Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Digital Nation – 2021 | Амьдралыг хөнгөвчилсөн 10 ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ

2021.08.30

Төрийн үйлчилгээг нэг дороос авч, хүссэн цагтаа такси дуудаж, зоогийн газрын амтат хоолыг хаанаас ч хамаагүй захиалж, автобус хүлээж түүртэлгүй чиглэлийг нь дор нь харчихна… Өдрөөс өдөрт шинэчлэгдэн, хөгжиж буй мэдээлэл технологийн өнөө үед монголчууд бид хэрхэн цахим үндэстэн болох эхлэлээ тавив? 

Нэг цахим үйлчилгээний ард л гэхэд тооцоолж барамгүй цаг зав, мөнгөн урсгал, дэмий зардал, алдагдсан боломжийн өртөг хэмнэгдэж байдаг. Хурууны үзүүрээ хөдөлгөөд л өдөр тутмын амьдралыг хөнгөвчилсөн дотоодын цахим үйлчилгээнүүдийг нэгтгэн хүргэж байна.

#1 Мобайл банк – Бүх банкны аппликейшн

Бэлэн мөнгө, картын хэрэглээ бага багаар цахимжсаар ухаалаг утасны аппликейшн бүгдийг нь орлохуйц болжээ. Өөрийн ашигладаг банкны аппликейшнээ татаад л, интернэт банктай болчихсон байхад түрийвчээ орхих, картаа мартах асуудал үгүй.

#2 Нийтийн тээврийн төлбөр, чиглэл: Umoney Hipay + UB Smart Bus 

Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ картаа цэнэглэх цэг хайж явдаг цаг өнгөрчээ. Hipay ашиглаад гар утсаараа шуудхан л цэнэглэчихнэ. Мөн хаана хэзээ автобусанд сууж, бууснаа харж ч болно. Umoney-оор нийтийн тээвэр, хот хоорондын тээвэр, нислэг, галт тэрэгний хуваарийг харж болох бол UB Smart Bus-аар нийтийн тээврийн дэлгэрэнгүй чиглэл, зогсоолыг харах боломжтой.

#3 Такси дуудлага: Ubcab

Аюулгүй, найдвартай, түргэн шуурхай такси үйлчилгээний тэргүүлэх сүлжээ. Жолоочийн тухай мэдээллийг харж, үнэлгээ өгч, хэрэгцээтэй үедээ хүргэлт хийлгэж, тусгай VIP такси ч дуудаж болох ухаалаг платформ бол яах аргагүй Ubcab.

#4 Хоол хүргэлт: Tok tok Songo Toki 

Дээрх аппликейшнүүдийн “ачаар” бид хүссэн ресторан, зоогийн газрынхаа цэстэй танилцаж, хаягаа оруулаад л хоолоо хүргүүлэн авах боломжтой болжээ. Газрын зураг, хаягаа оруулах ухаалаг цэстэй, тооцоогоо мобайлаар, бэлнээр, картаар гээд төрөл бүрээр төлж болох тул ямар ч асуудал гарахгүй.

#5 Цахим төлбөрийн баримтын систем: Ebarimt

Төлбөрийн баримтаа утасны камераараа уншуулаад л болоо! Мөн татварын буцаан олголт, сугалааны дүнгээ харахаас гадна өөрийн зарлагаа төрөл ангиллаар нь хуваан, тооцоолох боломжтой.

#6 Үндэсний сошиал аппликейшн: Mongol Chat + Meme Chat

Эх хэлээрээ чатлах боломжтой, монгол залуусын бүтээсэн аппликейшнүүд. Фэйсбүүкийн мессенжерт байдаг бүх функцүүдтэй бөгөөд төлбөр тооцоо хийх гэх мэт нэмэлтүүдтэй.

#7 Төрийн үйлчилгээ: E-Mongolia

Иргэний үнэмлэхийн лавлагаанаас эхлээд компани байгуулах, орон сууц худалдан авах, боловсрол, тээврийн хэрэгслийн лавлагаа гээд 540 төрлийн үйлчилгээг шууд авах боломжтой сайт. Төрийн үйлчилгээг иргэн бүрт ойртуулсан томоохон дэвшил юм. Мөн төрийн үйлчилгээний тухай мэдээлэл авч, ойлголт мэдлэгтэй болоход ч хэрэгтэй.

#8 Боловсрол: Mplus Esan Tomyo Mongoltoli.mn 

Цахим ном унших, татаж авах, зохиолч бүтээгч нарт хөрөнгө оруулах, олон улсын сэтгүүл, судалгааны материал уншихад Mplus, Esan тусалж чадна. Харин цахим сургалтын Tomyo сайт нь хэрэглэхэд хялбар, академик хичээлүүдтэй бөгөөд даруй 200,000 гаруй хэрэглэгчтэй болоод байна. Зөв бичгийн дүрэм шалгах, эх хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд Mongoltoli.mn тусалж чадна.

#9 Эх хэл: Ikon + Chimege

Бүх төрлийн ухаалаг төхөөрөмжүүдтэй хоршин ажиллах эл хоёр технологи нь монгол кирилл үсэг ашиглах боломжийг бүрдүүлсэн бөгөөд ашиглахад тун хялбар. Монгол яриаг бичвэрт буулган хөрвүүлэх ухаалаг Чимэгэ системийн монгол хэлний нарийвчлал 97 хувь байгаа нь олон улсад өндөрт тооцогдох үзүүлэлт юм.

#10 Үүрэн телефон: Unitel Mobicom Skytel My GMobile

Гар утсаараа утасны төлбөр тооцоогоо хийж, нэгж дата худалдан авч, хэрэглээний дэлгэрэнгүй зардлаа харах боломжтой. Утастай хэн бүхний заавал татах ухаалаг үйлчилгээний нэг.

Дашрамд дурдахад, шинэ технологи шилдэг шийдлүүд бүхий мэдээлэл технологийн хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс эхлэн “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжлөө. Уг арга хэмжээнд очихыг хүсвэл есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнг зориорой.

Эх сурвалж: Ub.life 

Other news

ЦХХХЯ агаар, сансрын технологийн “Сансар судлалын шинэ үе” эрдэм шинжилгээний хурлыг ШУА-тай хамтран зохион байгуулж байна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ агаар, сансрын технологийн “Сансар судлалын шинэ үе” эрдэм шинжилгээний хурлыг ШУА-тай хамтран зохион байгуулж байна 2022.10.17 ШУА-ийн Физик, Математик Информатикийн салбарын Бага чуулганаас ЦХХХЯ, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн, МУИС болон Монголын Сансрын Технологийн Холбоотой хамтран Монгол Улсад хөгжиж буй сансар судлал; агаар, сансрын технологийн салбарын ололт амжилт, шинэ шийдэл, дэвшилтэт арга технологи, нэвтрүүлж буй инновац, судалгаа болон хөгжүүлэлтийн ажлын үр дүнг хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор академич Б.Ширэндэвийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Сансар судлалын шинэ үе” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр буюу 10 сарын 17-ны өдөр ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Астропаркийн хурлын танхимд зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний хуралд ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтсийн дарга Ц.Гантөгс, ШУА-ийн Физик, Математик, Информатикийн салбарын Бага чуулганы эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Ц.Болортамир, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл, Сансрын нисэгч Ж.Гүррагчаа болон Монголын Сансрын Технологийн Холбооны  ерөнхийлөгч, доктор Д.Эрдэнэбаатар, хамтран зохион байгуулагч байгууллагуудын төлөөллүүд сансрын технологийн салбарын 20 орчим эрдэм шинжилгээний илтгэлүүд тавьж, хэлэлцлээ. Хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүдийн үр дүнд гарсан санал, зөвлөмжийг “Сансрын Үндэсний Зөвлөл”-д хүргүүлэх юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Ц.Баатархүү: Шуудан хүргэлтэд дрон ашиглана

Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам “Шийдэлтэй уулзалт: Шуудангийн шинэчлэл” дугуй ширээний уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар шуудангийн салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, хүргэлтийн үйлчилгээний чанарыг сайжруулах талаар нээлттэй санал солилцсон юм. Уулзалтыг нээж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү үг хэлэхдээ “Цахим эдийн засгийг дэмжих гол дэд бүтэц бол Шуудан юм. Шуудангийн харилцаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйл. Харамсалтай нь Монгол Улсад орхигдоод 10 гаруй жилийн нүүрийг үзжээ. Өнөөдрийн байдлаар энэхүү салбарт тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа ч зах зээл нь 40 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын орлогын 2 хувийг л бүрдүүлдэг гэсэн үг. Иймд нэн түрүүнд хууль эрхзүйн орчныг шинэчилж, ойлгомжтой болгох чиглэлд ажиллаж байна. Хоёрдугаарт, шуудангийн салбарт дроныг нэвтрүүлэх, Apple pay, Paypal зэрэг гадаадын төлбөр тооцооны системийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн хүргэлтийн системийг сайжруулахын тулд гааль, татварын асуудлыг бүс нутгийн хэмжээнд ойлгомжтой болгоно. Ингэснээр үндэстэн дамнасан худалдааны эргэлт сайжирна” хэмээн онцлов. Иймд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс “Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийг өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байгаа тухай тус яамны Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдорж хэллээ. Тэрбээр “8 бүлэг, 27 зүйлтэй Шуудангийн тухай хуулинд Монгол Улстай ижил хөгжиж буй статустай орнуудын холбогдох эрх зүйн зохицуулалттай харьцуулахад зохицуулагдаагүй орхигдсон харилцаа цөөнгүй байна. Тухайлбал, шуудангийн сүлжээ эзэмшигч, түүний эрх үүрэг, хяналтын тогтолцоо, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл зэрэг зохицуулалтыг илүү нарийвчлан зохицуулах шаардлагатай” гэдгийг дурдав.  Шийдэлтэй уулзалт | Шуудангийн шинэчлэл дугуй ширээний уулзалтад яамны харьяа болон салбар байгууллагын удирдлагууд болон Улсын бүртгэлийн газар, Монгол банк, Гаалийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Шуудангийн үйлчилгээ үзүүлэгчдийн нэгдсэн холбоо зэрэг төрийнн хувийн хэвшлийн 50 гаруй төлөөлөл оролцлоо. Аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн зүгээс хаягжилтыг тодорхой болгох, шуудангийн нэгдсэн кодыг нийтийн хүртээл болгох, тээвэр зууч, ханган нийлүүлэлтийн сүлжээ, хяналтын тогтолцоог сайжруулах, гаалийн бүрдүүлэлтийг цахимжуулах зэрэг санал хүсэлтийг гаргав Уулзалтын дараа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс зөвлөмж гарган, хууль, журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллах юм.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 149 дүгээр тогтоолоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томиллоо. ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нь 2007 оноос хойш улсад 16 жил, төрийн байгууллагад 14 жил ажилласан туршлагатай юм. Боловсрол: 2002-2007 онд Монгол Улсын Их Сургуулийн, Хууль Зүйн Сургууль эрх зүйч бакалаврын зэрэг 2014-2015 онд “University of Melburne” Австрали улс, Хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Мэргэшил: 2020.06-2020.08 Удирдлагын академи, Төрийн албаны сургууль, Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт 2014 оноос Монголын Хуульчдын Холбоо, Хуульчийн мэргэшүүлэх багц сургалтуудад хамрагдаж мэргэшсэн. Ажлын туршлага: 2007-2011 онд Хүний эрхийн үндэсний комисст референт, ахлах референт 2011-2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжилтнээс Хуулийн хэлтсийн дарга 2018-2020 онд Капкорп Монголиа ХХК хуулийн зөвлөх 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ахлах референт 2021-2022 оны 09 сар Улсын Их Хурлын Тамгын газар УИХ-ын гишүүний зөвлөх 2022 оны 09 сарын 02-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны  Төрийн захиргааны удирдлагын газрын дарга 2023 оны 01 сарын 12-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг давхар хашиж байсан юм.