л даа. Монгол орон 5G сүлжээнд холбогдчихвол Улаанбаатар хотод байгаа өндөр ур чадвартай мэс засалч роботын тусламжтайгаар алсын зайнаас мэс засал хийх боломж бүрдэнэ. Робот ашиглан зайнаас мэс засал хийх үед эмчийн өгч буй команд ганц хоёр секундээр хоцроход л өвчтөний эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй. Харин 5G-д ийм хоцрогдол байхгүй учраас л аж үйлдвэрийн 4-р хувьсгал хэмээж буй. Энэ технологи цаашид нийгмийн бүхий л салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой, тэгэх ч шаардлагатай. Ухаалаг хот, ухаалаг зам тээвэр, ухаалаг эрчим хүч, ухаалаг эрүүл мэнд гээд олон салбарт өндөр хурд, чанартай үйлчилгээг үзүүлэх боломж айсуй. Ялангуяа Монгол Улс цахим шилжилт хийхээр ярьж буй энэ цаг үед 5G нь нэн шаардлагатай технологи юм. Ингээд ярихаар “Тэгвэл бид хэзээ 5G технологийг өдөр тутамдаа ашиглаж эхлэх вэ” гэсэн асуулт хүн бүрийн толгойд эргэлдэх нь лавтай. 

1985 онд үүсэн байгуулагдсанаас хойш өргөжин тэлсээр өдгөө дэлхийн 160 гаруй улсад  70 мянган ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг харилцаа, холбооны салбарын дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг ZTE корпорац Монгол Улсад 5G технологийг нэвтрүүлэхээр зорьж байна. Бид 2003 онд анх Монголд салбараа нээснээс хойш Монгол Улсын 320 гаруй сум, суурин газрыг холбосон 9000 км шилэн кабель тавих, Улаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хичээлийг алслагдмал аймаг, сумын хүүхдүүдэд онлайн хэлбэрээр хүргэх зорилготой “Шинэ зууны боловсрол” зэрэг олон чухал төслийн гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай. Манай компани 2021 оны эхний хагасын байдлаар 90 гаруй оператор компани, 500 орчим аж үйлдвэрт 5G технологийг нийлүүлэхээр хамтран ажиллаж байна.  Монгол Улсын хувьд хэзээ нэвтрүүлэх вэ гэдэг нь засгийн газраас хамаарах бодлогын асуудал тул засгийн газар оператор компаниудад 5G-ийн лицензийг олгосны дараа бидний ажил албан ёсоор эхэлнэ. Иймд ZTE корпорац одооноос 5G гэж юу болох, үүгээр дамжуулж ямар үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх боломжтой болохыг оператор компаниуд, хэрэглэгчдэдээ таниулахыг зорьж байна. Ази, Европын орнууд хэдийн 5G-д суурилсан хөгжил гэж яриад эхэлчихсэн. Монгол Улс ч энэ хөгжлөөс хоцрох учиргүй гэж бид хардаг. 

Манай компани энэ жилийн “Digital Nation-2021” арга хэмжээний үеэр Харилцаа Холбооны Зохицуулах Хороотой хамтран Монгол Улсын анхны 5G демо сүлжээг байгуулж, үйлчилгээнүүдийг туршиж үзэх гэж байгаадаа баяртай байна. 5G технологи нэг талаас хязгааргүй боломжийг бий болгож буй ч нөгөөтэйгүүр гарт баригдаж, нүдэнд үзэгддэг зүйл биш учраас 5G-ийн хэрэглээ ямар байж болох вэ гэдгийг монголчуудад жишээ байдлаар үзүүлэхээр бэлдэж байна. 5G wireless-т суурилсан дрон, ухаалаг нохой, 16 HD сувгийг зэрэг дамжуулах, AR болон VR технологи, ZTE корпорацын үйлдвэрлэсэн 5G гар утас зэргийг энэ үеэр танилцуулах юм. Өмнө дурьдсанчлан 5G технологи энэ хэдхэн зүйлсээр хязгаарлахгүй гэдгийг хэрэглэгчид ойлгоосой гэж хүсэж байна. 4G иргэдийн амьдралыг өөрчилсөн технологи байсан бол 5G нь нийгмийг өөрчлөх технологи юм. Харин үүнд тулгуурлаж цааш юу бүтээх вэ гэдэг нь тухайн хувь хүн, компани, ард түмний сэтгэлгээнээс хамаарна.

Other news

“Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэлж байгаатай  холбогдуулан нээлтийн арга хэмжээнд оролцохоор ирсэн ПАРИС21, Дэлхийн банк, Гүүгл -ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаа. Уулзалтад 21-р зууны хөгжлийн төлөөх статистикийн түншлэл (ПАРИС21) байгууллагын Өгөгдөл ба хиймэл оюун ухаан хариуцсан бодлогын ахлах шинжээч, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Ерөнхий статистикчийн ахлах зөвлөхФрансуа Фонтенью, Дэлхийн банкны Хөгжлийн өгөгдлийн хэлтсийн захирал Оливье Дуприз, Google компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Прем Рамасвами болон Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваа нар  оролцлоо. ҮСХ нь ПАРИС21, Дэлхийн банк, Гүүгл компанитай хамтран Хиймэл оюун ухааныг албан ёсны статистикийн мэдээллийг боловсруулахад ашиглах “Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийг 2025 оны 9-р сарын 16-ны 15:00 цагт нээж, төслийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, 2026 оныг дуустал хэрэгжинэ. Монгол Улс хамтын ажиллагааны хүсэлтээ 2025 онд албан ёсоор ПАРИС21 байгууллагад илэрхийлсний үр дүнд нь төслийг хэрэгжүүлж, үр шимийг хүртэх 5 улсын 1-ээр сонгогдон оролцож байна. Төслийн зорилго: Үндэсний статистикийн систем нь Хиймэл оюун ухаан (ХОУ)-ыг үйл ажиллагаандаа ашиглах бэлэн байдлыг өгөгдөл, платформ ба дэд бүтэц, хүний нөөц ба чадавх, засаглал гэсэн дөрвөн чиглэлээр сайжруулахад оршино. Энэхүү төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа: ПАРИС21, Дэлхийн банк, Гүүгл -ийн төлөөлөгчид нь “Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийн нээлтийн үйл ажиллагааны нээлтэд оролцохоос гадна Үндэсний статистикийн хороо, төрийн байгууллагын албан хаагчдад Дэлхийн банкны зүгээс хөгжүүлсэн мета өгөгдлийн арга хэрэгслийн танилцуулах сургалтыг зохион байгуулах зорилготой Монгол Улсад ирээд байгаа юм байна. Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны яамны зүгээс “Их өгөгдөл, хиймэл оюун ухааны үндэсний стратеги”-ийн төслийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгааг Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар тодотголоо . Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар  төслийн үйл ажиллагаа, ялангуяа мета өгөгдлийн нэгдсэн сан байгуулах үйл ажиллагаа болон мета өгөгдлийн стандартыг боловсруулж, нэвтрүүлэхэд Үндэсний статистикийн хороог дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

ЦХХХ-ны Дэд сайдаар Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Золбаяр нар томилогдлоо

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны Дэд сайдаар Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Золбаяр нар томилогдлоо 2022.08.31 Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайдаар Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Золбаяр нарыг томиллоо. Б.Болор-Эрдэнэ нь 2020 онд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр  сараас өнөөдрийг хүртэл Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цахим хөгжлийн дэмжих багц хуулиуд болон төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-г санаачлан хэрэгжүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай хүргэх тал дээр анхаарч ажиллаж байсан бөгөөд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлсэн юм.  БОЛОВСРОЛ 2016-2017: Оксфордын Их Сургууль, Англи, Нийтийн удирдлагын магистрын зэрэг 2011-2014: Хандон Глобал Их Сургууль, БНСУ, Бизнесийн удирдлагын магистрын зэрэг 2007-2011: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Олон Улсын Харилцааны бакалаврын зэрэг 1999-2007: Булган аймаг Ерөнхий боловсролын сургууль АЖЛЫН ТУРШЛАГА 2022.01-одоог хүртэл: Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга 2020.07-2022.01: Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга 2020.01-2020.07 Монгол Улс, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжлийн үндэсний хорооны Ажлын албаны дарга 2019-2020.07: Оксфордын Их Сургууль болон Гейтс сангийн хамтарсан санхүүжилттэй “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн зохицуулагч 2018-2020.07: Дэлхийн банк, Австрали Улс дахь салбарт Үнэлгээний зөвлөх 2017.05-2017.09: Их Британийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Судлаач 2011-2017: Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Мянганы сорилтын сан, Тогтвортой хөгжлийн олон улсын институт, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг байгууллагуудад зөвлөхөөр ажиллаж байсан. ОНЦЛОХ АЖЛУУД Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia -г нэвтрүүлэв. e-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээсэн. Тус системд өнөөдрийн байдлаар төрийн 63 байгууллагын 685 үйлчилгээ, 21 аймгийн нутгийн захиргааны 1284 үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж нэгтгэгдээд байна. E-Mongolia систем нь өнөөдрийн байдлаар 1.9 сая идэвхтэй хэрэгчидтэй болсон бөгөөд нийтдээ давхардсан тоогоор 14 сая гаруй үйлчилгээг цахимаар иргэд болон хуулийн этгээдэд хүргээд байна. Цахим хөгжлийн багц хуулиудыг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Цахим хөгжлийн багц хуулиуд болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кибер аюулгүй байдлын тухай хуулийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлуулсан бөгөөд 2022 оны 05-р сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Цахим хөгжлийн багц хуулийн хэрэгжилтийн хүрээнд Засгийн газраар 13, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын тушаалаар 7, нийт 20 журмыг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. “Цахим үндэстэн” бодлогын бичиг баримт бичгийг боловсруулж батлуулав. Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын бичиг баримтад нийцүүлэн Цахим үндэстэн бодлогын бичиг баримтыг боловсруулж батлуулав. Уг бодлогын бичиг баримт нь дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн  стратегийн зургаан том зорилттой. Цахим үндэстэн – Digital Nation арга хэмжээг зохион байгуулав. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга болох ICT EXPO-г 2021 онд цар хүрээг нь өргөжүүлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон DIGITAL NATION-2021 нэр дор 2021 оны 09 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулав. Код бичих охидын хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлэв Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, салбарын хүний нөөцийн хүйсийн тэнцвэрийг хангах, ирээдүй хойч үеэ технологийн салбарт дурлуулах, хүүхэд залуусын сонирхлыг ХХМТ-ийн салбарт татах зорилгоор “Код бичих охидын хөтөлбөр”-ийг санаачилж амжилттай хэрэгжүүлэв. Энэхүү хөтөлбөрөөр 2021 онд 30 охидыг амжилттай хамруулсан бол 2022 онд 50 охидыг тус хөтөлбөрт хамруулсан. Бусад салбарын хөгжлийг төсөл арга хэмжээг хэрэгжүүлэв Засгийн газрын цахим хуралдааны системийг амжилттай нэвтрүүлснээр түргэн шуурхай болсон. Үндэсний их баяр наадмын тасалбарыг анх удаа цахимаар борлуулав. Ингэснээр иргэд хүндрэл чирэгдэлгүй болсон. Боловсролын салбарт иргэдийн дунд хамгийн их бухимдал үүсгэдэг байсан цэцэрлэг болон 1-р ангийн бүртгэлийг цахимаар бүртгэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Гадаад хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргав Шинэ техник технологи, инновац нэвтрүүлэх, сайн туршлага судлах, мэдээлэл технологи, харилцаа холбооны хамтын ажиллагааг хөгжүүлэх, тус салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, салбарын гадаад харилцааг шинэ түвшинд гаргах зорилгоор олон улсын байгууллагууд, дэлхийд тэргүүлэгч технологийн компаниуд болон донор байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, харилцаа холбооны салбарын хууль эрх зүй, бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Олон Улсын цахилгаан холбооны байгууллага, Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллага, шуудан холбооны чиглэлээр Дэлхийн шуудангийн холбооны байгууллага, Ази номхон далайн шуудангийн холбооны байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн. Мөн төрийн байгууллагын албан хаагчдыг албан ёсны эрхтэй программ хангамж хэрэглүүлж хэвших зорилгоор Майкрософт компанитай хямд үнийн хэлэлцээрийг амжилттай хийж байна. Цаашилбал мэдээллийн технологийг хөгжүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр Google, Meta зэрэг дэлхийн нэр хүнтэй компаниудтай гадаад харилцаагаа өргөжүүлж байна. Сансрын технологийг хөгжүүлэх чиглэлд Ази номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO), Америкийн сансар судлалын байгууллага (NASA), Сансрын техник, технологийн тэргүүлэгч компани Space X, ОХУ-ын сансар судлалын улсын үйлдвэрийн газар Роскосмос, олон улсын сансрын холбооны байгууллага Интерспутник зэрэг байгууллагуудтай ажиллаж байна. Түүнчлэн цахим засаглалыг хөгжүүлэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Эстони Улсын Цахим засаглалын академи, Сингапур улсын Харилцаа холбоо, мэдээллийн яамтай тус тус хамтран ажиллах санамж байгуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хамтран ажиллаж байна. Мөн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк зэрэг донор байгууллагуудтай харилцан уялдаатай хамтын ажиллагааг өрнүүлж байна.  ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ЗОЛБАЯР Түүнчлэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр томилогдлоо.  Тэрбээр 2016 оноос хойш Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд  “Монголын хөгжлийн сүлжээ-2021” стратегийг боловсруулж, орон нутгийн цахим хэрэглээг 9 дахин өсгөх, дамжуулах сүлжээний нэгж үнийг 5 дахин бууруулах ажлыг хэрэгжүүлж, үндсэн сүлжээний багтаамжийг аймаг бүрт 20 дахин нэмэгдүүлэн Монгол Улсад цахим шилжилт хийх суурь дэд бүтцийг байгуулах ажлыг оновчтой зохион байгуулсан эрхэм билээ.  Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсын телевизийн дөрвөн сувгийг тоон системд шилжүүлэн, орон даяар дамжуулах төслийг боловсруулж, удирдан хэрэгжүүлж, орон даяар ашиглалтад хүлээлгэн өгсөн.  Түүнчлэн Монгол Улсын дамжуулах сүлжээний багтаамж 168 дахин, хөдөлгөөнт холбооны 4G хэрэглэгчийн тоо 10.4 дахин, хөдөө орон нутгийн интернэт хэрэглээний бодит урсгал 15.5 дахин нэмэгдсэн шууд үр дүнг гаргасан.  БОЛОВСРОЛ ЕБС-ийн 54-р сургууль ШУТИС-ийн ХМТС-ийн Мэдээллийн технологи, техникийн ухааны магистр АЖИЛ 2016-2022 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал 2012-2015 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга 2009-2012 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын

“Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” сэдэвт уулзалт Баянзүрх дүүрэгт зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан билээ. Цахим шилжилтийг эрчимжүүлэх, авлигын эсрэг, хүнд суртлыг арилгах “Шил ажиллагаа”-ны хүрээнд ЦХХХЯ, НЗДТГ хамтран “ШИЛЭН ТӨР, ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ТАНЫ ОРОЛЦОО” сэдэвт цуврал уулзалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн (2023.04.14) уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон холбогдох албан тушаалтнууд оролцож, төрийн албан хаагчдад мэдээлэл өгч байна. Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх орчныг сайжруулж тусгай зөвшөөрлийг олгох үйл явцыг цахимжуулах талаар ЗГ, ЦХХХЯ, НЗДТГ-аас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар дүүргийн холбогдох төрийн албан хаагчид, хороодын хэсгийн ахлагч нартай санал солилцох зорилготой уулзалт юм.