Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Digital Nation -2021 | Цахим эриний хурдтай тоглогчид

2021.08.27

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж буй билээ. Засгийн газраас гаргасан “Цахим Үндэстэн” санаачилга, Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой зэрэг чухал үйл явдлуудын давхцал дээр ийнхүү салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ тутам бизнесүүд, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах гэж байна. Үүнтэй холбогдуулан цахим шилжилт, технологийн дэвшлээр салбараа манлайлж буй компаниудын төлөөлөлтэй хийсэн ярилцлагыг цувралаар хүргэж байна. ДДЭШТВ–ИЙН МАРКЕТИНГИЙН ХЭЛТСИЙН МЕНЕЖЕР У.БЭРЦЭЦЭГ: БИД ДЭЛХИЙН СТАНДАРТААС ЗАРИМ ТАЛААРАА ТҮРҮҮЛЖ АЛХАЖ БАЙЖ Ч МЭДНЭ

Бид Монголдоо анх удаа хиймэл дагуулын телевизийн үйлчилгээ үзүүлж эхлээд 13 жил болж байна. Өнөөдрийн байдлаар хамгийн олон үзэгч, хэрэглэгчтэй компани болж төлөвшжээ. 

Эх орны өргөн уудам нутгийн өнцөг булан бүрд манай үйлчилгээ хүрч, хүмүүс дэд бүтэц, шилэн кабелийн хөгжлөөс хамааралгүйгээр телевиз үзэх боломжтой болсон. Монголд Улсад харилцаа холбооны салбар байгуулагдаад 100 жил болж байна. Энэ хугацаанд ДДэшТВ хэрэглэгчдэдээ газар зүйн байршлаас үл хамааран мэдээлэл хүлээж авах ялгаваргүй, тэгш хүртээмжтэй нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь салбартаа оруулсан хувь нэмэр хэмээн бахархдаг.

Манай хиймэл дагуул дэлхийгээс 35800км-ийн зайд буюу /GEO/ тойрог замд байрладаг. Сонирхуулж хэлэхэд, эхний хоёр тойрог зам дээр дэлхийн гадаргын нягтаршил сайтай зураг авах зориулалт бүхий хиймэл дагуулууд, GPS буюу байршил тогтоох, цаг агаарын төлвийг ажиглах зориулалттай хиймэл дагуулууд байдаг юм билээ. Харилцаа холбооны хиймэл дагуул бусад хиймэл дагуулаа бодвол дэлхийгээс хамгийн хол зайд байрладаг.

2008 онд ДДэш үйл ажиллагаагаа эхлэхдээ аль хэдийн хөөрөөд 6 жил болчихсон байсан хиймэл дагуул дээр түрээсийн үйлчилгээ авч, телевизийн сувгуудаа дахин дамжуулж байлаа. Дараа нь 2017 онд Солонгосын KT Sat компанийн хиймэл дагуулд монгол улсын газар нутгийг бүрэн хамарч чадах цацрагийг захиалж хийлгэсэн. Үйлдвэрлэгч нь Франц улсын “Thales Alenia Space”, хөөргөгч пуужин нь алдарт Элон Маскын “SpaceX” компаний “Falcon 9” хэмээх дахин ашиглагддаг пуужин байлаа. Ингэснээр манай үйлчилгээ илүү боловсронгуй болж, тавган антенн жижгэрч, хүлээж авах HD сувгуудын тоо нэмэгдсэн. 

Одоо үйлчилгээ маань боловсронгуй болохын хэрээр бид үзүүлэх контентууддаа илүү анхаарч, хэн юу үзэх эрэлт хэрэгцээтэй байна вэ гэдгийг чухалчилж эхлээд байна. Өнөөдөр хэрэглэгч ямар технологиор юм үзэж байна гэхээс илүү ямар контент үзэж байна вэ гэдэг нь чухал болчихлоо. Тиймээс бид хот хөдөө, интернэттэй интернэтгүй ямар ч нөхцөлд үзэх кино суваг, сошиал суваг зэргийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Ингэснээр бид дэлхийн стандартаас огт хоцроогүйгээр үл барам, зарим талаараа түрүүлж алхаж байж ч магадгүй. 

Энэ жил уламжлалт ICT Expo “Digital Nation” арга хэмжээ болж өргөжин зохион байгуулагдахаар бэлтгэлээ хангаж буй. Өнөөдөр мэдээллийн технологитой хамааралгүй салбар гэж байхгүй боллоо. Тэр утгаараа олон салбарыг хамарсан, том арга хэмжээ болох нь. Бидний хувьд арга хэмжээнд контентын үйлчилгээ, кино болон сошиал сувгуудаа танилцуулахаар зорьж байна.

ГОЛОМТ БАНКНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ М.САЙНБИЛИГ: ДИЖИТАЛ ҮНДЭСТЭН БОЛОХ СУУРЬ АЖЛУУДАА БИД АЛЬ ХЭДИЙН ХИЙЧИХЭЭД БАЙНА

Fintech буюу Financial technology гэдэг нь санхүүгийн үйлчилгээг технологийн үйлчилгээтэй хослуулж, илүү хялбар, инновацлаг байдлаар санхүүгийн суурь бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх арга зам. Гол зорилго нь цаг хугацаа, зардал хэмнэж, харилцагчийн сэтгэл ханамжийг хэд дахин нэмэгдүүлэхэд оршино. 

Монголд финтекийн салбар сүүлийн таван жилд огцом хөгжиж байна. Төлбөр тооцоо, зээл, хадгаламж гэсэн банк санхүүгийн гурван суурь үйлчилгээ, дээрээс нь хөрөнгө оруулалтын үйлчилгээ болох блокчэйн, крипто технологи финтек хэлбэрээр хэрэглээнд нэвтэрлээ. Энэ дундаас зээлийн үйлчилгээний платформууд зарим талаараа олон улсад ч жишиг болохуйц хэмжээнд хүрээд байгаа. 

Харин төлбөр тооцооны ухаалаг шийдлийг одоогийн байдлаар банкууд илүүтэй гаргаж буй. Хөрөнгө оруулалтын хувьд блокчэйн, крипто валют хөгжиж байгаа ч хувьцаа, бондын хөрөнгө оруулалт дээр ажиллах орон зай байсаар байна. Үүнийг алгасаад явчих шиг болов уу гэж би хувьдаа хардаг юм. 

Энэ бүх салбарууд харилцан хамтран ажиллаж, бие биенийхээ давуу талаас суралцан цэвэр өрсөлдөөний зарчмаар ажиллаж, ахархан хугацаанд маш их зүйлийг хийж амжууллаа. Үүний үндсэн дээр финтек суурьтай үйлчилгээнүүд маш нээлттэй байдлаар хурдтай хөгжлөө. Манай банк бол үүний сайн жишээ. 

Нийгэм дэх бүхий л төрлийн үйлчилгээ явж явж эцэстээ төлбөр тооцоо хийх учраас банктай л холбогддог. Бид тэр л бүх дэд бүтцийг бэлдэж, боломжит шийдлүүд, олон улсын жишигт нийцсэн мэдээллийн аюулгүй байдлыг санал болгон ажиллаж байна.

Дэлхийн хэмжээнд үзвэл, нийгэм, эдийн засгийн хувьд ижил төстэй орнуудтай харьцуулахад бид нэлээн дээгүүрт явж байгаа. Монгол залуучуууд, старт-апууд, финтек компаниуд Монголдоо биш олон улсад өрсөлдөх амбицтай байгаа нь ч үүний тод илрэл.

Үүнд улс төр, засгийн газрын шийдвэр, бодлогууд ч ээлтэй нөлөө үзүүлж байна. Нөгөө талаас манай харилцагчид, иргэд шинэ зүйлийг хүлээж авах нь хурдан.  Аль ч талаас нь харсан бид хоцроогүй.

Энэ жил “Digital Nation-2021” арга хэмжээ есдүгээр сард болох гэж байна. Бид дижитал үндэстэн болоход ойрхон, яагаад гэвэл зарим суурь ажлуудыг аль хэдийн хийчихсэн байгаа шүү дээ. Монголд интернэт хэрэглэгчдийн тоо маш өндөр. Энэ бол давуу тал. Банк санхүү, харилцаа холбооны оператор компаниуд олон улсад өрсөлдөхүйц түвшинд ажиллаж байна. Мөн старт-апууд их байна. Зөвхөн fintech биш, edutech, healthtech гээд олон салбарт оролдлого хийсээр байгаа. Тиймээс одоо бүгдээрээ нэг зүгт харж чадвал таван жилийн дотор зорилгодоо хүрэх боломжтой гэж бодож байна. 

Өнөөдөр мэдээллийн технологи ашиглаагүй, дижитал эдийн засгийг харж чадаагүй компани ард хоцрох нь ойлгомжтой боллоо. Энэ цаг үед ийм өргөн цар хүрээтэй, том амбицтай арга хэмжээ зохион байгуулж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Энгийн онлайн үйлчилгээ бүгдэд л байна. Гол нь тэд хоорондоо холбогдож байж дижитал болно шүү дээ. Нийгмийн аль ч салбарын үйлчилгээг авахдаа олон аппликэйшн, олон вэб хуудсанд хандах биш, нэг дороос үйлчилгээ авч, “shared economy”-г хөгжүүлснээр дижитал шилжилт бүрэн утгаараа ирэх болно. Тиймээс бүгдээрээ уялдаа холбоотой хамтран ажиллаж, дижитал үндэстэн болъё. Энэ стратегийн хараа бол “Digital Nation-2021” гэж ойлгож байна. 

ZTE КОРПОРАЦЫН МОНГОЛ ДАХЬ ОФФИСЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ З.ТУЛГУУР: АЗИ, ЕВРОПЫН ОРНУУД ХЭДИЙН 5G-Д СУУРИЛСАН ХӨГЖИЛ ГЭЖ ЯРИАД ЭХЭЛЧИХСЭН. МОНГОЛ УЛС Ч ЭНЭ ХӨГЖЛӨӨС ХОЦРОХ УЧИРГҮЙ

5G технологийг дэлхий даяар аж үйлдвэрийн 4-р хувьсгал хэмээн тодорхойлж буй. Хамгийн энгийн жишээ татахад, 5G технологи нэвтэрснээр хэрэглэгчид хүрч буй интернэтийн хурд 100 дахин нэмэгдэнэ. Гэхдээ 5G-г зөвхөн интернэтийн хурдаар хязгаарлаж болохгүй. Хоцрогдлыг арилгах буюу цаг хугацаа, орон зайн хамаарал үгүй болгож байгаа нь 5G технологийн цаад мөн чанар, хамгийн том давуу тал юм. Эрүүл мэндийн салбараар жишээ авъя л даа. Монгол орон 5G сүлжээнд холбогдчихвол Улаанбаатар хотод байгаа өндөр ур чадвартай мэс засалч роботын тусламжтайгаар алсын зайнаас мэс засал хийх боломж бүрдэнэ. Робот ашиглан зайнаас мэс засал хийх үед эмчийн өгч буй команд ганц хоёр секундээр хоцроход л өвчтөний эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй. Харин 5G-д ийм хоцрогдол байхгүй учраас л аж үйлдвэрийн 4-р хувьсгал хэмээж буй. Энэ технологи цаашид нийгмийн бүхий л салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой, тэгэх ч шаардлагатай. Ухаалаг хот, ухаалаг зам тээвэр, ухаалаг эрчим хүч, ухаалаг эрүүл мэнд гээд олон салбарт өндөр хурд, чанартай үйлчилгээг үзүүлэх боломж айсуй. Ялангуяа Монгол Улс цахим шилжилт хийхээр ярьж буй энэ цаг үед 5G нь нэн шаардлагатай технологи юм. Ингээд ярихаар “Тэгвэл бид хэзээ 5G технологийг өдөр тутамдаа ашиглаж эхлэх вэ” гэсэн асуулт хүн бүрийн толгойд эргэлдэх нь лавтай. 

1985 онд үүсэн байгуулагдсанаас хойш өргөжин тэлсээр өдгөө дэлхийн 160 гаруй улсад  70 мянган ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг харилцаа, холбооны салбарын дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг ZTE корпорац Монгол Улсад 5G технологийг нэвтрүүлэхээр зорьж байна. Бид 2003 онд анх Монголд салбараа нээснээс хойш Монгол Улсын 320 гаруй сум, суурин газрыг холбосон 9000 км шилэн кабель тавих, Улаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хичээлийг алслагдмал аймаг, сумын хүүхдүүдэд онлайн хэлбэрээр хүргэх зорилготой “Шинэ зууны боловсрол” зэрэг олон чухал төслийн гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай. Манай компани 2021 оны эхний хагасын байдлаар 90 гаруй оператор компани, 500 орчим аж үйлдвэрт 5G технологийг нийлүүлэхээр хамтран ажиллаж байна.  Монгол Улсын хувьд хэзээ нэвтрүүлэх вэ гэдэг нь засгийн газраас хамаарах бодлогын асуудал тул засгийн газар оператор компаниудад 5G-ийн лицензийг олгосны дараа бидний ажил албан ёсоор эхэлнэ. Иймд ZTE корпорац одооноос 5G гэж юу болох, үүгээр дамжуулж ямар үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх боломжтой болохыг оператор компаниуд, хэрэглэгчдэдээ таниулахыг зорьж байна. Ази, Европын орнууд хэдийн 5G-д суурилсан хөгжил гэж яриад эхэлчихсэн. Монгол Улс ч энэ хөгжлөөс хоцрох учиргүй гэж бид хардаг. 

Манай компани энэ жилийн “Digital Nation-2021” арга хэмжээний үеэр Харилцаа Холбооны Зохицуулах Хороотой хамтран Монгол Улсын анхны 5G демо сүлжээг байгуулж, үйлчилгээнүүдийг туршиж үзэх гэж байгаадаа баяртай байна. 5G технологи нэг талаас хязгааргүй боломжийг бий болгож буй ч нөгөөтэйгүүр гарт баригдаж, нүдэнд үзэгддэг зүйл биш учраас 5G-ийн хэрэглээ ямар байж болох вэ гэдгийг монголчуудад жишээ байдлаар үзүүлэхээр бэлдэж байна. 5G wireless-т суурилсан дрон, ухаалаг нохой, 16 HD сувгийг зэрэг дамжуулах, AR болон VR технологи, ZTE корпорацын үйлдвэрлэсэн 5G гар утас зэргийг энэ үеэр танилцуулах юм. Өмнө дурьдсанчлан 5G технологи энэ хэдхэн зүйлсээр хязгаарлахгүй гэдгийг хэрэглэгчид ойлгоосой гэж хүсэж байна. 4G иргэдийн амьдралыг өөрчилсөн технологи байсан бол 5G нь нийгмийг өөрчлөх технологи юм. Харин үүнд тулгуурлаж цааш юу бүтээх вэ гэдэг нь тухайн хувь хүн, компани, ард түмний сэтгэлгээнээс хамаарна.

Other news

Холбооны дөрөв дэх сайд Магсарын Чимиддорж

ҮЙЛ ЯВДАЛ Холбооны дөрөв дэх сайд Магсарын Чимиддорж 2021.03.25 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. 100 жилийн ой хүрээнд салбарын түүхэн замналыг цуврал нийтлэлээр хүргэж буй. Бид энэ удаад Холбооны 4 дэх сайд М.Чимэддоржийн тухай өгүүлж байна. Мушаадан овгийн Магсарын Чимэддорж 1923 онд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Улз голын ойр орчимд төржээ. 1933-1934 онд сумын бага сургуульд суралцан төгсөөд, жинчин болж, холбооны мэргэжилд дур сонирхолтой болсон тухайгаа “ … тэр үед арван хэдтэй хүү би жинчин болж, Онон голоос Баянтүмэн, Тамсагбулаг, Матад сум хүртэл үхэр тэргээр холбооны шугамын багана мод тээвэрлэж байлаа. Хүнд ачаатай үхэр тэрэг хөтөлж яваа хүүд урьд үзээгүй зүйл, олон янзын машинтай монгол, орос цэрэг дарга нар давхих нь сэтгэлд нэгийг бодогдуулна. Ялангуяа өдөр, шөнөгүй яваад байхад тасралтгүй үргэлжлэх холбооны агаарын урт шугам миний сонирхлыг гойд татаж байлаа. Энэ шугамыг харахад гайхамшигтай цэх шулуун тавигдсан, мод бүр нь өөрийн дугаартай, орой нь жигд бөгөөд цэвэрхэн тэр хэсэгт нь дэгээ, лонх суулгаж, төмөр утас татаж, тэгээд дүнгэнэж дуугарах нь бүр ч сонирхолтой, түүгээр ямар нэгэн чухал мэдээ дамждаг байх гэсэн бодол төрдөг байлаа. Энэ шугам байгуулдаг ажилтай бол ямар сайхан бэ, гэсэн бодол санаанаас гардаггүй боллоо. Ингэж явахдаа Улаанбаатар хотын холбооны сургуульд орж, шугам байгуулдаг мэргэжилтэй болохоор 1940 оны зун шийдэж билээ” хэмээн дурсан бичжээ. М.Чимиддорж 1940 онд Улаанбаатар хотод ирж, төсөр утасны сургуульд орж, 1944 онд холбооны техникумыг утсан харилцааны техникчийн мэргэжлээр төгсжээ. Түүнийг Улаанбаатар хотын телефон хорооны станцын шугамын хэсэгт механикч- монтёроор томилж, утасны модонд гарах, агаарын шугам шалгаж засах болон аюулгүй ажиллах арга техникийг эзэмшүүлсний дараа Их тэнгэрт тавигдсан утаснуудыг буюу Монгол Улсын төр засгийн удирдлагуудын тусгай холбооны ашиглалт үйлчилгээг гардан хариуцуулжээ. Дээрх үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, 1944-1946 онд тусгай байрны телефон техникчээр ажиллаж, мөн Холбооны техникумд багшилж байв. Үүний зэрэгцээ тэрээр МУИС-ийн бэлтгэл ангид оройгоор суралцан, өөрийн мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч байлаа. МУИС-ийн тоо физикийн ангид суралцах болсноо сайд З.Аюурзанад танилцуулсан боловч эхлээд чухал ажил хариуцсан сайдын мэдлийн хүн атлаа зөвшөөрөлгүй ажлаа орхин сургуульд явах гэлээ гэж зэмлүүлж, сайд “Холбооны мэргэжлээр инженерийн дээд сургуульд гадаадад явуулбал чи суралцаж чадах уу” гэж асуусан гэдэг. Ийнхүү ЗХУ-ын холбооны сургуульд суралцуулахаар бэлтгэл хийж, 1946 онд Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуульд суралцахаар элсэн орж, 1951 онд тус сургуулийг радио холбооны инженерийн мэргэжлээр амжилттай төгссөн бөгөөд Монгол Улсын холбооны салбарын анхны инженер болсон байна. Тэрээр 1952 оноос Холбооны яаманд инженер, ерөнхий инженер, Холбооны яам болон Тээвэр холбооны яамны орлогч сайдаар ажиллаж байгаад БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1960 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогджээ. Түүний Монгол Улсын харилцаа холбооны хөгжилд оруулсан үнэт гавьяа бол БНМАУ-ын харилцаа холбоог 1960-1975 онд хөгжүүлэх ерөнхий схем байсан бөгөөд энэ ерөнхий схемээс анхлан баригдсан томоохон төслүүд нь Холбооны төв барилга, Хонхор дахь радио нэвтрүүлэх төв, Наран дахь харилцаа холбооны зохицуулах хорооны радио долгионы хяналтын төв болон нийслэл аймаг, хоорондын шугамын өргөтгөн шинэчилж өнгөт шугам өлгөж телефоноор харилцуулах ажлыг эхлүүлсэн юм. М.Чимиддорж сайд шинийг санаачлагч байсан нь тэр 1939 онд Чойбалсан Тамсагбулгийн хооронд байгуулсан төмөр замыг хурааж шугамын баганын төмөр хөл хийж бэхлэх ажил байсан бөгөөд эзгүй хээр төмөр замын ган рельсийг тайрна гэдэг хүний ой тойнд оромгүй ажлыг идэр есийн хүйтэнд, үүрийн таван жингийн жавраар рельсээ тайрах газраа дэр тавьж байгаад хасуураар ором гаргаад үзүүр дээр нь лантуугаар цохиход хугардаг технологи нэвтрүүлсэн нь гайхалтай үр дүн өгч уул төмөр замыг 1957-1960 онд гуравхан өвөл хурааж Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Улаанбаатар, Архангай, Улаанбаатар Хужирт, Өвөрхангай чиглэлийн шугамын баганыг хөллөсөн нь тэдгээр шугамын бэхжилтийг шийджээ. М.Чимиддорж сайд 1962 онд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойгоор 4 ширхэг шуудангийн марк гаргасан нь дэлхийд маш үнэтэй цуглуулгын зүйл болсон бөгөөд гүйлгээнд гаргаад гурав хонож байтал ЗХУ-ын коммунист намын Төв Хорооны шахалтаар Чингис хааны ойг тэмдэглэх ажлыг зогсоосон учир борлуулалтыг хааж байсан ч ардчилсан хувьсгалын дараагаар хорио нь тавигдсан юм. Эх орныхоо түүхтэй холбоотой ийм марк гаргах зоригтой хүн социалист үзэл суртлын хатуу дэглэмийн үед ганцхан М.Чимиддорж гуай байсан бөгөөд түүнийг нь дэмжсэн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, нарийн бичгийн дарга Дарамын Төмөр-Очир албан тушаалаас авахууны үндсэрхэг үзэл дэлгэрүүлэгч хэмээн буруутгагдаж байв. М.Чимиддорж 1962 оны намар Тээвэр холбооны сайдын ажлаасаа чөлөөлөгдсөн ЗХУ дахь БНМАУ-ын Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр томилогдсон бөгөөд энэ албаа хорь гаруй жил хашихдаа улсын харилцаа холбоог хөгжүүлэх анхдагч ба хоёрдогч ерөнхий схемийн зорилгыг биелүүлэх хэрэгт хүчин зүтгэж бүрэн биелүүлэхэд хүндтэй гавьяа байгуулсан ахмад холбоочин байсан. Тэрээр 1960-1973 онд АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд түүний хөдөлмөрийг өндрөөр үнэлж, “ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”- гоор 2 удаа, “ Алтан гадас” одон, “Монгол Улсын гавьяат эдийн засагч” цол, ЗХУ-ын “Улс түмний найрамдлын одон”- оор тус тус шагнажээ. Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын зөвлөх инженер Н.Цэвээндарь Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна

ЦХХХЯ-наас аймаг, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх ухаалаг, аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг боловсруулан баталж, 21 аймагт хэрэгжүүлэн ажиллаж байна. ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.05) “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Увс аймгийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Увс аймаг дахь хэлтсийн дарга О.Ганцоож оролцож, аймгийн цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хүргэв. Ажлын хэсгийн зүгээс ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, аймгийн удирдлагын тавьсан санал, хүсэлт, хөндсөн асуудлуудын хүрээнд санал солилцлоо.

ОУЦХБ-ын Бүрэн эрхт төлөөлөгчдийн 21 дэх их хурал (ITU PP-22) Румын улсын Бухарест хотноо эхэллээ

ҮЙЛ ЯВДАЛ ОУЦХБ-ын Бүрэн эрхт төлөөлөгчдийн 21 дэх их хурал (ITU PP-22) Румын улсын Бухарест хотноо эхэллээ 2022.09.28 Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн 21 дүгээр их хурал Румын улсын нийслэл Бухарест хотод 2022.09.26-2022.10.14-ний өдрүүдэд “Нэгдье, Холбоё” уриан дор чуулж байна. Дижитал шилжилтийн ирэх жилүүдийн чиг хандлагыг тодорхойлох зорилго бүхий энэхүү хуралд ОУЦХБ болон Нэгдсэн Үндэстний гишүүн бүх орны 3000 гаруй бодлого тодорхойлогчид, 200 орчим улс орон оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Бодлого төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо нар оролцож байна. Дөрвөн жил тутамд хуралдан, ОУЦХБ-ын бодлого, стратегийг тодорхойлж, санхүүгийн төлөвлөгөөг баталдаг тус хурлаар ОУЦХБ-ын удирдлагын баг, зөвлөлийн гишүүн орнууд, радио зохицуулалтын зөвлөлийн гишүүдийг тус тус сонгодог. Арга хэмжээнд ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ хэлсэн үгэндээ: Румын улсын Засгийн газар болон Харилцаа холбооны удирдлага, зохицуулалтын үндэсний газар (ANCOM)-д, мөн энэхүү чухал арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, манлайлсан Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Хулин Жао, ОУЦХБ-ын удирдлагуудад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газраас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэгээр зарлан, “Дижитал үндэстэн” болох зорилтын хүрээнд цахим хөгжлийг дэмжих багц хуулиудыг УИХ-аар баталж, Монгол Улсад дижитал өөрчлөлтийг эрчимжүүлэх зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан талаар онцолсон юм. Мөн түүнчлэн 1.9 сая хэрэглэгчтэй, 63 төрийн байгууллагын 2000 орчим төрийн үйлчилгээг багтаасан, 16 сая гаруй онлайн үйлчилгээг иргэдэд хүргээд байгаа “E-Mongolia” цахим систем нэвтрүүлсэн талаар дурдаад, Засгийн газраас “Дижитал үндэстний стратеги” 2027 он хүртэлх дунд хугацааны бодлогын баримт бичгийг баталсан. Энэ хүрээнд Азийн технологийн төв орон болох зорилт тавин ажиллаж байна. Мөн гадаадын иргэнд цахимаар оршин суух эрх олгох, Монгол Улсад бүртгэлтэй компани байгуулах, тэдгээр аж ахуйн нэгжүүдэд татварын таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, технологийн гарааны компаниудыг дэмжих, дижитал эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор инновацийн төвүүдийг барьж байна.. хэмээгээд Монгол Улсын Засгийн газар ОУЦХБ болон гишүүн орнуудтай хамтран ажиллаж, “ОУЦХБ-ын 2030 он хүртэлх хөтөлбөр” болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ