Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЕБС-ийн 1-р ангийн сурагчдыг 8-р сарын 25 хүртэл “e-mongolia” системээр бүртгэнэ

2022.08.19

2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг улс орон даяар E-Mongolia системээр бүртгэж эхэллээ. Шинэ сурагчдын цахим бүртгэл наймдугаар сарын 19-өөс наймдугаар сарын 25-ны өдөр хүртэл явагдана.

Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78 мянга 345 хүүхэд байна. Эдгээрээс гэрийн хаяг зөрчилгүй хүүхдүүдийг хамран сургах тойргийн сургуульд урьдчилан бүртгэсэн тул эцэг эх, асран хамгаалагчид нь “E-Mongоlia” төрийн үйлчилгээний нэгдсэн системд нэвтрэн хүсэлтээ баталгаажуулна. Хүсэлт баталгаажуулах явцад дараах төлөвүүд харагдах юм.

  • Хамран сургах тойрог тодорхойгүй /24 цагийн дараа дахин нэвтэрч үзнэ/
  • Шууд хүсэлт баталгаажуулах боломжтой
  • Хянагдаж байгаа /элсэлтийн комиссууд системийн тохиромжтой ажиллаж байгаа/
  • Түр түдгэлзүүлсэн /гарцаа байхгүй биечлэн уулзах, тухайн хаягт бүртгэлтэйгээ албан ёсоор батлах шаардлагатай/
  • Бүртгэхээс татгалзсан /энд мөн адил биечлэн уулзах шаардлагатай/

Наймдугаар сарын 26-30-ны хооронд хүсэлт баталгаажуулсан хүүхдүүдийг анги бүлэгт хуваарилаад тухайн мэдээллийг нь эцэг эх, асран хамгаалагчийн E-Mongolia системд бүртгэлтэй утасны дугаарт илгээнэ.

Хэрвээ танд элсэлтийн бүртгэлтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал доорх лавлах утсанд холбогдох боломжтой.

Other news

“Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөг Булган аймагт зохион байгуулагдлаа

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ЦХХХЯ-наас санаачлан үндэсний хэмжээнд өрнүүлж буй 21 аймагт үе шаттай, бүсчилсэн байдлаар зохион байгуулж буй “Цахимд хэвшье” арга хэмжээ хойд бүсийн 2 дахь аймаг Булган аймагт өнөөдөр (2024.04.24) хэрэгжлээ. “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий ажлын хэсгийг ЦХХХ-ны сайдын зөвлөх Б.Ганбат ахлан ажиллаж байна. Цахимд хэвшье арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим үндэстэн” болох уриалга, ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт хэрхэн хэрэгжиж байгааг төр, хувийн хэвшлийн хамтарсан мэргэжлийн баг газар дээр нь ажиллан, үнэлж дүгнэхийн зэрэгцээ мэргэжил арга зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. Өдөрлөгийн хүрээнд Булган аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, иргэд, олон нийт оролцож, олон талын мэдээлэл авч, ЦХХХЯ болон салбарын төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, сургалтаас гадна иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалтыг зохион байгууллаа. Мөн жижиг дунд, хувиараа бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн байгууллагууд үйл ажиллагааны танилцуулга, бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

Oрчин үеийн тоон технологиор хийгдсэн анхны радио станц Баян-Өлгий аймагт ажиллаж байна

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг болон РТҮС УТҮГ-ын захирал Б.Дагвасүмбэрэл нар Баян-Өлгий аймгийн Радио, Телевизийн Сүлжээний Газарт ажиллаа. Анх Чехословак улсын тусламжтайгаар 1965 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Өлгий” радио өргөн нэвтрүүлгийн станц нэртэй ашиглалтанд орж төвийн радио өргөн нэвтрүүлгийн 1–р программыг Монгол орны баруун хэсэгт дахин дамжуулж эхэлсэн түүхтэй байгууллага юм. Одоогоор Баян–Өлгий аймгийн нутаг дэвсгэрт болон Ховд, Увс аймгийн нийт 52 сум, суурин газрын хэрэглэгчдэд Монголын үндэсний олон нийтийн радиогийн нэг, хоёрдугаар сувгийн нэвтрүүлгийг болон өргөн нэвтрүүлгийг хүлээн авч дахин дамжуулах, орон нутгийн казак хэлний нэвтрүүлгийг дамжуулах чиглэлд 17 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мөн Монголын үндэсний олон нийтийн телевиз болон арилжааны телевизүүдийн нэвтрүүлгийг аймгийн төв болон сум суурингуудад байгаа 50-200 Вт-ын телевизийн дахин дамжуулах станцуудаар тухайн сум сууринд дамжуулж, оршин суугчдыг мэдээллээр хангах үүрэг хүлээн ажиллаж байна. Баян-Өлгийн радио станцад далайн түвшнээс 4700 метрт өргөгдсөн Монгол улсын хамгийн өндөр 350 метрийн өндөр цамхаг ашигладаг онцлогтой. 2014 онд Монгол улсад радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх засгийн газрын тогтоол гарсан ба тус станцын радио нэвтрүүлэх станцыг орчин үеийн тоон технологиор хийгдсэн Герман улсын TRAM – 150L радио станцаар шинэчлэн сольж 2012 оны 12 сарын 12 өдөр 12 цаг 12 минутаас эхэлж анхны нэвтрүүлгээ цацаж эхэлсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн 1 дүгээр хэлэлцүүлгийг өрнүүллээ

Монгол Улсын Их Хурал 2022 оны 54 дүгээр тогтоолоор хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнээс өнөөдөр /2023.05.15/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн 1 дүгээр хэлэлцүүлгийг төрийн захиргааны төв байгууллага түүний харьяа байгууллагуудын албан хаагчдад зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр ажлын дэд хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж, ажлын хэсгийн гишүүн Ерөнхий сайдын зөвлөх Ү.Амарбат, ажлын хэсгийн гишүүн, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтийг танилцуулж, албан хаагчдын сонирхсон асуултуудад хариулт өгч, санал солилцлоо. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яам, Эрчим хүчний яам, Гадаад харилцааны яам, Барилга хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яамдын 3000 гаруй албан хаагчид оролцлоо.