Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хорооны хараат бус, бие даасан үйл ажиллагааг хуулийн хүрээнд бодлогоор дэмжин ажиллана

2022.09.08

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллаж, бодлого үйл ажиллагаатай танилцан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, чиг үүргийн зөвлөмж өгч ажиллалаа.

ЦХХХ-ны сайд Г.Учрал: Нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлж, нийтэд ил тод болгох шаардлагатай 67 мэдээллийг шуурхай ил тод болгох, цаашид салбарын хуулиудыг хэрэгжүүлэхэд манлайлж ажиллахыг чиглэл болгосон юм.

Мөн түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хороог 5G технологи нэвтэрч байгаатай холбоотой радио давтамжийн зурвасыг үр ашигтай хуваарилах, дахин төлөвлөлт хийх, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжин ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай болон Шуудангийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт орж ажиллах, харилцаа холбооны сүлжээний дахин төлөвлөлт хийх, сүлжээний давхардлыг арилгах, тоон бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, ач холбогдлыг сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллах хэрэгтэйг дурдлаа.

Харилцаа холбооны зохицуулах хороо салбарын зохицуулалтыг хийж байгаа гол байгууллага тул бие даасан хараат бус ажиллахад, Засгийн газрын гишүүн, сайдын хувьд бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Other news

ЦХХХЯ НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг өнөөдөр /2023.10.03/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол улсын цахимжилт, шилэн, ил тод байдал олон улсад үнэлэгдсэнийг онцолж, цахим шилжилтийг эрчимжүүлэх бодлогын хүрээнд хийж буй ажлуудаа танилцууллаа. Мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм. НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, цахимжилт тэр дундаа хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжих E-Business.mn платформыг үр дүнтэй ажиллуулж байгааг онцоллоо. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд ЦХХХЯ манлайлж, хамтран ажиллахыг хүслээ.

Ц.Баатархүү: Малчид сүлжээ дагаж нүүдэллэх шаардлагагүй болно

Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын чуулган Хэнтий аймагт энэ сарын 29-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус чуулганыг нээж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү 2025 онд хийж хэрэгжүүлэх онцлох 10 ажлынхаа талаар илтгэл тавив.  Тэрбээр, “Цахим хөгжил дэлхий, улс орнуудын хөгжлийг тодорхойлж байгаа энэ цаг үед Монгол Улс хаашаа явах вэ гэдгийг хэлэлцэхээр цуглаад байна. Төрийн үйлчилгээг хүссэн үедээ авах боломжтой КИОСК машины хэрэглээ 88 хувьд хүрсэн, e-mongolia-г зүүн бүсийн иргэдийн 50-аас дээш хувь нь ашиглаж байна.  НҮБ-аас цахим хөгжлийн индексийг хоёр жил тутамд үнэлдэг. Монгол Улсын цахим хөгжлийн индекс өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад 28 байр урагшилж, манай улсын цахим хөгжил дэлхийд 48 дугаарт бичигдсэн. Монгол Улсын ихэнх үзүүлэлт дэлхийд 80-103-т бичигддэг бол цахим засаглалын индексээр эхний 50-д орж байна гэдэг энэ салбарын хүмүүсийн хамтын зүтгэл юм.  Яамны бодлого хаашаа явж байгааг илэрхийлэх 10 чухал ажлыг хэлье.  Бид 5G буюу дэвшилтэт холбооны шинэ технологийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Ингэснээр сум, багт байгаа бүх хүн төрийн үйлчилгээ, тэрдундаа боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг Улаанбаатарт байгаа мэт шууд авах боломж бүрдэнэ. Жолоочгүй тээвэр, дрон, нисгэгчгүй онгоц зэрэг технологийн дэвшлийг амьдралд хэрэгжүүлж, Зүүн бүсэд хүнс технологи, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэ ажил буюу 5G хувь нэмэр оруулна. Сум орон нутаг дахь интернэт, харилцаа холбооны дэд бүтцийг өргөжүүлэхэд анхаарна. Суманд байгаа сургууль, эмнэлгийн интернэтийн хурдыг 10 дахин нэмэгдүүлэх төслийг эхлүүлсэн. Ингэснээр сумын төвөөс дэлхийн ямар ч хичээлийг үзэх боломжтой болно.  Тойрог шилэн кабелийн холболтыг эхлүүлж байгаа. Ингэснээр цахим хөгжилд найдвартай байдлыг бий болгож байна. Гуравдагч хөрш рүү мэдээллийн технологийн гарцыг эхлүүлэх дэд бүтцийг нээж өгч байна. Хаанаас ч дэлхий рүү холбогддог харилцаа холбооны дэд бүтцэд анхаарч байгаа. Зүүн бүсэд хөдөлгөөнт холбооны цэгүүдийг ашиглалтад оруулна. Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт энэ жил 29 цэгт сүлжээ оруулна. Ингэснээр малчид сүлжээгээ дагаж нүүдэлдэг биш, хаана амьдарч байгаагаас үл хамааран харилцаа холбооны дэд бүтэц нь бэлэн байдаг нөхцөл бүрдэх юм” гэлээ. Түүнчлэн, орчин үеийн алт бол интернэт.  ЖДҮ эрхэлж байгаа орон нутгийн иргэд Монголд байгаа барааг дэлхий рүү, дэлхийд байгаа барааг таны гарт хүргэх цоо шинэ технологийг нэвтрүүлж байгаа гэдгийг тэрбээр онцоллоо

Ц.Баатархүү: Үндэсний хиймэл дагуултай болсноор кибер аюулгүй байдал хангагдах боломж бүрдэнэ

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Сансрын үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал “Үндэсний хиймэл дагуул” мега төслийн байнгын хорооны гишүүдэд танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ч.Анар  “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл”-ийг дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх арга зам, төсөв, хөрөнгийн талаар асууж тодрууллаа. Мөн тэрбээр төслийг хэрэгжүүлэх үнэ хэт өндөр буй учраас  дахин судалж ярилцах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа хэллээ. УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, хиймэл дагуул хөөргөснөөр кибер аюулгүй байдлын хамгаалалтыг хэрхэн сайжруулах вэ, эрсдэлийн урьдчилсан тооцооллын талаар тодруулав. Гишүүдийн асуултад Цахим хөгжил, инновац, харилцаа, холбооны сайд Ц.Баатархүү, “Монгол Улс кибер аюулгүй байдлыг үнэлдэг 5 түвшний “Бэхжиж байгаа” буюу дундуур үзүүлэлтийг хангаж байгаа. Монгол Улсад Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх “Үндэсний төв”, ЦХИХХ-ны дэргэдэх Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Батлан хамгаалах салбарын кибер аюулгүй байдлын төв гэсэн гурван байгууллага ажиллаж байгаа. Төр, захиргааны байгууллага болон бүх түвшинд кибер аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох шаардлагатай байна. Мөн хууль, эрх зүйн орчин, техник, технологийн хувьд сайжруулах асуудал бий. ЦХИХХЯ-ны хувьд 2025 онд Монгол Улсын кибер аюулгүй байдлын зэрэглэл ямар түвшинд байгааг мөн аль салбарт мэдээлэл алдах эрсдэлтэй байгааг тодорхойлно. Үүний дараа гадаад хамтын ажиллагааг сайжруулах, өргөжүүлэх зэрэг боломжит бүх арга замаар кибер аюулгүй байдлыг хангахын тулд ажиллана” хэмээн онцоллоо. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл”-ийг хэрэгжүүлэхийн тулд мэргэжилтнүүдийн саналыг сайн сонсож, судлахаас гадна дэд ажлын хэсэг байгуулах шаардлагатай байна. Мөн төслийг гардан хэрэгжүүлэх гадны мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж ажиллан ойлголцох нь чухал гэдгийг онцоллоо. Үндэсний хиймэл дагуулыг хөөргөснөөр Монгол орны газар нутгийг бүрэн хамарсан харилаа холбооны бие даасан сүлжээтэй болж, интернэт суурьтай бүх төрлийн үйлчилгээг  иргэд гар утаснаасаа авах боломж бүрдэх юм. Түүнчлэн онцгой байдал, гамшиг ослын эрсдэлийг багасгах, хот хөдөөгийн иргэдийн тоон хуваагдлыг бууруулах, малчдын хүүхдүүд зайн сургалтад хамрагдах боломжтой болно. Монгол Улсын хэмжээнд аймаг сумын төвүүдийг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр холбох ажил эрчимтэй хийгдсэн боловч 2023 оны байдлаар хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувь нь газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн ба үлдсэн газар нутаг нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй байна. Иймд манай улс “Koreasat 5A”, “Telesat 18” зэрэг хиймэл дагуулаас транспондер түрээслэн телевиз, интернет, хөдөлгөөнт холбооны сүлжээ, харилцаа холбооны үйлчилгээг алс зайд дамжуулахад ашиглаж байна. Хэрэв өөрийн хиймэл дагуулгүйгээр цаашид явбал Монгол Улс жилдээ 32,6 тэрбумаас 80,8 тэрбум төгрөгийг гадаад орнуудын хиймэл дагуулын түрээсэнд төлсөөр байх юм. Үндэсний хиймэл дагуулыг хөөргөснөөр энэхүү их хэмжээний төлбөрийг гадны орны хиймэл дагуулын түрээсэнд төлөх шаардлагагүй болж, энэ хэмжээний зардал дотоодын зах зээлд үлдэх юм. Мөн онцгой байдал, хил хамгааллын харилцаа холбоо сайжирч, гамшиг, ослын улмаас үүдэх хүний амь нас, эд хөрөнгөнд учрах хохирлыг 30 хувь бууруулна тооцоолол гарчээ