Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Шуудангийн анхны маркийн тухай

2020.12.22

Шуудангийн тухай хуулиас…. 25 дугаар зүйл: Шуудангийн илгээмж дээр “Монгол” гэсэн тодотгосон үгтэй шуудангийн марк наасан байна. Шуудангийн марк нь Монгол Улсын тусгаар тогтнолыг илэрхийлсэн, шуудангийн илгээмжийн төлбөр төлөгдсөнийг баталгаажуулсан, үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн төрөл. Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь тухайн салбарын түүх болдог. Түүх бол өнгөрсөн замын дурсамж бөгөөд ирээдүйн хөгжлийн чиглүүр болдог билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан шуудангийн төлбөрийн хэрэгсэл болох маркийн талаар товч өгүүлсүй. Шуудангийн марк гэж шуудангийн мөнгө төлсний баримт болгон захидал бичиг зэрэгт наах, мөнгө төгрөгийн тоо бүхий зурагт цаас юм. Шуудангийн маркийг улс, үндэсний шуудан харилцааны байгууллага гаргадаг. Дэлхийн анхны шуудангийн марк 1840 онд Английн хатан хаан Викториагийн хөрөг зурагтай гаргажээ. Монголын шуудан холбоо олон зуун жилийн түүхийг туулсан хэдий ч Ардын хувьсгал ялах хүртэл буюу анхы марк гарах хүртэл шуудангийн маркгүй байсан. Жанжин Д.Сүхбаатарын зөвлөсний дагуу Ардын Засгийн газрын Цахилгаан мэдээ, шуудан бичгийн ерөнхий хорооны эрхэлсэн түшмэл Мандалын Бат-Очирын санаачлагаар зураг төслийг боловсруулж, Гадаад явдлын яамаар дамжуулан Ардын Засгийн газраар батлуулахаар хүргүүлсэн байна. Олноо өргөгдсөний 13 дугаар он буюу 1923 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр хурлын бичгийн 1 дүгээр зүйлд “ Гадаад явдлын яамны Цахилгаан мэдээ, шуудан бичгийн хэргийг ерөнхийлөн шийтгэх түшмэл М.Бат- Очироос аливаа шуудангаар дамжуулан явуулах бичиг захидал дор хэрэглэх маркийн маяг долоог үйлдүүлж ирсэн, тус маркийг ийнхүү үйлдэж болох эсэх, чухам хаана үйлдвээс хэрэг дав дув санхүү дор арвитай болохыг тогтоон заахыг хүссэн тухайд Засгийн газраас хянаж ирүүл гэж зохих газар явуулан тушаажээ. Эдүгээ хянан байцаах Сангийн явдлын яамнаас маркийн доллар, цент хэмээх үсгийг гадаад улс хэрэглэж байхыг журамлан хэвээр бичих буюу эс бөгөөс Монголоор орчуулан төгрөг хэмээн бичих, бас ч хэвлүүлэх дор чадах хүнийг нэмэн хавсаргаж, тус хэвлэлийн хорооны чулуун хэвээр үйлдүүлэх нь зүйтэй хэмээх зэргээр саналыг шийтгэн ирсэн учир энэхүү маркийг үсэг ба маягтыг ямар ямараар үйлдүүлэхийг эрхлэх газраас тогтоовоос гагцхүү маркийг нарийн нягт үйлдүүлэхгүйгээр үл болох тул харъяат ерөнхий хорооны төлөвлөсөн есоор хэвлүүлэх тухай зарцуулах нэг мянга найман зуун алтан төгрөг дор тооцох үнийн мөнгө нэг мянга хоер зуун жаран ланг мөнхүү хорооны төлөвлөсөн данснаа нэмэн батлуулах дор татгалзах зүйлгүй хэмээн, уг бичиг хуудас нижгээд маркийн эх долоогийн хамтаар хүргүүлэн ирснийг хэлэлцээд энэ хэрэг дор харъяат хянан байцаах хэлтсийн заан төлөвлөсөн нь зүйтэй тул есоор болгон баталж, Гадаад явдлын яамнаас эрхлэн гүйцэтгэхээр тогтов” гэжээ. (УТА, Ардын Засгийн газрын хурлын тогтоолын хуулга) Энэхүү тогтоосон есоор “Очир” буюу төвдөөр Нацагдорж, монголоор “Мөнхбат” гэсэн утга санааг илэрхийлэх, Элдэв- очир дүрс бүхий Монголын шуудангийн анхны цуврал маркийг хэвлүүлэн гаргаснаа Гадаад явдлын яамнаа 565 тоот бичиг бүхий хуудас бичиг дагалдуулан Ардын Засгийн газарт хүргүүлжээ. Анхны маркийн зургийг “Марзан” хэмээх Б.Шарав зуржээ.

Анхны марк “ Элдэв- Очир”

Ардын Засгийн газар уг бичгийг хүлээн аваад, худалдаалах зэргээр гүйцэтгэвэл зохихыг Гадаад явдлын яаманд 1924 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 665 тоот бичгээр мэдэгдэж явуулснаар, Монгол Улсын шуудангийн анхны маркийг нийтийн хэрэгцээнд гаргаж, шуудангаар явах албан бичиг захидалд төлбөрийн хэрэгсэл болгон нааж, өөрийн орны дотор болон гадаад улс орнуудад ашигласан байна.

Тухайн үед Монголыг бие даасан тусгаар тогтносон, үндэсний мөнгөн тэмдэгтэй, өөрийн гэсэн шуудангийн марктай улс болохыг хүлээн зөвшөөрөх орон ховор байсан бөгөөд энэ цаг үед шуудангийн марк гарсан нь тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгээ баталсан чухал үйл явдал болсон гэж үздэг.

Монгол Улсыг гадуурхах бодлого явуулж байсан Хятадын гоминданы Засгийн газар монголын шуудангийн маркийг үл хүлээн зөвшөөрч, хүчин төгөлдөр бус хэмээн үзэж, манай улсаас хятадад очсон захидал, боодлын маркийн дээр өөрийн улсын маркийг нааж, хүлээн авагчаас захидлын бүх үнийг гаргуулан авдаг байжээ. Нэг хэсэгтээ хүлээн авагчийг давхар үнэ төлөх явдлаас чөлөөлөхийн тулд монголын шуудангийн маркийн хамт оросын шуудангийн маркийг наадаг байсан байна.

Монголын анхны маркийн тухай Бямбын Ренчин гуай 1958 онд “Монголчуудын шуудан,шуудангийн тэмдгийн учир” гэсэн өгүүлэлдээ: “ 1924 онд

Ардын Засгийн газраас олон улсын одоогийн жишгээр наадаг тэмдэг анх хэрэглэж, долоон төрлийн шуудангийн наах тэмдэг Шанхайд захиж хэвлүүлсэн билээ. Тэгэхэд Улаанбаатар хотын хэвлэх үйлдвэр өнгөтэй будагтай хэвлэлгүй байсан учир ийнхүү Шанхайд захижээ. Тэр үед Европ хэл бичиг мэдэх хүн ховор учраас “почтовая марка” гэснийг монгол болгож чадаагүй, “почит марка” гэж монгол үсгээр ойртуулсхийн бичээд монгол төгрөг мөнгө гараагүй учир “доллар, цент” гэж төгрөг мөнгөний оронд бичсэн билээ. 1924 онд анхны шуудангийн тэмдэгт Элдэв-Очир гэсэн очиртой зурсан нь “бат” гэсэн санаа бөгөөд Энэтхэгээс гаралтай үг ба очир гэдэг тэмдэг нь цахилгаан гэснийг дүрсэлсэн тул монгол цахилгаан шуудангийн анхны билэг тэмдэг нь байжээ. Одоо ч гэсэн гадаад улсын цахилгаан шууданд цахилгааны дүрсээр холбоочны тэмдэг хийдэг ѐс буй тул монголчуудын олон жил мэддэг, хэрэглэдэг “очир” тэмдгийг хэрэглэсэн нь сонин бөгөөд хойшдоо холбооны тэмдэг болгож, тэр Элдэв-Очир гэдэг цахилгаан мэт хурдан, алдагдашгүй бат хүргэдэг гэсэн сонин сайхан тэмдэг юмсанжээ” гэжээ.

Анхны марк

Эх сурвалж: Н.Төмөрхүү, Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон номноос

Боловсруулсан: ХХМТГ-ын Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Other news

Монгол Улсын шуудан холбооны түүхийн он дарааллын бичиг

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улсын шуудан холбооны түүхийн он дарааллын бичиг 2020.10.23 Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь тухайн салбарын түүх болдог. Түүх бол өнгөрсөн замын дурсамж бөгөөд ирээдүйн хөгжлийн чиглүүр болдог билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан өнөөгийн шуудан, харилцаа холбооны нэгдсэн сүлжээ, радио релей, интернэтийн онолын зарчим анх Монголд үүссэн талаар технологийн харьцуулалт хийх замаар нарийвчлан судалж үзэх сонирхлын үүднээс олж авсан түүхийн зарим эх сурвалж мэдээллийг нэгтгэн энэхүү шуудан холбооны түүхийн он дарааллын бичгийг толилуулж байна. Мэдээллийн технологийг хүн төрөлхтний түүхэнд гарсан 3 том хувьсгалын нэг гэж үздэг. Өнөөдөр шинэ түүхийн их талбарыг холбон зангидаж буй мэдээллийн их суваг бол интернет. Гэтэл сонирхолтой нь тэрхүү интернетийн үндсэн загвар бүр XIII зууны Еврaзийн тал нутгийн нүүдэлчдийн их гүрэнд үүссэн нь бодит юм. Чингисийн Их гүрэнд өргөн уудам Евразийг нэгэн сүлжээнд холбож байсан харилцаа холбооны арга зарчим байсан ба энэ нь өртөө. Их Монгол Улсын байгуулсан шуудан өртөөг одоогийн шуудангийн төдийгүй харилцаа холбооны сүлжээний анхдагч гэж үзэж болно. Уншигч мэргэн авхай таныг энэхүү бичвэрийг шүүн тунгааж, саналаа tseveendari@cita.gov.mn цахим шуудангаар илгээж, бидний ажилд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. МЭӨ III-II зуун: Эртний нүүдэлчин Монголын харилцаа холбооны гол хэрэглүүр нь морьт элч, галын дохио, дарцаг, утаа зэрэг зүйлс байсан. Монгол Улсад манай тооллын өмнөх III зууны сүүлч II зууны эхнээс Хүннү Улсад “Оуто ван” буюу өртөө ван хэмээх албан тушаал байжээ. Монголын өртөө дэлхийн шуудангийн түүхэнд анхны өртөөчилсөн шуудан байсан бөгөөд орчин цагийн харилцаа холбооны үүсэл болсон. XII зуун /1228-1241/ Чингис хааны гуравдугаар хүү Өгөөдэй хаан харилцаа холбооны өвөг эцэг болох морин өртөөг үүсгэж анхны тив хоорондын Шуудан холбоог байгуулжээ. 1232-1233 он: Өгэдэй хаан өртөө шуудангийн ажлыг эмх журамтай болгоход чиглэсэн зарлиг гаргаж, улмаар өртөө замыг зөвхөн Монгол нутагт төдийгүй Эзэнт гүрний уудам нутаг, ялангуяа Хятад нутагт олныг байгуулжээ. 1235 он: Монголын эзэнт Улсын эзэмшсэн уудам нутагт харилцах өртөө замыг байгуулжээ. 1289 он: Монголын Илахан Арагун хаан 1289 онд 1.8 метр, Өлзийт хаан 1305 онд 3 метр урт захидлыг Францын Гоо Филипп ванд илгээжээ. Аргун хааны захидал нь өөрийг нь Египетийн мамлюкүүдтэй дайтах тохиолдолд цэрэг илгээн туслах тухай Францын хааны гуйлтанд өгсөн хариу байв. 1692 он: Богд хаант Монгол Улсын үед Их Хүрээний Түмт өртөө байгуулагдан уг өртөөг Түшээт хан аймгийнхан голлон хийсэн ба Улаангом, Вангийн Хүрээ, Заяын Хүрээ, Санбэйсийн Хүрээ, Жанжин Чойр, Эрдэнэзуу, Сэцэн хааны Хүрээ, Сайншанд, Замын-Үүд чиглэлд Улсын чанартай албыг залгуулдаг гол замууд гарч салбарласан өртөөд бий болжээ. Манж нар өмнөд Монголын ардуудыг халх Монголын нутаг дээр нүүлгэн ирүүлж өртөө байгуулсан бөгөөд “Харчин өртөө” бий болов. 1692 он: Манжийн Энх-Амгалан хаан Хятадын цагаан хэрмийн хаалгаас эхлэн гадаад Монголын газарт таван замын өртөө байгуулах зарлиг буулган уул өртөөдийг байгуулах Хятад сайд, Монгол түшмэдийг тохоон томилжээ. Чухамхүү тэр үеэс Хятадын түмэн газрын Цагаан хэрмээс ар Монголын голлох чухал газар нутагт нэвтрэн холбосон таван замын /сүүлдээ долоон замын/ морин буухиа өртөө байгуулагджээ. 1692 он: Манж дайчин Улс өөрийн цэргийн ангийг Алтайд явуулахын тулд Хөх хотоос Түйн гол хүртэл 36 суурь өртөө байгуулахаар төлөвлөж байв. 1697 оны орчимд амуу зөөх цэргийг захиран шийтгэхийн тулд Хотон хошуунаас Түйн гол хүртэл 70 өртөө байгуулж, өртөө тутамд 30-аад цэрэг суулгах шийдвэр гаргажээ. 1717 оны Халх Монголоор харуулсан малын дансанд Цагаан хэрмийн шүргийн хаалгаас Түйн гол хүртэлх 40 гаруй суурь өртөөнд морь өгч байжээ. 1719 он: Алтай замын цэргийн 44 суурь өртөө, Энх-Амгалан хааны 58 дугаар онд байгуулагдсан. 1720 оноос аймаг хошуудын хооронд элч бичиг нэвтрүүлэхээр суман өртөөдийг байгуулав. XVIII зууны нэгдүгээр хагаст Манжийн цэргийн ангиуд Халх Монголын баруун хэсэгт байрлан оршиж байхад Манж цэргийн харуулаас Түйн гол, түүний орчмын Хангайн уулын ар, Орхонтуулд байсан засаг хошууны цэргийг Энгийн арал зэрэг газруудад, Хангайн уулын өвөрт байсан мөн засаг хошууны цэргийг Түйн голд суулгаж тэдгээрийн хооронд өртөө байгуулан мэдээ солилцож байжээ. 1715-1723 оны хооронд зөвхөн баруун талын нутагт орон нутгийн чанартай 39 өртөө, 1730 оны үед Түйн голоос Ховд Улиастай хүртэл 29 өртөө, Улиастайгаас Орхон хүртэл 18 суурь өртөө нэмж байгуулжээ. 1736 онд Хаалганаас Орхон хүртэл нэг бүр нь 20-40 өрх бүхий 45 суурь өртөө байжээ. Эдгээр нь Алтай замын цэрэг буухиа элч, бичиг нэвтрүүлэхээр байгуулагдсан суурь морин өртөөд бөгөөд Алтай замын цэргийн өртөөг буухиа өртөө гэж нэрлэж, бас алс хол урт замын өртөөг “Урт наст өртөө” гэж нэрлэж байжээ. XVIII зууны дунд үед Улиастайн жанжин, Их Хүрээний сайд, Хар мөрний жанжин нарын хооронд элч бичиг дамжуулахаар Халхын зүүн захаас Улиастай хүртэл 74 суурь / 2220 км / суман өртөө байгуулаад түүнийг “Умард замын өртөө” гэж нэрлэдэг болов. Мөн Түшээт хан, Цэцэн хан хоёр аймгаас Улиастай, Их Хүрээний газартай холбох 31 суурь суман өртөө байгуулж, тус тус аймгийн элч шууданг нэвтрүүлж байжээ. Ийм өртөө Монголд нийтдээ 400- гаад байв. 1758 он Манж чин Улсаас Ар Монголд байгуулсан төрийн аппаратын нэг Хүрээ сайдын газар байгуулж, манжийн эдгээр албан газруудын хооронд харилцах Буухиа суман өртөөдийн албыг байгуулж харилцан нэвтрэлцэж байжээ. 1758-1762 онд Их Хүрээ Ховдод тус, тус суулгасан Манж амбан, баруун хойд хязгаарын Жанжин сайдын газруудад буухиа элч бичиг нэвтрүүлэх, цэрэг эдийн засаг, улс төрийн эзэгнэлийнхээ шаардлагаар Чуулалт хаалгаас Хятадын баруун хойд хязгаар өвөр ба ар Монголын өргөн уудам нутаг дэвсгэр дээр “Алтай зам”-ын гэж нэрлэгдэх цэргийн 140 гаруй суурь буухиа өртөөг байгуулсан нь олон замын өртөө болсон. 1823 оны үед Засагт хан аймгаас гагцхүү Алтай харуулыг буцаах томилолтоор явуулсан түшмэлийг очих буцах бүрд 45 суурь өртлөг /түр зуур байгуулагдсан/ өртөөг байгуулж байв. Түүнчлэн босго өртөө, туслах, хавсрага өртөө гэхчилэн суман өртөөнөөс салбарласан салбар, дамжлага буюу навчин өртөө гэж нэрлэсэн олон тооны өртөөд байжээ. 1831 онд Сайн ноён хан суман өртөөний суурь бүрт өрх 3, өрх тутамд эр 2, хонь 100, адуу 300 үүний дотор морь 8, үхэр 20 байхаар тогтоож, гүйсэн морь улаачид хөлс олгохгүй тухай заагаад, албаны морийг уул хошуунаас ирүүлэхгүй бол морь нэг бүрийн үнэнд 8 лан авах, хэрэв морь буюу мөнгийг ирүүлэхгүй бол морь хөлслөн түүний хөлсөнд 4 шүдлэн хонь гаргуулах, морины үнэ мөнгө, хөлсний хонийг тогтоосон хугацаанд ирүүлэхгүй саатуулбал лан мөнгөнд сар тутамд нэг пун, 5 ли хү төлүүлэх буюу хонийг нэг нас нэмэгдүүлэн төлүүлэхээр заажээ. 1863 оны 6 сар:

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар үүрэгт ажилдаа орлоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар үүрэгт ажилдаа орлоо. Түүнд өмнөх сайд Ц.Баатархүү тамгыгнь гардуулан өгсөн юм. Ц.Баатархүү сайд асаны хувьд төрийн ажил тасралтгүй, залгамж холбоотой байх нь чухал гэдгийг онцолж, өнгөрсөн хугацаанд боловсруулсан “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги, Сансрын тухай анхдагч хуулийн төсөл зэрэг бодлогын баримт бичгийг Э.Батшугар сайдад хүлээлгэн өглөө. Мөн Э.Батшугар сайдад амжилт хүсэж, шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар IT-ийн компаниудад татварын болон татварын бус хөнгөлөлт үзүүлэх журмын төслийг батлуулах ажлыг үргэлжлүүлэхийг захилаа.

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 2022.04.25 УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа. Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан юм. Түүнчлэн хуулийн төсөлд, – Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоох; – Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох; – Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлөх; – Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх; – Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт тусгагдсан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Идэрбат, Н.Ганибал, Ж.Чинбүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад мэдээлэл, технологийн чиглэлээр ажилладаг компаниудыг оруулсан шалтгааныг тодруулсан. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар алслагдсан сум, багуудын үүрэг холбооны сүлжээнд холбох, дахин дамжуулах станц барихыг хориглосон нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх бодлогод харшлах эсэх талаар асуув. Төрийн өмчит компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс 37 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийн энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана. “Монголын цахилгаан холбоо” ХК​, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ​-ын хувьцааг олон нийтэд худалдахаар төсөлд орсон гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариултдаа онцлов. Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн захирал Ч.Золбаяр хэлэхдээ, “УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор  Монгол Улс харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, зах зээлийг либералчлах, цахилгаан холбооны үндсэн сүлжээг тоон технологид шилжүүлэх зэргээр салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд сүлжээний ашиглалт эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгах бүтцийн өөрчлөлтийн чиглэлийг баталсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд 1640 ажилтантайгаар 373 обьект, 20 мянга орчим километр шилэн кабелыг хариуцан ажилладаг. 2016 оноос хойш үндсэн сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд үнэ тариф 7.4 дахин буурч, интернет буюу дата сүлжээний хурдыг 15.5 дахин нэмэгдүүлж чадсан.  Тиймээс төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хийхэд стратегийн ач холбогдолтой “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийг хувьчлах нь тохиромжгүй” гэв. Мөн энэ онд Засгийн газрын тусгай сан болох Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар 26 цэгт үүрэн холбооны сүлжээ татах ажлыг хийнэ. Харин 9 цэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны сүлжээ татахаар 03 дугаар сарын 01-ний өдөр тендер зарлаж, таван газрын ажил эхлээд явж байна. Үлдсэн дөрвөн цэгийн хувьд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлээд байсан боловч 04 дүгээр сарын 15-ны дотор гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар хасагдсан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ хариултдаа дурдлаа. Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах ангиллаас 152 сая 508 мянга 200 төгрөгийг хасаж, Үндэсний дата төв УТҮГ-ын урсгал зардалд уг 152 сая 508 мянга 200 төгрөгийг нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн. Байнгын хорооны дарга Н.Учрал төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Төсвийн тодотголын төсөлд саналаа тусгахдаа салбарын нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийг сануулав. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов. Share on facebook Share on twitter Бусад мэдээ